sonin.mn
Япон дууны хатан хаан гэгддэг алдарт дуучин Яширо Аки Монголын тал нутаг хийгээд өнгөрөгч зун манай улсад хийсэн тоглолтынхоо сонин хачинаас орон нутгийн мэдээллийн сайтдаа хэрхэн ярьсныг уншигчиддаа “Оддын цаг” булангаараа дамжуулан сонирхуулахаар бэлдлээ.  
 
Тэрбээр Д.Сосорбарамын шүлэг “Жамаас” дууг япон хэлнээ орчуулан дуулсан төдийгүй, Монгол Улсын соёлын Элчээр томилогдсон нэгэн юм. Дуучин Яширо Аки 2015 онд Монголд анх ирж байсан гэдэг. Улмаар түүний сэтгэлийг  Монголын  тал нутаг , нүүдэлчин ард түмний  амьдралын хэв маяг эрхгүй  татсан бөгөөд  хөх тэнгэрийн доор,   эгэл жирийн ард түмэнд  өөрийн дуу хоолойгоо хүргэхийг зорьсон нь өнгөрөгч зун биеллээ олжээ. Ингээд Яширо Акин товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.
 
 
-Яагаад “Жамаас”  дууг сонгон коверлох болов. Энэ асуултаас ярилцлагаа эхлэе?
 
-Д.Сосорбарамын дуулснаар “Жамаас” дууг анх сонсох үед ая нь Японы поп дуутай төстэй санагдсан.  “Жамаас” гэдэг нь “бодит үнэн” гэх утгыг илэрхийлдэг хэдий ч, япон хүмүүст ойлгомжтой байдлаар шууд орчуулагддаггүй. “Амьдралд хоёрхон үнэн байдаг. Нэг нь төрөх, нөгөө нь үхэх” гэх маягаар дууны үг бичигдсэн. Шүлгийн утга санаа нь туйлын гүн гүнзгий. “Амь нас гэдэг бурхнаас өгсөн зүйл. Бурхан түүнийг өгдөг учир өөрөө амиа егүүтгэж болохгүй, бусдыг хөнөөж болохгүй. Амь нас гэдэг  цаг хугацаатайгаа ирдэг болохоор  бурханд талархах хэрэгтэй”. Энэ бол “Жамаас”  юм.
 
-Дууны шүлэгт гүн ухаан шингэсэн байх шиг байна?
 
-Яширо Аки гэдэг хүн 46 жил дуулахдаа ийм л мессэжийг хүмүүст хүргэхийг зорьж ирсэн. Тиймээс ч энэ дууг дуулахаар шийдсэн. Цаг хугацаа нь ч яг таарсан нь зол гэж боддог.
 
-Энэ дууг дуулах үедээ хэн нэгнийг дотроо төсөөлдөг үү?
 
-Аав, ээжийгээ дотроо бодон төсөөлж дуулдаг даа. Аав минь аль эрт өнгөрсөн. Харин ээж минь одоо сэтгэцийн өвчний улмаас хэвтэрт байдаг. Өчигдөр ээжтэйгээ уулзлаа. “Би байна ээж ээ. Яширо нь байна. Ээж, аавынхаа хайртай охин нь байна” гээд хэлтэл,  урьдын адил танихгүй царай гаргаж байснаа гэнэт л “Битгий хэтрүүлж бай” гэж хэлж билээ.
 
Сэтгэцийн өвчтэй болохоосоо өмнө  ээж маань “Дандаа л завгүй ажиллах юм. Ядартлаа битгий ажилла, битгий хэт их ажилла” гэж үргэлж хэлдэг байсан юм. Өчигдөр түүнийгээ санасан байж магадгүй. Аав минь аль хэдийнэ мөнх бусыг үзүүлсэн. Харин одоо миний нас явж, тэр насыг нь туулан өнгөрч байна. Өмнө нь хөгшрөх болоогүй л гэж боддог байлаа. Харин одоо бол жам гэж боддог болсон.
 
-Анх удаа Монголд тоглолтоо хийх ямар байсан бэ?
 
-Долдугаар сарын 31-нд Улаанбаатар хотын Дуурийн театрт тоглолт зохион байгуулагдсан.  Тус барилгыг дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Японы олзлогдсон цэргүүд барьсан учраас бат бөх хийгээд гадаад болон дотоод засал нь ч тун гайхалтай санагдсан. Маш олон үзэгчид хүрэлцэн ирсэн шүү. Хөтөлбөр шахуу байсан учир гурван цаг орчим л дэлгүүр хэссэн. Тэгээд гудамжаар алхаж явтал “Тоглолтыг чинь үзсэн. Үнэхээр гайхалтай” гэж монголоор хэлэх хүмүүстэй таарч явлаа. Сэтгэл маш их  хөдөлсөн. 
 
Бас наймдугаар сарын 3-нд Улаанбаатар хотоос 100 орчим км-т орших 13 дугаар зуун цогцолбор буюу Чингис хаан амьд сэрүүн ахуйдаа амьдарч байсан газрыг сэргээн засварлан аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй  газарт очиж дуугаа дуулж, тоглолт хийж билээ. Хээр талын дунд нэг ч үзэгчгүй. Задгай тайзан дээр гараад дуулж эхэлтэл хаанаас ч юм май май гэх хонь, адуун сүргийн дуу сонстож байлаа. Салхи, тэнгэр, газар дэлхий, дуу хоолой нэгэн дор сүлэлдсэн сайхан тоглолт болсон. Нар жаргах үед хамгийн сүүлийн “Хүнаүта” дуугаа дуулчихаад л унтахаар явж билээ.  
 
-Монгол Улсын  соёлын Элчээр томилогдсон гэсэн үү?
 
-Наймдугаар сарын 1-нд Монголын Гадаад хэргийн яаманд тус албан тушаалд томилох үйл ажиллагаа болсон. Өмнө нь Монголын уламжлалт дуу хөгжмийг япончууддаа сонсгох боломж олдоосой гэж хүсдэг байлаа. Хөгжим, урлагийн арвин сан хөмрөгтэй улс шүү дээ. “Хөөмий” гэж мэдэх үү. Хоолойн хөгжим шүү дээ. Хоолойн гүнээс гарах хөгжмийн авиаг хөөмий гэдэг юм.  Эцэс төгсгөлгүй үргэлжлэх өргөн уудам тал нутгаас тэр чимээ гарч байна уу гэлтэй салхины тусламжтайгаар гарах дуу авиаг хөгжим болгон хөгжүүлсэн юм шиг сонсогддог. Соёлын элчээр таван жилийн хугацаанд ажиллана. Тиймээс Япон, Монгол хоёр улсын хөгжмөөр дамжуулан соёлыг танилцуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
 
-Та “Жамаас” дууг хэнд зориулахыг хүсч байна вэ?
 
-Хүчирхийлэл, хүүхдээ хаясан, бага насны хүүхдүүд нэг нэгийгээ шоглосон,  учир утгагүй аллагын хэргүүд сүүлийн үед ар араасаа л гарах боллоо. Амьдрал үнэхээр сайхан шүү дээ. Заавал ингэх хэрэгтэй гэж хүчээр сургахын оронд дуугаараа дамжуулан үүнийг илэрхийлэхийг хүслээ. “Жамаас” дууг заавал нэг удаа ч болов сонсч, өөрийгөө мэдрээсэй гэж хүсч байна.
 
 
 
 
 
Орчуулсан Б.Даваахүү
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин