sonin.mn
Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг нэмэгдүүлэх, эрсдэлт зан үйлийг багасгахад анхаарал хандуулах зорилгоор  зохион байгуулж буй “Ази Номхон далайн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд насжилт” наймдугаар чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
 
ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ,  Глобал сан, Монголын Бэлгийн Анагаах Ухааны Нийгэмлэг, Менопауз, Андропауз Зохицуулалтын Нийгэмлэгтэй хамтран    найм дахь жилдээс зохион байгуулж байгаа энэхүү чуулганд  БНСУ, БНХАУ, ХБНГУ-ын зургаан төлөөлөгчөөс гадна 19 монгол судлаач эмч илтгэл хэлэлцүүлж саналаа солилцож байна.
 
“Энэ удаагийн чуулган “Эрүүл эр хүн-аз жаргалтай гэр бүл” уриан дор явагдаж байна. Анагаахын олон салбарын эрдэмтэд, эмч нар бүгд хамтран эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, тэдний насжилтын асуудлыг олон талаас нь  өргөн хүрээнд хэлэлцэж эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэгдэж байгаагаараа онцлогтой” гэдгийг ADAM андролог урологийн эмнэлгийн эмч, АУ-ны доктор Н.Нансалмаа хурлын үеэр онцлон хэлэв.
 
Мөн НЭМХ-ийн эрүүл мэндийг дэмжих сургалт судалгааны арга зүйн дарга Ж.Энхзул, “Манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал  зан үйлтэй холбоотойгоор 10 жилээр бага байна. Эрэгтэйчүүд ихэвлэн зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, осол гэмтэл  гэсэн өвчнүүдээр нас барж байна. Эдгээр нь Архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдалаас үүсэж байгаа  юм. Тиймээс эрэгтэйчүүд хорт зуршлуудаа багасгах хэрэгтэй. Мөн жилд нэг удаа эмнэлэгт  тогтмол  үзүүлж оношлуулах нь зүйтэй” гэлээ.
 
Энэ сарын 19-ыг хүртэл үргэлжлэх уг чуулганаар “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эмчлэх талаар санал зөвлөмж боловсруулах юм байна.
 
М.Дайриймаа
Гэрэл зургийг: Н.Батбаяр
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг