sonin.mn
“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-Нэлээд хүлээлт үүсгэж байж хуралдсан АН-ын ҮЗХ ширүүхэн уур амьсгалтай эхэлсэн. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
 
-Аль ч сонгуулийн дараах намын уур амьсгал хамгийн түрүүнд сонгуульд ялагдсан шалтгаанаа хайсан, олон гишүүний дотоодын бухимдалтай, шүүмжлэлттэй байдаг. Гэхдээ дотоодын бухимдлаа засч чадвал цаашаа хол явна гэдэг хүсэл эрмэлзэл бүхий уур амьсгалтай байдаг байх.
 
Уржигдар хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурал эхний хэсэгтээ ширүүхэн уур болж байсан. Энэ нь АН-ын бараг үндсэн шинж гэж болно. Ер нь АН-ын ҮЗХ-ны хурал олон түмэнд нээлттэй, анх нам байгуулагдаж байсан унаган шинж чанараа хадгалахыг хичээсэн маягтай болдог. Тэр өнгө аясаар явсан.
 
-Хуралдааны үеэр “Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуучууд намаа шинэчлэх шаардлага хүргүүлсэн. Залуучууд намаа шинэчлэх цаг болсон гэдгээ хатуу илэрхийлж байсан?
 
-Залуучууд шаардлага хүргүүлсэн. Сонгуульд ялагдсаны дараа намаа шинэчлэх олон төрлийн асуудал явдаг. Гэхдээ нэг даргыг нөгөөгөөр солиод дуусдаг. Түүнийгээ шинэчлэгдчихлээ гэж боддог. Гэтэл хуучин замаар шинэ хүн яваад ямар юмны шинэчлэл болох вэ.
 
Шинэ замаар хуучин хүн ч алхсан, шинэ ч хүн алхсан тэр бол шинэчлэл. Энэ утгаараа АН-ын шинэчлэл ул суурьтай, системийн хувьд урагшаа тэмүүлсэн, зөв шинэчлэл болгох юм гэдэг зорилгоор шаардлага хүргүүлсэн. Сонгуулийн дүнтэй холбоотой шок нэлээд хугацаанд үргэлжилж, залуучуудын дунд бухимдал, гомдол хуримтлагдсан.
 
Ялагдлын дараах сэтгэл зүйн илрэл намд том шинэчлэл хийх шаардлагатай гэсэн чиглэлд хөтөлж эхэлсэн. Ингээд бидний хэсэг нөхөд хамтраад АН-ын залуучуудын хэлэлцүүлэг зарлахад, АН-ын 160 гаруй залуу ирсэн. АН-ын залуус яах гэж АН-д нэгдэж, дуу хоолой, сэтгэл зүрх, үзэл санаагаа өргөж явдаг юм бэ гэсэн асуудлыг хөндөж ярилцсан.
 
Удахгүй болох орон нутаг, дараа нь Ерөнхийлөгч, 2020 оны УИХ-ын сонгууль гээд хариуцлагатай хандах сонгуулиуд ар араасаа бий. Энэ намын үнэт зүйл нь сонгуульд ялах гэвэл бараг хүн бүхэн тийм гэж хариулах байх. Харин залуучууд бид тийм биш гэж бодож байна.
 
Нэг удаагийн сонгуулиар АН алга болохгүй. Ийм байх боломж ч үгүй. Харин эсрэгээрээ Монгол үндэстний гавьяаг байгуулах, сэргэн мандах тэр том философийг дахин авчирч чадах тэмүүлэлд бүгдээрээ нэгдье. Ийм байхад 2020 оны сонгууль юу ч биш. Энэ хүсэл тэмүүлэл дор бүгд нэгдэж урагшлах хүслээр залуучууд нэгдсэн.
 
 Ингэхдээ бид хамгийн түрүүнд сонгуулийн ялагдалдаа онош тавьсан. АН төдийгүй бүх намд хэд хэдэн суурь алдаа бий. Магадгүй хамгийн том суурь алдаа нь ямар нэгэн ялгагддаггүй үзэл баримтлалтай, түүндээ хэмжигдэхгүй зорилгуудыг тавьдаг байсан. Мөн хариуцлага тооцдоггүй дүрмийн тогтоолцоо оршин тогтнодог. Эдгээр зүйлсээ голчилж өөрчлөх ёстой гэдэг өнцгөөр шаардлага хүргүүлсэн юм.
 
-АН-ын сонгуульд ялагдсан нэг шалтгаан нь залуусаа сонсоогүйтэй  холбоотой. Шинэчлэлийн асуудлыг жил гаруй өмнө тавьж байсан ч намын удирдлагууд тоогоогүй шүү дээ?
 
-Шинэчлье гэдэг хөдөлгөөн хоёр жилийн өмнө байсан. Энэ хөдөлгөөнд явж байсан залуус тухайн үед албан тушаалын төлөө, намыг эв нэгдэлтэй харагдуулах үед хуваалаа гэх мэтээр шүүмжлэлд өртөж байсан.
 
Ер нь хоёр төрлийн үндсэн ойлголт байдаг. Энэ бүх процесст нам өөрөө хөгжлийнхөө төлөө алхам алхмаар ахиж, урагшилж байгаа. Нэг талаасаа эв нэгдэл, тогтвортой байдлыг хангах нь зөв. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ тогтвортой байдал өөрөө удаан тогтож болохгүй.
 
Тогтоол ус мууддаг, татаагүй нугас зэвэрдэг шиг зогсонги байдал нь хөгжлийн эсрэг үйлдэл болж хувирдаг. Нам хөгжиж дэвшихийн тулд байнга дотроо хөдөлдөг, сэлгэгддэг бүтэцтэй байх ёстой. Тэр бүтцийг хангахын тулд намаа шинэчлэхээр дуугарч байгаа залуусын дуу хоолойг тухайн цаг үедээ гарцаагүй сонсох ёстой байсан.
 
Залуусын хэлж байгаа нь бидэнд нэг төрлийн дохио өглөө гэж үзэхгүйгээр зүгээр л хэн нэгнээр овоглож, тэр энэ фракцын залуус бослоо гэдэг бодол тээгээд байвал хөгжлийн эсрэг зүйл болж хувирна.
 
Нам дотооддоо заавал зөрчилтэй байх хэрэгтэй. Зөрчил гэдэг хөгжлийн үндэс. Харин зөрчлийг эерэгээр харах уу эсвэл сөрөг зүйл болгож дайсагнах уу гэдэг нь цэвэр тухайн үед намыг авч явж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь ухамсар, сонголт.
 
-210 гишүүнтэй ҮЗХ хуралдахдаа ялагдлын шалтгаанаа дүгнэж ярилцсан. Тэр дундаас онцолбол?
 
-Ялагдсан шалтгааныг янз бүрээр ярьдаг. Гишүүн бүр өөр өөрийн дүгнэлттэй байдаг. Нэг хэсэг нь намын санхүүжилт, сонгуульд орох мөнгөний систем болоод намын хатуу гишүүнчлэл зэрэг асуудлаас болсон гэж үздэг. Нөгөө хэсэг нь намын засаглал бүрдээгүйгээс, боловсон хүчнээ сайн бэлтгээгүй, сонгогчийн сэтгэл зүй буруу байна эсвэл нөгөө нам луйвардлаа гэдэг зүйлсийг ҮЗХ-ны хурал дээр яригдсан.
 
Энэ бүхнийг нэгтгээд гадаад, дотоод шалтгаан гэж хувааж үзэж болно. АН-ын сонгуульд орсон бүх систем, үйл ажиллагаа ямар төвшинд байж, хэрхэн ажилласан, иргэдийн биднийг үзэж дүгнэх байдал, манай намын эв нэгдэлгүй байдал хэрхэн харагдсан нь гадаад шалтгаан юм. Гэхдээ гадаад зүйл буруудаад бид ялагдаад байна уу. Эсвэл дотооддоо байгаа зөрчил бүр болохгүй болоод гадагшаа илрэн гарч  ирсэн үү гэдгийг тунгаах хэрэгтэй.
 
-АН-ын ялагдал намын даргатай ч холбоотой байсан байх?
 
-З.Энхболд дарга хувь хүнийхээ хувьд УИХ-ын даргын ажлыг маш гарамгай хийж, гүйцэтгэсэн. Монголын түүхэнд ийм парламентын дарга байгаагүй байх. Парламент гэдэг төрийн байгууллага юм бол тэр байгууллага хариуцлагатай, дүрэм журамтай байх ёстой. Тэр утгаараа зөв авч явсан.
 
Харин өнөөдөр намын даргын хувьд шүүмжилж байна. З.Энхболд менежмент сайн хийсэнгүй гэж хэлж байгаа. Хэрэв сонгуульд ялагдсан бол хийж чадаагүй л гэсэн үг. Үүнийг Ган-Очир дүгнээд байгаа юм биш. Ард түмнээр дүнгээ тавиулдаг зүйл. Тийм учраас хариуцлагаа үүрээд ажлаа өгье гэсэн. Энэ бол улс төрийн соёл, жишиг юм.
 
-Тэгвэл АН хэр сайн бодлоготой байсан бол?
 
-Улс төрийн нам болгон ямар зүйл дээр нэгддэг. Сонгууль, бүтцээрээ биш үзэл санаан дээр нэгддэг. Үзэл санааны хувьд АН, МАН хоёулаа М үсгээрээ ялгаатай болохоос 25 жилийн хугацаанд үзэл баримтлалын хувьд ялгаагүй байсан. Цаасан дээр бол байгаа. Одоо АН-ын залуучууд өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.
 
Залуус бидний үнэт зүйл намаа өмөөрөх, аль нэг даргыг таньдаг байх, 570 машин унаж, брэнд хувцас өмсөх юм уу. Өнөөдөр Монголын залуусын үнэт зүйл ийм болчихсон байна. Тэгвэл тэр үнэт зүйлийг бий болгох үзэл баримтлал нь юу байдаг вэ гэдэг анхдагч зүйл рүүгээ эргээд нэг харах  ёстой.
 
Улс төрийн аливаа нам гурван зүйлээр ялгардаг. Тодруулбал, үзэл баримтлал, үзэл баримтлал тээж авч явж байгаа боловсон хүчнээ зөв сонгон шалгаруулдаг байх, зөв шалгаруулсан улстөрчдөө улс төрийн зах зээл дээр борлуулдаг, ямар зорилгууд тавьж байгаа нь чухал юм. Үнэхээр улс төрийн намууд бодлогын байгууллага байж чадаж байна уу гээд асуудал гарч ирнэ.
 
МАН-д мөрийн хөтөлбөрийг нь үеийн үед бичиж байдаг хүмүүс байдаг юм биш үү. Ийм тохиолдолд хэрхэн хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт, шинэчлэл хийх вэ гэдэг зүйл байна. Энэ бүхэн рүү анхаарах хэрэгтэй. Дээрх гурван зүйлд урт, дунд хугацаанд анхаараагүй. Дандаа богино хугацааны зүйлд анхаарсан учраас сонгуульд ялагдсан гэж үзэж байна.
 
-АН үндсэн дүрмээ үнэхээр өөрчлөх шаардлагатай юу?
 
-Бид хоёр төрлийн шаардлага тавьж байгаа. Эхлээд одоо байгаа дүрмээ мөрддөг болох хэрэгтэй. Ямар ч дүрэм байсан түүнийг мөрдөж чаддаг байх ёстой. Одоо байгаа АН-ын дүрэмд тийм ч муу биш. Гэхдээ дүрмийг заавал өөрчлөх хэрэгтэй. Хамгийн том шинэчлэл намын дунд шатанд хэрэгтэй байна.
 
Тухайлбал, АН-ын дүрэмд ротаци хийхээр тусгасан ч бид сүүлийн долоон жилд хийгээгүй. Ингэхээр цус сэлбэгдэхгүй байдгаараа л байна. Мөн намын дүрмэнд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой.
 
Шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх Ажлын хэсэгт манай “Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуус орох хүсэлтээ тавьсан. Бидний хүсэлтийг ҮЗХ-ны хуралдаанаар нааштай хүлээж авсан.
 
-ҮЗХ-ноос намын Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийж, намын даргаа томилохоор шийдвэрлэсэн. Залуучууд намын даргадаа ямар шаардлага тавьж байгаа бол?
 
-Намын даргын хувьд тэр энэ гэж хэлэх хэцүү. Тэр дундаа залуучуудын хувьд нэг хүнийг шүтэх нь учир дутагдалтай. Хамгийн гол нь тавьсан шаардлагад нийцсэн хүн байх ёстой. Хэн байх ёстой гэхээр ганцхан хүн биш юм. Харин нарийн бичгийн дарга нар, салбар бүтэц гээд бүхэл бүтэн баг байх нь зүйтэй.
 
Энэ баг гурван шаардлагыг хангах эрмэлзлэлтэй байх ёстой. Мэдээж өнгөрсний тухай сургамж, маргаашийн тухай тэмүүлэл хэрэгтэй. АН-ын 170 мянга гаруй гишүүнээ бүгдийнх нь оюун санаа, үзэл бодлыг шат шатандаа зөв оролцуулж чадах оролцоог хангах шаардлагатай.
 
Залууст маргаашийн тухай сайхан тэмүүлэл байна. Гэхдээ өнгөрсний тухай туршлага бага. Манай ах нарт өнгөрсний тухай сургамж байгаа, маргаашийн тухай тэмүүлэл дутмаг. Энэ хоёрын алтан холбоог гагнасан баг байх хэрэгтэй. Намын дарга болж байгаа хүн багийн шийдвэр, хамтын тоглолтой байх нь эн тэргүүний асуудал. Тухайн хүн өөрөө нээлттэй байх ёстой.
 
Одоо гарч ирэх намын дарга онцлогтой намын дарга. Намын дарга хүссэн ч эс хүссэн ч энэ намыг шинэчлэхийн төлөө оволзсон гал дээр байна. Энэ галыг зөв чиглэлд дүрэлзүүлж чадвал намын Их хурал амжилттай болж, АН-ын нэрийг түүхэнд алтан үсгээр сийлж үлдээх аз завшаан нэг талдаа ирсэн.
 
Нөгөө талаас маш хүнд үед байна. Орон нутгийн сонгууль удахгүй болно. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д МАН олонх болсон. Ийм тохиолдолд орон нутгийн сонгуулиар иргэд саналаа МАН-д өгье гэсэн савлагаа явах юм бол анхныхаа сонгуулиар ялагдах өндөр магадлалтай.
 
Өөрийнх нь буруу биш атал анхны сонгуульд ялагдсан ямар ч даргын урам зориг хугарна шүү дээ. Тиймээс сэтгэлийн маш их хаттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн дарга болж болно. Харин ийм хариуцлагатай үед заавал залуучуудынхаа дэмжлэг, туслалцаанд тулгуурлах хэрэгтэй.
 
 
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: