sonin.mn
Орчин цагийн монголчууд бидний дунд "горшокны найз” гэдэг үг түгээмэл болсон. Тэгвэл Бадрууган бид хоёр ёстой жинхэнэ “горшокны найз” нар байлаа. Учир нь аав ээж нар маань амьдралын сайхан найз нөхөд байсан болохоор байнга гэр орноороо орж гарна.
 
Багад маань горшок дээр зэрэгцэн суулгаад эгч ах нарт захин бүжиг, кино, театрт явдаг байж л дээ. Миний хувьд ухаан ороод анхны танилцсан найз маань Ууган юм. Аав маань өнгөрсөн зууны жараад оны эхээр Москвагийн радиогоос дамжуулдаг “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийн монгол хэлний редакцийг удирдахаар томилогдсноор бид гэр бүлээрээ Москвад очиж амьдрах болсон юм.
 
Тэнд би сургуульд орсон. Миний хувьд нэг л хүнээс захиа авна. Тэр нь Ууган маань. Хүүхэд зангаараа тоглоом захина. Тэр захидлуудыг нь би нандигнан хадгалж байдаг. Нас ахих тусам хүн хүүхэд насаа тод томруун санадаг бололтой. Өнөөдөр миний санаанд 1964 оны зуны хэдэн cap маш тод харагдана.
 
Тэр жил Москва дахь манай гэрт нэг шөнө хоёр хүн ирж байсныг би одоо хэр нь мартдаггүй юм. Хүүхдийн сониуч зангаараа босоод очтол аав маань тайвшруулаад бид унтлагын өрөөндөө хүлээж байтал нөгөө хүмүүс явсан. Хэд хоногоос ум хумгүй юмаа цуглуулж янзлаад манай гэр бүл галт тэргэнд суугаад Монголдоо ирж билээ. Би тэгэхэд есөн настай хүүхэд, бага сургуулийн хоёрдугаар ангиа төгсөж байв.
 
Хожим хойно ийнхүү яаралтай нүүх болсон шалтгааныг би нагац ахаасаа мэдсэн юм. Аав маань Драмын Төмөр-Очирын "хамсаатан" болон "сэхээтний төөрөгдөл" гэгч улс төрийн хэрэгт холбогдож яаралтай чемоданаа баглаж биднийгээ аваад Москвагаас одох болсон юм билээ. Москвад тэр шөнө орж ирдэг хоёр этгээд бол До яамныхан байсан аж. Тэр үед манайх Их дэлгүүрийн зүүн талын хоёр арктай байрны булангийн орцонд амьдардаг байсан. Аав маань Москвад дор хаяад дөрөв ба түүнээс дээш жил ажиллана гэсэн бодолтой явтал замаасаа дуудагдах нь тэр. Гэнэт эргээд иртэл байранд маань миний ээжийн ах Вандангийнх түр амьдарч байсан юм билээ. 
 
Тэднийх тэр дороо байрыг маань чөлөөлж өгөх бололцоогүй тул бид орох оронгүй хэцүү байдалд орж л дээ. Тэгтэл Бадраагийнх гэж буянтай айл нэг өрөөндөө манай өнөр гэр бүлийг түр суулгахаар үүдээ нээснээр бид тэр хавар, зуны хэдэн сарыг тавин мянгатын 24 дүгээр байранд өнгөрөөх болов.
 
Бадраагийнх тавуулаа, манайх ч тавуулаа. Олуулаа ч гэсэн богинохон хугацаанд ёстой нэг аз жаргалтай амьдарч билээ. Шахцалдсан ч гомдол үгүй гэж үг байдаг даа. Би энэ тухай яагаад бичээд байна гэхээр аавд маань амьдралын бэрхшээл тохиосон тэр хүнд цагт жинхэнэ найзын ёсоор хандсан Жамцын Бадраа хэмээх аугаа энэ ахдаа болон хайрт Бадарч эгчдээ манай гэр бүлийнхэн талархаж хайр хүндэтгэлийг сэтгэлдээ хадгалж явдаг юм шүү гэдгийг хэлэхийн тулд билээ. Аавыг маань тэр асуудалд орсноос хойш манай гэр орноос салдаггүй байсан олон "найз нөхөд" нь нүүрээ буруулсан. Харин Ж.Бадраа бол нөхөрлөлдөө үхэн үхтлээ үнэнч явсан аавын маань ховорхон хэдэн найз нарынх нь нэг байсан тул бид ийнхүү хайртай байдаг. Ууганд ч бас энэ сайхан чанар байсан юм.
 
Хоёр аавын нандин үерхэл нөхөрлөлийг Ууган бид хоёр үргэлжлүүлсэн. Энэ уламжлалд бидний үр хүүхдүүд ч гэсэн үнэнч байдаг. Тавин мянгатын 24 дүгээр байр гэж алдартай байр бий. Бадарч эгч маань одоо ч гэсэн Бадарсан хүүтэйгээ энэ байрандаа энх тунх амьдарч байгаа. Би хааяа очдог. Очих болгондоо тэр байранд өнгөрөөсөн өдрүүдийг дурсдаг. Орц, шат, давхар бүхэн нь надад нэг л дотно санагддаг юм.
 
Сониучхан хүүхэд миний нүдэн дээр "Гайхмаараа" дуу төрж, залуу Зангад уянгалаг хоолойгоороо Ж.Бадраагийн шүлгээр зохиогдсон үнэнхүү гайхмаар дуунуудаа дуулж, Бямбын Ренчин гэдэг үлгэрийн мэт сахалтай ахыг анх харж, Лувсаншарав гуай "Маамуу нааш ир” дуугаа тоглож байхыг сонсож, Бадраа ах Рабиндранат Тагорын шүлгийг орчуулснаа уншихыг нь үзэж, аавын минь шүлгээр хөгжмийн зохиолч С.Мааяа эгчийн зохиосон "Валя" гэдэг дууг Ууган бид хоёр олон цагаар амтархан сонсож, даган дуулдаг байж билээ. Энэ бүхэн хожмын миний ертөнцийг үзэх үзэлд маш их нөлөө үзүүлсэн юм.
 
Орос хэл сайн мэддэг болсны хувьд Бадраа ахын номын санд ёстой нэг умбах шиг болдогсон. Валыер Скотт, Конан Дойль, Гэрбэрт Уэллс, Рабиндранат Тагор, Лев Толстой, Гоголь... боть ботиороо. Нэвтэрхий толь, энцикпопедууд төрөл төрлөөрөө. Монгол номнууд нь бол  гайхамшигт ертөнц, ямар сайндаа Бадарсан маань бүгдийг нь уншаад дахин уншсаар "номны" өвчтэй болох вэ дээ. 
 
Тэр. "өвчиндөө" улам автагдаад хэвлэх үйлдвэрт номын боогчоор ажиллахдаа хэвлэлийн комбинатаас гарсан ном бүрийг уншсан гээд бод доо. Сан, Баатар, Оргил бид хэд хамт тоглодог байвч Ууган бид хоёр айлын хоёр том хүү нь гэсэн утгаараа илүү дотно. Анх танилцсанаас авахуулаад л зүрхээ зогсон зогстол Ууган маань миний инээдийг хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Алиа зан нь аав ээжээсээ өвлөгдсөн юм. Бадарч эгч бөөн авьяас, хачин гоё дуулна.
 
Хүн дуурайж элэглэнэ гэж ёстой мундаг. Бадраа ах бол айхтар ёжтой, хэл үг нь гэж оньсого. Ямар сайндаа л би хожим хойно орос хэл рүү орчуулах оролдлого хийж байх үедээ “Гайхмаараа", "Ятгын эгшиг", "Уяхан хорвоо хань" гэх мэт гайхамшигт дуунуудынх нь үгийг хөрвүүлэх гээд хүчрээгүй юмдаг. Монгол хэлний баялгийг Ж.Бадраа л үзүүлсэн гэхэд хилсдэхгүй болов уу.
 
Ууган маань аав ээжийнхээ энэ бүх "гайхамшгийг" өвлөж авсан нь түүний олон талын авьяас билгээр нь илэрхийлэгддэг байсан. Өнгөн дээрээ алиалах, ёжлох мэт боловч цаана нь асар гүн хаялгатай утга агуулагддаг байж.
 
Одоо бодохнээ Ууган хэзээ ч уйлагнаж, гасалж яваагүй. Олон арван жил нөхөрлөж явахдаа үүнийг би анзаардаггүй байж. Тэнгэрт хальснаас нь хойш эргээд бодохнээ би ийм дүгнэлтэнд хүрсэн юм. Харин нас барахаасаа өмнөхөн дүнзэн "Чингис" паб-д намайг дуудаад бид хоёр хоол идэж суухад «Манай сургуулийг татан буулгана гэсэн яриа гараад байна» гэж сөөчихсөн хоолойгоор хэлж байсныг санадаг юм. Байгуулсан Радио, телевизийн дээд сургуулийнхаа төлөө санаа нь зовж байсан нь тэр. Хоолой нь сөөчихсөн мөртлөө алиалаад "хөгшин чинь Род Стюарт шиг дуулдаг болсон” гээд намайгаа бас өнхөрч унатал инээлгэж билээ.
 
24 дүгээр байрны балкон дээр ор засуулаад бид хоёр унтана. Тэр балконоос хажуу орцонд амьдардаг Хазгар Төмөрийн (Монголын алдарт дуучин Хурлатын Төмөр) гэр цонхоор нь тод харагдана. Олон гоё ах эгч нар цугларч тэр үедээ содон байсан барууны хөгжим эгшиглэж рок-н-ролл, твист бүжиглэж байхыг харж Ууган бид хоёрын нүд баясаж, чих сэртийдэг байж билээ. 
 
Би Уугандаа яагаад бас хайртай байдаг гэхээр хөгжмийн асар өндөр мэдрэмжтэй, энэ талаар надад маш их нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл вкус (хөгжмийн сонирхол) нэг байсан. Бид хоёр хөгжим сонсож, хүлээж авах байдлаараа бие биенээ нөхөж, баясгаж чаддаг байв. Тийм ч учраас хөгжмийн урлагийн хувьд амь нэгтэй, санаа ижил холбоотнууд байв. Үерхэл маань хөгжмөөр улам зузаарч гагнагдаж байсан.
 
Хожим Ленинградад сургууль төгсөж ирээд Өвөрхангайд хуваарилагдан театрт нь хэдэн жил ажиллаад амралтаараа нэг ирэхэд нь Ууганыг алдарт 12 утастай гитартай нь манайд урьж "Инээмсэглэл" хамтлагийнхаа хэдийг дуудсан юм. Миний багын найз Бадар-Ууган гэж ёстой гайхамшигтай гоё гитар тоглодог, сайхан дуулдаг нөхөр бий хэмээн бахархан гайхуулж "Инээмсэглэл"-дээ элсүүлэх санал тавьсан юм. 
 
Манай хэдэд маш их таалагдаж нэг оройжингоо Ууганы дуулж хуурдахыг сонсож маргаашнаас нь "Инээмсэглэл" шинэ гишүүнтэй болж билээ. Ийнхүү "Дэлхий ээж”, "Улаанбаатарын үдэш", "Дуучин тагтаа" гээд Ууганы дуулсан олон гоё бүтээлүүд цуварсан түүхтэй.
 
Бид хоёр Төмөр, Жон Ленноныг шүтдэг. Ууган Элтон Жонд дуртай. Дуунуудыг нь ямар гоё дуулдаг байсан гээч. Би дуулахыг нь сонсох дуртай. Мэдрэмж адил учир бие биенийгээ сонсох дэмжихдээ сайн. Зарим хүмүүстэй бол сонирхол өөр, зөрөлдөх аваас үл ойлголцох, холдох, зайлсхийх болдог.
 
Ууган бид хоёрын хувьд тийм биш. Санаа нэг учир бие биенийгээ үгүйлдэг, уулзах бүрийд баяр баясал, инээд хөөр болдогсон. Жон Ленноныг алуулсныг сонсоод бид хоёр лонх юм тавьж байгаад эмгэнэж билээ. Юун ч сүртэй юм гэх болов уу. Тийм юм болсон л юм даа, Ууган маань шүлэг зохиогоод би аяыг нь хийж "Хослон дуулъя" гэдэг дуу төрж, Ууган Оюундэлгэртэй дуулсан түүхтэй. 
 
Үзэл суртлын шалтгаанаар Жон Ленноны нэрийг нэрлэж болдоггүй цаг байлаа. Тийм учир "Одтой тэнгэрт мишээхээр Орчлон дэлхийг гэрэлтүүлэхээр Онгон талдаа саран гийв үү" гэж зохиосны “Саран” гэдэг үгний далд утга нь Жон Леннон болой. Мөн ая дан дотор нь Жон Ленноны "Jealous guy" дууны нэгэн фразыг шургуулсныг минь тэр болгон хүн анзаарахгүй. Үүнийг бол Ууган бид хоёр л мэддэг байв.
 
Дуу хөгжим, театр, кино, цирк, телевиз, фото зургийн урлаг, спорт, каратэ... Ууганы сонирхдог хүрээ маш өргөн дэлгэр. Санаанд нь багтдаг зүйл гэж олон. Бас болоогүй бариа засал хийнэ. Толгойны өвчинг намдаах барих бол энүүхэнд. 24-р байранд байсан тэр үеийн бас нэг сонин зүйл бол бурхан. 
 
Мөн ч олон бурхан байдаг байж билээ. Миний хувьд бол бурхан шашин гэхээсээ илүү урлагийн бүтээл гэдэг утгаар нь анх танилцаж байгаа нь тэр шүү дээ. Хожим тусдаа гараад Ууган өөрийнхөө гэрт бас бурхан залсан хөөрхөн булантай байсан. Нэг удаа энэ сэдвээр яриа өрнүүлж суутал "би чинь Жалханз хутагтын үр сад шүү дээ" гэдэг юм. Тэр мөчид ер бусын ид шидтэй байдаг нь үүнтэй ч бас холбоотой байх нь гэсэн бодол миний санаанд бууж байсныг одоо нуух юун. Тийм ээ миний найз бол ер бусын авьяастай, онцгой хүн байсан юм.
 
Олон талын сонирхол, авьяас билэгтэй дээрээ шинэ содон бүхнийг эрэлхийлдэг шинэчлэгч байсан юм. Би Ууганыг "Мейерхольд" гэж нэрлэдэг (Мейерхольд гэж Оросын театрын урлагийн нэрт зүтгэлтэн, шинэчлэгч байсан). Өвөрхангайн театрт ажиллах үеэс нь ийнхүү дууддаг. Театртаа шинэчлэл хийх гэж мэрийсэнд нь тэгж өхөөрддөг байлаа. Ууган маань намайг "Уярам дөлгөөн" гэдэг байсан. Энэ бол зөвхөн бид хоёрын хооронд байсан өхөөрдөл.
 
Ууганы маань амьдрал бас толийтол сайхан явсангүй. Хар нялхаараа үерхэж байгаад гэрлэсэн Туяагаасаа салахад нь хамгийн их харамсаж байсныг одоо нуугаад яахав. Хэлээд дийлээгүй. Тийм л зурагтай байсан юм байлгүй дээ.
 
Нараатай танилцаж айлын нэг өрөөнд толгой хоргодон шинэ гэр бүлээ товхинуулж байх үед нь орж гарч л байлаа. Хамгийн гайхалтай нь нөгөө л цовоо, алиа, хошин зангаараа л... Дотоод ертөнцөд нь болж буй хямралын шуурга салхийг хэзээ ч ил гаргахгүй байж чаддаг жинхэнэ тэсвэр хатуужилтай хүмүүн байж дээ Ууган маань. Тэр сайн аав байсан. Хүүхдүүд нь ч зөв явсан. Өнөөдөр Ууганы хүүхдүүд аавынхаа нэр хүндийг өндөрт авч явж буйд нь би баярлаж явдаг.
 
Аав маань Ууганд их хайртай. Хоёулаа уулзахаараа бие биенээ бас хөөрхөн явуулна. Бадраа ахаас би их эмээдэгсэн. Хааяа нэг "зуу" татчихсан "Соёл-Эрдэнэ"-ий өрөөгөөр Галсанбат, Зундарь хоёртой уулзахаар "муурын байшин"-гаар (Филармонийн хуучин байр) орж яваад таардагсан. Бадраа ах хөгжмийн холбоонд ажилладаг байсан. Би ч архи үнэртчих вий гээд амьсгаагаа түгжээд л Бадраа ах инээмсэглээд өнгөрдөгсөн. 
 
Намайг загнахгүй ч би бодлогошроод үлдэнэ. Айж байгаагийн тэмдэг. Хүндэлж хайрлаж байгаа нь тэр. Эрүүл саруул таарвал зоригтой нь аргагүй яриа хөөрөө болно. Нэг удаа тааралдаад "Элтон Жон ч бас сүрхий дуулах юм. Гэхдээ танай аавыг бол гүйцэхгүй ээ" гэж билээ. Энэ хэдхэн жирийн үгэнд ямар их утга агуулагдсан байв аа. Үндэсний хөгжмийг номлогч хүн маань хүүгийнхээ найзтай сонирхолынх нь дагуу яриад зогсохгүй өөрийнхөө найзыг хүүд нь магтаад авч байгаа юм. Би энэ үгийг ерөөсөө мартдаггүй. Ийм нарийн ухаантай үг яриатай хүн байж. Ямар сайндаа аав Бадраа ахыг "Хунтайж" гэж авгайлдаг байхав.
 
Аавын гүн ухаан хүүд нь өвлөгдөн үлдэж "Ууган” гэдэг энэхүү тансаг ертөнц орших болсон. Хувь заяаны төөргөөр аав нарын нөхөрлөлийн үргэлжлэл болж би тэр ертөнцөд нь оршилцох болсондоо их баярлаж явдаг. Хүн өөрийнхөө тавилангаар амьдарна. Амьдралыг нь жинхэнэ найз нөхөд нь бас тордож баяжуулна. Ууган маань чухамхүү тийм найз маань байлаа.
 
"Ууган" гэдэг энэ хүмүүний олон талт авьяас билгийн тухай уншигч авхай та энэ номонд зурайх олон найз нөхдийнх нь дурсамж сэтгэгдлээс олж уншина. Миний хувьд бол андын минь тухай дурсамж хэзээ ч дуусашгүй юм. Ууган найз олонтой байсан. Тиймээс бусад найз нөхөддөө зай үлдээе!
 
Б.Долгион
Урлагийн гавьяат зүтгэлтэн