sonin.mn
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрүүл тэмцлийн тэргүүн магнайд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гарч ирсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ.
 
Зарим нэг нь Ц.Нямдоржийн дайчин шударгууг магтан дуулж байгаа бол зарим нь "Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд намынханыгаа шантаажилж байна" гэж хэл амаа билүүдэж байгаа юм. Тэгвэл Ц.Нямдоржийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь Монгол дахь хамгийн том бизнесийн бүлэглэлийн зүгээс Ц.Элбэгдорж руу шидэж байгаа төмөр жаднууд юмсанж. Насаараа төрд ажилласан гэж гайхуулах дуртай Ц.Нямдорж "MCS" группийн барьсан, олон өрөөтэй, тансаг зэрэглэлийн байранд амьдардаг гэдгийг олон түмэн мэднэ.
 
Мань эр өөрөө "Би түрээсийн байранд амьдардаг" гэж ширэн нүүрлэн дайрдаг ч "MCS" группийн босс Ж.Оджаргал түүнд "бэлэглэсэн" болох нь одоо нэгэнт ил болсон. Үнэтэй тансаг байр бэлгэнд өгсөн бас авсан энэ явдал Ц.Нямдорж, "MCS"-тэй хир зэрэг ойр дотно болохыг ч гэрчилдэг. "MCS" групптэй эд хөрөнгөөр дамжуулан амь нэгдсэн Ц.Нямдорж эгзэгтэй чухал цаг мөчид "MCS"-ийнхээ эрх ашгийн төлөө яахаас ч буцдаггүй аж. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалттай "MCS" группийн эрх ашиг сүүлийн үед ихэд хөндөгдөн, уул уурхайтай холбоотой том том төслүүд нь бүтэлгүйтэж эхэлсэн байна. Тухайлбал Таван толгойн төслийг Хятадын төрийн эзэмшлийн "Шиньхуа" групптэй хамтран Монголын төрөөс булааж авах гэсэн оролдлого нь бүр талаар болжээ. Хоёр жил гаруйн өмнө "MCS", "Шиньхуа" хоёр Таван толгойн төслийн тендерт ялагчаар тодорсон боловч УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй хүмүүс уг төслийг Хонконг, Тайвань, Бээжингээс хамааралтай гадаадын компанид өгөхгүй гэж гүрийсээр байгаад унагаж орхисон юм.
 
Гэлээ ч гэсэн "MCS" группийн Монгол дахь эзэн Ж.Оджаргал нэлээн хэдэн хүнийг хөрөнгө санхүүгээр дэмжин УИХ-д сойж, заримыг нь сайд болгож дөнгөсөн. Тэгтэл нөгөөдүүл нь өнөөгийн төр засагт байгаа бизнесийн бүлэглэлүүдэд шальтай нөлөө үзүүлж чадахгүй байгаа юмсанж. Тэгж байтал түүнтэй гайгүй сайхан харьцаатай байсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зан хувиран Таван толгой зэрэг томоохон төслүүдийг гадаадын компаниудад өгөхгүй, гадныханы хөрөнгө орсон компаниудад ч өгөхгүй гэсэн байр суурьтай болжээ. Бүр нарийн ярих юм бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Оджаргалыг үл тоомсорлодог болсон аж. Ж.Оджаргал үүний учрыг олохын тулд Ц.Элбэгдоржтой нэг арга хэмжээн дээр тааралдах үедээ "MCS групп яагаад Таван толгой зэрэг томоохон төсөлд оролцож болохгүй болов" хэмээн асуухад цаадах нь "Та нар Таван толгой төслийн нэр хүндийг навсайтал унагасан шүү дээ" гэсэн байна.
 
Мөн Хятадын томчуудтай өөрөө харилцаа тогтоон, өөрт ашигтайгаар зохицуулах гэж байгаа нь ч тодорхой болсон аж. Иймээс Таван толгой зэрэг Монголын стратегийн гол гол орд газруудыг мэдэлдээ авна гэсэн том хүсэл тээн түүнээсээ ухарч няцахгүй яваа хүн билээ. Харин энэ хүсэлд нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илт саад болж эхэлсэн тул өөрийн гарын хүн Ц.Нямдоржоор дамжуулан "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлыг дэвэргэж эхэлжээ. "Эрдэнэт"-ийн Оросын талын 49 хувийг Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай мэтийн мөнгөний ашиг сонирхолоороо нэгдсэн бүлэглэл худалдаж авсан нь Ц.Нямдоржид сайхан шалтаг болж дуртайяа хэл амаа билүүдэж эхэлсэн байна. Түүнээс биш тэр урьд нь, ялангуяа сонгууль дөнгөж дуусмагц энэ тухай ярьж болох л байсан юм.
 
Гэтэл тэгээгүйгээр үл барам "Би харин ч их юм нууж яваа шүү. Багабанди ерөнхийлөгч байхдаа "Эрдэнэт"-ээр барьцаалан Да.Ганболдыг удаа дараа ерөнхий сайд болоход нь саад хийсэн. Тэр үед Ганболд хэвлэлийн бага хурал хийдэг юм уу гээд уйлаад явж байсан" гэхчилэн "Эрдэнэт"-ийн тухай асуудлыг үргэлж нууж хааж явснаа өөрөө хэлсэн юм. Өмнө нь ийм байр суурьтай байсан хүн гэнэт эх оронч болно гэж байхгүй. "Эрдэнэт" үйлдвэр, Таван толгойг тойрсон тэмцэл нь улс төр, бизнесийн бүлэглэлүүд тэр тусмаа "MCS" группийн монгол ноёнтон Ж.Оджаргал тэргүүтэй бүлэглэл, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бүлэглэл Монголын баялгийн төлөө улам ширүүн тулалдаж эхэлсэн болохыг харуулж байна.  
 
Жич: Манай сонины дараагийн дугаарт Америкийн тэргүүн баячуудын  нэг, тус улсын төмөр зам, барилга, цементийн зах зээлийг бараг бүхэлд нь гартаа атгаж байгаа Ж.П.Морганийг шүтэн биширч Монголд эрхэлж байгаа бизнесээ ч түүний загвараар өргөжүүлж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн эзэн,  Гүүгл компанид 100,000 доллар төлөн өөрийнхөө зургуудийг устгуулсан Д.Эрдэнэбилэгийн тухай тодорхой нийтэлнэ.
 
Эх сурвалж: "Ноцтой мэдээ"сонин