sonin.mn
Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төсөлд хилийн цэрэг, хил орчмын нутаг дэвсгэртэй холбоотой зөрүүтэй ойлголтууд хөндөгдөх болсон. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.
 
-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд одоо мөрдөж буй Хилийн тухай хуулиар зохицуулаагүй ямар асуудлыг нарийвчлан тус­гасан бэ. Хууль батлагд­санаар ямар өөрчлөлтүүд гарах бол?
 
-Одоогийн мөрдөж байгаа Хилийн тухай хууль нь 1993 онд батлагдаад тодорхой өөрчлөлтүүд орж байсан ч зарчмын шинжтэй өөрчлөлтүүд ороогүй байсан.
 
Өнөөдрийн хил хамгаалалтын нөхцөл байдал, хил орчмын нутаг дэвсгэрт дэг журам сахиулахтай холбоотойгоор тодорхой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эргэж харах зүйлүүд бий. Энэ хүрээнд хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан “Төрөөс хилийн талаар баримтлах бодлого” буюу Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
 
Улсын хил хамгаалах байгууллагаас хил, хил орчмын дэглэмийг сахиулах, хил дээр гарсан аливаа асуудлыг хууль тогтоомж, Олон улсын гэрээнд заасны дагуу шийдвэрлэх, хилийн халдашгүй дархан байдлыг хангах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаасаа хилийн шалганыг хил хамгаалах байгууллагад шилжүүлснээр боомтын аюулгүй байдал түүнтэй холбоотой гарч байсан асуудлууд шийдэгдэнэ.
 
-Хилийн шалганы чиг үүрэг өмнө нь Хил хамгаалах байгууллагад байсныг хоёр жилийн өмнө шилжүүлсэн. Одоо дахиад өөрчилж байгаа нь ямар учиртай юм?
 
-Хуулийн төслийг боловсруулахдаа Үндсэн хууль бусад хууль тогтоомжтой нийцүүлэхээс гадна төрөөс батлагдсан бодлогын бичиг баримтуудтай уялдуулсан. Тухайлбал, УИХ-ын 2002 оны тогтоолоор батлагдсан Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, 2015 онд батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг бичиг баримтуудад хилийн цэрэгтэй холбоотой зохицуулалтууд байдаг. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулсан.
 
Мөн Монгол Улсын Олон улсын гэрээг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Манай улс хөрш хоёр улстайгаа хилийн асуудлаар тодорхой тооны Олон улсын гэрээг байгуулсан. Хилийн асуудлуудыг хил хамгаалах байгууллагууд нь хариуцдаг, хилтэй холбоотой зөрчил маргааныг хилийн төлөөлөгчийн журмаар шийддэг байя гэдэг асуудлыг Олон улсын гэрээгээр зохицуулсан байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд уг асуудал буюу хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын байгууллагад хамаарагдаж байсан. Энэ хүрээнд ч зарим хүндрэл бэрхшээл гарч, зөрчлүүд гарах болсон.
 
Мөн хөрш орнуудын хил хамгаалах чиглэлийн байгууллагуудаас зорчигч, тээврийн хэрэгслийг дутуу бүртгэж гаргасан байна гэх асуудлыг хөндөж, тодорхой шаардлагууд тавих болсон. Тиймээс Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, хилтэй холбоотой энэ асуудлыг БНХАУ, ОХУ-тай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх үүднээс зайлшгүй хуулийг боловсронгуй болгох шаардлага байсан.
 
-Хуулийн төсөлд тусгаснаар бол хяналт шалгалтын зарим чиг үүргийг Хил хамгаалах байгууллагад шилжүүлж байгаа. Бүтэц зохион байгуулалтын хувьд ямар болох вэ?
 
-Ер нь хил хамгаалах байгууллага нь тогтвортой, мэргэшсэн байгууллага байх ёстой. Энэ дагуу хуулийн төслийг боловсруулсан. Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын газраас шилжиж ирэхээс өөрөөр ямар нэг бүтэц, зохион байгуулалт үүсгэх нэгж байхгүй. Гадаадын иргэн, харьяатын газар нь өмнөх бүтцээрээ ажиллана гэсэн үг. Монгол Улсад зорчиж байгаа гадаадын иргэд, тэдний эрх зүйн байдал болоод Монгол Улсад байх хугацааг нь бүртгэх, ажиллах визийг нь олгох зэрэг тодорхой хуулиар олгосон үүргүүдээ хэрэгжүүлнэ. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг тухайн байгууллага тодорхой чиг үүрэггүй болсон гэх зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.
 
-Боомтуудын хилийн шалган дээр ажиллаж байгаа Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтнуудын хувьд Хил хамгаалах байгууллага руу шилжинэ гэж ойлгож байгаа?
 
-Тийм ээ. Хуульд хилийн хяналтын байгууллага гэсэн асуудал тусгагдсан. Үүнд хилийн шалганы чиг үүрэг Хил хамгаалах байгууллага руу шилжсэн тохиолдолд тухайн албан хаагчид Хил хамгаалах байгууллагын орон тоо буюу тухайн байгууллагын ерөнхий удирдлагаар хангагдана гэж байгаа. Мөн хилийн хяналтын бусад байгуул­лага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нь хэвээр байна.
 
-Хуулийн төсөлд хилийн цэргүүдийн хэрэглэх тусгай хэрэгслийн тухай ямар заалт орсон юм бэ. Тусгай хэрэгслийн тухайд олон нийтийн дунд зөрүүтэй ойлголтууд гарч байгаа?
 
-Манайд хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийн асуудал их яригддаг. Ер нь зэвсэг, техникийн хэрэгсэл огт хэрэглэхгүй гэсэн үг биш. Хил хамгаалах байгууллага нь өөрөө цэргийн байгууллага учраас тодорхой хэмжээний асуудлууд нь Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа харилцаа. Энэ байгууллагын тодорхой чиг үүрэг нь хууль сахиулах үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тавьж байдаг. Зайлшгүйгээс бусад тохиолдолд галт зэвсэг хэрэглэхгүй байх үүднээс тодорхой хэмжээнд үхэлд үл хүргэх зэвсгүүд болох резинэн сумтай буу, бороохойг хэрэглүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан.
 
-Тодруулбал, ямар нөхцөлд галт зэвсэг, ямар тохиолдолд резинэн буу зэргийг хэрэглэх тодорхой заалтууд орсон гэж ойлгож болох уу?
 
-Өмнө нь хуульд ийм заалт байгаагүй. Байлдааны галт зэвсгийг ямар тохиолдолд хэрэглэхийг тодорхой тусгаагүй байсан. Харин одоогийн хуулийн төсөлд тодорхой зааж өгсөн. Хил хамгаалах байгууллага нь цэргийн байгууллага учраас эргээд хариуцлага тооцох нь хүртэл чанга байдаг. Хилийн манаанд гарахдаа тушаал аваад гардаг. Хил хамгаалалтын манаа буюу тушаалаа биелүүлээгүй, хил хамгаалалтын дүрмийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүртэл хүлээдэг онцгой хариуцлагатай алба. Гэхдээ энэ нь зэвсэг техник хэрэглэхгүй гэсэн үг биш.
 
-Ер нь манайх шиг бусад улстай хуурай газраар хиллэдэг орнуудын хувьд ямар зохицуулалт байдаг бол. Хуулийн төслийг боловсруулахдаа ижил төстэй орнуудаас туршлага судалсан уу?
 
-Бид дэлхийн 200 гаруй орноос хил хамгаалах асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа талаар судалгаа хийсэн. Ер нь далайгаар хүрээлэгдсэн арлын орнуудын хувьд хил хамгаалах асуудлыг одоогийн манай нөхцөл шиг Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь хариуцдаг. Учир нь агаар, ус зэрэг тодорхой орон зайн нөхцлөөр орж ирж байгаа учраас ийм төрлийн байгууллага хариуцдаг байх жишээтэй.
 
Харин манай улсын хувьд онцлогтой. Хоёр том улстай хил залгаа, 8250 гаруй км хуурай замаар хоёр хөрштэйгөө хиллэдэг. Энэ нөхцөлд хилийн аюулгүй байдал, хил орчмын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагааг хилийн цэргээр хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Бусад орон ч гэсэн ийм жишгээр явдаг. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэн, харьяатын байгууллага, хилийн цагдаа, Хил хамгаалах байгууллага буюу Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа ажилладаг байгууллагаар хэрэгжүүлдэг хэлбэр бий. Аль алыг нь хослуулан хэрэглэдэг орон ч байгаа. Өнөөдрийн манай нөхцөлд хилийн шалган нэвтрүүлэх, хилийн аюул­гүй байдалтай холбоотой асуудлыг Хил хамгаалах байгууллагаараа дамжуу­лан хэрэгжүүлэх нь оновчтой гэж харж байна.
 
-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудал яригдах үеэр хилийн бүс, хилийн нутаг дэвсгэртэй холбоотой сэдэв хөндөгдсөн. Энэ асуудлыг одоогийн мөрдөж байгаа хууль болон шинэчилсэн хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?
 
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хилийн бүс, хилийн зурвас гэсэн хоёр ойлголт байдаг. Хилийн зурвас гэдэг бол хилийн шугамаас 15 км хүртэл өргөнтэйгөөр татдаг шугам. Манай хил орчмын нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан хэдэн км байхыг УИХ-аар шийддэг. Нөгөө талаасаа хилийн бүс гэж байсан. Хилийн бүс нь хилийн шугамаас 100 км хүртэл өргөнтэйгөөр татдаг шугам. Энэ бүс нутагт хил хамгаалалтын тодорхой дэглэмүүд үйлчилдэг байсан юм.
 
Тухайлбал, хадлан тэжээл бэлтгэх, мал өвөлжүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах бол Хил хамгаалах байгууллагад бүртгүүлж байж ордог байсан. Энэ асуудал нь Хил хамгаалах байгууллагад төдийлөн ач холбогдол багатай юм. Хил хамгаалалтыг хилийн зурвас дотроо найдвартай, үр нөлөөтэй хийх асуудлыг тэргүүн зорилгоо болгож байгаа гэж ойлгож болно. Мэдээж хил хамгаалалтын зайлшгүй шаардлагатай эрэл хайгуулын асуудлыг нутгийн гүнд ч хүртэл хийх асуудал хэвээр хадгалагдаж байгаа.
 
Өнөөдөр олон нийтийн дунд ярьж байгаа хилийн зурвасыг 15 км хүртэл болгож буй асуудал нь хуучин хуульд байсан зохицуулалт. Энэ нь хэвээрээ хадгалагдаж байгаа. Хилийн бүс гэдэг ойлголтыг байхгүй болгоод хил орчмын нутаг дэвсгэр гэдэг ойлголтоор хуулийн төсөлд оруулж ирсэн. Монгол Улсын 21 аймгаас 14 аймгийн 70 суманд хил орчмын нутаг дэвсгэрт хамаарагдаж байгаа гэсэн үг. Хэмжээ нь аймаг болон сумын нутаг дэвсгэрийн хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй байна. Энэ бүс нутагт хил хамгаалалтын асуудал өөр дэглэмээр явагдах зохион байгуулалттай.
 
-Энэ бүс нутагт аж ахуйн тодорхой үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөл олгох асуудлыг яаж шийдэх вэ?
 
-Хилийн бүс, хилийн зурваст аж ахуйн тодорхой үйл ажиллагаа явуулах асуудал одоогийн хуулиар ч нээлттэй байдаг. Хуулиар хориглосноос бусад үйл ажиллагаа эрхлэхийг Засгийн газрын төвшинд шийдэж байгаа. Улсын тусгай газар нутагтай холбоотой асуудлыг УИХ шийддэг. Өнөөдрийн эрх зүйн орчин хэвээрээ хадгалагдаж байна. Нөгөө талаасаа хил хамгаалах байгууллага уул уурхай бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог байгууллага биш. Тиймээс тус тусын хуулиар зохицуулагддаг байдал хэвээр үргэлжилнэ.
 
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин