sonin.mn
Нийслэлийн Засаг дарга С.Батболд зарим хорооны сургууль "Цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцлаа. Сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан түүнээс зарим зүйлийг тодруулав.
 
-Ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явц хэр байна вэ?
 
-Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу Хайлаастын эцэст байрлах цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа.
 
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 204 дүгээр цэцэрлэг, 139 дүгээр сургуулийн цогцолбор барилгыг “Нью констракшн” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд ажлын явц 90 хувьтай байна.
 
Тус цогцолборын цэцэрлэг нь 120, сургууль нь 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.  Одоогийн байдлаар сантехникийн ажлын тендерт маргаан гарч, хоёр удаа цуцлагдсан учраас барилгын ажил удааширч байгааг гүйцэтгэгч компанийнхан хэлсэн.
 
Үндсэн барилгын ажил, барилгын хаяавч, үүдний шат, спорт заалны шалнаас бусад ажил бүрэн дууссан, гадна тохижилтын ажил түр хүлээгдэж байгаа юм байна.
 
-Дээрх маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?
 
-Тендерийн маргаантай асуудлыг яаралтай шийдэж, уг цогцолборын барилгыг ирэх сарын 10-ны дотор бүрэн ашиглалтад оруулах ёстой. Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод шинээр барьж, өргөтгөл хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдээр явж дүгнэлт гаргаж байгаа.
 
Энэ онд 30 гаруй сургуулийг ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадал 3,040 суудлаар нэмэгдэнэ. Есдүгээр сарын 1-10-ны хооронд хүүхдүүдээ хүлээн авах долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бэлэн болсон. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр хүртээмжийг бүрэн хангана гэдэг боломжгүй.
 
-Цэцэрлэг, сургуулийн бүртгэл эхэлнэ. Хэрхэн зохион байгуулж хяналт тавьж ажиллах вэ?
 
-Цэцэрлэгт шинээр бий болж байгаа суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Энэ үеэр авлига өгч, авдаг гэсэн гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллана.