sonin.mn
“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа гаргажээ.
 
Баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105 мянга орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцсэн байна. Харин тус компанийн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
 
Энэ нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга  буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой аж.
 
Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас шалтгаалжээ. Харин энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй гарчээ.
 
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ, “Хоёрдугаар улиралд манай хамт олон ажлын үзүүлэлтээ өндөр түвшинд хадгалсаныг харахад нэн таатай байна. Тэр дундаа, манай аюулгүй ажиллагааны үзүүлэлт тун сайн байж, Рио Тинто групп, уул уурхайн салбарт шилдгүүдийн нэгт тооцогдож байна.
 
Бид үйлдвэрлэлийн зардлаа бууруулахад анхааран ажилласан хэвээр байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагааны бүтээмжийг улам бүр дээшлүүллээ.
 
Ил уурхайн олборлолт алтны агуулга багатай бүсэд шилжиж буй энэ үед дээрх арга хэмжээ нь бидний хамгийн гол зорилт юм. Компанийн өнөөдрийн хүрсэн амжилт, гүний уурхайн бүтээн байгуулалтаар үргэлжилж, манай цаашдын өсөлтийн бэлтгэлийг хангана” хэмээн тэмдэглэв.
 
“Туркойз хилл” компани “Оюу толгой”-гоос 175 000–195 000 тонн баяжмал дахь зэс, 255 000–285 000 унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалжээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг