sonin.mn
МАДРИД. /Xinhua/. Шумуулаар дамждаг “зика” вирустэй холбоотойгоор үүсдэг төрөлхийн согогтой буюу хэт жижигхэн тархитай хүүхэд Европт төрсөн анхны тохиолдол Испанид бүртгэгдсэн гэж Барселона хотын Волл д’Хевроне эмнэлэг даваа гарагт мэдэгджээ.
 
Хүүхдийн ээж нь Латин Америкаар аялах үедээ “зика” вирусийн халдвар авсан аж. Жирэмсний 20 долоо хоногтой байхад ургийн тархины өсөлт зогсч байгаа эмгэг илэрсэн боловч энэ эмэгтэй үр хөндүүлэхээс татгалзсан байна.
 
Дээрх эмнэлгийн мэдэгдэлд “хүүхдийг хагалгаа хийн төрүүлсэн. Хүүхдэд хиймэл амьсгаа хийх шаардлага гараагүй. Биеийн байдал нь тогтвортой байна” гээд “цаашид хүүхдийн өсөлт бойжилт тархины хөгжлийн дутагдлаас хамаарна” гэжээ. Испанид “зика”-гийн халдвар авсан нийт 190 тохиолдол бүртгэгдсэний 26 нь жирэмсэн эмэгтэй ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг