sonin.mn
Миний багш утга зохиол судлаач доктор Ч.Билигсайхан Хөвсгөл аймгийн Галт сумын хүн билээ. Нэг өдөр над руу утсаар яриад яаралтай хүрээд ир гэв. Би тэр дариу яаран очлоо. “Хачин жигтэй юм болоод байна. Манай нутгийн нэг охин биенээсээ чулуу гаргадаг гэнэ. Өнөөдөр тэр чулуугаа гаргах гэж байгаа гэнэ. Түүнийг хоёулаа очиж үеье. Би ШУА руу ярьсан тэндээс хоёр хүн ирнэ” гэв. Бид хоёрыг очиход увидастай охин нөхөртэйгээ, ШУА-ийн хоёр хүн. Мөн Галт нутгийн гавьяат уурхайчин гээд нэг ах нийт 5 хүн байв. 
Бид хоёрыг очсоноос хойш бараг хоёр цаг орчим болж байж чулуу гаргахаар бөөлжив. Чулуу гарлаа. Бүр хоёр чулуу гаргав. Охин суудлаасаа хөдлөөгүй. Чухам ямар арга, шидээр тэр чулууг гаргасаныг мэдэхгүй. Баттай үнэн бол гаргасан. Бид гайхаад тарцгаасан билээ. Тэр явлаас хойш 2 жил гаруйн дараа гэнэт “Хөвсгөлд бурхнаар бөөлжсөн гэнэ” гэсэн шуугиан мандсан. Харвал нөгөө охин байв. 
 
Анх түүнийг ТВ9 телевизийн Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч мэдээлсэн санагдаж байна. Цахим ертөнцөөр түүнийг шоолсон элгэлсэн хүмүүс дүүрч, өнөө охиныг зальтай луйварчин мэтээр харааж зүхсэн бичвэр хөвөрч эхэлсэн. Тэр дунд олны танил хүмүүс олноор орж ирж, хүч нэмсэн. Хүн өөрөө юу гэж бодно түүнийгээ үнэн гэж итгэдэг тийм цаг үе юм уу? Энэ хүчтэй давалгаанд өртсөн ТВ9 телевиз дахин нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэгэхдээ “булхайг илчилсэн нь” хэмээн өнөө охиныг шууд "гүтгэж" кино шиг юм хийсэн билээ. Үнэндээ бол ТВ9 “ичсэн хүн хүн ална” гэдэг шиг л юм болсон. Охин биенээсээ чулуу гаргадаг нь үнэн. Чухам ямар аргаар, яаж гаргаж байгаа нь харин сонирхолтой хэрэг. Ямартай ч энэ үйл явдал ор үндэсгүй биш гэдэгт хоёр нүдээр харсан би итгэдэг. 
 
 
Жич: 
 
Хөвсгөл аймгийн Галт сум бол хуучнаар Далайчойнхор вангийн хошууны харъяат юм. Тариатын хийдийн 1932 оны бослогын дараа “Пан Монгол” үзлийг дарахын тулд дөрвөн аймагт хуваасан байдаг. Түүний нэг нь Хөвсгөлийн Галт сум юм. Далайчойнхор вангийн хошуу 85 тайжтай байсан гэдэг. Галт сумын Зүрх багаас 4 хөдөлмөрийн баатар, 25 гавьяат төрсөн газар. Зөвхөн нэг багаас ийм олон алдартан төрсөн нь эгэл биш нутаг юм гэж бодогддог. Чулуу гаргадаг охин бас тэр Зүрх багийнх байгаа нь миний сонирхолыг ихэд татсан юм... 
Би дахин явж тэр охины учир шалтгааныг олно хэмээн бодсоор нийтэд юм хэлээгүй билээ. Цагийн аяс, хөлийн алхаагаа бодоход би тийш явах, тэр бүхний нарийн учрыг олох ч эргэлзээтэй болсон учир, хэн нэгэн “ухаантанд” дэм болж магад хэмээн үүнийг бичлээ...
 
Тал бичээч: Да.Жаргалсайхан.