sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулсаар байна.
 
2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд хоёр ажиглагч офицерийг илгээсэн тэр цагаас хойш өнөөг хүртэл дэлхий дахины энх тайван байдлын төлөө Монголын дайчид хүчин зүтгэсээр байна.  14 жилийн хугацаанд давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч НҮБ-ын болон олон үндэстний эвслийн энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцжээ.
 
Тэгвэл тэдний нэг хэсэг болсон хурандаа Б.Баатар захирагчтай мотобуудлагын батальон болон дайчдын нэг ахлагч Э.Энхээг бид энэ удаагийнхаа “Амьдралын тойрог”-тоо онцолж байна. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай цэргийн алба хаагчид 13 сарын хугацаатайгаар  үүрэг гүйцэтгээд өнгөрсөн баасан гаригт эх орондоо хүрэлцэн ирлээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тэднийг тосохоор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг тэргүүтэй албаныхан ирсэн байв.
 
 
Ийнхүү онгоц газардаж, манай дайчид Төрийн далбаагаа мандуулсаар инээмсэглэл дүүрэн бууцгааж, төд удалгүй эгнэн жагслаа. Батальоны захирагч, хурандаа Б.Баатар ЗХЖШ-ын Ажиллагааны газрын дарга, бригадын генерал Д.Ганзоригт эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өмнө хүлээсэн үүргээ манай батальон  амжилттай гүйцэтгээд ирлээ гэдгээ илтгэсэн.
 
Бригадын генерал Д.Ганзориг “Юуны өмнө энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн та бүхэндээ Зэвсэгт хүчний удирдлагуудын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өмнө үүрэг гүйцэтгэсэн батальо­нуудын амжилт ололтыг улам баталгаажуулж, Монгол цэргийн нэр хүндийг олон улсад өндөрт өргөөд ирсэн цэрэг дайчид та нартаа баярлалаа. Та бүхний эзгүй нэг жил гаруйн хугацаанд эх оронд олон үйл явдал боллоо.
 
Тэр дундаа Зэвсэгт хүчний хувьд АСЕМ-ийн уулзалтын арын албаны ачааг амжилттай үүрч, төр засгийн удирдлагын өгсөн бусад үүргийг амжилттай биелүүллээ. “Хааны эрэлд-2016” олон улсын сургууль улам өргөжиж 40 гаруй орны дайчид эх оронд маань хүрэлцэн ирж олон улсын энхийг сахиулах сургуульд амжилттай оролцлоо. Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл энэ сарын 20-нд “Энхийг сахиулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна” хэмээн салбарынхаа мэдээллийг товч хүргээд алба хаагч бүртээ гар барин мэндчилж баяр хүргэсэн.
 
Үүний дараа алба хаагчид Зэвсэгт хүчний дугаар ангид очиж эрүүл мэндийн үзлэгт орж, өөрсдийн ачаа тээврээ ялгаж авсны дараа аав ээждээ үнсүүлж, хань ижилтэйгээ уулзах хамгийн сэтгэл хөдөлгөм үе маань ирлээ. Тэр орчим бол үндсэндээ  сумын наадмыг санагдуулам хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд багачуудын инээд цалгиж, ээж аавуудын сэтгэл дэвтсэн гэгээн орчин байлаа.  Алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьсан аав ээж, бүсгүйчүүд, баглаа цэцэгс тэвэрсэн найз охид, аавыгаа санасан багачуудын сэтгэл дэвтсэн тийм нэгэн сайхан орчныг хараад л зогсоод баймаар.
 
 
 
Ангийн хашаанаас ачаагаа үүрчихээд гарч ирэх олон залуусын дунд манай “Амьдралын тойрог”-ийн зочин ахлагч Э.Энхээ байлаа. Ахлагч Э.Энхээг онцолсны учир 2015 оны дөрөвдүгээр сард журмын нөхөр С.Эрдэнэбилэгийн хамт харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий дөрвөн иргэнийг саатуулж, тэдний газар дор булж орхисон олон буу зэвсэг, галт хэрэгслийг илрүүлсэн гавьяатай.
 
Хэрэв манай дайчид тэр олон  галт зэвсгийг илрүүлээгүй байсан бол орон нутгийн иргэд болон дүрвэгсэд халдлагад өртөж, энхийг сахиулагчид ч өөрсдөө амь эрсдэх аюул ойрхон байсан гэдэг. Түүнийг ангийн хашааны хаалгаар гарч ирж амжаагүй байхад нь баярын нулимстай угтан авч үнсэх бүсгүйг Э.Шинэбаяр гэдэг, эхнэр нь. Э.Шинэбаяр эр нөхрөө нэгэн том бэлэгтэй угтсан нь хүү Энххүслэн юм.  Энхийг сахиулах ажиллагаанд явахад нь дөрвөн сартай жирэмсэн үлдсэн эхнэр ирэхэд нь удам залгах хүүг нь тэврээд угтах тэр агшин Э.Энхээгийн хувьд амьдралынх нь хамгийн сайхан дурсамж болон үлдэх нь гарцаагүй.   
 
Тэрээр Зэвсэгт хүчний 150 дугаар ангид буудагч ажилтай бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт ангийнхаа албаны байрны нэг өрөөнд амьдардаг байна. Гэрт ороход хоёр ой хүрч байгаа гэмээр бяцхан охин угтах нь Э.Энхээгийн том охин Энхжин. “Аав хэзээ ирэх вэ. Аавдаа хайртай” гээд хэлд орж буй энэ цаг үедээ аавыгаа л асуудаг бяцхан охин маань энэ удаа харин аавдаа гэрэвшээд ойртсонгүй. Аав нь тэврэх гэхээр л ээжийнхээ хор­мойноос очиж зүүгдчихээд, сэмээрхэн харан зогсох.
 
 
 
 
Э.Энхээгийн хувьд 2013 онд БХИС-ийн Ах­лагчийн сургуульд сурал­цаж, 2014 оноос хойш Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажиллаж эхэлсэн  бөгөөд Зэвсэгт хүчинд гурав дахь жилдээ хүчин зүтгэж байна.  Зэвсэгт хүчний залуу үеийн төлөөлөл тэрээр энхийг дэмжих ажиллагаанд анх удаа оролцсон нь энэ.
 
Анхны ажиллагаа ямар санагдав гэсэн асуул­тад “Өмнөд Судан улсад цагийн байдал амаргүй байлаа. Өмнөх батальонуудтай харьцуулахад манай тавдугаар ээлжийнхэн илүү тогтворгүй цаг үед үүрэг гүйцэтгэсэн. Зэвсэгт хүчний түүхэнд хамгийн удаан буюу 13 сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгэж ажилласнаараа онцлог байлаа. Мэдээж анхны ажиллагаа сурч мэдэх зүйл ихтэй. Батальоны захирагч, хурандаа Б.Баатар болон штабын дарга, орлогч дарга нар маань очсон даруйдаа алба хаагчдаа дадлагажуулах, үүрэг гүйцэтгэж сурахад нь маш их тусалсан. Ер нь нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн, атгасан гар шиг  хамт олон байсан, манай батальон.
 
Б.Баатар дарга өөрөө бидний үлгэр дууриалал нь болж, ур чадварыг маань нэмэгдүүлж, сэтгэл санааг хуваалцдаг сайн удирдагч байсан нь үүргээ амжилттай гүйцэтгэхэд нөлөөлсөн болов уу” хэмээн онцолсон. Биднийг ярилцах зуурт гэргий Э.Шинэбаяр хоол, цай бэлтгэх гээд тун завгүй. Гэхдээ тэрээр нөхрөө сүүтэй цайнаас бусдыг нь идэж, уугаад хэрэггүй гэнэ. Учир нь түүнд энхийг сахиулах ажиллагаанд олон удаа оролцсон хөрш айлын эхнэ­рүүд “Нөхрөө гур­ван цаг юм идүүлж хэрэггүй. Өөх тостой зүйл бүр ч битгий идүүл. Юм идүүлэхээс өмнө 50 грамм архи өг. Ходоод нь өвддөггүй юм” гэж зөвлөжээ.
 
Үүнд нь Э.Энхээ “За, яав л гэж. Өөхгүй хэсгээс нь идчихье. Харин наад архийг чинь уухгүй шүү” гээд тас зөрөв. Анхны ажиллагаанд оролцоод ирсэн нөхрийнхөө эрүүл мэнд, ходоод гэдэсний хямралд санаа зовсон бүсгүйн зөвлөгөө үнэнээс хол гажаагүй нь ойлгомжтой.
 
Э.Энхээгийн ээжийг Ю.Энхмаа гэдэг, Зэвсэгт хүчинд ажилладаг, ахлах ахлагч цолтой нэгэн ажээ. Зэвсэгт хүчний химичдийн баярын хурал хүүгээ ирэх цаг хугацаатай давхацсан учраас тосч амжаагүй бөгөөд хурлаа дуусгаад очлоо гээд хүү рүүгээ байн байн утасдаж байлаа. Аав нь ч мөн адил Зэвсэгт хүчний 017 дугаар ангид дэслэгч цолтой ажиллаж байгаад чөлөөнд гарсан гэнэ. Цэргийн удам дамжсан түүний хувьд  цэргийн алба хамгийн ойр дотно байсан учраас Их засаг сургуульд суралцаж байхдаа  дундаас нь орхиж, БХИС-д элсэн орсон түүхтэй. Энэ сонголт нь хамгийн зөв байсан, цаашдаа Зэвсэгт хүчний төлөө өөрийн чадах бүхнээ зориулан ажиллана гэдгээ онцлох ажээ. 
 
Анхны ажиллагаандаа оролцоод ирсэн түүний хувьд хоёр хүүхэддээ “Энхийг дэмжих ажиллагаа” гэдгийг бэлэгдэж Энх гэдэг үгийг оролцуулсан нэр хайрлажээ. Охиноо Энхжин, хүүгээ Энххүслэн гэж нэрлэсэн байна. Хүүгээ цэргийн болгож, охиноо хуулийн хүн болгоно гэсэн мөрөөдөл байдаг ч, том болохоор  өөрсдийнх нь саналыг харгалзана гээд 20 жилийн дараах төлөвлөгөө сонирхуулж байсан.
 
-Өмнөд судан цаг уурын хувьд ямар улс вэ?
 
-Өмнөд Судан борооны улирал, ха­луун улирал гэсэн хоёр улиралтай. Бороо орохоороо техник машин явахын аргагүй, зөвхөн явган явна. Халууны улиралдаа бол 50 хэм хүртэл хална. Монголын энхийг сахиулагчдын хувьд ямар ч нөхцөлд амархан дасан зохицох онцгой чадвартай. Анх очоод байхад амаргүй бай­сан ч, удалгүй дасчихсан.
 
-Харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа олон тооны зэвсэг илрүүлж, дүрвэгсдийн амь насанд учрах байсанаюулыг холдуулсан талаараа яриач. НҮБ-ын удирдлагууд талархал илэрхийлсэн гэсэн?
 
-Харуулын байранд С.Эрдэнэбилэг бид хоёр үүрэг гүйцэтгэж байхад сэжиг бүхий дөрвөн иргэн гүйгээд байсныг удирдлагадаа илтгэж, ойролцоох газар орныг нэгжиж тэр зэвсгийг илрүүлсэн. Ажиллагааны газар орны талаарх мэдээллийг хамаагүй ярьж болохгүй байх. Гэхдээ бидний хувьд ямар ч байсан үүргээ биелүүлж, учрах аюулыг холдуулж чадсандаа баяртай байдаг. С.Эрдэнэбилэг маань ОБЕГ-ын Аврах тусгай ангид ажилладаг. Харуулд үүрэг гүйцэтгэсэн манай ямар ч алба хаагч ингэж л ажиллах байсан. НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагууд талархал илэрхийлж “Жуух бичиг”-ээр шагнасан.
 
-Монголын дайчдаас гадна аль, аль улсын энхийг сахиулагчид мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байв?
 
-Ганна, Энэтхэг зэрэг олон орны энхийг сахиулагчид бий. Үүрэг болгон нь харилцан адилгүй” гэв. Харин нөхрийнхөө энэхүү баатарлаг үйлсийг гэргий Э.Шинэбаяр зурагтаас л анх мэдсэн гэнэ. Хүүгээ төрүүлээд удаагүй байсан тэрээр нөхрөө холбоо барихгүй удахаар нь нэлээд бухимдсан юм байх. Тэгээд нэг өдөр холбогдохдоо “Хань нь галт зэвсэг илрүүлсэн. Ойрд ажил ихтэй, холбоо барих завгүй байна” гэхэд нь “Хүн төрчихөөд нялх биетэй байхад холбоо барихгүй ямар сонин юм бэ” гээд гомдол нэхэж, нэхэж утсаа салгасан гэнэ.
 
Харин удалгүй зурагтаар “Монголын энхийг сахиулагчид болох ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар олон мянган дүрвэгсдийн амь насыг аварлаа. Үүсч болох аюулыг өндөр сонор сэрэмжээр илрүүллээ” гэсэн мэдээг гарахад нь нөхрийнхөө хэлж байсныг нь ухаж ойлгоод өөрийн эрхгүй уйлчихсан гэнэ. “Эвий, миний хань баатарлаг гавьяа байгуулсан байхад нь нялх биетэй байна, ярьсангүй” гээд уурласнаа бодоод өөрөөсөө ихэд ичсэн. Дараа нь нөхрөөсөө уучлалт гуйсан. Манай найзууд “Шинээ, танай нөхөр мөн үү” гэхэд нь “Мөн, мөн. Манай нөхөр шүү дээ. Мундаг байна уу” гээд нөхрөөрөө мөн ч их бахархсан шүү” гэлээ.
 
Ийн ажиллагааны газар орноос ирээд удаагүй энхийг сахиулагчийн гэрт инээд баяр цалгиж,  түүнтэй уулзахаар ах дүү, хамаатан садан, найз нөхдийнх нь цуваа ч тасарсангүй. Монголын Зэвсэгт хүчинд  Э.Энхээ шиг олон мянган дайчид эх орныхоо батлан хам­гаалах, аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаад талархнам.
 
 
Энэ дашрамд онц­лоход, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх үе, үеийн Мотобуудлагын ба­тальон нь НҮБ-ын бие бүрэлдэхүүн, хүмүүн­лэгийн байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд, барилга байгууламж, техник, тоног хэрэгслийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, мөргөлдөөнийг намжаах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсэг хураах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр  байгаа. Монгол цэргийн нэр хүндийг нутгийн оршин суугчид төдийгүй, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа улс орнуудын цэргийн алба хаагчдын дунд өндөрт өргөн өөрийн байр сууриа баттай эзлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал нь болсоор байна. 
 
Хурандаа Б.Баатар захирагчтай Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальон ч мөн адил үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна орон нутгийн иргэд рүү чиглэсэн хүмүүнлэгийн олон сайн үйлс бүтээжээ.  Тухайлбал, орон нутгийн багачуудад хэд, хэдэн сургууль шинээр барьж өгсөн, засварласан, иргэдэд өдөр тутамдаа тусалж байсан гээд сайн үйлс бүхнийг нь тоочоод барамгүй юм. Өдгөө тэдний орыг залгаж хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны газар оронд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй  билээ.
 
 
 
 
Д.Болормаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин