sonin.mn
Хан Хэнтий уулсын Минжийн хангайн их тайга хаанаас эхэлж хаана хүрч захладагийг хүн бүхэн мэдэхгүй. Харин “Минжийн хангайн өвөрт мичид гартал хүлээлээ” хэмээн дуу шүлгээр ая дан өргөж жаргадагсан.
 
Яг үнэнийг хэлэхэд Улсын анчин Цэнд-Аюуш, Цэдэн-Иш гэх хашир нь дэндсэн буурал гөрөөчид, Дорнод, Хэнтийн буриад анчид, Хүдэр дунгуй, Зэлтэр харуулын ан авд дуртай баавай нар ам өрсөлдөн хуучлахдаа:
 
-Минжийн хангайн тухай хөөрөлдөөд барах юм биш, хөлгүй их тайга, нүд алдам хөвч, ямартай ч Төв аймгийн Өлгий шатан, Заан тэрэлж, Асралт хайрхан, Бурхан халдун гэж үргэлжлээд Монголын хилийн дээс давж Оросын нутаг руу ороод сураг алдардаг уудам их нутаг гээд дуу алдана. Хэр баргийн аавын хүвүүн тэр тайга руу алхаж зүрхлэхгүй. Ташуур шургуулах завсаргүй ширэнгэ, хөл тавих зайгүй асга хад, гэтлэхэд бэрх гол горхи, намаг шавар нь зориг чадал мохооно.
 
За тэгээд болгоомжтой явахгүй бол төөрөхеөс эхлээд хөвчийн азарган чоно, баавгайд бариулах, буга хандгайн эвэрт өлгүүлж, сүлбүүлж амь алдах энүүхэнд шүү гээд анчдын адал явдал, аян замын паян, эцэс төгсгөлгүй үлгэр домог мэт хууч хөврүүлнэ. Тиймдээ ч ангийн хорхойтнууд зүгээр сууж чадахгүй шор төмрөө үүрээд, шодон борыгоо унаад хөтөлгөө мориндоо хоол хүнс, орон майхнаа ачаад гэрээс гарч хэдэн долоо хоног сараар сураг алдарна.
 
Анчин Цэдэн-Аюуш нэгэн удаа Минжийн хангайд ав хийхээр нутгийн буриад нөхөдтэй хамт явлаа. Өвлийн дунд сарын хуучаар юм даа. Цасны ихийг яана. Ярих юм биш. Гэхдээ хөвчид салхи шуургагүй атлаа айхавтар жиндүү, ой тэр аяараа цан хүүрэгтэж, шагшуургатаад мөн ч яггүй ажээ. Үүр хаяараагүй байхад буриад анчид сэрчихсэн тэр сарьдаг, энэ овон булуу, тийм ийм нүүр, тэрний отог ч гэх шиг газар усны нэр ярилцаж байснаа удалгүй босоод нүүлний галыг шилгээж ноцоогоод цай чанаж хэдэн хэрчим талх баавгай, гахайн өөхөөр даруулж үмхээд явъя л гэнэ.
 
 
Цэнд-Аюуш баавгай намнахыг сонирхох, боломж нь таарвал өөрөө намнаад азаа үзэх санаатай ч тэднийхээ барааг алдчихгүй бүдчин унан босон явахад баавай нар дуудаад тэр ширэнгэний тариар тойрч чимээлээд энэ хэлзэн нүүрээр буугаад ир гэх зэргээр зааж чиглүүлнэ. Буцаад ирэхэд гахай, гөрөөс унагачихсан:
-Ээ бурхан зүг! Хангай хишгээ хайрлав шүү гээд хар шар ус сүүлэрч цантаж мөстсөн бавгар сахлаа илмэр болж, өнөө шөнө шарах мах, уух шөлтэй боллоо хэмээн инээд алдан сууна. Иймэрхүү байдлаар хэд хоног ан хөөцөлдөөд буцах бэлтгэл хийж хэдэн гахай төхөөрч ачаалахад бэлэн болов.
 
Бүрэнхий болохын хамт нүүл өрдөж, цай чанаж, мах шарж, эр хүний жаргал эзгүй хээр гэгчээр идэж ууж биеийн ядаргаа тайлж, модон таглаатай үйсэн бортогоноос ханх тавьсан үнэртэй нэрмэл гаргаж сэнжтэй аяга (сиян аяга ч гэдэг)-аар нэг нэг хөнтрөөд яриа задгайрч сайхан тухлав. Мижид баавай баавгайн шинэхэн арьсан дээр сүүжилдэн налайгаад сонин хачин хууч яриа дэлгэлээ.
 
Тэрээр хуучирсан сонины тасархай урж, илгэн уутнаас мохоор гаргаж цувиж тавиад шүлсээрээ хэд шилэмдэж наалдуулангаа гал руу өндөлзөн нүүрээ улалзуулаад өгүүлрүүн:
 
-1930-аад оны эхээр юм даа. Тэр үед ангийн арьс мах бэлтгэх бөөн ажил болдог байлаа. Сум, багийн анчидаар ангийн бригад зохион байгуулж ав гөрөө хийж, гахай, буга, чоно, үнэг, ятуу, хөтүү авлах хатуу даалгавар өгнө. Ингээд төлөвлөгөө биелүүлэхийн тулд өвлийн гурван cap хөдөө хөхөрч гадаа гандаж, гэр орон авгай хүүхдээ мартахдаа хүрнэ шүү дээ.
 
Би нэг удаа энэ сайхан хангайд гөрөөлж, Намгийн булуу гэдэг асга хадтай нүүр рүү гэтэж өнгийгөөд ойр орчмоо дурандаж байтал тэртээ дээр нүсэр их асганы дунд ширэнгэн төгөл байх юм. Энэ төгөлд ямартай ч азарган чоно юмуу гахай үүрлэдэг! байж таараа. Магад ч үгүй баавгайн ичээ байх ч билүү гээд мод чулуу бүрийг нэгжин дурандвал төгөлийн дунд нэг сонин юм харагдав шүү.
 
Шамдан зүтгэсээр тэр ширэнгэнд хүрээд цааш сэмхэн гэтэж гүн рүү орлоо. Багашаархан дүнзэн байшин байнаа. Сайн ажиглавал бях ухаан зааж барьсан, хөвд хавчуулж дулаалсан, цонхгүй бололтой. Хаалга нь дотроосоо түгжээтэй байх юм. Чихээ нааж байгаад л чагнавал хүн амьтан байх шигээ. Хаалгыг нь нилээн удаан тогшиход хусан таяг тулсан үс сахалдаа баригдсан ядруухан өвгөн гарч ирлээ. “Мэнд амар” гэвэл хариу бувтнаад толгой дохилоо. 
 
Намайг ихэд болгоомжлон байшинд ороход өвгөн араас дагаж амьсгаадсаар та суухати (та суу даа) гээд ангийн арьс дэвссэн модон наар сандайлангаа ямар нэгэн өвс чанасан бололтой ханд аягалж, наар доогуур тавьсан тэвштэй махыг өргөх ч тэнхэлгүй шалан дээгүүр гулсуулан миний өмнөөс түлхээд өөр юм хэлсэнгүй.
Өвсний ханд ууж, жижгэвтэр амьтны мах идэж суухдаа байшин доторхийг ажиглахад шалнаас нь мөөг ургаж илжрээд хөгцөрчээ. Дүнз бөөрлөн шахаж хийсэн шал нь ямар ч өө сэвгүй гайхмаар тэгшхэн юм.
 
Өөрөө гөрөөсөн боотиг углаж, үнэг зүйсэн богиновтор дээл өмсөж, хийц оёдол нь маруухан гэмээр год сэжүүр нь унжсан булган хөнжлийг орон дээрээ нэвсрүүлэн орхижээ.
 
Барагцаагаар гуч гаруй тооны том жижиг муур энд тэндгүй гүйлдэнэ. Мууранд тавьж өгсөн ангиин махыг барж дуусгаад яс мэрж булаалдана. Өвгөний наарны араас орос винтов сумны дайз байна. Ойрын үед эд юмаа цэвэрлэж цэгцэлж чадаагүй үүд хойморгүй хөглөрчээ. Өвгөн чинжаал хутгаа бариад үүдээ онгойлгосон бололтой, надаас нуумар аядаад дэрэн доогуураа шургуулав. Түүнтэй танилцаж, амьдралын зам мөрийг нь мөшгөж хуучиллаа.
 
-Та энд хэдийд ирж суурьшив даа гэтэл,
 
-Би Агын буриад хүн. Баривчилгаа, аллагаас дайжиж энд ирсэн юм. Ирээд хорь гаруй жил болж байгаа байх аа?!
 
-Тэгээд, та ямаршуу амьдарч байна даа. Таны бие чинь чилээрхүү байна уу даа гэвэл
 
Өвгөн ихэд уймарч нүүрээ үрчигнүүлснээ ядарч байна уу хүвүүн минь! Буу байв ч сум дарь дууссан. Энэ хэдэн муур л амь зогоож байна гээд нулимс цийлэгнүүлэв.
 
Би, за байз яая даа. Ямартай ч хоолны мах залгуулъя гэж шийдээд “Эр хүн ядарч эмээлт хүлэг цуццаг” -ийг санаж Эрхэм баавай минь! Таньд туслахыг бодъё гээд гарлаа. Ойн цоорхой дурандахад хэдэн бор гөрөөс шивээлж ханараад зогсож байна.
 
Бүдүүн гур унагаж чирсээр баяр хөөртэй ирэв. Өвгөн гурыг эвдэж төхөөрч дуусаагүй байхад хонгоноос нь хэд хэд огтолж үмхлээд нэг хундага хэрийн цус балгаж, За одоо болно. Гэнэт их идвэл аяыг нь даахгүй гэж инээмээр болоход ганц хоёр шүд гэхэд бэрх юм цухуйлгаж, чи сайн анчин хүвүүн юм байна гэв. Би авч явсан хүнс болон винтовны цөөнгүй сум, гурил, тамхи, шүдэнз илүүчилж өгөөд:
 
-Баавай минь биеэ хурдан тэнхрүүлэхийг бод. Өвдөж байгаа ууц, нуруу, өвдөг шилбэндээ баавгайн сало (өөх) шарж тосыг нь хөргөлгүй халуун жин тавь гэх зэргээр хөөрөлдөж билээ. Нааран дээр дэвссэн олон давхар арьсыг сөхөж хэдэн ширхэг баавгайн доньт, хүдрийн заар гаргаж өгөхдөө Би бүгдийгээ, бүх амьдралаа орхисон хүн хэмээгээд байшингийн адар өөд зааж тэр хатаасан цусан эврээс хүссэнээрээ ав гэлээ.
 
“Намайг энд байна” гэж хүмүүст бүү хэлээрэй гэж аминчлан захилаа. Дахиад энэ хавиар явбал ирээрэй хэмээж бид хоёр салах ёс хийгээд тэврэлдэж билээ. Тэндээс би гэрийн зүг шуударч урин цаг ойртуулаад буцаж ирнэ. Тэр хүртэл энэ хүн амар мэнд л байгаасай гэж зүрх сэтгэлээ шаналгаж, бодоогүй ихийг бодож явлаа шүү. Минжийн хангайн хөх царамд ийм “маахай”-тай танилцаж байсныг самганыхаа нэрмэлд халамцаад та нарт үг алдлаа. Уул нь “Битгий хүнд хэлээрэй" гэж сайн нөхөр минь аминчлан захисан юм даа. 
 
За орой боллоо. Маргадар эрт хөдөлнө унтаж амрах минь! хэмээгээд шилүүсэн хүрмийг огшоон татаж шургав. Тайга тэр аяараа хүүгэн шуугиж, модод хавиралдан чихарна. Шөнийн шувууд гүүгчиж, хулгана мэт амьтад шившрэлдэж алсын царамд буга хандгай, гөрөөс хөхирч сонсогдоно. Их тайгын нэг шөнө “Минжийн маахай” гэж анчны амьдрал адал явдал, бодол зүүд ээлжилсээр үүр цайлгасан бөлгөө. Минжийн хангайн хөх цармын “эзэн маахай" буюу буриад хүвүүн Дондоковын ээдрээтэй адал сонин амьдрал түүний хувь тавилан хэрхэснийг анчин баавай Мижид хожмын нэг өдөр дэлгэн хүүрнэх буй за
 
Ахмад зохиолч А.Далхжав