sonin.mn
Монгол Улсаас морины “мумми” олдсон тухай “National Geograpchic” сэтгүүл өнгөрсөн сарын дугаартаа нийтэлжээ. Энэ талаар Үндэсний музейн археологич Ж.БАЯРСАЙХАНТАЙ ярилцлаа.
 
Танай малтлагын баг монголоос анх удаа морины “мумми" нээж илрүүлсэн гэсэн. Муммиг малтаж гаргах багийн ахлагчаар таныг ажилласан гэж сонссон юм байна?
 
-Үндэсний музей рүү Ховд аймгийн цагдаагийн газраас мэдээлэл ирүүлсэн. Хэсэг иргэд эртний дурсгалыг тонож сүйтгээд зарим эд өлгийн зүйл нь цагдаагийн газар хураагдсан байна гэж мэдээлсэн. Тиймээс мэргэжлийн судлаачдын баг гарган, Ховд аймгийг зорьсон. Өнгөрсөн тавдугаар сард тэнд 10 гаруй хоног ажиллаж, морины маш сайн хадгалсан “мумми” илрүүлсэн байгаа.
 
Нутгийн иргэд тоносон байсан гэлээ. Мэргэжпийн багийг очиход байдал ямар байв?
 
-Хамгийн эхлээд Ховд аймгийн цагдаагийн газарт хураагдсан эртний эд өлгийн зүйлтэй танилцсан. Эртний модон эмээл, нум сум, вааран сав зэрэг зүйл байсан. Тэдгээрийг харахад нэлээд сайн хадгалагдсан агуйн оршуулга гэдэг нь тогтоогдсон. Органик материалууд ингэж сайн хадгалагдана гэдэг нь газар дор биш хаданд хадгалагдаж байсан нь тодорхой байлаа. 
 
Тэгээд цагдаа нар, нутгийн удирдлагуудаар заалган тухайн агуйд очиж ажилласан. Мянгад сумын нутаг “Урд улаан үнээт” гэдэг томоохон уулын баруун урд энгэрт тухайн агуй байрласан. Биднийг очиход зарим эд өлгийг буруу гартнууд сүйтгэсэн байлаа. Агуйн аман дээр ширэнд нь боосон адууны “мумми” буюу толгой, хүзүү, дөрвөн туурай, сүүлтэйгээ булш байсан.
 
Хэдий хугацааны өмнөх олдвор бол?
 
-Он цаг тогтоох шинжилгээг удахгүй гадны оронд хийлгэх төлөвлөгөөтэй байгаа. Бид 400 жилийн өмнөх үетэй холбогдож, магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байна. Ерөнхийдөө авсны мод эмээл, хазаар зэргийг харахад Түрэгийн үед буюу тэрнээс арай хожуу үетэй холбогдож болно. Үнэ цэнэ, түүхэн мэдээлэл, хадгалагдсан байдлынхаа хувьд маш үнэтэй эд өлгийн зүйл юм. Нум нь хөвчтэйгөө, эмээлийн жирэм оломных нь сур бараг хэвээрээ байлаа. Ингэж сайн хадгалагдсан эд өлгийн зүйл үнэхээр ховор юм.
 
Тухайн агуйгаас өөр ямар олдвор нээж илрүүлсэн бэ?
 
-Сүйтгэсэн байсан учраас зарим эд өлгийн зүйлийг тогтооход хүндрэлтэй байлаа. Дээл хувцасны тасархай тухайн орчинд тарсан. Агуйн ам руу ороход хүний хагас хатсан мумми маягиин шарил, модон авс, гахайн ширэн дээл, хоёр ширэн ууттай зүйл гарсан. Нэг ширэн уутанд нь дугуй модон тоглоомууд байлаа. Нөгөөд нь нунтаг, шингэн зүйл хадгалж байсан болов уу гэмээр наалдаад хатсан зүйл байсан.
 
Тэрийг одоо хүртэл задлаагүй байгаа. Лабораторийн төвшинд судалгаа хийсний дүнд юу байсныг нь илрүүлэх боломжтой. Бид олдворуудыг гаргаж, агуйн шорооноос дээж авч нягталсан. Мөн Цагдаагийн газар хураагдаад байсан эд өлгийн зүйлийг хууль журмынх нь дагуу Улаанбаатар хот руу шилжүүлсэн.
 
Ер нь соёлын өвийн хамгаалалтын асуудал манайд сул байна уу гэж хардаг. Та үүнд ямар бодолтой байна вэ?
 
-Үнэхээр сул, бараг эзгүй байна гэж хэлж болно. Одоогоор говь, тал, хээр цаашлаад хүн нутагладаггүй зэлүүд газрын соёлын өвүүд бүрэн тоногдож дууссан.
 Үүнд сэтгэл эмзэглэж явдаг. Соёлын өв рүүгээ дайрч давшилсан, ямар ч хараа хяналтгүй байдал энэ салбарт үүсээд байгаа. Тиймээс төр засаг анхаарах цаг нь болсон гэж судлаачийн хувьд боддог. Шинээр хэлэлцэгдэж буй соёлын өвийн хуулинд энэхүү тонож сүйтгэсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. 
 
Тэр нь хэрэгжээд эхэлбэл байдал арай дээрдэх болов уу гэж хардаг. Одоо бол тоносон этгээдийг олсон ч хуулийн зүгээс хариуцлага хүлээлгэх тогголцоо байхгүй байна.
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин