sonin.mn
Өндөр настай залуу үндэстэн. Дүрмээ тулгасан тал нутаг. Нууц товчоо бол тал нутгийн дүрэм, ёс суртлын толь. Асуудал бэрхшээлийг буурин дээрээ орхих арга. Бүхнийг шийддэг нүүдэл. Арга олох бус аргалаад өнгөрөх менежмэнт. Нүүдэг хот айлаас суудаг хот суурин. Өнөөгийн Монголын нүүдлийн улс төр эдийн засаг. Иргэншлийн хальстай нүүдэлчний зовлон. Орчин үеийн монголын “Нууц товчоо” юу вэ?
 
НЭГ. ХУУЛИА ТУЛГАСАН ТАЛ НУТАГ
 
Төр ёс ба соёлын түүх нь хэдэн мянганаар яригдаж, хүн төрөлхтөнд гайхуулдаг үндэстний нэг бол монголчууд. Харин иргэншил хотшлын утгаар нь авч үзвэл монголчууд дэлхийн орь залуу үндэстнүүдийн нэг юм. Хотшин суурьшиж, хамтран амьдарч ирсэн туршлага нь маш бага учраас нийтлэг эрх ашгийн тугийн дор нэгдэх туршлага багатай. Энэ нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, ардчилсан төр засаг байгуулах, глобальчлагдсан дэлхий ертөнцөд амьдрахад учирдаг гол бэрхшээлүүдийн үндсэн шалтгаан болж байна.
 
Өнөөгийн бидний эх нутагт хүний өвөг (primat) 700 мянган жилийн тэртээд амьдарч, 20-30 мянган жилийн тэртээгээс дэлхийн зүг бүрт чиглэсэн миграци болж, тэдний зарим нь Берингээр дамжин Америк тивд хүрчээ гэж үздэг. Монгол нутагт анхны төр бий болсон үеийг Хүннү гүрнээс эхлэн 2200(2010 онд гарсан Монгол улсын Ерөнхийлөгчийн 216 тоо зарлиг, Засгийн газрын 314 тогтоолын дагуу 2011 оны турш “Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жилийн ойг тэмдэглэсэн) илүү Монгол үндэстний гүрэн улс үүдэн цогцолсон явцыг XIII зуунаас эхлэн тоолж, 800 гаруй жилээр тоолон тэмдэглэдэг.
 
Харин XX зууны эхнээс Зөвлөлт маягийн төр засагтай болж, социалист дэглэмийн дор хотшин суурьшиж эхэлсэн. Зөвлөлтийн нөлөөн дор иргэншлийн анхны алхмаа хийсэн боловч хуурмаг дүр төрхтэй нийгмийг бий болгосон байна.
 
Хотшил нь хөдөлмөрийн хуваарь бий болгож, хувь хүмүүсийн эрх ашгийн нэгдэл, дундын сонирхлыг тунхаглаж, хувь хувийн жижиг амбицаа хазаарлах чадамжийг төрүүлдэг. Энэхүү эрх ашгийн нийтлэг нь тулгарсан бэрхшээлийг хамтаараа шийдэхэд хүргэдэг бөгөөд чухам эндээс өөрийн хот улс орноо нийтэч үзэл санаа буюу эх оронч үзэл санаа жинхэнэ утгаараа урган гардаг.
 
Харин жалга жалгандаа дур зоргоороо байх, хэнд ч үл захирагдах үзэл санаан дээр нүүдэлчдийн эрх ашгийн нийтлэг ба эх оронч үзэл санаа урган гардаг.
Жишээлэхэд, иргэншсэн ертөнцөд бизнес эрхлэхэд иргэд масс рүү татагддаг. Тэд аль болох олон хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй байх утгаараа. Бас байгалийн гамшиг, харийнхны довтолгоо зэрэгтэй тэмцэхэд эв нэгдэл, хамтын хүч чухал.
 
Харин нүүдэлчин хүний бизнес дэлгэрч мал өсөхөд эзгүй бэлчээр, хүн цөөтэй нутаг хэрэг болно. Түүгээр ч зогсохгүй гол бэрхшээл болох ган зудыг давах арга нь мөн л “хүнээс дайжих” зарчмаар хийгдэнэ . Малчин хүн хүндрэл бэрхшээл тулгарахад бусадтайгаа хамт байж болдоггүйн жишээ нь “Туурын зуд”(Гурван төрлийн зуд байна. Цагаан буюу цас их орсноос өвсгүйдэх зуд, харын буюу огт цас ороогүйгээс мал усгүйдэх, туурын буюу өнтэй нутагт хэтэрхий олон мал цугласнаас бэлчээр дутагдах явдал энд орно. Зөвхөн Монголын хөдөө аж ахуйд тохиолддог зуд хэмээх “малын өлсгөлөн”-гөөр дамжин нийгэм эдийн засагт нөлөөлдөг үзэгдэл англи хэлнээ Zud, dzud, zud disaster хэмээн саяхнаас оржээ.) буюу малын хөлийн зуд болно.
 
Чухам иймээс “бусад хүмүүстэй жишин үзэхэд тэд хавьгүй бардам агаад бусад хүмүүсийн язгуур угсааг үл харгалзан бүх хүнийг үл тоомсорлох ажгуу...бусад хүмүүсийг бодоход огцом дүрэлзүүр зантай” хэмээн Плано Карпини тодорхойлсон байдаг нь нийгмийн бусад гишүүдээсээ бага хамааралтай амьдарч болдогийн жишээ юм.
Цаг улирлын сайхан үед ч адуу малын бэлчээрийн онцлог тэднийг холдуулна. Монголын нууц товчоонд гардгаар Тэмүүжинтэй жил орчим айлссан Жамуха “...Ууланд шахаж бууя, Адуучинд гэр болтугай, Голд шахан бууя хоньчин хургачин нарт гэр болтугай” хэмээн Тэмүжинд хэлдэг нь малын нутаг бэлчээрээс болоод салж нүүх шаардлага гарч байгааг сануулсан хэрэг. Үнэхээр ч саяхан ялалт байгуулж мал хөрөнгө нь үлэмж нэмэгдсэн нүүдэлчин хөршүүд жилийн турш айлсана гэдэг амаргүй. Харамсалтай нь ойр орчныхон нь үүнийг ихээхэн өөрөөр Тэмүүжинд тайлбарлаж өгдөг билээ. 
 
(Ерөөсөө Жамух Тэмүүжин хоёрын явдлаас хүн чанар, сэтгэл зүрхнээс хамаарал багатай, тап нутгийн тулгасан дүрмээр явдаг, нүүдэлчин монголчуудын нөхөрлөл, уйдалт, урвалт, жижиг ялагдагчийг дэмжин том руу турхирдаг тактик, ойрын нөхрөөс холын дайсан дээр гэдэг логик, (XX зууны эхээр Автономитыг устгахын өмнөхөн Шарын тал буюу Богд гэгээнээ дагасан лам нарын “нам" засаглалд хүчтэй байх үед харын талынхан нь “Лам нарын гарт орсонд орвол Хятадуудын гарт орсон нь дээр. Учир нь хятадууд арай хол юм. Ирээд дарамталтал хаа байсан юм бэ” гэсэн утгаар яриа хөөрөө гаргаж байсан мэдээллийг Л.Шинкарев гарган тавьсан байдаг) зэргийн түмэн учрыг харж болно)
 
Нүүдэлчдийн хувьд тулгамдсан асуудлыг шийдэх бус харин орхиж явах, бэрхшээлээс дайжих гарц хайдаг. Дөрвөн улирлын турш хийдэг нүүдэл нь өвлийн хүйтэн, зуны халуун, бэлчээрийн өгөөж багасах зэрэг асуудал бэрхшээлээс дайжих үйл явц билээ. Жужуанууд “зуны улиралд умар нутгаар нутаглаж... намар адуу мал таргалсан хойно хуран төвлөрч, хүйтнээс зайлан дулаан нутаг руу чиглэн..." ирдэг тухай судлаачид бичжээ. Ийм учраас нүүдэлчид тулгамдсан асуудлын мөн чанарыг таних, нэгмөсөн шийдэж сурахад анхаарлаа бага хандуулж ирсэн байна.
 
Түүнчлэн байнгын нүүдэл, хувирал, шилжилт дунд өнгөрдөг амьдрал нь орхиж нүүх боломжгүй тулгамдсан бэрхшээл, асуудлыг өнгөц байдлаар, түрхэн зуур аргацаан шийдвэрлэхэд сургажээ. Өвлийн хүйтнийг нэгмөсөн хөнгөвчлөх дулаан өвөлжөө орон сууц барих боломжгүй. Барилаа гэхэд хавар түүнээ орхиод нүүх болно. Хойтон нь газрын гарц муу байвал тэндээ эргэж өвөлжихгүй. Ийм учраас өвлийн ид хүйтэн хэдэн хоногийг зардал чирэгдэл багатай давах нь чухал. Гэр барихдаа оосор бүчний уяа зангилааг хүртэл чивчрэхгүйгээр, хэд хоноод дахин ачаалах үед амархан тайлагдах байдлаар зангидах хэрэгтэй болдог.
 
Эцсийн дүндээ нүүдэлчдийн нийгэм нь тулгамдсан асуудлыг шилжилт хөдөлгөөнөөр шийддэг, бэрхшээлийг шийдвэрлэхийн оронд орхиж явдаг нийгмийн нэр. Иргэншиж суурьшсан нийгмийн гишүүд нь нийтлэг сонирхлоо хамгаалсан тогтоц, хууль цаазын орчин дээр ашиг сонирхол, эх оронч ба үндэстнээ гэх үзэл санаа нь тодордог бол нүүдэлчдийнх өөр. Нүүдэлчин уламжлалт монголчууд эрх ашгийн нийтлэг нь эрх дураараа, үл захирагдах байдал дээр буюу эзгүй уудам нутагт дураараа нүүж амьдрах сонирхол дээр нэгдэн гардаг. 
 
Эх оронч ба үндсэрхэг үзэл нь үүн дээр илэрдэг. Монгол ардын “Барын сүүл явснаас батганы толгой явъя”хэмээх цэцэн үгэнд үндэсний тусгаар тогтнолын утгаас илүүтэйгээр толгой толгойгоо дааж, дов довон дээрээ дураараа явах нүүдэлчний философи харагддаг. Энэ байдал нь өнгөрснөөсөө сургамж авахаасаа илүүтэй хувь тавиландаа найддаг болгосон байна. Жишээлэхэд, хуримтлуулсан туршлага сургамжаараа ган зудыг тойрох аргагүй. Аз ивээвэл зуд болохгүй ба боллоо ч гэсэн хувь тавилан ивээвэл хохирол багатай үлдэж болно.
 
Нүүдэлчнийн амьдрал нь сонгодог утгаар хөдөлмөрийн хуваарь бий болоход садаа болдог. Малчин зөвхөн эм хонь маллах, хургаар дагнах, байтугаа нэг төрлийн малаар дагнах боломж хомс. Зөвхөн эсгий хийж, дээл оёж аж төрөх боломжгүй. Тухайн бүтээгдэхүүнийг нэг ширхгийг тодорхой нэг хүнд зориулан “Батын наадмын дээл”, “Дулмаагийн хуримын тэрлэг”, “Сүрэнд төхөөрч буй эмээл" гэхчлэн үйлдэнэ.Ардын гунигт дуунд “Хөх торгон цамцыг хэндээ ч гэж оёх вэ” хэмээн гардаг нь үүний жишээ. Зах зээлтэй газар бол хөх торгон цамцаа хэдэн цаасаар арилжаад, мөнгөөр нь дуртай юмаа авч сэтгэлээ сэргээхгүй юу? Энэ нь байдал нь хэрэгтэй бүхнээ байг гэхэд нэлээдийг нь өөреө хийж чаддаг байх хэрэгцээг бий болгодог.
 
Түүчлэн Монголын тал нутагт тогтоод өнгөрсөн социализмийн ул мөр Зүүн Евпопт үлдээснээс арай өөр. Монголчууд энэ тогтцыг байгалийн бэршээл, ган зудын нэгэн адил дайраад өнгөрдөг гамшиг, цаг төрийн түр зуурын хатуурал байдлаар хүлээн авч, түүнийг аргалаад өнгөрөх сэтгэхүйгээр, “ингэж байгаад нэг л өдөр хугацаа нь дуусч өнгөрөн одно” гэдэг итгэлээр хандаж ирсэн байна.
 
Монгол орны хотшил иргэншлийн түүх тодорхой утгаараа 1959(1928 оноос Феодалын хөрөнгө хураах кампанит ажлаар эхэлсэн “өмч хураах” процесс 1959 онд малчдын малыг хураан авч нийгэмчилснээр амжилттай өндөрлөсөн ба хувийн өмчийг хурааж дуусснаар “социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” гэж тухайн үеийн албан ёсны үзэл сурталчид үзэж байв.) оноос эхэлдэг. Энэ жил малыг нийгэмчлэх ажил дууссанаар малчин монголчууд өмчгүй болж хот суурин руу эрчимтэй нүүж эхэлсэн юм. Нийслэлийн хүн ам 1950 оноос хойшхи арав гаруй жилд бараг тав дахин өссөн нь үүний жишээ..
 
Нүүдэлчин монголчууд иргэншсэн ертөнцийн жамаар нийтлэг бэрхшээлтэй тэмцэж эхэлсэн явдал 7 жилийн дараа 1966 онд тохиосон нь Улаанбаатар хотыг нөмөрсөн үерийн гамшиг ба үерээс хамгаалсан даланг Туул голын эрэг дагуу байгуулж эхэлсэн баримт болно. Энэ бол иргэншин суурьшиж эхэлсэн монголчуудад эрх ашгийн бодитой нийтлэг бий болж, бэрхшээлийн эсрэг нэгдэн босгосон анхны “Цагаан хэрэм нүүдэлчид хотшиж эхэлсний түүхэн дурсгал болно.
 
1961 онд гарсан АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигг орчин цагийн хот нь малчны хот айлаас юугаараа ялгаатай болохыг онцлон тодорхойлж “...олонхи нь цалин хөлсөөр, цөөнх нь аж ахуйн орлогоор амьдардаг 4000-аас дээш хүнтэй суурин, 3000-аас доошгүй хүн байнга оршин суух аж үйлдвэрийн газруудыг хот” хэмээн үзэх болсныг дурьдсан байна. “олонхи нь цалин хөлсөөр" гэдэг үг бол мал маллахаас өөр замаар орлого олж, иргэншил хотшлын хаялгаар амь зуудаг гэсэн үг болно.
 
Анх удаагаа хотшин суурьших үйлсээ социалист хүчирхийллийн дор эхлүүлсэн монголчуудыг “хотын хүн” болгохоор хийсэн томоохон хувьсгал бол 1959 онд эхлүүлсэн Соёлын довтолгоо(Соёлын довтолгоог 1959 оноос 3 жилийн хугацаатай явуулж, 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор дуусгахаар төлөвлөсөн боловч цаашид гурван жилээр сунгах тогтоол гаргасан байна) билээ. Хот гэдэг ойлголт нүүдэг хот айлаас суудаг хот суурин болж хувирав. Удахгүй бүх социалист орон Москвагийн дээвэр дор нэгдэн нэг улс болоход монголчуудын соёлч боловсон бус байдал садаа болж байна гэж үзээд малчин ардуудын зөвлөлтийн хүнтэй бүх талаар ижилсүүлэх алхам болгон түүний хийж байгаагаа зарлаж байсан.
 
Хагас албадлага, хагас хүчирхийлэл, хагас урам зоригоос бүрдсэн Соёлын довтолгоо нь малчин ардуудыг долоо хоногт нэг удаа усанд ордог, гарын байтугаа хөлийнхөө хумсыг авдаг, ил байдаг нүүр гараасаа эхлээд хагас далд байдаг шүдээ хүртэл өдөр бүр угаадаг болгож заншуулсан. Нийтээрээ хотшин бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдаж (1951 оноос кирилл монгол үсэгт албан ёсоор шилжиж, 1971 онд ЮНЕСКО-оос бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсны учир медаль авч байсан) хүн амын өсөлтийн хувь нь дэлхийн дунджаас 0,47 хувиар давах болсон байна.
 
Харин монголчуудын хотшил иргэншлийн түүх жинхэнэ утгаараа 1990 оноос эхэлдэг. Дэлхийн социалист систем задарсан, ЗХУ тарсан, Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн зэрэг үйл явцууд нь монголын жам ёсны иргэншил суурьшлийн түүхийг эхлүүлсэн. Энэ нь Монгол орон ардчилсан түүх төдий биш, харин хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замаар толгой даан орсон, засаглалыг хүчээр бус хууль цаазын дор тогтоож эхэлсэн, төр нь ард түмнээ цэрэг дайны олзоор тэтгэх бус баялаг бүтээх боломжийг нь хангах замаар цэцэглүүлэх замд орсон үйл явц бөлгөө. Төр ёсны хоёр мянганы шастир, соёл аж төрлийн хувь түүнээс ч урт намтартай монголчуудын 26 жилийн настай жам ёсны иргэншлийн түүх эндээс эхэлсэн билээ.
 
ХОЁР. ХОТШСОН ГАДАРТАЙ, НҮҮДЭЛЧИН ДОТОРТОЙ МОНГОЛ ОРОН
 
Нүүдэлчин маягаар асуудлыг шийдэж ирсэн уламжлал нь өнөөгийн нийгмийн ерөнхий төрх, ялажуяа төрийн бодлогод тусгалаа олж байна.
Нэгдүгээрт, асуудлыг орхин нүүх аргаар шийдэх зарчим хүчтэй хэвээр байна. Улс төрчид намын даргатайгаа яльгүй зөрчилдөх юмуу, асуудал өөрийнхөөр нь шийдэгдэхгүй тохиолдолд намаасаа гарч нам байгуулах, жигүүр фракци үүсгэх замыг сонгодог. Энэ нь хөрш айлтайгаа муудалцахад хэлэлцэн тохирохын оронд салаад нүүдэг туршлагын илрэл бөгөөд асуудлыг намын даргатай, эсвэл намтай нь орхиод явах замаар шийдэж байгаа хэлбэр болно. Анхны сөрөг нам МоАН байгуулагдаад хэдхэн хоносныхоо дараа Бүгд найрамдах нам тэднээс өрх тусгаарласнаас хойшхи хуваагдал нь гарын арван хуруунд багтахгүй ба хамгийн бат бөх нам болох МАХН нь сүүлийн хориод жилд МАН, Сэргэн мандлын нам, МАХН болон гурав хуваагдсан байна. Үнэндээ Монголын улс төрийн намуудад хөгжлийн үзэл баримтлалын ялгаа бараг байхгүй бөгөөд дотоод эрх ашгийн зөрчлүүд нь шинэ хуваагдлын шалтгаан болдог.
 
Хоёрдугаарт, Аргалаад өнгөрөх сэтгэлгээ хэвээрээ байна. Энэ нь нэгдүгээрт, юмыг аргалаад, тухайн үеийн хэрэгцээг хангаад өнгөрөх хоёрдугаарт, яалт ч үгүй тулгарсан бэрхшээлийг аргацаагаад ард нь гарах арга юм. Жишээлэхэд, өвлийн хүйтэн, цус зудыг эгнэгт шийдэх боломж байхгүй учраас хэдхэн хоногийн хүйтэн, ганц сарын зудны ард яаж ийгээд гарах л чухал болдог. Монголчууд “цагийн бэрхийг давах", “цас зудыг давах” гэж л ярьдгаас биш цас зудны асуудлыг шийдэх, ган гачгаас ангижрах боломжгүй явж ирсэн.
 
Монгол хэлнээ “монголчлох” гэдэг хэллэг бий. Энэ нь юмыг байгаа боломжоороо, түр аргацаахын нэр билээ.
 
Гуравдугаарт, нүүдэлчдийн мөнхийн эрмэлзэл болох ачаа хөнгөн байх, тэр хэрээрээ маневрлах чадамж сайтай байх эрмэлзэл одоо ч хэвээрээ. Энэ эрмэлзэл нь олзыг түргэн зуур багасгах, найрлаад дуусгах хэрэгцээ буй болгоно. Юмыг муутгаж хаяснаас, ачаандаа багтаалгүй буурин дээрээ үлдээснээс нийтээрээ хэрэглээд үрэн таран хийгээд дуусгасан нь сэтгэлд өег билээ. Ер нь зунаар төхөөрсөн хонины гэдсийг аль болох олон айлтай хуваадаг ёс нь монгол хүний өгөөмөр зан, харамгүй сэтгэлийн илэрхийлэл мөн боловч халууны улиралд муудахаас нь өмнө амжиж амархан муудах хүнсээ дуусгах хэрэгцээний нэг хэсэг бас мөн. Энэ байдал 2010 аад онд Монголын эдийн засаг нүүрсний үнийн өсөлт ба гадаадын хөрөнгө оруулалтын эхний давалгаанаар цэцэглэсний үр хуримтлалыг хүүхдийн мөнгө, иргэний хувь хишиг, хуримласны шан зэргээр хуваан найрлаж дууссны жишээ харуулна..
 
Дөрөвдүгээрт, Нүүдэлчний төр дайны олзыг хуваадаг Монгол засаглалын уламжлал хэвээрээ байна. Чингисийн үеэс илүү тод харагдах болсон түүхэн баримтуудаар бол нүүдэлчдийн төр нь нийгмийг баялаг бүтээх боломжоор ханган жолоодох боломжгүй учраас дайнаар бизнес хийж, түүнийхээ олзоор нийгмээ тэтгэж байжээ. Монгол их гүрний байлдан дагуулалт, ялалтын нууцыг юуны өмнө дайныг бизнес утгаар хөгжүүлж, сонирхогч талуудыг амжилттай татан оролцуулж чадсанд явдлаас хайх нь зүйтэй.
 
 Харин цөөн тоотой монголчууд өөрснөө жанжин штаб буюу дайны бизнесийн менежмэнтийн багт ажиллана. Чухамдаа хуучин өс хонзонг сэрээх болон олз ашиг сонирхлыг нь хөгжүүлэх тактикаар дайны бизнест татан оруулж чаддаг байсан. “Бат хаан Польш руу довтлоход цэргийн ихэнхийг славян үндэстнүүд, Хүлэгү Багдадыг довтлоход армян, гүрж цэргүүд, Хубилай Японд дайрахад солонгосчууд цэргийн ихэнхийг бүрдүүлж" асан нь үүний тод жишээ. Чингис хааны цэргийн урлагийн гол хэсэг байлдах тактик гэхээсээ илүү дайн хийх менежмэнт байсан гэж үзэж болно.
 
Чингис хааны дайны менежмэнттэй улс гүрэн нь хүнд хэцүү үед хэрэглэх “Улсын нөөц дайн”-ы фондтой байжээ. Монголын нууц товчоонд Чингис хаан “Өмнө зүгт Тангуд улс байгааг өглөө бүхэн надад сануулж байх” тухай захисан хэсэг бий. Тангуд улс бол түүний Чингис хааны дайны бизнесийн хувьд “стратегийн нөөц” байсан бөгөөд Дайны бүгд найрамдах улсынх нь иргэдэд ирээдүйн орлогын нөөц болон харагдаж байжээ. Иймээс Чингис хаан нөөц дайснаа сайтар ариглан хадгалж байгаад насны бөгсөнд ашигласан билээ.
 
Эхнэрээ булаалгасан Тэмүүжин хүү бүрлээч эцгийнхээ эртний анд Тоорилд хандаж, булган дах бэлэглэн тусламж гуйсан тухай “Монголын нууц товчоо”-нд буй. Сайхан бэлэг, сайхан нөхөрлөлийн дурсамж хоёрт хайлсан Ван хаан дайнд мордох шийд гаргана. Үнэн хэрэгтээ энэ нь хэсэгтээ бизнес хийлгүй (ойрын хугацаанд дайн хийлгүй), үүнээсээ болоод хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилаагүй (албатууддаа дайны олз тараагаагүй) захирал Ван хааны бизнес ухаанаар хийсэн шийдэл юм.
 
Нууц товчоонд өгүүлснээр, Чингис хаан ширээнд суусныхаа дараахан, орчин цагийн ойлголтоор бол “хувьцааны ногдол ашиг хуваарилах” томоохон арга хэмжээ зохион байгуулж, олон хүлэг баатрыг эрх мэдэл, хэргэм цолоос гадна “Есөн удаа гэмт хэрэг хийх эрх”-ээр урамшуулж байгаа тухай гардаг.
Энэ уламжлал нь “нийгмийн халамжийн бодлого” гэдэг зүйлийг хүн төрөлхтөнд бэлэглэжээ. Улмаар Манжийн вассал болон Зөвлөлтийн дагуул улс байх үед ч энэ байдал улс төр, эдийн засгийн утгаар үргэлжилж “Хааны хишиг, пүнлүү”, “Зөвлөлтийн зээл тусламж” нэрээр үргэлжилж ирсэн нь Монголын нийгмийг төрийн хишиг халамжид улам дасгасан байна.
 
Яг энэ уламжлал одоо ч | хэвээрээ ба намууд сонгуулийн хөтөлбөртөө “Иргэн бүрт сая төгрөг”-ийг дайны олз маягаар хуваарилна хэмээн тусгадаг явдал үүнийг гэрчилнэ. 2013 онд дэлхийн банкнаас гаргасан тайланд Монгол улс ДНБ-нийхээ 2,78 хувийг нийгмийн халамж болгон бэлэн мөнгөөр тараасан тухай дурьдсан аж. Энэ нь ихэнх хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дунджаас хоёр дахин их байгаа тухай олон улсын шинжээч Жастин Дүүдигийн анализэд дурьдсан байна
 
Тавдугаарт, Бүхнийг өөрөө хийж, өөрийгөө хангаж оршин тогтох амжиргаатай, “Хөдөлмөрийн хуваарь” гэдэг ойлголтоос холуур нүүдэлчний ой ухамсарт өнөд шингэсэн дадал зөн одоо ч хэвээрээ. Уламжлалт ийм эрмэлзэл өдгөө ч төрийн бодлогын хэмжээнд ард түмний өргөн дэмжлэгээр үргэлжилж байна. Уул уурхайгаа зөвхөн өөрөө ашиглах, зөвхөн монгол хүнийхээ хийсэн зүйлийг хэрэглэх үзэл санаа нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих”, “Монголдоо үйлдвэрлэе” гэхчлэнгийн албан ёсны нэртэй. Хамгийн сүүлд байгуулагдсан Засгийн газар “Монголдоо хийдэг юмыг гадаадаас авахгүй” тухайгаа тунхагласан нь үүний шинэхэн жишээ. Цоо шинэ ч юм биш. Үе үеийн Засгийн газруудад “гадаадын өндөг авахгүй байх” тухай, “зөвхөн монголдоо ургасан улаан буудайн гурил идэх” тухай яриа байнга өрнөдөг. Эдийн засгийн хүчирхэг байдал гэдгийг зөвхөн хэрэгцээгээ өөрөө хангаж амь зуух, импортгүйгээр оршин тогтнохыг ойлгодог.
 
Бүхнийг нэг хүнд зориулж нэг ширхгийг үйлдвэрлэж ирсэн мянганы дадал өнөө ч хэвээрээ. Зам даган эгнэсэн олон гуанзны хуушуур,  цуйван, бууз гэсэн ижил цэс, сумын төвийн бараг айл болгоны үүдэнд шовойх ижил бараатай ТҮЦ-үүд, зурагтын хэдэн зуун суваг, гурван сая хүнтэй улсын 20 орчим өдөр тутмын сонин... энэ бүхэн өөртөө юм бүхэнтэй байх гэсэн нүүдэлчний араншин. Нүүдэлчний шалгуураар “Унах унаатай, саах үнээтэй, ачих тэмээтэй” байх учиртай явсан монголчууд өнөөдөр “Хүнээс юугаараа дутах вэ гээд нэг зурагтын сувагтай", “Олны жишгээр, өдөр тутмын сонинтой”, “амьтны нүдэнд зүгээр юм гээд нэг уурхайтай”, “арга ядахад лицензтэй” явахыг хүснэ. Хувьцаат компанийн даржин, өр авлагатайг эс харгалзан 50+1 хувийг эзэмшихийг хүснэ. Төр ард түмэн хоёрт ямар ч ялгаа энд харагдахгүй.
 
Зургадугаарт. Бэлчээрээ харамлах үзэл санаа нь хүчтэй хэвээр. Гадаадын хөрөнгө оруулалтыг баялаг үйлдвэрлэх салбарын хамтын ажиллагаа гэдэг утгаар бус бэлчээрт нь айлын мал орж байгаа утгаар харж гадуурхдаг. Үнэхээр ч мянга мянган жил монгол хүний эзэмшил бэлчээр дээр орж ирсэн бусдын хөрөнгө бэлчээрийн хомсдол үүсгэж, туурын зуданд өртүүлж ямагт гай тарьсаар ирсэн билээ. Монгол орныг өнөө нөмөрсөн эдийн засгийн хямрал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлын мал сүрэг бэлчээрт орсны нэгэн адил , үзэж хөөн явуулсны гор мөн.
 
Тусгаар тогтнолын үзэл санаа ба эх оронч сэтгэлгээ нь чухамдаа дур зоргын авир ба бэлчээртээ гадны мал сүрэг (гадаадын хөренгө оруулалт) оруулалгүй харамлан нөөцлөх сэтгэлгээн дээрээ тулгуурлаж байгаа. Эдийн засгийн хараат бус байдал, улс төрийн бие даасан бодлого зэрэг нь хоёрдугаарт тавигдаж, бүрэн бүтэн бэлчээр нутаг бол тусгаар тогтнол гэж ойлгодог. Энэ үзэл санааны тугийн дор Эгийн голын усан цахилгаан станцын Малайзын болон Хятадын хоёр төсөл, Дорнод бүс дэх Арева компанийн ураны хайгуулын төсөл, Тамсагг нефьт хайсан Соко, Таван толгой дахь Рио Т инто, Төмер замын өргөн нарийн цариг ...гээд Монголын эдийн засгийг сэргээж чадах олон төсөл амьсгал хураасан бөлгөө.
 
Долдугаарт, Өөрсдийнхөө хэн нэгний манлайллыг хүлээн зөвшөөрөх дургүй учраас алс холын хүчирхэг нэгний ивээлд, дотооддоо хэн хэнээсээ илүүрхэх юмгүй оршин суух сонирхолтой. Ер нь бол өөрсдийнхээ хэн нэгний гарт байснаас Монгол нутагт ирээд суучихгүй, холоос удирдаж залаад байдаг тийм “ах”-ын эрхшээлд байх сонирхолтой. Энэ байдлыг нь Манжийн ноёрхол, Зөвлөлтийн эрхшээл тодорхой утгаар хангаж байсан. Монголчуудын, ялангуяа зонхилох ястан болох халхуудын энэ байдлыг сайн мэдэх Зөвлөлтүүд БНМАУ-ын удирдагчийг XX зууны эхний хагаст нутгийн зүүн хязгаараас, сүүлийн хагаст баруун хязгаараас.тус тус сонгон томилж байсан ч байж мэднэ.
 
XX зууны төгсгөлд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны нийтлэг замд орсон монголчууд “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлого тунхагласан нь чухамдаа Манж, Зөвлөлтийн орлогчийг далайн цаанаас (ирээд нутаглачихгүй холоос ивээх) хайж эхэлсэн хэрэг байлаа. Харамсалтай нь орчин цагийн хамтын ажиллагаа ашиг сонирхлыг нэгдлийг бий болгодон “хөрөнгө оруулалт” гэдэг ойлголтыг монголчууд “Бэлчээрт айлын мал орох" процессоос ялгахтай үгүйтэй байгаа нь “Гуравдагч хөрш"-ийг нь үргээгээд байгаа билээ.
 
Наймдугаарт, Өнгөрсөн түүхээсээ сургамж авах сонирхолгүй, туулж өнгөрүүлсэн гай зовлонгоо дахин туулахгүй явахыг эрмэлзэхийн оронд түүнийг ган зудын нэгэн адил дайраад өнгөрөх зовлон, харин хэзээ хаана таарахыг хувь тавилан мэднэ, азтай явбал ахиад тийм зүйл болохгүй гэдэг утгаар хардаг. Ийм учраас өнгөрсөн(хувьсгалт хүчирхийллийг шүүмжилсэн, социализмыг буруушаасан г.м) тогтоцын мөн чанарыг шүүмжилсэн үзэл санаа нийгмийн зүгээс дэмжлэг авах нь бага байдаг.
 
Есдүгээрт, орчин цагийн даяаршсан ертөнцийн суртал ба үнэт зүйлд хандах хандпага нь нүүдэлчин хэвээрээ. Энэ нь аливаа үзэл суртал, шашин мөргөл суртахуун болгон шингээж авдаггүй, харин дагасан зөвшөөрсөн байдал үзүүлж байгаад ашиг унагах, хожих үзэл санаа юм.
 
Хүний түүхэнд монголчуудаас хандивласан хувь нэмэр дотор шашны хүлцэл ордог ба Хархорум хотноо буддист, загалмайтан, лал мөргөлтнүүд эрх тэгшээр цэц булаалдаж байгааг Рубрук тэмдэглэсэн байдаг. Бас албан ёсоор загалмайн несториан мөргөлтэй гэх Мөнх хаан далны ясаар мэргэлүүлж, бөө буулгаж, тэнгэр хилигнүүлсэн гэмтнийг тэдний оролцоотойгоор “илрүүлэн” гэсгээж байгааг ч дурьджээ.
 
Түүнчлэн, XX зууны наяад онд Улаанбаатарт судалгаа хийсэн, Польшийн Краковын Их сургуулийн социологийн экспедиц Монголд судалгаа хийгээд, монголчууд марксизмыг шашин болгоод буддизмын оронд шүтэн сүсэглэдэгийг тодорхойлжээ. Ягл Мөнх хаан өөрийгээ нестор загалмайтан гэж “бүртгүүлчихээд” бөө буулгаж суусан шиг XX зууны монголчууд Маркст мөргөдөг гэж бүртгүүлчихээд дагуул (Зөвлөлтийн) боловч тусгаар тогтнол, өнгөц(социалист) боловч иргэншил хотшил хожоод гарсан билээ.
 
“Нэг нь биш ч гэсэн нөгөө нь тус болох байлгүй” гэсэн бодлоор, өглөө гарч Гандан хийд дээр засал хийлгээд, өдөр нь Христийн цуглаанд дээр очиж Ертөнцийн эзнийг магтан хандив хүртээд, орой нь бөө буулган муу зүгийн юмсыг хөөлгөдөг монголчууд олон. Гандантэгчинлэн хийдийн томоохон санваартны яриагаар бол, жил бүр эцэг эх, эсвэл найз нөхдөөрөө дамжуулан тус хийдээр засал номоо уншуулдаг Загалмайн пасторууд нэг биш гэнэ.
Анимизм, бөө мөргөл, шарын шашин, дээр нь төр холилдсон ёслолын жишээ нь енөөгийн уул овооны тахилга юм. Төрийн тахилгатай 10 орчим уул байдаг ба улсын Ерөнхийлөгч тэнд очиж мөргөн ард түмэндээ аз жаргал, улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн засгийн өсөлт зэргийг гуйдаг протоколтой билээ. Уул овоо, далдын шидэнд гүн итгэж, шашин нь итгэл үнэмшил өдөр тутмын суртал нь болоод байгаа юм биш, “за нэг их гарзтай юм биш, итгэсэн гээд мөргөчихвөл тус болчих юм билүү" гэсэн нүүдэлчний араншин.
 
Харамсалтай нь орчин цагийн даяаршсан дэлхийн үзэл суртал, арилжаа бизнесийн ёс суртахууныг нь яг ийм утгаар хүлээн авч, дагасан байдал үзүүлж байгаад ашиг хүртэх хандлага нь гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг үргээх нэгэн шалтгаан болж байна.
Гэвч, иргэншсэн ертөнцийн дүрэмтэй зөрчилден зөрчилдөн амжилттай иргэншиж хөгжиж яваа монгол орны урагшлах замын нэгэн нууц нь бас өнгөрсен үетэй холбогдоно.
 
Нүүдэлчин монголчууд шинэ орчинд ямарч эргэлзээгүй дасч, урьд үзээгүй дадал зуршлийг эрээлэлгүй өөриймшүүлдэг уламжлалтай. Өчигдөрхөн халуун нар шарж байсан хорвоо өнөөдөр цас шуурч байхтай дасч, дэлэгнэн дэлгэрч байсан дэлхий өнөө гандан шарлахтай эвлэрч, үзэж дасаагүй бэлчээрт хоромхноо нутагшиж явсаар дассных буйзаа. Яг л XX зууны гучаад оны хувьсгалт засаглалыг “Өө, шашингүй болж байгаа юмуу, ойлголоо” гээд яг л ган зуд ирсэн мэт хүлээн аваад тэвчин туулсан шигээ, зах зээл, ардчиллыг “өө, ардчилж байгаа юм уу, ардчилъя, ардчилъя”, “Зах зээлд орсон уу, яадаг гэнэ ээ. Сураад дагая" гэсэн байдлаар, хувь тавилан хэмээн эргэлзээнгүй хүлээн авсан билээ.
 
Манай өнөөгийн нийгмийн гол бэрхшээл нь богино хугацаанд өнгөц нэвтэрсэн иргэншил даяаршлын хальс ба түүнийг түр зуурын үзэгдэл байдлаар хүлээн авсан нүүдэлчний хандлагын зөрчилд оршиж байна.
 
Монголчуудын амьдралд иргэншил даяаршил нэвчин шингэх хэрэгтэй байна. Харамсалтай нь, цагийн байдал эргэхэд зах зээлээ орхих, даяаршлаа орхиод хаашаа ч юм бэ явахад бэлэн байгаа явдал юм.
 
Гадна талаасаа танигдахын аргагүй өрнөджсөн ч нүүдэлчний зөн совин, асуудалд хандах өнцөг, түүнийг шийдэх аргачлалаасаа салж чадаагүй тал нутгийн баатрууд гэсэн үг. Энэ өнгө будгийн цаад мөн чанарыг хөрөнгө оруулагчид, хамтрагчид, түншүүд олж харахгүй, ойлгохгүй, мэдрэхгүй байгаа нь бүр ч харамсалтай байна.
 
Хачирхалтай нь, нүүдэлчний дадал, далд совин нь орчин үед олж авсан мэдлэг, мэдээлэл боловсролыг нь давамгайлсаар байгаа нь сонин бөгөөд нийгмийн сэтгэлзүй, массын психологи судлаач нарын хариулах асуулт буй заа. Магадгүй мэдлэг, мэдээллийг ч гэсэн цаг улирлын нэгэн адил түр зуур хэрэг болоод өнгөрдөг туршлага гэж хараад байна уу?
 
Тал нутгийн дүрэмтэйгээ оршсоор байх уу, монголчууд? Талын хуулиар амьсгалсан сэтгэлгээ, даяаршил, хотшил цаашдаа яаж хоршихыг би мэдэхгүй. Минийхээр бол XXI зууны “Монголын нууц товчоо” бол энэ.
 
Монгол судлал хөгжиж байгаа нь сайхан байна. Гэхдээ судалгааны гол чиглэл Монголын их гүрэн, Чингис хаан эсвэл ардын өв уламжлал руу голлон хошуурч байна. Харин уржигдрын нүүдэлчин, өчигдрийн социалист хөдөлмөрийн бригадын гишүүн, харин өнөөдөр Азийн төв дэх гол ардчилагч гэгдэж байгаа монголчуудын иргэнших процесс судалгаанаас гадуур цагаан толбо маягтай байна.
 
Хувь хувийн ашиг сонирхлыг илэрхийлэгч нүүдэлчин малчнаас нийтлэг үнэт зүйлстэй иргэний нийгмийн салшгүй хэсэг болохын төлөөнөө хийж буй “их нүүдэл” ч судалгаанаас гадуур байна.
 
Монголын орчин цагийн энэхүү “НУУЦ ТОВЧОО”-г нээж, Монголчуудын маргаашийн хөгжлийн хандлагыг тодруулах үйлст та бүхнийг илүүтэй оролцохыг уриалж байна.
Энэ асуултад хариулт хайж ядаж байгаа өчүүхэн хүнд тус болбол баярлана.
Анхаарсан явдалд баярлалаа
 
 
Б.Цэнддоо