sonin.mn
Хүмүүс дурласан цэцгээ газраас тасдан авч үнэрлэдэг бол, хайрласан цэцгээ тасдаж авч зүрхлэлгүй газар сөгдөн суугаад гараараа зөөлхөн илбэн тонгойж, сэтгэлийнхээ гүнээс таашаан байж үнэрлэдэг юм гэнэ билээ. Сэтгэлд тэмтрэгдэх хайр, хүний бүх л эрхтэнүүдийн үйлдлийг өөрт нь мэдрүүлэлгүйгээр удирдан захирдаг юм гэдэг.
 
 Харц тулгарах төдийд өөр тийшээ гэнэгүйхэн харах хэрнээ, эргээд харахад мөргөлдөх хайр шингэсэн харц, салхины аясаар намирах үсийг нь шанхан тус газар тогтоон зөөлхөн илбэх гар, халуун юманд хүрэх гэж буй мэт болгоомжтойхноор биед нь шүргэх төдийд ичиж улайх царай,  юуг ч юм бэ ярих гэж хичээн будилахдаа энхрий ялдамханаар инээмсэглэх төрх бүхэн хайрын хүлэг.
 
Холдоод явсан хэрнээ эргэж харан хоргодох сэтгэл, зүрх сэтгэлд минь эргэцэн үүрсэх хүлэг морь шиг хайр, дууг тань сэтгэлдээ аялгуу болгон бүүвэйлж түүндээ уяран инээмсэглэх баясал, өөрийнхөө хайрыг чиний хайртай хамтад сүлэн дээш өргөж самрах дэвэрсэн мөрөөдөл, газарт ургасан гоёмсог цэцэгсийг ганцхан чамд баглаа болгон өргөх хүсэл бүхэн хайрын амьсгал.
 
 Хайрын хүлгийг мөч болгонд хайраар аргамжиж чадахгүй юм бол аргамжаа нь алдуурч тэртээ холд хулжиж оддог юм гэнэ билээ. Хулжиж холын холд одсон хайрын хүлгийг эргүүлж тогтооход амаргүй гэдэг. Хүнийх болсон хойно нь мянгантаа арилжаа яриад ч наймаа тохирдоггүй юм гэсэн.
 
Хайрын гоёмсог цэцэгсийг өдөр болгон хайрын үгсээр услахгүй юм бол гандаж гунддаг юм гэнэ билээ. Гундсан цэцэгсийг нулимсаараа хичнээн услаад ч сайхан дэлбээ нь дахин гоёмсгоороо дэлгэрдэггүй гэдэг. Хөрсийг нь сольж дахин дэлбээлүүлснийх нь дараа харамслаараа бордоод ч чамайг баярлуулдаггүй юм гэсэн.
 
Хайрын сайхан аялгууг өдөр болгон эгшиглүүлэн дуулахгүй юм бол  хуучирч мартагддаг юм гэнэ билээ. Нэгэнт мартагдсан аялгууг дахин эгшиглүүлж  дуурсган түүний сэтгэлийг уяраах  амаргүй гэдэг. Сөөнгө хоолойгоор хичнээн бархиравч түүний сэтгэл дэх хайрын утсыг дахин хөглөж чаддаггүй гэсэн.
 
Чин зүрхний хайр гэдэг энэ амьдралд олддог гайхамшигт бэлэг. Олдохгүй ч байж болох гаслан. Түүнийг олбол алдаж болдоггүй хувь заяа. Мөнгөөр биш мөн чанараараа, өнгөөр биш зүрх сэтгэлээрээ, ашгаар биш мэдрэмжээрээ бусдад дурлаж хайрлах гэдэг юутай сайхан.
 
Амьдралын хамгийн хэцүү мөчид зүрх сэтгэлээрээ холбогдон хамтдаа зүтгэх гэдэг, амьдралын хамгийн зовлонтой мөчид бие биенийхээ нулимсыг гараараа арчин цээжиндээ тэврэх гэдэг, амьдралын хамгийн аз жаргалтай мөчид бие биенийхээ мөрийг түшин аз жаргалтайгаар инээлдэх гэдэг ямар сайхан гээч.
 
Ганцаардаж шаналах мөч бүхэнд "хайрлах хүнтэй байна" гэдэг сэтгэлийн ямархан их түшиг байдгийг мэдрэх ямар сайхан гээч.
 
Зүгээр л энэ богинохон амьдралд хэн нэгнийг зүрх сэтгэлээсээ хайрлаж  хайрын нууранд хамтдаа хөвж, хайрын тэнгэрт хамтдаа нисч, хайрын ертөнцөд хамтдаа үүр цайлгаж, гар гараасаа хөтлөлцөн нүүр нүүр рүүгээ харан инээмсэглэж, хар хор атаархал муу бүхнийг итгэлээрээ давж, авсанд орсон нэгнийхээ шарил дээр хайраа шингээсэн цэцэгсийн баглааг зөөлхөн тавьж, харууслын нулимстай гэвч бардамхан инээмсэглэх мөч ямархан сайхан гээч.
 
ХАЙРЫН ОМГОЛОН ХҮЛГИЙГ ГАГЦ ХАЙРААР АРГАМЖИН ТОГТООДОГ ГЭНЭ БИЛЭЭ. САЙХАН ХАЙРЫГ ОЛБОЛ АЛДАЖ БОЛДОГГҮЙ ГЭНЭ БИЛЭЭ.
 
                                          Хайрын аргамжаа
 
Сэтгэлийн минь уяаг тасчин хулжих
Хайрыг тань хайраараа аргамжья
Сэхүүн бардам омголон занг тань
Хайрын дуугаараа уяраан аргадья
                          Амраг чамдаа хайртай гэдгээ
                          Атгахан зүрхэндээ аргамжин байж хэлье
Цэцэгсийн гоёмсог дэлбээ шиг
Хайрыг тань хайраараа услая
Цэвэрхэн гоо үзэсгэлэнг тань
Хайрын орчлонд магтан дуулья
                           Амраг чамдаа хайртай гэдгээ
                           Атгахан зүрхэндээ аргамжин байж хэлье
Сайхан хайр гэдэг ховорхон заяа
Гар гараасаа хөтлөлцөн хамтдаа туулья
Сар нарны сүлэлдэх орчлонд
Ганцхан чамдаа хайртай гэдгээ хэлье
                              Амраг чамдаа хайртай гэдгээ
                              Атгахан зүрхэндээ аргамжин байж хэлье
 
                               Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах