sonin.mn
МАХН-ын Гүйцэтгэх товчооноос  орон нутгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчидтэйгөө ёс зүй-ха­риуц­лагын гэрээ  байгууллаа.
 
Гэрээ зурах ёс­лолын ажиллагаа Улс тунхагласны баяртай давхацсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр   хэлсэн үгэндээ “Хүнд хэцүү сонгууль байсан ч  тухайн орон нутгийнхаа дэмжлэгийг авч, иргэдээ  төлөөлж сонгогдсон  та бүхэнд намын нэрийн өмнөөс, нийт гишүүд, журмын нөхдийн өмнөөс баяр хүргэе.
 
Өнөөдөр  тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна. 1996 онд МАХН цөөнх болж, хүнд хэцүү үеийг туулж байх үед энэ баярыг хүчингүй гэж тухайн үеийн эрх баригчид зарлаж, энэ баяраар барилддаг байсан бөхийн барилдааныг  болиулж, хавчиж шахаж эхэлсэн байдаг.  Сүүлийн жилүүдэд энэ баярыг байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг тооцож, энэ баярыг бас бид тэмдэглэж байх ёстой гэдэг байр сууриа хэвээр хадгалж ирсэн.
 
Өнөөдөр харин төр, засаг энэ бүхнийг анхаарч,  улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгон  орон даяар тэмдэглэж байгаа нь бидний тэмцэл, зүтгэл талаар өнгөрсөнгүй. Энэ өдөр мөн МАХН нэрэндээ хувьс­гал гэдэг үгийг авсан байдаг. Хувьсгал гэдэг буу шийдэм барих тухай ойлголт биш. Тухайлбал, сонгуулийн хувьсгал ч хийж бас болно. Үүнийг АНУ-д болсон төрийн тэр­гүүний сонгууль харууллаа. 
 
Монгол Улсын тухайд 1924 оноос олон хувьсгал хийсэн. Бичиг үсэгтэй, аж үйлдвэртэй болох гэхчлэн олон хувьсгалыг хийсэн. Цаашид ч олон өөрчлөлт, хувьсгалыг хийх хэрэгтэй. Бид олигархиудаас салах ёстой. Шударга төрийг тогтоох ёстой.
 
Түүний илэр­хийлэл та бүхэн өнөөдөр 50 орчим хүн энд ирсэн нь  цөөхөн хэдий ч үнэн хэрэгтээ шударга ёсны төлөөлөл, ямар ч саад бэрхшээлийг давах эр зоригтнууд юм. Ард түмэн энэ зоригтнуудыг дэмжиж байгаа. Бид олон тойрогт нэр дэвших гэсэн боловч янз бүрийн хуйвалдаан, шахалт хавчилтад орсноос чадаагүй. Өмнөх сонгуулиас эхлээд намайг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяныг сонгуульд оруулаагүй гээд яривал биднийг ихээхэн хяхаж хавчиж байгаа. Бид ийм нөхцөлд ажиллаж байна. Гэхдээ бидэнд бас дутагдал байгааг ярих ёстой. Гишүүдийн итгэл, дэмжлэгийг хүлээ­сэн хүмүүс бас алдаа гаргалаа.
 
Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр албан тушаалын төлөө урваад явчих­сан. Сонгуулийн үед зарим мянгатын дарга  жижигхэн албан тушаалд хууртан намаа сонгуульд оруулсангүй. Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт, мөн Увс аймагт ийм зүйл болсон. Бид албан тушаалын төлөө урвадаг, шарвадаг байж болохгүй. Үүнийг заавал засах ёстой. Та нар энэ гажгийг засах гэж гарч ирсэн хүмүүс гэдгээ битгий мартаарай. 2020 он хүртэл та бүхэн шу­дарга ажиллаарай. Та нарын хэрхэн ажилласнаас шалтгаалж бидний аж­лын суурь тавигдана шүү” гэв.
 
Дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, сонгуулийн үеэр хэрхэн ажилласан талаар танил­цуулав. Тэрээр “Зарим аймаг сумын  ИТХ-д сонгогдсон төлөө­лөгчдийн авсан саналын дүн тэнцсэн тохиолдол гарсан нь өмнө гарч байгаагүй тохиолдол, хар машины програмчлалтай шууд холбоотой, сонгуулийн луйвар булхайн нэг тод илрэл. Мөн сонгогчдын идэвх сул байсан, ирц хүрээгүйгээс болж олон тойрогт дахин сонгууль явуулахаас аргагүй байдалд хүрсэн нь сонгогчид эрх баригчдыг дэмжихгүй байгаагаа  сонгуульд оролцохгүй байдлаараа нэн тодорхой илэрхийлж байна.
 
Түүнчлэн эрх барьж буй намын албан тушаалтнууд шат шатанд саад тавьж, дунд, доод шатны албан тушаалтнуудыг айлган сүрдүүлэх, тэдэнд худал мэдээлэл өгч төөрөлдүүлэх, ажил алба амлах зэргээр өр­сөлдөгч намынхаа идэвхийг сулруулах бод­лого явуулсан”-ыг дур­дав. Ёс зүй-хариуц­лагын гэрээ байгуулсан МАХН-аас сонгогдсон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид сахилга-хариуцлага, ёс зүй-шударга ёсыг эрхэмлэж ажиллахаа андгайлав.  
 
 
 

 

 
Ц.Даваахүү /Говь-Алтай аймгийн Тонхил сумын ИТХ-ын төлөөлөгч/: ШУДАРГА ЁСЫГ ЗАРЧМАА БОЛГОНО
 
-Манай сумын зарим баг, бригадад сонгуулийн ажил удааширсан. Бичиг, баримт дутуу, татвараа төлөө­гүй, ар гэрийн асуу­дал гэхчлэн нэр дэв­шигч­дийг бүртгээгүй асуу­дал гарсан. Миний хувьд сумынхаа таван бригадаас МАХН-аас ган­цаараа сонгогдсон. Үл­дэж буй гурван жил га­руйн хугацаанд орон нут­гийнхаа иргэдийн ит­гэлийг дааж, тэднийг сонсч, чухал асуудлуудыг ший­дүүлэхийн төлөө  ажил­лана.
 
 
 

 

 
Д.Энхбаатар/ Дундговь аймгийн Луус сумын ИТХ-ын дарга/: ОРОН НУТГИЙГ ИРГЭДТЭЙ ОЙРТУУЛНА
 
-Манай сумын ИТХ 16 суудалтай. 2016 оны орон нутгийн сонгуульд МАХН-аас дөрвөн төлөөлөл сонгогдсон. Өнөөдөр манай суманд Засаг дарга батламжлагдаагүй, ажил хараахан төлөвлөгдөөгүй байна. ИТХ-д хяналт тавих, төсвийн зарцуу­лалт, хяналт, төсөл тен­дерүүдийг хуулийн дагуу явуулахад анхаарч ажиллана. Иргэдийн нэгд­сэн зөвлөгөөн сүүлийн 20 гаруй жил болоогүй уч­раас орон нутгийг иргэд­тэй ойртуулж ил тод байдлыг хангаж  ажиллана.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин