sonin.mn
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа төлөв мэдээ гарчээ.
 
Тус судалгаа мэдээллийн хүрээлэн ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг. Эдгээрийг нэгтгэн, зудын эрсдэлийн зурган мэдээг гаргадаг байна.
 
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан аж.
 
11 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан мэдээгээр, Баян-Өлгий, Увс, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховдын өмнөд, Завхан, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн зарим нутгаар хамгийн их эрсдэлтэй гэсэн мэдээ гарчээ.
 
Мөн Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Завханы зүүн, Булганы хойд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд нутгаар эрсдэл ихтэй гарсан аж. Ийнхүү зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийн хэмжээ сүүлийн 10 хоногийн дотор 20 хувиар нэмэгдэв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг