sonin.mn
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын сүм хийдүүд, бурхны шашны шавь нар, сүсэгтэн олны хүсэлтээр манай улсад айлчлал хийгээд өнөөдөр буцлаа. Тэрээр буцахын өмнө өнөө буюу өглөөний  6.30 цагт хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзав.  
 
Уг хурлын үеэр Далай лам өөрийн ирсэн учир шалтгаанаа тодорхой тайлбарлаж, сэтгүүлчдийн асуултад  хариулсан юм.  Далай лам энэ үеэр: "Би бурхны шашинтай орнуудаас хоёр улсад төвөггүй айлчилж байгаа, түүний нэг нь Монгол УлсБурхны шашны үнэнч шавь нар, Монголын сүсэгтнүүдийн урилгаар Монгол Улсад дахин ирсэндээ  баяртай байна. Би  IХ.Богдтой бүр жаахан байхаас нь хамт байсны хувьд сайн мэдэх хүний нэг , тиймээс ч түүнийг жанч халахаас өмнө уулзахдаа “Таны дараагийн дүр  Монголд л тодорно шүү” гэж хэлж байсан юм.
 
Энэ удаа ирэхдээ IХ Богдын хойд дүр буюу  Х Богдыг тодрууллаа. Гэхдээ богд одоогоор хэтэрхий балчих жаахан байгаа учраас таван нас хүрэхээр нь ил болгож зарлах нь зүйтэй гэж бодож байна. Би аль ч улсад айчилсан нэн түрүүнд дэлхийн энхтайван хүн төрөлхтний амар амгалан байдлын талаар л ярьдаг. 
 
Зовлонгийн шалтгаан бол уур, шуналын сэтгэл юм. Бусдыг хайрлаж, энэрэн нигүүлссэн цагт амар амгалан аяндаа тогтдог. Бүх шашин үзэл сургаалын хувьд хоорондоо өөр боловч энх амгалан, эв нэгдэлтэй байх тухайд санал нэгддэг.
 
Би Түвдийн улс төрийн асуудлаас 2011 онд бүрэн чөлөөлөгдсөн . Одоо Түвд улс төрийн эрх мэдлээ сонгуулиар шийдээд явах болно. Харин надад Түвдийн бурханы номын учир шалтгааныг цааш дэлгэрүүлэх л ажил үлдсэн.Монголд  буддын шашин дэлгэрэхээс өмнө Монгол, Түвд 2 улс холбоотой байсан.  Хүүхдүүд нь хөх толботой төрдөг, соёлын хувьд нэн төстэй  хоёр ард түмэн. Монголчууд өнөөдөр шашин номоо дээдлэх эрх чөлөөтэй байж, түгээн дэлгэрүүлж байгаад би баяртай байна.Гэхдээ гол нь суралцах хэрэгтэй. Энэтхэгт  Монгол лам хуврагууд олноороо  ном үзэж байна.
 Тэд монголдоо ирж, шашны үйл хэрэгтээ зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна. " гэв.
 
П.Энхмандах