sonin.mn
“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон барыг "ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн байна.
 
Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн санаачлагаар дээрх толь бичгийн модон барыг 1924 онд Буриадын Агийн дацанд бүтээжээ. Толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзүүлсэн хосгүй бүтээл аж.
 
Монголын үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд 11 бүлэг 54.7х7.4 см хэмжээтэй 7 ширхэг модон бар бий.  Засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлын жагсаалтад дээрх толь бичгийг  бүртгэжээ.
 
Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд  устаж, гэмтэх явдлыг зогсоох зорилгоор ЮНЕСКО 1992 онд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлжээ.
 
ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт  Лувсанданзаны "Алтантовч", "Монгол Шунхан Данжуур";  "Есөн эрдэнийн ганжуур"; Ази номхон далайн бүс нутгийн жагсаалтад "Сахиусан дара эх" судар  бүртгэлтэй байдаг.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг