sonin.mn
Байгаль, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай Монгол орон, түүний хүн олон нь зун намрын дэлгэр сайхан цаг улирал буюу долоо, найм, есдүгээр саруудыг сонгон авч амардаг нь бичигдээгүй хууль мэт. 
 
Тэд эх сайхан орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудад аль тохь тухтай амралт сувилал, рашаан ус, нутаг орон, ахан дүүс рүүгээ хөлгийн жолоо залж, хэд хоногийн амралтаа ая тухтай өнгөрөөхийг бодож, ажил амьдралаа зохицуулдаг нь жам ёс. Үүний нэгэн адил ахмад буурлууд ч тэтгэвэрийн хэдэн төгрөгөө аваад л эмгэг хуучаа эдгээх, эрүүл саруул хэдэн жил наслахаа бодож ямар нэг рашаан сувилал амралтын газрыг шилж сонгон зорих нь бий. 
 
Энэ уламжлалаараа бидний хэдэн ахмад аймгийн Ахмадын хороотой гэрээ бүхий, итгэмжлэгдсэн рашаан сувиллын нэгэн болох Булган аймгийн Могод сумын Хульжийн рашаан сувиллыг сонгон, анх удаагаа зорихоор болов. Наймдугаар сарын нар ээсэн налгар сайхан нэгэн өглөө бидний зам, сэтгэл нийлсэн хэдэн хөгшин ахмадынхаа алив нэгэн үйлчилгээнд явж сурсан итгэлт жолооч Жүгнээ микро автобустайгаа аяны замд гарахад бэлэн сойлгоостой зогсож байв. 
 
Аяны алтан шар замдаа нэгэнт шуударсан бид Булган аймгийн төв, Орхон, Хишиг-Өндөр сумдаар дайрч явахад гол усаа даган зусч буй малчин айлууд хоёр, гурваараа энд тэндгүй бөмбийж, таван эрдэнэ мал сүрэг нь тал хангайгүй тархан бэлчиж тааваараа налайн сул асгасан сувд шиг тарга хүчээ авсан суурь суурь хонин сүрэг, адуу, үхэр, ярайж байх нь малчин удмын Монгол хүн хэнд ч болов нүд булааж сэтгэл баясгана. Айл бүрийн гадаа мотоцикль, 1-2 ширхэг том жижиг машин, трактор, салхин сэнс зурагтын антенаар чимсэн гэрүүдийг харахад хөдөөгийн малчид ямар сайхан аж төрж, элбэг хангалуун амьдарч буй нь илхэн. Бас гэр, хотноосоо тив дэлхийтэй гар утсаар ярьдаг зэргийг бахархмаар...
 
Бидний дайран өнгөрч явсан нутаг орон өвс ногооны ургац гойд сайхан, өнгийн цэцэг алаглан зуншлага сайтай нь илхэн. Сумын төвүүд рүү ороод ирэхэд орон сууцнууд их өргөжин тэлж, өмнө зүгээс тээвэрлэж ирсэн өнгө бүрийн төмөр дээвэртэй байшингууд цэцгийн өнгөөр алаглан байх нь хөгжлийнх биз ээ.
Эрдэнэтээс 190 км, Булганаас 130 км замыг таван цаг орчим туулж Могод сумын төвийн хажууханд нь орших Хульжийн рашаан сувилалд нэгэнт ирэхэд эгнүүлэн барьсан 12 тооны монгол гэрүүд улаан, шар, хөх, ягаан, цэнхэр, цоохор өнгө өнгийн бүрээстэй байх нь сонин бөгөөд содон харагдлаа. Ам түргэнтэй зарим нь энэ ч сайхан юм бишээ. 
 
Цагаан бүрээстэйгээ ижилдэн байсан бол монгол гэр roe шүү дээ гэж байхад нөгөө нэг нь харин ч зүгээр юм биш үү, өнгө алаглаад бороонд нэвтэрдэггүй материал байх л даа гэлцэж явсан нь сүүлд танилцахад үнэн байж таарав. Сувиллын шинэхэн шар барилгын хажууд урт дүнзэн хүрэн байшин, хоёр давхар тоосгон цагаан байшингууд нэг ч цонхгүй хар нүхнүүд, ашиглалтгүй байгаа нь содон харагдав. Өмч хөрөнгийг ийнхүү эзэнгүйдүүлж байгаа нь зах зээлийн энэ үед сайхан биш харагдлаа. Энэ сэдвээр орон нутгийн ард иргэд сувилалын холбогдох хүмүүсээс лавлавал социализмын үед нэг ээлжиндээ 350 хүн хүлээж авдаг нэгдэл дундын томоохон амралт сувилалын газар байжээ. 
 
Зах зээлийн шуурганы үед ийм байдалд орсныг харамсч явдгаа ярьж байна лээ. Биднийг хүлээн авч байрлуулаад Хульж рашаан сувиллынхаа үйл ажиллагааг танилцуулсан захирал эмэгтэй 60-70 жилийн түүхтэй бусад том сувилалтай 10-аадхан жил үйл ажиллагаа, үйлчилгээ сувилгаагаа эхэлж, бэхжиж тохижиж амжаагүй балчирхан байгаагаа болон цаашид хийх ажил зорилго асар их буйгаа бидэнд танилцуулсан юм. Тэнгэр заяатай монгол хүмүүн бидэнд байгалиас заяасан олон сайхан рашаан булаг аймаг бүрт бараг байдгийн дээр зөвхөн Булган хангай нутагт л гэхэд Хануй, Цагаан гол, Могод Хульж зэрэг нэрлээд байвал олон рашаан байдгийн нэг нь эднийх юм. 
 
Ийм сайхан эдгээх, жаргаах увидастай рашаанууд эх дэлхийн сав шимээс ундран гарч, эрт дээр үеэс өдий хүртэл бодит төрөхеөрөө байгааг баримт түшин танилцууллаа. Энэхүү Могод сумын нутаг Хульж рашааны ойр орчимд түүх дурсгалын олон овоо тахилгатай хайрханууд байгаль эхээс урласан домогт тогтоц бүхий хөшөө олон арав байдаг ажээ. 
 
Түүгээр барахгүй энэ нутгийн Цахир могой хүртэл Чингис хаан байлдан дайрч өнгөрч байсан түүхэн домогтой гэнэ. Тодруулбал нууц товчооны 195-д тэмдэглэгдэн үлдсэнийг жишээ болгон ярив. Аль V зуунд Түрэгийн хаант улсын үед хүмүүсийг илааршуулж XIII зууны үед Чингис хааны морьт цэргүүдийг эмчлэн эдгэрүүлж XXI зууны үеийн бидэнд өргөн дэлгэр хэрэглэж эмгэг хуучаа эдгэрүүлэх гоц нэгэн объект болжээ. Энэ рашаанд ороод таягаа хаяад буцсан, харшлын улмаас арьсанд гарсан эмгэг өвчнийг цэцэг цэврүү шиг эрүүлжүүлсэн баримт олон гэнэ.
 
Хульжийн рашаан нь халуун, хүйтэн, бүлээн янз янз бөгөөд гадна дотно, хол ойроос хүмүүсийн зорьдог их хөлийн газар болжээ. Уг рашааныг харах эзэн, хайхрах хүнгүй болсон үед зах зээлийн үеийн газар хувьчлах, өмчлөх, эзэмших хуулийн дагуу ажилсаг чанараараа алдаршсан олон ястны өлгий - Ховд нутгийн нэгэн ажилсаг эмэгтэй гэр бүлээрээ нийслэл Улаанбаатараас нүүдэллэн ирж зохих хэмжээний газрыг хувьчлан авснаар энэхүү рашааны байр байшинг барьж улмаар улирлын чанартай олон түмнийхээ тусын тулд үйл ажиллагаа явуулан эзэн суусан юм хэмээн орон нутгийн хүмүүс нь нутаг орондоо байж байгаа мөртлөө эзэмших хүн байгаагүйд жаахан хармын сэтгэл төрдөг бололтой юм. 
 
Энэ рашааныг хашиж хамгаалах ажлыг саяхнаас уугуул нутгийн иргэн Ц.Цэнгэл сайд гардан гүйцэтгэхээр улсаас төсөв хөрөнгө батлуулаад ажилчид нь ирж хайс, тор татах ажилдаа орсон байх үеийг нүдээр харлаа. Ээлжиндээ одоогийн байдлаар 50 хүн хүлээж авах хүчин чадалтай энэ сувилал биднийг байх үед орон нутаг, айрагны бүтцэд шинжилгээ судалгаа хийж яваа 10 гаруй японтой бид хамт хооллож зэрэгцэн байрлаж хэд хонолоо. 
 
Бас байгалийн зураач чөлөөт уран бүтээлч Д.Батдорж, Т.Одсүрэн нарыг Хар нуурын захад зургаа зурж байхад нь танилцаж хуучлав. Тус сувиллын дэргэд гүүний саам, ямааны сүүгээр үйлчлэх, айраг цагаан идээ үзэгдэхгүй байгаа нь ихээхэн орлогын боломж алдаж байх шиг санагдлаа. Хааяа нэг тарваганы махны наймаа амрагч сувилуулагчийн гэрээр явах жишээтэй. Цагийн хуваариар явагддаг үдэшлэг, уулзалт, бүжиг наадамд нь Эрдэнэтийн амрагч бид идэвхтэй оролцож дуу, бүжиг, боловсон хувцаслалт, үндэсний хувцасны гоёл зэргээр тэргүүн байрыг нь хүртэж байлаа. 
 
Амрагч хүмүүс энэ сувилал нь улирлын чанартай учраас гаднаа бүжгийн талбайтай болж, өөрийн унаагаараа үйлчилдэг болчихвол зүгээр юм хэмээн санал болгож байлаа. Эндхийн хүн бүр хариуцсан ажилдаа эзэн болж чадсаны дотор шавар, рашаан эмчилгээний үйлчлэгч эмэгтэй Мөнхзул, оюутан Ганбаатар нарын зан харьцаа, шаламгай үйлчилгээг хүмүүс өндөр үнэллээ.
 
Биднийг Хульжийн рашаанд очиход хүйтэн рашаан хэмээгддэг Хар нууранд нь усны шувууд усандаа хөвөхийн адил олон арван амрагч умбаж шумбаж байсан бол буцах үед ч мөн л сэлж, шумбасан хүмүүс дураар зугаацаж байв.
Хульж рашаан минь хувирахгүй байгаарай Хурсан олондоо хишгээ хайрлаарай Хурай хурай хурай
 
Монгол Улсын соёлын болон хэвлэл мэдээллийн
Тэргүүний ажилтан, Монголын зохиолчдын болон сэтгүүлчдийн
эвлэлийн гишүүн Л.Сүхбаатар