sonin.mn
Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трампын шалиглал, зүй бус авирын тухай шуугиан хүчээ авч байна.
 
Тэрээр эмэгтэй хүнтэй зүй бусаар, түрэмгий байдлаар харьцсан, шалиг завхай үйлдэл гаргасан хэмээн хэд хэдэн эмэгтэй гомдол мэдүүлээд байгаа. “Трампын гар миний бие дээгүүр наймаалжны тэмтрүүл шиг л явж байсан” хэмээн нэгэн эмэгтэй тэрбумтан  нэр дэвшигчийн зүй бус авирын талаар ярьж байв. Сүүлийн үеийн судалгаагаар, АНУ-ын эмэгтэй нэр дэвшигчид Дональд Трампаас нүүр буруулж байгаа нь харагдаж байна. Гэвч энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй юм. Секс шуугиан, гэр бүлээс гадуурх харилцаанд холбогдож байсан АНУ-ын Ерөнхийлөгч нар цөөнгүй байдаг.
 
ТОМАС ЖЕФФЕРСОН
 
 
 
АНУ-ын Үндсэн хуулийн үлэмж хэсгийг боловсруулж нягталсан, Америкийн ардчиллын эцэг нарын нэг гэгддэг, хоёртын долларын дэвсгэрт дээр дүр нь мөнхөрсөн тэрбээр хадмынхаа охин буюу эхнэрийнхээ дагавар дүү, хар арьст боол Салли Хэмингстэй үүсгэсэн харилцаагаараа түүхэнд нэрээ үлдээсэн юм.
 
ADN шинжилгээгээр Хэмингсийн нэг хүүхэд нь Жефферсоны хүүхэд гэдэг нь нотлогдсоноос гадна түүний таван хүүхэд нь АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгчийн хүүхэд гэсэн яриа байдаг. Тэдний дөрөв нь нас биед хүрэхэд Жефферсон боолоос чөлөөлсөн бичиг хийж өгч байсан хэдий ч Хэмингс бүсгүйг боолчлолоос чөлөөлсөнгүй. Түүнийг Ерөнхийлөгч байсан цагаас хойш бүсгүй боол хэвээрээ байсаар өөд болсон юм.
 
ЖЕЙМС БУКАНАН
 
 
Цагаан ордон эзэгтэйтэй байхыг хүсдэггүй америкууд ижил хүйстэн Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөх үү? Америкууд үүнийг хүлээх хэрэггүй, учир нь улс орны толгойд ижил хүйстэн удирдагч байсан тохиолдол аль хэдийнэ байсан билээ. 1857-1861 онд АНУ-ын 15 дахь Ерөнхийлөгч байсан Жеймс Буканан амьдралынхаа туршид гоонь байсан АНУ-ын цорын ганц Ерөнхийлөгч юм. Тэрээр олон жилийн турш Алабама мужийн сенатч, экс дэд ерөнхийлөгч Виллиам Кингтэй хамт амьдарсан бөгөөд энэ харилцааг нь олон хүн мэддэг байв. Тэр үед АНУ одоогийнхоос ч илүү нээлттэй байсан гэдэг.
 
УОРРЕН ХАРДИН
 
 
 
1921-1923 онд төр барьсан Уоррен Хардинг олон хүн АНУ-ын түүхэн дахь хамгийн муу Ерөнхийлөгч гэж үздэг. Түүний Цагаан ордон дахь он жилүүд авлига төдийгүй секс шуугианаар дүүрэн байсан юм. Тэрээр найзынхаа эхнэртэй 15 жилийн турш янаг амрагийн харилцаатай байснаас гадна 30 насаар дүү эмэгтэйтэй учир ургуулж нэг охинтой болжээ. Хардин бие тааруу байхдаа хоолны хордлогын улмаас хорвоог орхисон ч тэр үеийн цуу яриагаар, эхнэр нь түүнийг хордуулсан гэдэг.
 
ФРАНКЛИН ДЕЛАНО РУЗВЕЛЬТ
 
 
Дэлхийн II дайны үеэр АНУ-ыг удирдаж байсан Рузвельт гэр бүлээс гадуур харилцаагаараа алдартай нэгэн байсан. Тэрээр эхнэрийнхээ нарийн бичиг бүсгүй, Норвегийн гүн Марта зэрэг хэд хэдэн бүсгүйтэй амраглаж явжээ.
 
ЖОН ФИЦЖЕРАЛЬД КЕННЕДИ
 
 
Тэрээр олон үнэнч бус байдалд хутгалдаж байсан ч АНУ-ын түүхэн дахь хамгийн алдартай Ерөнхийлөгч нарын нэг гэсэн цол гуншинд нь огтхон ч нөлөөлөөгүй юм. Холливудын од Мэрилин Монро, сэтгүүлч Инга Арвад, шөнийн клубын тайчигч Блейз Старр, мафийн толгойлогчдын амраг Жудит Экснер гээд түүний хайрын романс үүсгэсэн бүсгүй тун олон. Жон Кеннеди мөн Цагаан ордны нарийн бичиг бүсгүйчүүд болох Прис­цилла Вейр, Жил Кован нарыг “уруу татаж” Ерөн­хийлөгчийн усан санд гурвуул хамтдаа нүц­гэн усанд орж байсан гэдэг.
 
БИЛЛ КЛИНТОН
 
 
АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоныг тойрсон секс шуугиан одоо ч үргэлжилсээр. Эхнэрийнх нь Цагаан ордны төлөөх тулаанд сөргөөр нөлөөлж магадгүй мэт байдаг. Арканзас мужийн захирагч байхаасаа л Женнифер Флауэрс хэмээх бүсгүйтэй амраглаж байсан тэрээр олон эмэгтэйтэй учир ургуулсан байдаг. Тэдгээрээс хамгийн алдартай нь Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левинскитэй үүсгэсэн амрагийн харилцаа байлаа. Цагаан ордны Зууван танхимд дадлагажигч оюутан бүсгүйтэй амраглаж байх “цөстэй” Ерөнхийлөгч түүнээс өөр бараг байхгүй биз. Билл Клинтон энэ харилцааныхаа төлөө шүүхэд дуудагдаж, огцрох шахаж байв.
 
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин