sonin.mn
Миний бие 1973 онд Москва хотын М.В.Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийг дүүргэж ирээд 1977 оны намар хүртэл ЦНДС /одоогийн БХИС/-Д ерөнхий цэргийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ өөрийн идэвх санаачлагаар арми ба тус сургуульд анх удаа офицер, багш нарын сэхээтний нөхөрлөлийг 1976 онд санаачлан байгуулж, үүрэг амлалтаа чанд биелүүлэн 1977 онд цол мандатаа гардаж авсан.
 
1970-аад оны эцсээр урд хөршөөс болж манай улсын гадаад улс төрийн байдал нэлээд таагүй байлаа. Энэ үед Улсыг батлан хамгаалах зөвлөлийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал БХЯ-ны сайд армийн генерал Б.Доржид яамандаа орон даяар зохиогдох оюутан залуучуудын цэргийн сургалтыг гардан удирдах хэлтэс байгуулж бэлтгэлийг яаралтай хангахын зэрэгцээ үүнтэй холбогдох төр засгийн тогтоолын төслийг боловсруулж холбогдох яам, газруудын санал виз авч мөрдөхөд бэлэн болгох албан даалгаврыг өгсөн юм. 
 
Үүний дагуу намайг БХЯ-ны сайдын тушаалаар тус яаманд суралт эрхэлсэн мэргэжилтэн ахлах офицероор түр хугацаагаар томилсон юм. Энэ үеэс эхлэн би БХЯ-нд Ю.Цэдэнбалаас оюутан залуучуудын цэргийн сургалтын талаар өгсөн албан даалгаврыг гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрчлэн орон даяарх бүх 10 жил, ТМС, техникум, яам, үйлдвэр, албан газар, сум, САА, ХАА-н нэгдлийн дэргэдэх цэргийн өмнөх насны залуучуудын болон их, дээд сургуулиудын оюутан, залуучуудын судалгаа гарган, сургалтын хөтөлбөр бусад холбогдох бичиг баримтыг боловсруулсан.
 
Мөн төв орон нутагт газар дээр нь цэргийн сургалтыг удирдах офицер, цэрэгжилтийн багш нарыг судалж, тэднийг БХЯ руу дуудан ирүүлж тэдэнтэй 14 хоногийн заах аргын сургалт семинарыг явуулсан. Эдгээр офицер, цэрэгжлийн багш нарт үзүүлэх зорилгоор Нацагдорж захиралтай нийслэлийн 14, Сүхээ захиралтай 10 жилийн 13 дугаар сургуулиудад цэргийн анхан шатны хичээлийн кабинет, цэрэг-эх оронч хүмүүжлийн булан жагсаалын талбайнуудыг байгуулж үзүүлээд энэ ажлыг ажиллах сургууль болгондоо очиж гүйцэтгэхийг даалгасан юм.
 
Эдгээр офицер, цэрэгжлийн багш нарт цэргийн тангараг, зэвсгийн бие анги, цэргийн дүрмийн заалтуудыг судлуулан цэргийн ангиудын дотоод амьдралыг үзүүлж, буудлага, тактикийн хичээл зааж, шалгалт авч бэлтгэл офицер болгон ирсэн газар руу нь буцаан явуулсан.
 
Мөн Сайд нарын Зөвлөлийн цэргийн референт хурандаа Дэмчигсүрэн болон хамт ажиллагч офицеруудтай хамтарч оюутан залуучуудын цэргийн сургалттай холбоотой МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн тогтоолын төслийг боловсруулж холбогдох яам, газруудын санал визэд цуглуулан авч батлуулан. мөрдөж ажиллахад бэлэн болгосон.
 
Би БХЯ-ны сайдын тушаалаар 1980 оны хоёрдугаар сард УБДС / одоогийн МУБИС/-ИЙН оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр томилогдож БХЯ, ЭХЯ-наас офицер, эмч, багш нарыг томилуулж, хэрэгцээт сурах бичиг, гарын авлага, сургуулийн буу зэвсэг, хэвлэмэл зурмал үзүүлэн таниулах зэргийг татан авч, сургуулиас шаардпагатай өрөө, тасалгаа, байрнуудыг хүлээн авсан. БХЯ-наас өгсөн тушаалын дагуу их, дээд сургуулиудын офицер, эмч багш нарын гурван өдрийн заах аргын семинар цугларалтыг удирдан явуулсан. Төдөлгүй УБДС-ийн ректорын зөвлөл хуралдаж, намайг сургуулийн зөвлөлийн гишүүн, спорт клубын тэргүүлэгчээр сонгосон юм. 
 
Тэнхимийн офицер, эмч, багш нар бид лекцээр 350, дадлагаар 150, бүгд 500 цагийн сургалт оюутнуудын дунд зохион явуулж байсан. Манай тэнхимийн офицер, эмч, багш нар хичээлийн бус цагаар оюутнуудад давтлага өгөх, бүлгэм дугуйлан хичээллүүлэх, багш нартай үзүүлэх болон нээлттэй хичээл явуулах, оюутнуудаар тусгай сэдвээр реферат бичүүлэх, заах арга, онол эрдэм шинжилгээний хурал хийх ажлуудыг тогтмол зохиож байлаа. Ю.Цэдэнбал цэрэг иргэний харилцааг бэхжүүлэх, цэрэг-эх оронч үзлээр оюутан залуучуудыг хүмүүжүүлэх талаар үлэмж анхаардаг байсан.
 
Оюутан, залуучуудын цэргийн сургалтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн тогтоолд залуучуудыг цэрэг-эх орон ч үзлээр хүмүүжүүлэн, тэдэнд улс төр, ёс суртахууны өндөр чанарыг төлөвшүүлэн, бие бялдрын хүмүүжил олгох, түүнчлэн цэргийн албанд бэлтгэх, цэргийн хэргийн өндөр мэдлэг, дадлага бүхий цэрэг, түрүүч, офицеруудын нөөцийг бүрдүүлэх нь улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой, болно гэж заасан байна.
 
Нам төр, цэргийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын БХЯ-ны сайдад өгсөн албан даалгаврын үндэс нь энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд оюутан залуучуудад цэргийн сургалт явуулахад сайтар бэлтгэгдсэн сургалтын иж бүрэн материаллаг баазгүйгээр уг ажлыг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байсан.
 
Иймд 1982 оны хавар хуучнаар МАХН-ын Төв хорооны захиргааны байгууллагын хэлтэс, БХЯ, ЭХЯ, Дээд, тусгай, дунд боловсролын улсын хорооноос их, дээд сургуулиудын оюутны цэргийн сургалтыг УБДС-ийн оюутны цэргийн сургалтаас эхлэх шийдвэр гаргаж энэ сургалтыг хэрэгжүүлэхийн тулд УБДС-ийн цэргийн тэнхимийн туршлагаар, түүний бэлтгэсэн оюутны цэргийн сургалтын үлгэр жишээ иж бүрэн бэлтгэсэн материаллаг баазын жишээгээр гүйцэтгэх тушаалыг надад өгсөн юм. 
 
Энэ тушаалыг биелүүлэхийн тулд би ректорын зөвлөлийг хуралдуулж тус сургуулийн сургалт эрхэлсэн проректор гавьяат багш М.Юндэн ахлагчтай, цэргийн тэнхимийн эрхлэгч надаас бүрдсэн комисс байгуулсан. Энэ комиссын бүрэлдэхүүнд ардын зураач Г.Одон түүний оюутнууд, зарим лаборантууд, цэргийн тэнхимийн офицер, эмч, иргэний хамгаалалтын офицер, багш нар орж ажилласан.
 
1983 оны хавар энэ ажлын гүйцэтгэлийг Ю.Цэдэнбал даргын нэрийн өмнөөс хуучнаар МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч хошууч генерал Ө.Чойжилсүрэн, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл тэргүүтэй иж бүрэн комисс УБДС-д ирж миний удирдсан тэнхимийн ажлыг шалгаад онц сайн гэсэн үнэлэлтийг өгөөд энэ ажлын туршлагыг яаралтай бусад их, дээд сургуулиудын цэргийн тэнхимүүдэд нэвтрүүлэх шийдвэр гаргасан билээ.
 
Би 1980-1983 оны хавар хүртэл, УБДС /одоогийн МУБИС/-Д оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр, 1983 оны хавраас 1988 оны намар хүртэл ПТДС /одоогийн ШУТИС/-Д цэргийн тэнхимийн орлогч эрхлэгч ахлах багшаар ажилласан ба энэ сургалтын үр дүнд УБДС-аас төрийн шагналт гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Дэлхийн самбо бөхийн аварга, гавьяат тамирчин Н.Бүргэдээ, Жүдо бөхийн гавьяат дасгалжуулагч улсын заан Цэнд-Аюуш, заан Гочоосүрэн, улсын начин Хүрэлбаатар, яруу найрагч А.Даваасамбуу, доктор Пүрэв-Очир, улсын өмгөөлөгч Ч.Энхээ, ПТДС/ одоогийн ШУТИС/-иасулсын арслан, Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваацэрэн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн, чөлөөт бөхийн гавьяат тамирчин Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Дашдорж, Гарамгайбаатар, Гансүх, БХЯ-ны барилга захиалагчийн товчооны инженер хурандаа Батбаяр, аймгийн заан /Дэгээ/ Баяраа зэрэг шилдэг тэргүүний бэлтгэл офицер, бэлтгэл сувилагч нар төрөн гарсанд Монгол улсын гавьяат багш, тэнхимийн эрхлэгч миний бие та нараараа бахархан үргэлж та нартаа баярлаж явдаг юм.
 
Миний энэ хөдөлмөрийг төр засаг, армийн командлал өндрөөр үнэлж 30 гаруй одон медаль, хүндэт тэмдгээр урамшуулан шагнасны дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулган 2013 оны хоёрдугаар сард Монгол Улсын гавьяат багш цол хүртээж үүний дагуу миний төгссөн хотын багшийн сургууль мөн ажиллаж байсан МУБИС, ШУТИС-ийн бахархлын самбарт миний нэр ба дурсгалын зургийг мөнхжүүлэн байрлуулсанд тэдгээр сургуулиудын удирдлагуудад баярлаж байгаагаа илэрхийлж байна.
 
Монгол Улсын гавьяат багш,
дэд хурандаа, сэтгүүлч Ц.Төвөө