sonin.mn
 “Ану хатан”, “Улаан пальто” уран сайхны кино, “Ану хатан” түүхэн жүжиг, “Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан” роман, “Сувдан даруулга”, “Сэтгэлийн анир”, “Хүслийн цахлай” зэрэг олон номоороо уншигчиддаа танигдсан “Шүүдэр” продакшны захирал, олноо Шүүдэрцэцэг нэрээрээ алдаршсан зохиолч Б.Тогтохбаяртай ярилцлаа.
 
Таны бүтээлд цэрэг дайчдын тухай их бий. Та Зэвсэгт хүчинтэй ойрхон ажилладаг уран бүтээлчдийн нэг...
 
-Би цэргийн хувцсанд дуртай охин байлаа.Багадаа цэргийн ансамблийн дуучин Отгон эгчийг парад хувцастайгаа дуулахыг нь хараад л баймаар, тун дэгжин санагддагсан. Зэвсэгт хүчний жанжин штабынхантай хамтрах болсон нь “Ану хатан” жүжгээ УДЭТ-т тоглох үеэс эхэлсэн юм.
 
Тэр үед ЗХЖШ-ын орлогч дарга байсан хошууч генерал Б.Баярмагнай жүжгийг маань, монгол цэргийн түүхийг харуулсан сайхан бүтээл гээд их дэмжсэн. Жүжгийн хаалтын тоглолт дээр найруулагч УГЗ Б.Баатар бид хоёрыг ЗХЖШ-аас шагнаж байлаа. Дараа нь “Ану хатан” уран сайхны кинонд мөн л ЗХЖШ, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Энхбор маш их дэмжсэн дээ.
 
Мөн манай кинонд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр цэргийн зөвлөхөөр ажилласан. Саяхан бүтээсэн “Галзуу зугаалга" кинонд ч Зэвсэгт Хүчний Жанжин штаб дэмжлэг үзүүлсэн.
 
Сүүлийн үед ямар уран бүтээл, зохиол дээр ажиплаж байна вэ? Таны цаашдын төлөвлөгөө?
 
-“Хотол цагаан гүнж” роман бичиж байна. Юан гүрний үед Хубилай хаантай эцсээ хүртэл тэмцсэн Өгөдэйн удмын Хайду хааны охин бөх гүнж Хотулун буюу Ажурук гэж цуутай эрэлхэг эмэгтэй байсан юм билээ. Тэр гүнжийн тухай роман.
 
Зохиолч хүний алдаа оноо, аз жаргалтай мөчүүд уран бүтээл бүрт нь шингэдэг байх.Таны хувьд ийм жишээ байдаг болов уу?
 
-Зохиолч хүний амьдрал гайхамшигтай. “Ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг бол уншдаггүй нь ганцхан амьдралаа л туулдаг" гэдэг. Зохиолч бүтээлээрээ олон хүний хувь тавиланг бүтээдэг. Зохиол бүрийнхээ ертөнцөд амьдарч чаддагаараа гайхамшигтай.
 
Тэгж байхдаа тухайн цаг үе рүү оюун санааны аялал хийх, санаандгүй түүхийн бодит баримтыг нээж бичих нь ч бий. Транс байдалд орж түүхэн хүмүүстэй холбогддог ч байж магад. Жишээ нь “Домогг Ану хатан” романыг бичиж эхлэхдээ түүхэнд бичээстэй гурван хувилбараас 1653 оныг Галдан хааны эцэг Хотогчин Эрдэнэ баатар хунтайжийн таалал болсон он хэмээн авч, билгийн тооллын оны цол, өнгө жилийг нь мэдэх хэрэгтэй боллоо. Тэгээд Ганданд шавилдаг нэгэн дүүгээсээ асуувал зурхайчаас лавлаж өгье гэсэн. Тэр хооронд нь таагаад ч гэсэн бичиж байя гээд хөх усан могой жил гээд л эхэллээ.
 
Маргааш нь дүү утасдаж байна. “Бичээрэй, эгч. Тийн ялагч хэмээх хөх усан могой жил гэж байна шүү” гэхэд нь би үнэхээр гайхсан. За тэгээд кино зохиолдоо Ану хатан Цэвээнравданг хөөгөөд гүйцэлгүй, дүү Сономравданг харван хөнөөж буй, Галдан хааны аян дайнд одсон хойгуур Оросын элчтэй уулзан галт зэвсгийн наймаа хийх хүсэлт тавьж буй уран сайхны хэсгүүд бүгд Орос болон манжийн түүхчдийн бичиж тэмдэглэсэнтэй хожим нь яг таарсанд их гайхдаг юм. Оросоос Монголын нутгаар аялсан элч нарын тэмдэглэл дунд Ховог сайрын ордонд Ану хатантай уулзсан тухай байдаг юм билээ.
 
Нэрд гарч яваа зохиопч хүний хувьд Монголын утга зохиопд ямар үүрэг гүйцэтгэж байна гэж боддог вэ?
 
-Өөрийгөө дүгнэх нь хэр оновчтой юм бол. Гэхдээ түүхэн роман бичсэнээрээ С.Удвал гуайн дараа орох эмэгтэй зохиолч гэж СГЗ зохиолч С.Оюун эгч нэг нийтлэлдээ бичсэн байдаг.
 
Орчин цагийн залуусын сонголт, амьдралын хэв маягийг Та хэрхэн дүгнэх вэ?
 
-Том асуулт байна. XXI зууныхныг кристалл хүүхдүүд шинэ эринийхэн гэлцдэг. Тэд маш ухаалаг төрж байна. Амьдралын хэв маяг гэвэл би энэ үед төрсөн ч болоосой гэж атаархах үе бий. Цахим ертөнцийн энэ их боломж, нээлттэй дэлхий ертөнц, чөлөөт сэтгэлгээ, адаглаад бидний үеийг бодвол хүн бүхэн өөрийнхөө давтагдашгүй хэмнэлээр амьдрах боломж байна. Нөгөө талаас rap утас, дэлгэц амьд харилцааг хэтэрхий их орлож байгаад таатай ханддаггүй. Бидний үед хүмүүс илүү их уншдаг, байгальтай илүү ойр, илүү амьд харилцаатай байснаараа мэдээж давуу.
 
Түүхэн зохиол бичихийн тулд хэр удаан судалгаа хийдэг бол?
 
-Судалгаа дор хаяж нэг жил. Бичих гэж бас жил гаруй сууна. Зөвхөн түүх судлахгүй, тэр үеийн зан заншил, шашин, урлаг, шинжлэх ухааны. ололт, газар зүйн нэр томьёог хүртэл судлах хэрэгтэй. Ер нь номон дунд живж, оюун тархиндаа нэгэн ертөнцийг бүтээж, нямба сахиж байж л түүхэн роман төрдөг.
 
Зохиолч хүн нийгмийн бүхий л салбарын хүмүүстэй хамтарч ажилладаг. “Ану хатан" уран сайхны кино бол олон хүнийг хамарсан бүтээл. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй ажиллахад хэр гар нийлэмжтэй байсан бэ?
 
-Цэргийнхэнтэй хамтран ажиллах дуртай. Тушаал өгсөн л бол Зэвсэгт хүчнийхэн хаана ч бэлэн байдаг. Ер нь за гэвэл ёогүй. Сүүлийн жилүүдэд эх дэлхийнхээ энхийг сахиулах үйлсэд монгол цэрэг оролцож, гавьяа байгуулж байгаагаар нь их бахархдаг. “Ану хатан” Уран сайхны кинонд Цэвээнравданг Ану хатан хөөж буй хэсгийн зургийг авахдаа Таван толгой дахь Сургалтын нэгдсэн төвд кино баг байрлаж байсан.
 
Монгол цэргийн түүхийг ч их сонирхдог. Бүтээлээрээ дамжаад цэргийн түүхчидтэй их холбогддог юм. Цэргийн хувцас гоё санагддаг байсан нь цаанаа учиртай байх. Ханьтайгаа хамтраад монгол цэргийн түүх, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг харуулсан бүтээл хийсэндээ баяртай байдаг.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний талаарх Таны бодол?
 
-Монгол хүн хаана ч дасан зохицох, ачаалал даах чадвартай, уудам газар нутагт суурьшсан нүүдэлчин удамтайн хувьд орон зайн баримжаатай байдаг нь Монгол Улсын энхийг сахиулагчид халуун цэгүүдэд нэр төртэй үүргээ гүйцэтгэх нэг хөшүүрэг болдог гэж сонссон.
 
Монголчууд тулааны урлаг, морины соёлоороо л дэлхийг талыг эзэлж явсан ард түмэн. Өнөөгийн Зэвсэгт хүчин дээдсийнхээ уламжлалыг бахдалтай үргэлжлүүлж байна гэж бахархдаг. Саяхан болсон АСЕМ-ын чуулганы арын алба, хамгаалалтыг ч Зэвсэгт хүчин нэр төртэй авч гарлаа шүү дээ.
 
Энэ цагийн баатрууд болсон энхийг сахиулагчдын талаар бүтээл хийх сонирхол танд бий юу?
 
-Боломж гарвал энхийг сахиулагчдын талаар бүтээл дуртайяа хийнэ.
 
Ахмад Д.Оюунгэрэл
Эх сурвалж: "Соёмбо" сонин