sonin.mn
Монголын ард түмний итгэлийг хүлээж, төр түшилцэх хүндтэй үүрэг хүлээсэн та бүхэнд, баяр хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Манай сонгогч ард иргэдийн нэгдэл  “Сайн” ТББ нь 2015 оны 03-р сарын 03нд байгуулагдаж, гэрчилгээ тамга тэмдгээ гардаж авсан юм.
 
Ийн байгууллага байгуулах болсон шалтгаан нь УИХ-д АН олонхи болж, МАХН, МҮАН-ын шудрага ёс эвсэлтэй хамтарсан засгийн газар байгуулан ажилласан цагаас эхлээд хууль ёсыг үл тоож дураараа дурьгиж байгааг 2012 оноос эхлэн ажиглаад дараагийн сонголтыг зөв хийхгүй бол Монгол эх орон байх эсэх тухай асуудалдаа тулаад ирснийг мэдэрснийх билээ.
 
Манай байгууллагын зорилго бол сонгогдсон хүмүүс ард түмнийг яаж хуурсан, амлалтаа хэрэгжүүлэхгүй, зөвхөн амин хувийн ашиг сонирхолоо бодож нам дотроо бүлэг фрагцаараа яаж зодолдож эцэст нь хэн хохирч үлддэгийг нийт сонгогч ард иргэдэд ойлгуулах явдал байсан юм.
 
Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын дарга З.Энхболд, өрөгдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нарт болон улс төрийн намуудад зарим ТББ-уудад зорилго үйл ажиллагаагаа танилцуулсан албан бичиг, ном зэргийг тарааж богино хугацаанд байгаа нөөц бололцооны хирээр ажилласан юм.
 
Бидэнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат (Одоо УИХ, Засгийн газрын гишүүн ЗГХЭГ-ын дарга байгаа) УБ хотын МАН-ын дарга Ц.Сандуй (Одоо УБ хотын ИТХ-ын дарга) Ногоон намын дарга О.Бум-Ялагч нар манай байгууллагын үйл ажиллагааг сайшаан дэмжиж хамтран ажиллахад албан ёсны хариу ирүүлсэн явдал бидэнд асар их урам өгснийг бид мартахгүй.
 
Төр засгийн шудрага бус үйл ажиллагааг эсэргүүцсэн хурал, жагсаал, цуглаан, хэвлэлийн хурал зэрэгт идэвхтэй оролцож шудрага үнэний төлөө үзэл бодлоо илэрхийлж хамтран тэмцэж явлаа. УБ хотын сонгуулийн штабууд нэр дэвшигчийн уулзалт зэрэгт боломжоороо оролцож үгээ хэлж явсан.
 
Бидний үйл ажиллагаа хот хөдөөгийн бүх сонгогчдод хүрч чадаагүй ч сонгогчдын тодорхой хэсэгт нөлөөлж үр дүнгээ өгсөнд эргэлзэхүй байна.Сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа сонгогч иргэдийн нэг хэсэг нь манай ТББ-ын 100 мянга гаруй дэмжигчид гэдгийг бахархалтайгаар мэдэгдэж байна.
 
Яагаад гэвэл сонголтыг ард түмэн өөрсдөө хийсэн. Мөнгө,нүүрс,эд бараа,бетон,алтан бурхан тараах тэтгэврийхэнд сонгуулийн өмнө 21000 төгрөг өгөх сайн хувьцаа нэрээр 18-с дээш насны сонгогчдод бэлэн мөнгө тараах, Японд 100000 дадлагажигч явуулна,ипотекийн зээлийн хүүг 5% болгоно гэх мэт зүйлд хуурталтгүй, өгснийг нь аваад, шудрагаар сонголтоо хийсэнд бид баярлаад байгаа юм.
 
Сонгогчид 25 жилд яаж ухаан суусныг бүх нэр дэвшигчид мах цусандаа шингэтэл ойлгосон байхаа гэж найдаж байна.
 
Ингээд та бүхэнд дараах саналуудыг шийдэж өгөхийг хүсэн танилцуулж байна.
 
1. Эдийн засаг хүнд байна гэдгээр шалтаглаж ард түмнийхээ халааснаас их бага хэмжээгээр мөнгө авах аргыг бүү сонгоорой. Өөр зөв арга олдож л таарна. Өнгөрсөн 4 жилд, өмнөх засгийн газруудаасаа олон дахин илүү хөрөнгө төсвөөс болон төсвөөс гадуур барж ядан үрж эдийн засгийг сөхрүүлчихээд янз бүрийн татвар торгууль шинээр бий болгож,ард түмний гэдэс тасартлаа нарийсч дарга нар нь бүсээ тасартал таргалсныг ард түмэн мэдэж байгаа гэдгийг бүү март. Өнгөрсөн алдааг бүү давт.
 
2. Эдийн засгийн ийм байдалд оруулсан эздийг олж, буруу зарцуулсан, хууль зөрчиж идэж уусан, тендер, дахин төлөвлөлт нэрээр ард түмнээс мөнгө луйвардаж хүмүүсээс мөнгийг буцаан төлүүлж чадвал, гаднаас холоос мөнгө хайх хэрэг гарахгүй.
 
3. Хууль зөрчисөн бүх хүнтэй хуулийн хариуцлага тооцож дахин хууль зөрчих явдал гаргахгүй байвал зохино. Энэ бол хэлмэгдүүлэлт биш. Өс хонзон авах гэж байна гэж улс төржиж, ялаас мултардаг байж таарахгүй.
 
4. УИХ-ын даргаар З.Энхболдыг ажиллаж байхад АН-ын УИХ-дахь гишүүдээс өргөн барьсан нэг хуулийг орон нутгийн сонгуулиас өмнө батлан гаргахыг хүсье. Энэ хуулийн гол санаа нь сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нарыг сонгох биш дээд шатны засаг дарга нар нь томилдог болъё гэсэн санаа байсан тухай сонссон.
 
АН-аас ийм хууль өргөн барих үндэслэл байсан юм.1996-2000 онд УИХ-д АН олонхи болсон атлаа орон нутгийн бүх шатанд сөрөг хүчин ялсан явдал ажил явуулахад хүндрэлтэй байсан нь мэдээж.
 
5. Төр засаг, хагас ачаагаа мэрэгжлийн төрийн бус байгууллагуудад шилжүүлж, өөрийн зовлонг өөрсөдөд нь үүрүүлбэл төсөвт асар их хөнгөлөлт гарна гэж бодож байна.
 
6. Офшёр дансны тухай асуудлыг зүгээр шоу болгоод орхиж болохгүй. Үүнийг нарийн судлаж, ОУ-ын жишгийг ашиглаж тодорхой агра хэмжээ авч хөрөнгөө оруулж ирж чадвал төсөв бүрдүүлэх явдал зовлон биш болно доо.
 
7. Монголын Ипотекийн корпорац (МИК) гэдэг байгууллага хаанаас яаж санхүүждэг, орлого үр дүнг хэн хүртдэгийг ард түмэнд ил тод мэдээлэхийг хүсье.Монголыг залгигч хар мангас гэж яагаад нэрлэсэн юм бол.
 
8. Ахмадуудын талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлээ 100% хэрэгжүүлбэл, эх орон ард түмнийхээ төлөө өөрийгөө золиослон шуналгүй идэж ууж хулгайлахыг хүсдэггүй, мэдлэггүй шудрага зүтгэж яваад зах зээлийн шуурганд хамгийн их хэлмэгдэж гундуухан яваа ахмадуудаа амьсгаа хураахаасаа өмнө мөн ч их баярлана даа.
 
Оюутолгой,Тавантолгой, Эрдэнэт, Гацуурт гэх мэт томоохон уурхайнуудын тодорхой хувийг тооцоо судалгааны үндсэн дээр ард түмэндээ хувьцаа болгож өгөөд ноогдол ашиг өгдөг болчихвол ард түмэн чинь ядуу зүдүү байна гэж гомдохгүй, харин ч үндсэн хуулиар газар түүний хэвлийд байгаа эрдэнэс баялаг ард түмний өмч байна гэсэн эрхээ эдэлж байна гэж баярлах болно шүү.
 
Сонгогч ард иргэдийн нэгдэл “ САЙН ” НҮТББ-ын тэргүүн, үүсгэн байгуулагч 
Д.Совдоо