sonin.mn
Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгууль маргаантай, сонгогдсон төлөөлөгчдийн хооронд бужигнаантай баяр наадмын үеэр хэл ам дагуулж байгаад нутгийн иргэд таагүй хандаж байна.
 
Тус аймагт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ч.Улаан гарсан. Харин ИТХ 33 төлөөлөгчөөс бүрддэг. Сонгуулийн дүнгээр АН 16, МАН 16 суудал авч тэнцсэн бөгөөд нэг тойргийн маргаантай асуудал хоёр шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэнээр ирэх сарын 25-нд нөхөн сонгууль явуулахаар товлогдоод буй. 
 
Тэгвэл ИТХ дахь МАН-ын 16 төлөөлөгч, шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан нэг хүнийг нэмж 17 болж хуралдаад тамга, тэмдэггүй хууль бус албан баланкан дээр Засаг даргад З.Энхтөр гэдэг хүнийг томилуулахаар Засгийн газар руу илгээсэн байна. Ерөнхий сайд намынхандаа итгэснийх үү, албан бичгийн хуурамч гэдгийг нягтлаагүй юу ямартай ч Засаг даргыг томилуулах, чөлөөлөх тушаал гаргаж гарын үсгээ зуржээ.
 
Ерөнхий сайдын батламжийг авмагц ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн нь аймгийн баяр наадмын эхний өглөө буюу өнгөрсөн баасан гаригт төрийн албан хаагчид амарч, зарим нь наадмын комиссын ажлаар явсан эзгүй хойгуур Засаг дарга Ж.Батсуурийг уулзая хэмээн дуудуулж өрөөнд нь цуглаад Ерөнхнй сайдын тушаалыг уншиж, “Тамга өгөөдөх, өрөөгөө яг одоо сулла” гэхчлэн бүдүүлэг авирлаж, Нутгийн удирдлагын ордонг бужигнуулж эхэлжээ. 
 
Ж.Батсуурь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болж, хууль зөрчин албан бичиг явуулсан ч нэгэнт Ерөнхий сайд тушаал гаргасан бол хүндэтгэлтэй хандаж, хүлээн авч байна. Баяр наадам, амралтын өдөр тохиож Тамгын газрын дарга, ажилтнууд наадмын комиссын ажилд, зарим нь амралтын байдалтай тараад явсан хойгуур тушаалыг гэнэт хүлээж авлаа. Иймд тушаалыг хүлээж авснаа мэдэгдэе. Тамгыг даваа гаригт аймгийн нутгийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд найман жил хамт ажилласан хамт олныхоо өмнө гардуулж өгье. Ажлаа хүлээлгэж өгсний дараа хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах болно гэжээ. 
 
Ингээд өрөөгөө суллаж, машины хамт хүлээлгэж өгсөн хэдий ч Засаг дарга болохоор улайрсан аймгийн Ардын намын хорооны дарга З.Энхтөр, МАН-ын ИТХ-ын төлөөлөгчид зориуд бужигнаан үүсгэж, иргэдээ үл хүндэлж, баяр наадмыг ч үл тоон хэл ам хийж, хэрүүл шуугиан үүсгээд зогсохгүй аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргалын өрөөний хаалгыг эвдэх зэргээр авирлажээ. Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагын төвшинд ийм улаан луйвар өрнөж байна.
 
Дээр нь Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ынхан ийнхүү иргэд, сонгогчиддоо хүндэтгэлгүй хандаж, баяр наадмыг ч тоолгүй бүдүүлэг авирлаж Нутгийн удирдлагын ордонд бужигнаан үүсгэж байхдаа байн байн орж гарч, “Бидэнд хууль хамаагүй ээ” хэмээн дураар авирлаж, “Улаан сайд хаана явна” хэмээн бие биеэсээ асууж, мөн гар утсаараа ярьж “Одоо яах вэ” гэхчлэн хэн нэгнээс заавар зөвлөгөө авч байсан нь телевизийн бичлэгт үлдсэн байна. 
 
Тэгэхээр тэднийг “Утсан хүүхэлдэй” мэт дээрээс удирдаж, увиагүй байдалд далдаас турхирч байсан нууц ноёнтон хэн бэ гэсэн асуулт гарна. Энэ байдалд сүхбаатарчууд таагүй хандаж байгаагаа эхнээсээ хэлж эхлээд байна. 
 
Тал нутгийнхан тайвуу уужуу зантай, алсуур ухаантай ард түмэн болохоор “Баярын дараа авч өгөлцөж бололгүй л яахав. Яасан улайрчйхсан, улаан цагаандаа гарчихсан юм бэ. Хүмүүс амарсан, баяр наадамд анхаарсан үеэр хулгайч нохой шиг далдуур тамга тэмдэг нэхэж түйвээж явдаг нь ямар учиртай вэ” хэмээн гайхаж сууна.
 
Нөгөөтэйгүүр, Засаг даргын суудалд луйвар булхайн замаар суусан Занын Энхтөрийн хувьд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул. Төрд ажиллаж байгаагүй, Улаанбаатар хотод хувийн бизнес эрхэлж, Сүхбаатар аймгийн бөхчүүдийн “Жавхлант шарга” дэвжээний тэргүүнээр ажиллаж байсан. 
 
Сонгуулийн өмнөхөн улс төрд орж, Сүхбаатар аймгийн МАН-ын даргаар ажиллах болсон нэгэн. Түүний хувьд Засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тухай хуульд Засаг дарга нь төрд гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн шалгуурыг хангаж чадахгүй. 
 
Өнөөдөр төрд ажиллаж байгаагүй хүнийг сайдад томилж болохгүйг МАН-ынхан дотроосоо шүүмжилж байгаа бол орон нутгийн удирдлагад ийм хүнийг томилох нь хөдөөгийн ард түмэн рүү нулимж байгаатай адил юм.
 
Л.БЭХ
Эх сурвалж: