sonin.mn
Одоогоос таван жилийн өмнө Дэлхийн байгаль орчны боловсролын конгресст оролцохоох энэ оронд анх удаагаа зорчсон юм. Ванкувер, Оттава, Монреал, Торонто хотуудын ногоон байгууламжууд, хүн амьдрахад таатай эмх цэгцтэй орчинтой танилцаж явахдаа Дэлхийн түмэнд гайхагддаг Ниагрын хүрхрээгийн гайхамшгийг  нүдээр үзэж биширсэн юм. Энэ тухайгаа би “Цас мөсний орон, цагаан баавгайн нутгаар” нийтлэл бичиж “Хорвоогоор аялахуй номондоо оруулсан билээ.
 
   Өнгөрсөн зун наадмын үеэр олон улсын бэлчээрийн менежментийн конгресст уригдан илтгэл тавих завшаан тохиож, ховорхон байгаль орчинтой энэ орноор хоёр дахь удаагаа аялах аз тохиолоо. Нийтлэлч хүний нүдээр харсан сонин хачныхаа тухай товчхон өгүүлсү.
 
   Канад улс бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр ОХУ-ын дараа ордог 10 сая кв.км нутагтай атлаа 35-хан сая хүн амтай, оршин суугчдын 90 гаруй хувь нь Америкийн хилийн дагуу амьдардаг, хойд хэсгээрээ манай говьтой адил эзэнгүй шахам орон. Сониноос олон улсын хурал болсон Саскачеван мужийн нийслэл Режина хотод нь манай СХД-ээс цөөхөн буюу ердөө 210-хан мянган хүн амьдардаг юм билээ.
 
  Канад Монголын хооронд ижил төстэй зүйл олон бий. Асар том газар нутаг цөөхөн хүн ам. Хэдийгээр техник технологийн хөгжлийн хувьд эрс ялгаатай ч гэсэн цаг агаар болоод байгалийн бусад хүчин зүйлсээр адилхан муж бол Саскачеван. 1 цагийн ажлын хөлсний доод хэмжээ 15доллар. Авилгагүй орнуудын жагсаалтыг тэргүүлдэг орны нэг.
 
Хөрш АНУ-тай харьцуулахад татвар өндөртэй. Дэлгүүрт худалдаж буй барааны үнэнд улсын болоод мужийн гэсэн хоёр  төрлийн татвар шингэдэг учраас лангуун дээр тавьсан барааны үнэ дахиад арван хувиар нэмэгддэгийг гадаадынхан тэр болгон анзаардаггүй. Гэвч улсын болон тухайн муж улсын гээд төрөөс үзүүлэх хөнгөлөлт хөрш Америкаас хавьгүй өндөр.  Эрүүл мэнд, боловсрол бараг үнэгүй, тэтгэврийн хэмжээ өндөр боловч, тэтгэврийн нас 65 юм билээ. Ажлын байр элбэг, цагаачдын орон. Нутгийн үндсэн иргэд нь тун цөөхөн цаатан индианчууд гэх боловч гадуур явахад бараг таарахгүй.
 
Баруун эргийн Ванкүвер хотод Хятад, Энэтхэг цагаачид маш олон таардаг бол зүүн эргийн мужуудад франц хэлтнүүд давамгайлна.. Ийшээ цагаачлагсдын тоо жилээс жилд өссөөр жилд 200-250 мянган хүн авч байгаа гэсэн.  Зарим мужид нь 300 мянгаас дээш хөрөнгө оруулах юм шууд “ногоон карт авах боломжтой гэсэн. Монголоос албан ёсоор цагаачилсан  нилээд олон залуустай Торонтод таарч  байлаа. Өнгөрсөн жил Канадын засгийн газар Сирийн 25000 дүрвэгсэд хүлээн авах шийдвэр гаргасанд нь нилээд олон иргэд дургүйцлээ илэрхийлж жагсаал цуглаан хийж байсан юм. Тэр их цагаачид жилд гаднаас орж ирдэг гэхэд гэмт хэрэг зөрчил харьцангуй бага байдгийн учир хуулиа маш дээдэлж, хатуу баримталдгийнх болов уу.
 
Түрүүчийн аялалынхаа үеэр Канадын баруунаас нь зүүн эргийг хүртэл 5000 гаруй км дандаа дээгүүр нь нисэж өнгөрсөн  болохоор энэ удаа дэлхийд гайхагддаг Канадын их талыг /Canadian prairie/ сонирхохоор зориг шулуудан баруун эргийн Ванкүвер хотоос газар тариалангийн гол муж Саскачеван ортол 2000 шахам км хурдны  замаар өдөр шөнөгүй довтолгов.  Нар хэвийж байхад хөдөлсөн зорчигч дүүрэн автобус маань эхлээд навчит ойгоор бүрхмэл намхан уулсын дундуур алхам тутамд тааралдах том жижиг нуурууд, аварга том гол мөрнүүдийг гатлан харуй бүрий болтол давхив. Канадыг нуур усны орон гэдэг нь зүйн хэрэг, хоёр сая гаруй нууртай. Дэлхийн бүх оронд байгаа цэнгэг устай нууруудын тооноос хавьгүй илүү гэсэн үг. 
 
 Асар том бүтэн сар уулсын цаанаас цухуйх  үед цавчим өндөр хадтай, оройдоо мөнх цас мөсөн голтой  уулсын дундуур ороод явчих нь тэр. Арван тавны сар болов уу гэж таатал дахиад ийм бүтэн сар гурван шөнө гарсанд гайхсан шүү. Англиар Rocky mountain гэдэг энэ уулс нь хойд Америкийн баруун урд захаас эхтэй бөгөөд урьдаасаа хойшоо 5000, баруунаасаа зүүн тийш 150 гаруй км үргэлжлэх аж. 
 
 Зүйрлэбэл эх орны баруун хязгаар Алтай таван Богдын их уулс, чухам Ховдын Үенч, Бодончийн хавцал, Говь-Алтайн Бугатаас Алтай сум орохоор  явдагтай нилээд төстэй. Тээр жил Энэтхэгийн нийслэл Делигээс Далай ламын амьдардаг Дармасала хот хүртэл Түвдийн өндөрлөгүүдийг сүлжин зурвасхан нарийн замаар шөнө явахдаа доошоо харах үед толгой эргэн мөн их айдастай  явж билээ. Энд бол тийм биш, байгалийн сайхныг бишрэн болдогсон бол сэтгэл сэргэм уртын  дуугаа сонсож явмаар санагдсан даа.   Дунджаар 4000 м өндөртэй энэ их уулсын дундуур ийм сайхан өргөн хурдны зам тавина гэдэг үнэхээр санаанд багтамгүй. 
 
   Шөнөжин  цавчим өндөр хадан уулсыг сүлжин давхисаар үүр хаяарах үед Канадын их талын бараа харлаа. Зорчигчид бүгд гүн нойрондоо дугжирна, харин би харна үзнэ гэж анхаасаа зориглож зорьсон болохоор нойр яахин хүрэх билээ. Их талын зүүн хаяанаас өглөөний нар хөл дороос мандах нь яг л Мэнэнгийн талдаа ирчихсэн мэт. Замын хоёр талаар шаргалтан ногоорох тариан талбай, хажуугаар нь үргэлжлэх навчит их ойтой тал харин манай Дорнодын хээр талаас тэс өөр юм билээ. Замд тааралдсан анхны том хот Эдминтонд ирж дараагийн автобус хүлээх зуураа Автовокзал дотор нь атга нойр авлаа. 
 
  Рапсын тухай хэдэн үг дайя  Шаргалтаад байгаа том том поленуудыг алсаас хараад царгас юм уу гэтэл биш, бидний нөгөө ад үзээд байдаг рапс санж. Англиар Canola орос монголоор Рапс гэдэг нь бидний сайн мэдэх байцаа, манжинтай нэг овгийн ургамал бөгөөд хүн төрөлхтөн үүнийг нилээд эрт үеэс тосны ургамалтай эрлийзжүүлэн гаргаж авсан юм билээ. Рапсын тариалангаараа жилд 20 сая гаруй тонныг хураадаг Канад дэлхийд тэргүүлж, хойд Америк тивийн хэрэгцээг бүрэн хангадаг. Манай өмнөт хөрш жилд 15 сая тонныг хураадаг хэрнээ хэрэгцээгээ хангаж дийлдэггүй учир овсгоотой нэг нь үрийг оруулж ирэн манай хөрсөнд хямдхан тариулж, өндөр үнээр худалдаж авдгийг тариа ногоотой ноцолддог хүн бүхэн мэднэ дээ. Манай хойд хөрш гэхэд л жилд сая гаруй, Украин улс 2 сая гаруй тонн рапс хураадаг.
 
 Рапсаас өнөөдөр бидний сайн мэдэх наранцэцэг бүр оливийн тосноос илүү сайн чанарын хүнсний тос гаргаж авч байгаагаас гадна Унгар, Бразил мэтийн орнуудад рапсыг ашиглан дизель түлш их хэмээгээр гаргаж авч байна. Тарьсан рапсаа гэрийн нөхцөлд нэрэн дизель гаргаж аваад трактор комбайндаа хийгээд явж байгаа фермерүүдтэй Америкт зөндөө таарч л байлаа.  
 
 Саскачеван муж болон тариалангийн аж ахуйн тухай Сая гаруйхан хүн амтай Канадын өмнөт хэсэгт АНУ-тай хиллэн орших энэ муж Канад улсын төмс, үр тариа, рапс мэтийн тосны ургамлын дотоодын хэрэгцээний 95 хувийг дангаараа хангадгаараа алдартай. 
 
   Уул уурхайн хувьд кали, уран олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг, эндээс ихээхэн ашиг олдог, эдийн засгийн чухал салбар, мөн эдгээр нь байгаль орчиндоо онц хөнөөлгүй гүний уурхайнууд авч, орон нутгийн захиргаа, иргэдийн байнгын эсэргүүцэлтэй тулгардаг бөөн асуудалтай байдаг аж. 
 
 Газартариаланд  уриншийг хэрэглэхээ болиод 40 гаруй жил болж байгаа гэж яамны нэгэн мэргэжилтэн ярив.  Тэрээр “Та сүү ахиухан авч малаа таргалуулахын тулд яаж тэжээх тухайгаа эхлээд боддог биз дээ? Тэгвэл уринш хийж байна гээд газар хөрсөө хэн ч сүйтгэхгүй шүү дээ” гэлээ. Эндхийн фермерүүд бордоог зохих хэмжээнд нь хэрэглэж ихэнхдээ буудай-рапс-вандуй гэсэн таримлыг гурав гурван  жилээр сэлгэн тариалдаг гэнэ. Фермерүүдийн эзэмшдэг талбай,  ХАА-н техникийн овор хэмжээ аль аль нь асар томорчээ. Хөрс сийрүүлэх, үрлэх, бордох, булдах ажиллагааг ганц явалтаар иж бүрнээр нь хийдэг,  комбайн, тракторын боловсруулалт, хураалтын авц нь одоогийн бидний Оросын техникээс даруй гурав дахин өргөн буюу 20 гаруй метр байгаа юм даа. “Гацуурт” компаний хэрэглэж буй ХАА-н техникүүдийг үйлдвэрлэж, хойд Америк тивийн хэрэгцээг дангаараа хангадаг үйлдвэр энд байгаатай хурлын төлөөлөгчид танилцлаа.
 
  Жил бүр 5000 га-д тарьдаг нэг фермерийнд очлоо. Гэрийн эзэн эхнэр хоёр хүү дээр нь нэг хүн гаднаас авч нийт  тавхан хүн энэ том талбайн бүх ажлыг амжуулдаг, харин ургац хураалтын үеэр л дөрвөн түр ажилчин энэ тооны ачааны тэрэг хөлсөлдөг гэнэ. Хоёр хүү нь интернетээс бүх мэдээллээ авч, зайн сургалтанд  суучихдаг болохоор ямар нэг сургуульд сурах гэж цаг хугацаа алдахын шаардлагагүй гэлээ. Эдний аж ахуй ердөө нэг том трактор, дээр дурьдсан ком үрлэгч, комбайн, буудайны найман том элеватор, нэг том гражтай юм байна. Трактор комбайныг нь жолооч биш GPS суулгасан иж бүрэн компьютер тусгай программаар удирддаг учир түүнийг нь хянах үүрэгтэй хүн л кабинд суухаас биш руль залах мушгих ямар ч шаардлагагүй болжээ. Үнэхээр гайхалтай. Энэ бүгдээс харахад одоо хүртэл уриншаа яриад байгаа манай газартариалангийн хөгжил ерөнхийдөө эндхээс лав 30 жилээр хоцрогдсон байна. Усалгаагүй нэг га талбайгаас дунджаар 30 ц вандуй, 50ц рапс, 60ц улаан буудай хураадаг ба вандуй тарьснаар хөрсний үржил шим үлэмж нэмэгддэг гэж ярилаа.
 
    Газар ашиглалтыг муж улсын газрын албанаас сансрын зураг ашиглан  байнга хянадаг. Эндхийн хуулиар тариалангийн талбайг хааш хаашаа 1 миль буюу 260 га-гаар дөрвөлжлөн хувааж, хоорондоо 300 метрийн зайтайгаар 15-20 метр өндөр харганаар салхины хамгаалалтын зурвас хийсэн байх ёстой юм байна. Канад харгана үнэхээр гайхалтай өтгөн өндөр зурвас болдог аж. Харгана буурцагт ургамал учраас хөрсийг азотоор баяжуулдаг, хиаг мэт үндсээрээ үржиж улам өтгөрч нягтардаг байна. Намайг ХААЯ ажиллаж байх 1980-аад оны үед ийм харганын үрийг Монголд нутагшуулах туршилт хийхэд зориулан Канадын эрдэмтэд Дархан, Улаанбаатарын ХАА-н хүрээлэнд авчирч өгч байсан боловч, тэр үед хэн ч тоож анхааралгүй орхисон билээ. 
 
Газрын татвар өндөр учраас юун уриншилж өнжөөх нь бүү хэл газраа жил бүр үр өгөөжтэй л ашиглахгүй бол амархан дампуурдаг гэнэ.  Үр тарианы нэг комбайны үнэ хагас сая доллар боловч, банкны зээлийн хүү бага учраас лизингээр аваад хоёр гурван жилд төлчихдөг гэлээ. Тариаланч фермерүүд нилээд хөлжүү бололтой, бүгд  том том форд пикап жийп хөлөглөдөг юм байна. 
 
   Нэг сонин зүйлийн талаар ярихгүй өнгөрвөл алдас болох байх. Энэ мужид зэрлэг гахай алсан хүнийг 50 доллараар урамшуулдаг юм байна. Алсан гахй бүр тоорой ч болно, чихийг нь огтолж аваачиж өгөөд л тариаланчдын холбооноос мөнгөө авах ёстой. Уг нь энэ тивд гахай ерөөсөө байгаагүй юм билээ. 1800-гаад оны үед ийшээ нүүдэллэсэн Европын цагаачид гахай авчирч үржүүлээд тэр нь сүүлд нь өсөж үржиж дийлдэхээ байгаад зарим нь зэрлэгшээд ойн амьтан болчихсон юм байх. Яг манай Дорноговийн зуугуул адуу шиг. Тэжээсэн бяруу тэрэг эвддэгийн үлгэрээр эргээд нөгөөдүүл чинь төмс будаагий нь сүйтгээд байхаар нь аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авчээ. Канад руу гахайнд явбал яасийм. Эрчүүд ээ
Бэлчээр ашиглалтын олон улсын хурлын тухай   
 
1976 оноос эхлэн  дөрвөн жил тутам зохион байгуулагддаг “Бэлчээр ашиглалтын олон улсын их хурал” нь арав дахь удаагаа Канадад 7 сарын 16-22 өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ хуралд  ХХААЯ, МААЭШХ, ХААИС гээд  нилээд хэдэн байгууллагыг төлөөлөн 10 гаруй хүн оролцлоо. Миний бие хуралд албан ёсоор уригдан “Азийн улс орнуудын байгалийн нөөцийн ашиглалт, түүний үр дагавар” гэсэн  сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Өмнө оролцож байсан 20 гаруй олон улсын хурлууд дээр би 70-100 хүнтэй салбар хуралдаанууд дээр л илтгэж  байсан болохоос биш 60 гаруй орноос хуран цугласан 400 гаруй эрдэмтэд судлаачдын өмнө гарч байсангүй.  Ханхар том танхимд нэгдсэн хуралдаан дээр  илтгэл тавих гэж багагүй балмагдсанаа нуух юун. 
 
  Илтгэлийнхээ төгсгөлд би Канадын уурхайн компаниуд Монголын байгаль орчин болоод эдийн засагт багагүй сөрөг нөлөө үзүүлж байгааг “Айвонху Майнз”, “Хан ресорс”, “Сентерра Гоулд-аар жишээ татан ярьсан юм. Монголд сүүлийн жилүүдэд нүүрлээд  буй эмх замбараагүй уурхайн үйл ажиллагаа байгаль орчин болоод малчдын ахуй амьдралд хэрхэн нөлөөлж буйг мөн Канадын “Сентерра Гоулд” компанийн талаар дэлгэрэнгүй ярьчихсан чинь энэ талаар нилээд олон хүн асууж сонирхлоо. Би ч тэсэлгүй Ноён уулыг тэсэлж дэлбэлэн алтны олборлолт явуулах гэж зүтгээд байгаа “Сентерра Гоулд” компаний үйл ажиллагаа ялангуяа хүнцлийн аюулын талаар ам халаад нилээдгүй бурчихлаа.
 
  Ойн сан, гол усны эхэн дээр Монголын хууль тогтоомжийг зөрчин олборлолт явуулахаар зүтгэж буй Гацууртын орд газрыг ашиглуулахын тулд өмнөх төр засгийн удирдлагууд яаж улайрцгааж байлаа. Үүнийг МАН-аас сонгогдон гарч ирсэн өнөөгийн төр засгийнхан үргэлжлүүлэхгүй байх гэдэгт найдаж байгаагаа би дэлхийн өнцөг булангаас цугласан төлөөлөгчдийн өмнө илэрхийлэх боломж олдлоо. Тэнд хуран цугласан эрдэмтэн судлаачид хэвлэл мэдээллийнхэн байгаль орчинд  хохирол учруулах энэ үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ  дамжуулан “Сентерра Гоулд” компаний хувьцаа эзэмшигчид болон “Уурхайн хяналт” /Mining watch/ ТББ-д мэдэгдэх  тусалж дэмжих болно гэлээ. Би ч давраад  дараа нь энэ орчинд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх олон улсын баг ажиллуулахад тэднээр туслуулах саналтай байгаагаа хэлж амжлаа. 
 
  ӨАБНУ-аас ирсэн нэгэн ТББ-ын судлаач уурхайн улмаас тухайн улс орны байгаль орчин, нутгийн иргэд яаж хохирч байсан тухай яриад арга туршлагаасаа хуваалцсан. Тэр ашигт малтмалаар баян орноос барууны том том корпорациуд сүүлийн 30 жилийн хугацаанд 16 мянган тонн алтыг нь алмазтай нь цөлмөж аваад явчихсан хэрнээ иргэд нь одоо  хүртэл амь амьжиргаа нь дээшлээгүйг баримтаар өгүүлсэн юм.
 
Төр барьж буй хүмүүсийг нь хахуульдахдаа мэргэшсэн  барууны томоохон компаниуд ард түмнээр нь яаж тохуурхаж байсан тухай тэр эмэгтэй нилээд бухимдангүй ярьж байлаа. ӨАБНУ бол алтнаас гадна алмазны асар их баялагтай алмаз олборлолтоороо өнгөрсөн зууны сүүлчээр дэлхийд тэргүүлж байсан орон. Гэтэл 60-аад сая хүн амынх нь дөрөвний нэг нь өдөрт 1 доллар хүрэхгүй орлоготой өлсгөлөн гуйланчлалийн байдалд байгаа ба нэг хүнд ногдох ДНБ 13000 доллар хэрнээ хүн амын 8 хувийг эзэлдэг цагаан арьстнууд өмч хөрөнгийн 80 хувийг эзэмшдэг баялагийн тэгш бус хуваарилалт байдаг талаар мөн ярьсан юм. 
 
Заамарын хөндийг 1990-ээд оноос эхлэн сүйтгэж, Туул голыг бохирдуулсан. Гэтэл нутгийн иргэд болоод бидний амьдрал дээшилж дэвжих нь бүү хэл тэнд олборлолт явуулж байсан компаниудын цөөхнөөс бусад нь бүгд дампуурч, гол горхи нь бохирдон нутгийн хүн мал уухын аргагүйд хүрээд байгаа билээ. 
 
АНУ-ын Modern Environmental Science and Engineering сэтгүүлийн редактор Понни гэх Америк сэтгүүлч надад хандаж, илтгэлээ сэтгүүлд нь хэвлүүлэх санал тавьсан нь Монголын замбараагүй уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар дэлхийн нийтэд хүргэх том завшаан боллоо. Тэрээр “Бид нэг дэлхийн хүмүүс. Байгалийн эсрэг явагдаж буй бүхий л балмад үйл ажиллагааг дэлхийн аль ч улс оронд ялгаагүй эсэргүүцэн тэмцдэг. Манай сэтгүүл таны үгийг сэтгүүлээрээ дамжуулан дэлхийн өнцөг буланд хүргэх болно гэж амалсан юм. Эцэст нь хуралд явах замын зардлыг хувиасаа гаргаж өгсөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун шавьдаа гүн талархал илэрхийлье.
 
Үргэлжлэл бий
 
Ш.Пүрэвсүрэн
2016-08-19