sonin.mn
МОСКВА. /AP/. Байгал нуурт цутгадаг мөрөн дээр усан цахилгаан станц барихаар Монгол Улс төлөвлөж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маш их санаа зовниж байгаагаа илэрхийлээд “энэ төлөвлөгөө дэлхийн хамгийн гүн нуурт аюул учруулж болзошгүй” гэж анхаарууллаа.
 
Хятад улсын санхүүжилтээр Сэлэнгэ мөрөн дээр далан барих нь Сибирийн өмнөд хэсэгт орших энэ нуурт “тодорхой хэмжээний эрсдэл” учруулна гэж Ерөнхийлөгч В.Путин үзэж байна.
 
Тэрбээр Узбекистаны нийслэл Ташкент хотноо Хятад болон Монголын  удирдагчидтай уулзахдаа “бид энэ асуудлыг Монгол Улс болон БНХАУ-ын холбогдох албаны хүмүүстэй хамтран нухацтай судлах бодолтой байна” гэжээ.
 
Усан цахилгаан станц барих уг төлөвлөгөөг байгаль орчныг хамгаалах байгууллагууд эсэргүүцэн шүүмжилж, 25 сая жилийн өмнө үүссэн дэлхийн хамгийн эртний нууранд аюул учруулж болзошгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
 
Байгаль хамгаалагчдын зүгээс “Монголын далан барих төсөл нь Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрний экологийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, уг мөрний 2500 төрөл зүйлийн амьтан, ургамалд сүйрлийн аюул авчрах эрсдэлтэй байна” гэж анхааруулж байна. Уг мөрний амьтан ургамлын 75 гаруй хувь нь зөвхөн усан дотроо байдаг ажээ.
 
Байгал бол 1642 м гүн, дэлхийн цэнгэг усны 20 орчим хувийг агуулдаг дэлхий дээрх хамгийн том нуур юм. ЮНЕСКО энэ нуурыг Дэлхийн өвөөр бүртгэж авсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг