sonin.mn
Устгана гэдэг үг үгүй хийх, бүр мөсөн алга болгох гэсэн санаа үйлдлийн давхцал үг. Өнгөрсөн дөрвөн жилд монгол гэр өргөөг утаатай холбож, мөн ч их үзэн ядаж, устгах үгүйсгэхийг төрийн бодлогын хэмжээнд энэ асуудлыг авч үзэж, шийдэхийг эрмэлзсэнд нэн харамсч яваа нэгэн билээ.
 
Ийм бодлогыг ялангуяа хотын удирдлагаас гаргаж, монгол өргөө гэрийг устгаж үгүй хийхэд хүргэж, олон мянган иргэн өргөө гэрээ буулгаж хураахад хүрснийг та бид харж мэдэрсэн ч энэ талаар юу ч болоогүй мэт байгаад гайхдагаа нуух юун.
 
Ингээд монгол хүний гал голомтын их үүсгэл, монгол гэрээ устгах нь зөв үү гэх асуултад хариулт хайж, монгол их өв уламжлалт эцэг элэнцийн үндэсний үнэт соёл монгол орноо, их хөгжлөөр түүчээлэн устгах гэж үү гэх асуудалд хармын уйсал төрөх боллоо. Тийм болохоор энэ асуудалд цаг үе, хөгжлийн зөв шийдэлд хүрэхийг зорьж уншигч түмнийг хэлэлцүүлэгт урьяа.
 
Дэлхийд монгол гэр шиг агаар, гэрлийн дээд зохиолдлоготой элдэв муу энерги хуримтлагддаггүй, улирал бүрийн өнгө аяст таарсан, халуун хүйтний тохиролтой, бага зардалтай, буулгаж нүүж зөөхөд хялбар, барихад амар, монгол ухааны дээд хийц, ур шингэсэн авсаархан, орон зай тохиромжтой дээш тэнгэр харах өрхтэй, урдаа орчлонг багтаах үүдтэй ийм сууцтай орон дэлхийд лав Монголоос өөр хаана ч үгүй. Нэгэн амь, ам бүлийн дулаан зөөлөн уур амьсгал шингээсэн, хүн нь хүн байх утга чанар бүрдмэл, тийм сайхан ёс журам зөвхөн монгол гэр дотор л үүсдэг.
 
 Аливаа орон гүрний хөгжлийг уламжлалт соёл хийцээ устгах бус, харин түүнийг цаг үетэйгээ зохилдуулан улам боловсронгуй болгож, хөгжүүлэх нь чухал болохоос түүнийг хөгжил шинэчлэлээр түрж, устгах нь яавч зөв алхам биш гэж мунхаглана. Харин ч монгол гэрийг ус, салхи нэвтлэхгүй бүрээстэй болгож, халуун хүйтэн усны шугам, цахилгаан халаагуур оруулж, үүдэнд нь орчин үеийн хийцтэй тамбр барьж, боловсон жорлон, бохир зайлуулах технологи, шугам татаад цахилгаан ус халаагуурын шийдэл хийгээд өгвөл уламжлалаа хадгалах утаа тортгоос салахад ч, эдийн засгийн хэмнэлт гээд олон хүчин зүйл ялангуяа нийгмийн эдийн засаг санхүүд мөн ч их нэмэр үзүүлэх биш үү. 
 
Монгол гэр хорооллыг үзэн ядаж устгах биш, тусгай хөтөлбөр төсөл боловсруулж, дэд бүтэц, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээг бүрдүүлснээр загвар гэр хороолол, төсөл хэрэгжүүлэн нийслэлийн дагавар бүтэц бий болгоход тийм ч хэцүү биш, харин ч “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн гол ач холбогдол болж, монгол ёс уламжлалаа хадгалж үлдээхэд тустай биш үү.
 
Ийнхүү өргөн уудам газар нутагтай манай орны нөхцөлд юу юуны туханд хүрэлгүй монгол сайхан гэр өргөөг устгаж, мартах биш, цахилгаан, усан хангамж нь газрын зөв сонголтоор нийслэлийн уул толгод, жалга гуу, үерийн ам, өндөр хүчдэл дор чадан ядан амьдарч монгол гэртэй иргэдээ шинэ суурьшилд нүүлгэн шилжүүлэх замаар шийдэлд хүрч болмоор санагдана.
 
Ингэж чадвал нэгдүгээрт, хотын өнөөгийн нийгмийн үйлчилгээний, хоёрдугаарт, хөрс ус, агаарын бохирдол, хэрэглээнээс давсан нийгмийн бүх терлийн үйлчилгээ цэгцэндээ орох бус уу. Энэ асуудал хэлэхэд амархан ч, хийж бүтээж, төвхнүүлэхэд хэцүү нь тодорхой. Гэвч энэ нь нийслэлээ нүүлгэхээс амар, урт богино шатлал шийдлээр хэрэгжүүлэхэд болмоор юм. Монгол гэр, гэр хорооллоо ингэж л устгах биш, аврах бодлого хөдөлгөөнд монголчууд, нийслэлчүүд нэгдмээр байна.
 
Бид эвийн их сэтгэл, итгэл, эдийн засгийн алсын хараа, уйгагүй их хүч хөдөлмөр, ур ухаан гаргаж хэмээнэ монгол ёс заншлаа дэлхийд хадгалж гайхуулах их бодлогын уялдаа нь хүрч болохгүй зам мөр, хийж бүтээхгүй нэг ч зүйлгүй. Энэ бодлого шийдэлд хүрэхэд их өмөг түшиг асар том далайц зангарагтай хамтын үйлс тус болох нь мэдээж юм.
 
Монгол гэрээ аваръя
 
Монголчууд бид хот хөдөөгүй хэт туйлширч үндэстний асар их өв-соёл уламжлалаа хаяж, монгол хүний ухаан ур шингэсэн өргөө цагаан гэр, монгол ёсны ариун гал голомтын язгуур үндэс болсон монгол сайхан гэрээ устгах нь монгол хүн, монгол айл гэр бүлийн ариун голомтоо устгахтай адил нүгэлт зүйл гэдгийг хэлмээр байна.
 
Монгол ариун голомтын үндсэн төв гэрээ үгүй хийж, өндөр өртөгтэй олон давхар байшин барилга их олон тоогоор хаа сайгүй барих нь яавч сайн зүйл биш бөгөөд салхи шуурга, үер зэрэг байгалийн гамшигт өртдөггүй ур ухаан шингэсэн монгол эсгий гэрээ улам боловсронгуй болгон өвлөн тээж, эвийлэн бөөцийлж зах зээлийн шуурганаас бүтнээр нь авч үлдэх төрийн бодлого юу юунаас ч илүү шаардлагатай биш гэж үү.
 
Түүгээр ч барахгүй сургууль-цэцэрлэг, гэр бүл болсны ёслол зэрэгт хонины ноосоор бүрсэн эсгий цагаан гэр ордонг барьж хойч үе үр хүүхдүүдийн элсэн орох, залуу хосын хуримын ёслол, төр улсын өндөр шагнал, хайр халамж хүртэгсдийн болон залуус мэргэжил эзэмшсэний хонхны баяр ёслолоо үйлддэг болговол зохистой.
Аймаг, сум, баг, дүүрэг хороо бүхэн ийм “Гэр ордон” өргөөтэй болох цаг нь болсон.
 
Эцэст нь монгол гэрт халаагуур бохир, цэвэр усны шугам оруулж, бapyyн аймгийн найман ханатай, 88 уньтай цагаан өргөөг орчин үеийн загвар хийцээр өргөнөөр үйлдвэрлэж, гэр үйлдвэрээ үндэсний үйлдвэр болгон өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй мэт санагдахын гадна залуу гэр бүлд морин хуур, цагаан гэр олгодог, шагнадаг журамтай болоход ч юуны буруу билээ гэх бодол үргэлж төрөх юм.
 
Монголчууд аа, үндэсний их өв гэр өргөөгөө үе үеийн хаад морь, шар тэргэс түрэн дамнуулан авч яваад дайтаж тулалдаг үедээ ч тав тухаа хангадаг байсан түүх: уламжлал маань гээгдэж үрэгдэх нь зохисгүй биш.
 
Монгол төрийн хамгийн үнэт монгол сайхан өргөө гэртээ хийдэг. Тэр ордон өргөө нь Сүхбаатарын талбайн урд байрлуулж, Бо Дүнжингарав уул руу харсан улаан халз үүд, өрхтэйгөөр барьсан байх нь монгол залуу хойч үрс, хүүхдэд маань ямар том хүндлэл болох нь мэдээж юм. Ийнхүү монгол өргөө, цагаан гэр сууцаа устгах биш, улам боловсронгуй болгон өргөжүүлэн хөгжүүг нь төр засгийн бодлого шийдвэрийн нэг хэсэг нь байж өргөжүүлээсэй гэсэн бодлоор үүнийг яншиж, эргэцүүлэн хэлэв. Яахыг оюун мэдтүгэй.
 
Ц.Ядамсүрэн