sonin.mn
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль болон дагалдах хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.
 
Гишүүдийн хувьд хүүхдийн мөнгийг ялгавартай олгож, Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгож, “Насны хишиг” олгож байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал УИХ-ын Д.Эрдэнэбат “Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгаа нь буруу. Жишээ нь 17 настай хүүхэд хоёр жилийн дараа 19 хүрнэ.
 
Тэр үед мөнгөө хэрхэн авах вэ? Нөгөө талаар 2019 он хүртэл ямар нэг байдлаар хүүхэд эрсдэлд орвол яах вэ. Ахмадуудыг хүртэл насаар ялгаварлаж “азай буурал” гэх мэт тодотгол гаргаад байгаа нь яав ч зөв зүйтэй алхам биш. Монгол хүний дундаж наслалт 69, тэтгэвэрт гарах нас 50, 55, 60 байхад 70-аас дээш настай ахмадад хишиг олгон гэж болохгүй” гэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хүүхдийн мөнгийг анхнаасаа 60 хувьд нь олгоно гэж төсөвлөсөн мөртлөө сонгуулийг урьтаад бүгдэд нь олгочихсон. Үүнээс шалтгаалаад төсөвт тодотгол хийх болсон. Гурван сар хүүхдийн мөнгө аваад 18 хүрэх хүүхдэд 2019 онд хуримтлагдсан гурван сарынх нь мөнгийг нөхөн олгоно. Бүгд тооцоо судалгаатай бүртгэлтэй байгаа. Хүүхдийн эрсдлийн тухайд яг одоо хариулах боломж алга байна” гэв.
 
Тэрбээр мөн ямар ч тохиолдолд хүүхдийн мөнгө болон ахмадын “Насны хишиг” бол ялгаварлан гадуурхалт биш. Харин эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн хөрөнгө мөнгөндөө захирагдан гаргаж байгаа үе шаттай зохицуулалт гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн төсөв, эдийн засаг сайжирвал бүх хүүхэд, ахмадуудад мөнгөн халамжийг олгоно гээд 70-аас дээш настай ахмадуудад насны хишиг олгоход 20 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг хэлж байлаа.
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг