sonin.mn
Үйзэнмаагийн киног өчигдөр л үзлээ. Үзэхээсээ өмнө бол хүмүүсийн ярианаас "ижил хүйстнүүдийн тухай кино", "найзынхаа аавд дурласан бүсгүйн тухай кино", "харьд одсон монгол эмэгтэйн тухай кино" гэсэн хачин өөр өөр дүгнэлт сонссон юм. Гэтэл тэс өөр кино байж. Тиймээс "үзсэнийхээ дараа л сэтгэгдлээ бичье" гэж уншигчдад өмнө амласан ёсоор бяцхан задлал, тайлал хийе.
 
Нэгдүгээрт: Энэ бол ижил хүйстнүүдийн тухай кино биш. Хүний хайрлах хүсэл, хайрлуулах хэрэгцээ, хүмүүсийн секст хандах тэс өөр хандлага, энэ бүхнээс үүсдэг зөрчлийн тухай кино өгүүлж байна.
 
Хоёрдугаарт: Энэ бол ГАНЦААРДЛЫН тухай кино. Ганцаардсан ээж, ганцаардсан хөрш бүсгүй, ганцаардсан хүүхэд, ганцаардсан эцэг, гав ганцаараа амьдарч буй эмээ.
 
Ганцаардлаас гарах гарцыг сексээс хайж буй найз бүсгүйчүүдийн хооронд өрнөж буй өдөр тутмын жир явдлуудаас л жирийн бус зүйлс урган гарна. Гэхдээ зүй ёсных мэт, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй мэт тийм эгэл нөхцлүүд дунд энэ бүхнийг уясан нь бүсгүйчүүд ямар ч "буруу" зүйл хийсэн буруутгах аргагүй мэт сэтгэгдлийг үзэгчид төрүүлнэ.
 
Гуравдугаарт: Энэ бол ГЭР БҮЛ-ийн асуудлыг хурцаар хөндсөн кино. Хэт сул дорой (Ива) бүсгүйн хүлцэнгүй, хариуцлагагүй байдлын золиос болоход бэлэн буй бяцхан охин Софийн дүр уг киноны нэгэн далд санаа юм. Дуу хураагчид бичсэн бэлэн үлгэрийг хүүхэддээ сонсгочихоод л, өөр өрөөнд секс хийхээр чармайж буй Иваг өнгөц харвал хүний аясаар зантай, ядуухан амьдралдаа түүртсэн, эгэл жирийн л ганц бие ээж.
 
Өнгөц харвал киноны эерэг дүр! Гэвч Ива охиныхоо өмнө ч хариуцлага хүлээх чадваргүй, идэвхгүй, эгшин зуур яаж ч эргэж хөрвөхөд бэлэн, үзэл бодол нь тогтоогүй, амьдралд өөрийгөө олоогүй яваа хүн юм. Харин Хэди замбараагүй, хэт чөлөөтэй, зарим тохиолдолд харгис ч юм шиг зан гаргадаг, олон ааштай юм шиг "ширүүн" бүсгүй. Гэвч тасралтгүй тамхи татаж, хэнтэй ч секс хийхэд бэлэн байж, бааранд танилцсан эрийг гэртээ дагуулж хариад орондоо хэрхэхийг зааж, өглөө нь доромжлон хөөгөөд явуулчихаж буй Хэди маань найз Ивагийнхаа бяцхан охинтой хэрхэн харьцаж буйг харахад гайхалтай эвлэг, эмэгтэйлэг, бүр жинхэнэ ээж байх чадвартай нь харагдана.
 
Тэр дотно хүмүүсийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн (Ивагийн төрсөн өдрөөр өгч буй бэлэг! Аавтай нь уулзахаар явж буй хэсэг! Найзын ёсоор Ивад хэлж буй зэмлэлүүд, бас өөрөө болзоотой байсан өдрөө ч Софиг саатуулан болзоондоо очоогүй гэх мэт) бусдын төлөө сэтгэл гаргаж чаддаг, өөрийн гэсэн хатуу үзэл бодолтой, хүчирхэг эмэгтэй билээ. Тэс өөр хоёр хүний бэлгэдэл болсон Хэди Ива хоёрын дүр аль аль нь амьд, хоорондоо ууссан, нэгнээ нөхсөн, нөгөөгөө хурц тодотгосон, сонирхолтой болж чаджээ.
 
Ивагийн эцэг охиноо хүлээлгэчихээд ирдэггүй тэр оройн хэсэг гэр бүлийн амьдралын, хэн бүхэнд танил асуудлыг хүүрнэнэ. Хүүхдийн өмнө хүлээсэн үүргийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа! Ач охиноо харахыг хүсдэг ч гэрт нь очихоос халган, зугтах хөгшин эр... Яг л охин шигээ сул дорой зан чанартай, үр хүүхдийнхээ ч юм уу хэн нэгний төлөө амьдарч чадахааргүй аминч бэртэгчин, зориг муутай эрийн нийтлэг дүр.
 
Тэрээр өөрийн охин Ива, ач охин Софидоо хэрхэн "санаа тавьж буй"-г Хэди болон түүний эмээ хоёрын харьцаатай жишин харахад л хоёр өөр соёл, хоёр өөр сэтгэлгээ ялгаран үзэгдэнэ. Хэнийг ч захирч, эрхэндээ оруулах чадвартай Хэди маань эмээгээ загнахад номхон даруу байж, үг дуугүй сонсоно, тэд харваас дотно амин холбоотой. Гэтэл Ива эцэгтэйгээ хөндий, хүйтэн харьцаатай. Хэдий эцгээ ирэхийг хүлээж догдлох авч сайнаар үл дурсана. (Эндээс хүмүүсийн ойлголцлын асуудал ч урган гарах төдийгүй хайрлуулж өссөн хүүхэд л бусдыг хайрлах чадвартай болдог гэх яриа эрхгүй санагдана).
 
Гудамжаар нь золбин нохой гүйсэн, ядуухан улс орны (Монголын) эмээ ач охин хоёрын халуун дулаан харьцааг шил толь шиг гялалзсан гудамж байшингууд нь цухасхан зураглалаар гараад л өнгөрөх тэр улсын (Германы) эцэг охины харьцаатай жишвэл тэс өөр. Монгол гэрийн тухай өрнөж буй яриа ч ихээхэн егөө утгатай. Дөрвөн ханатай бяцхан монгол гэрт аав ээж, гурван хүүхэд, эмээ өвөөтэйгээ амьдардаг гэж Хэдиг ярихад Ивагийн эцэг яагаад ч үл ойлгоно.
 
"Тэгээд шөнө секс хийхээр яах болж байна вэ?" хэмээн асуудаг. Хүүхдийг тусдаа, өөр өрөөнд ганцааранг нь унтуулдаг барууны соёл харин нүүдэлчдийн хувьд ойлгомжгүй. Харанхуй шөнө, хайрт аав ээжийнхээ элгэнд наалдаж, тэврүүлж, айдас хүйдэсгүй унтах нь эцэг эх, хүүхдийн хооронд илүү дотно харьцааг үүсгэх нь ойлгомжтой. Монголчууд эцэг эхээ хөгшрөхөөр хаядаггүй, амьсгал хураатал нь асарч тойлдгийн нэгэн учир бол хар нялхаасаа халуун дотно, ойр өссөнийх юм. Гэхдээ найруулагч гэр бүлийн харьцаан дахь хоёр өөр соёлын энэ бүх ялгааг огт тайлбарлалгүй, урсгал дунд нь л мэдэгдэлгүй харуулжээ. 
 
Найзынхаа аав болох, хөгшин эртэй Хэди холбогдож буй хэсэг бол сексийн гэхээсээ оюун санааны ганцаардлаа нөхөх гэсэн л тэмүүллийн бэлгэдэл юм. Хэди амьдралд хайртай, эрч хүчтэй, мэдрэмтгий, өөртөө бат итгэлтэй нэгэн учир үеийн залуус нь ч, найз Ива нь ч түүнд гологдож байна. Бүсгүй өөрөөсөө илүү, өөрөөсөө хүчтэй эр хүнийг хайгаад буйгаа өөрөө ч үл мэднэ.
 
Брехтийн шүлгийг оруулсан нь ийм л учиртай. Тэр хэдий хүчирхэг эмэгтэй боловч өөрт нь тэгтэл "унаж үхэхгүй" байгаа, өвгөрч доройтсон хөгшин эрээс хайрыг эрж буй нь эцгээ үгүйлсэн, халамж анхаарлаар цангасан, ганцаардсан "охины" сонголт юм.
 
Мөн Ивагийн эцэг Хэди хоёрын орондоо ярьдаг сексийн тухай яриа анхаарал татна. "Өвгөн найз нь цэл залуухан нууц амраг бүсгүйгээ бүтэн цаг илээд, зүгээр л хараад хэвтдэг байж гэнэ". Энэ яриа бол секст хандах нас насныхны ялгааг харуулж, гүнзгий санааг далдуур хөнджээ. "Залуу насанд, эрчүүдийн секст хандах хандлага хэт өнгөц, эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхныг тогтож харах ч чадваргүй, хөнгөн хуумгай байдаг бол харин хөгширсөн хойно тэс өөр.
 
Өтөл насанд хүний адгууслаг чанар илэрхий бүдгэрч, оюун санааны асуудал тэргүүнд тавигдан, илүү хүнлэг болдгийг, сексээс зөвхөн сексийг биш, ертөнцийн ч юм уу, залуу насны гоо сайхныг, ерөөсөө амьдралын гоо сайхныг эрж хайдаг" гэсэн далд утгатай яриа! Энэхүү, анзааралгүй өнгөрчихөж болох богинохон ярианы гүнд яруу найраглаг, гүнзгий санаа нуугджээ. 
 
Киноны төгсгөлөөс л эхлэлийнх нь учрыг ойлгохуйц байдлаар гоё зангилааг эхэнд хийж чадсан нь сайшаалтай. Эцсийн эцэст, ээж байх ч, аав байх ч чадваргүй хүмүүсийн гараас Софиг салгаж авсан Хэди Монголд, эмээгийнхээ гэрт сууж байна. Хэди эх хүний зөндөө хөтлөгдөн, Софигийн төлөө золиос гаргахаар шийдсэн бус уу? Гэхдээ ямар золиос?
 
Эл асуултыг үзэгчдэд төрүүлэн, бодох эргэцүүлэх, эргэлзэн гайхах зайг үлдээж чадсан нь төгсгөлийг маш оновчтой болгосон байна. Ер нь их сайн зохиолтой кино юм. Тухайлбал, Хэдиг угаалгын өрөөнд живүүлж буй, төгсгөлийн, "бэлгэдлийн өгүүлэмж". Тэдэнд (ертөнцөд) өөрийгөө өгч, хэнээс ч юуг ч харамлаагүй Хэдиг эцэг охин хоёр хүч хавсран, алахаар дайрч буй нь сул дорой хүмүүс хэзээд ӨӨРӨӨС НЬ ХҮЧТЭЙ, ӨӨРӨӨС НЬ ИЛҮҮ нэгнийг тэвчиж чаддаггүйн, нийлж байгаад ч болов үгүй хийхээр чармайдгийн тов тодорхой бэлгэдэл юм. 
 
Борхүүгийн Үйзэнмаа өөрөө найруулж, өөрөө жүжиглэж, хөгжмийн нэгэн хэсгийг хүртэл өөрөө бичсэн энэ киног би хувьдаа ингэж л "уншлаа". Жүжигчнийхээ хувьд ч "манай охин" ер түүртсэнгүй ээ. ХҮЧИРХЭГ БИЕ ХҮН байх, ХЭН НЭГЭН байхын хэцүүг Үйзэнмаа бидэнд өгүүллээ. Кино маш их таалагдав. Баяр хүргэе, Үйзэнмаа!
 
 
Яруу найрагч Л.Өлзийтөгс
 
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/BPekdfHOejI" frameborder="0" allowfullscreen></iframe>