sonin.mn
Олон жилийн өмнө хэсэг нөхдийн санал санаачлагаар байгуулагдаж 2-3 даргын нүүр сольсон ч чиглэсэн зорилго, ажил үйлсээрээ зөвхөн Монгол төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын үйл хэргийг зөвтгөн цагаатгуулах, түүний шударга үйл хэргийг мөнхжүүлэх, Монголыг хойч үед зөв таниулах ойлгуулах түүхэн үйл хэргийн төлөө хариуцсан ажлын хажуугаар нь давхар ажлаа босгож, цалингүй “зүтгэлтэн” болсон бидний зорьсон үйлс бүтэж, санаа сэтгэл нь баясаж суугааг хараад энэхүү нийтлэл тэмдэглэлээ тэрлэн сууна.
 
Хүн нь хүнийхээ төлөө, тэр тусмаа сайн үйлс бүтээсэн сайхан гэвч багадах хүнийхээ төлөө, хариу нэхэлгүй бүтэн 25 жил зүтгэж, хүссэн зорьсноо биелүүлсэн тэр хүмүүсийн тухай бичихгүй, дурсахгүй өнгөрөх нь мөн л хүн чанаргүй явдал гэх бодлоор үүнийг бичиж, тодруулахаар шулуудсан нь энэ. Монгол төрийн нэрт зүтгэлтэн агуу хүн Ю.Цэдэнбалын үйл хэргийг харлуулан харьд цөлж "Монголоо хөмөрсөн тогоо шиг болгосон хүн” мэтээр залуу үед ойлгуулахыг хичээсэн цөөн хэсэг байхад тэр хүн тийм биш, ийм хүн байсан гэдгийг нотлон цагаатгаж, зохих байр сууринд нь эргүүлэн тавьж Монгол төрийн удирдагчаар 44 жил эндэлгүй ажилласан Ю.Цэдэнбалын үйл хэргийг зөвтгөж түүхийн эрүүл үзэгдлийг нь эргүүлэн авчиртал бас ч гэж их хөдөлмөр судалгаа, хүн чанар, цаг хугацааны асуудал орсон ажил байсныг тэмдэглэх хэрэгтэй.
 
Мөн хүний ур ухаан, авъяас нөр их хөдөлмөр шаардсан нь ч мэдээж энэ хүний цагааныг хар болгож, зөөлнийг хатуу, зөвийг буруу болбогчихсоныг судалж, тогтоох, үнэн зөвийн олж, судлах- мэдээлэл цуглуулах бодит байдал, судалгаа дүгнэлт хийх, зөрүүтэй үзэгдэл хоёрын харьцуулж ойлгуулахад Ю.Цэдэнбалын эрдэм судлалын төв, академийн хийсэн ажил, гүйцэтгэсэн үүргийг энэ хүний мэндэлсэн 100 жилийн ойн арга хэмжээ нэг хэсгийн дотор бахархал баяр төрөхүйц, нөгөө хэсэгт эргэлзээ төрөх, ухаарал-бодрол, харьцуулалтын их харгуй туулан байж тэмдэглэж байгааг нийгмээр бид харлаа. Яг энэ цаг мөчид элдэв нутгархалгүй, үзэл бодлын туйлшралгүй хэлэх ганц зүйл бол Ю.Цэдэнбал хэлмэгдсэн нь үнэн, цагаатгаж чадсан нь түүхэн үнэн болж тогтоогдсон үнэн билээ.
 
Энэ үйл хэрэгт Эрдэм судлалын төв, Ю.Цэдэнбалын академи, нийгмийн ороо бусгаа хүнд хэцүү тогтолцоо үзэл бодлын утга учиргүй их туйлшралыг гэтлэн давж, судлагдахууны бодит байдалд шинжлэх ухааны хүнлэг ёсоор түүхэн хандлага гаргаж, зөвхөн Ю.Цэдэнбал гэж хэлбийлгүй, нийгэм журамт гэх, Монгол улсын өнгөрсөн 70 гаруй жилийн бүхэл бүтэн цогц түүхэнд бодит үнэн дүгнэлт хийж цагаатгал-гэгээрэл, уучлал-судлал хослуулан үнэн их түүхэн үйлс бүтээснийг тэмдэглэх ёстой болов уу. 
Энэ бол Монгол Улсын монгол хүний түүх бүтээмжийн зурвас үе юм. Энэ үйл хэрэгт зүтгэсэн цөөн бус нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, төрийн түшээ, элч, төлөөлөгчдийн нөр их хөдөлмөр нь түүхэнд зайлшгүй санаачилсан зүйл, гүйцэтгэсэн үүргээрээ үлдэх мөртэй хэлэх үгтэй байх нь тодорхой юм.
 
Ю.Цэдэнбалын 100 жилийн ёс төртэй энэ баяраар төр апдсан алдаагаа гэмшиж цайруулж, тэр их удирдагчийн алтан шарил дээр хүндэтгэл үзүүлж ёслол үйлдэж, зүрх сэтгэлээрээ тэр их хүний сүнс сүлдэрт мөргөн мэхийсэн шигээ тэр хүн их үйлсийг түүхэн үнэнээр цагаатгаж, мэндэлснийх нь 100 жилийг тэмдэглэх хүртэл төрөөс ямар ч хамааралгүй хичээл зүтгэл гарган зүтгэж, 20 гаруй том ном товхимол бүтээж хэвлүүлэн, хоёр том кино бүтээсэн.
 
Ю.Цэдэнбал үйл хэргийг хараас нь эхлэн гэгээлэг гэрэлтэй болох хүртэл нь үндсэн ажлынхаа хажуугаар чин үнэн санаагаар зүтгэсэн их үйлстэн бол Ю.Цэдэнбалын академийн дэд ерөнхийлөгч доктор, МУИС-ийн багш Ц.Жамбалсүрэн байж чадсан гэдгийг онцолмоор байна.
 
Энэ хүн их удирдагчийн үйл хэргийг зөвтгөхөд хөл хөсөр, цаг наргүй их үйл бүтээн, зүтгэж, хамтран зүтгэгчдээ уриалан зохион байгуулж, нийгэмд элдэв талцал үүсгэлгүйгээр улс төрийн аядуу зөөлөн, эвсэг аргаар ажиллаж, зорилгоо төгс сайн биелүүлсэнд нь Увс аймгийн хүндэт иргэн цолоо олгож, төр, ШУ-ны гавъяат ажилтан цол олгосон ч багадах их хүчин чадал гаргаж хүнлэг ёсны их ариун үйлс бүтээсэн гавъяатан гэвэл тал зассан болохгүй, харин ч шударга үнэн байдал болох учиртай билээ.
 
Олон хүн итгэж хэлж, ярьж, харж хүлээж байсан. Гэтэл төрийн нүд мэлмийг сохор, түмний үнэлгээ ч талаар болсонд харамсал төрөв. Бал даргын ой өнгөрсөн ч болсон юманд түүхэн үнэн нэн хэрэгтэй.
 
Ю.Цэдэнбал академийн урдны болон одоогийн бүтээлч бус тулга тойрсон их хүний нэрээр бизнес сэтгэлгээндээ автсан цөөн зарим нэг хүн бусдыг биш өөрсдийгөө дөвийлгөсөн сэтгэлгээний хоцрогдлын уршгаар, үйл хэргийн жинхэнэ гүйцэтгэгч бүтээлч хүнд төрийн хайр халамж хүртээх санал санаачлага зам зуур гээгдсэн харамсал төрж хариуцлагагүй нөхдийг хамтран ажиллах замаасаа холдуулахын чухлыг ч тэмдэглэмээр байна..
 
Ю.Цэдэнбал академийн дэд захирал доктор Ц.Жамбалсүрэн зөвхөн Ю.Цэдэнбалын үйл хэргийг сэргээх үйлсэд ч биш, Монгол Улсын хойч ирээдүйн боловсон хүчнийг төрүүлэх МУИС-ийн багшаар он удаан жил зүтгэж сургалт судалгааны арвин их бүтээл туурвисан бүтээлч эрдэмтнийх нь тухайд түүний урт хугацааны гавъяа багшлах гайхам үйлсэд нь тохирох төрийн хайр шагнал хүртээх цаг нь болсныг төрийн сонорт өргөн мэдүүлэх нь шударга ёсны зарчим гэж бодох юм.
 
Ер нь Ю.Цэдэнбалын академийн үйл ажиллагааг цаашид төр засгийн ивээлд авч, Чингис судлал, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын төр засгийн түүхэн удирдагчдын үйл хэргийг судлах судалгааны төв болгон ШУА-ын дэргэд өргөжүүлэн байгуулах нь зүйтэй мэт санагдана гэсэн саналаар үгээ өндөрлөв.
 
Ц.ЯДАМСҮРЭН / сэтгүүлч нийтлэлч /