sonin.mn
АН-ын ҮЗХ-ны хурал ширүүхэн болно. Учир нь АСЕМ-ын дараахан хуралдахдаа тодорхой  асуудал  шийдэж чадаагүй. Гишүүдийн хувьд сонгуульд ялагдсан шокоосоо гараагүй, эрх ашгийн зөрчил тэмцэл ч  хурц байв.  
 
Иймд  Их хурлаа арванхоёрдугаар сард хийхээр товлоод тарсан. Дараа нь дахин хурал зарласан ч ирц хүрээгүй учир цуцласан. Шалтгаан нь бүлэглэл, фракцууд дотооддоо шийдвэрээ гаргаж амжаагүйтэй холбоотой гэцгээж байсан юм. Ийнхүү дуншиж, дуншиж товлосон хурал нь өнөөдөр ийнхүү эхэлж байна.
 
Энэ хурлаас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Ер нь бол намын даргын сонгуульд  зургаан хүний нэр эртнээс дуулдсан. Тэдний дотроос  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нар тунаж үлдсэн сураг бий. Эдэн дээр өчигдөр нэг өрсөлдөгч нэмэгдсэн нь Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан юм. 
 
Намын дарга болох эрхэм АН-ыг ялагдлын шокноос гаргах, дотоод тэмцэл хямралд цэг тавьж, намаа 2017 оны Ерөнхийлөгчийн, улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд ялуулах хүчтэй лидер байх ёстой гэж намынх нь жирийн гишүүд үзэж буй. Үүнийгээ ч ил далд янз бүрийн хэлбэрээр илэрхийлээд байгаа.
 
Тухайлбал, Ж.Батзандан гишүүн бүлэглэл, фракцийн толгойлогч нар тохироогоор намын дарга болдог. Дээр нь  хувийн тоглолт хийдэг явдлыг эцэслэнэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн.  Залуучуудын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж, намын даргад шинэчлэл хийж чадах шийдэмгий байхаас гадна удирдагч-лидер чухал гэсэн өнцгөөс байр сууриа  илэрхийлжээ. Гэхдээ АН-ын энэ удаагийн ҮЗХ шударга болно гэдэг эргэлзээтэй байна.
 
Тухайлбал, 2016 оны УИХ-ын болон аймаг, дүүргийн ИТХ-ын  сонгуулийн өмнөхөн хуралдсан ҮЗХ-ны хурлаар төрийн албанд шилжсэн гишүүдийн оронд зарим нэр дэвшигчдийг оруулсан. Мөн намынхаа үндсэн дүрмийг өөрчлөх замаар ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмсэн зэрэг нь маргаан дагуулж нэг хэсэгтээ хэл таталсан.
 
Тэгвэл энэ нь буруу гэж АН-ын Хяналт, ёс зүйн хороо үзсэн байна. Гэтэл өнөөдөр эхэлж байгаа ҮЗХ-ны хуралд ҮЗХ-ны өмнө нь байсан гишүүд, шинээр нэмсэн, орон гарсан тоонд нөхсөн ч эргээд тэднийгээ хүчингүй болгож дахин  оруулж ирсэн гишүүд гээд дээр дооргүй бужигнаж, санал хураалт булхайтай болох магадлал байна.
 
Ч.Олдох
Эх сурвалж: 
Image result for зууны мэдээ