sonin.mn
Аливаа хүмүүний амьдрал нь түүний насан туршийн намтар, гавьяаны дуулал байж, төрдөө үнэлэгдэх, түмэн олондоо хүндлэгдэх агуу их үйлсийг өөрөө бүтээж явдаг жамтай.
 
Аав, ээжийн эгэл агаад энхрийхэн үрс хожмоо эрдэм мэдлэгийн охийг арвинтаа хүртэж, түүнийхээ ачаар нэр хүндийн оргил, ололт амжилт бүхний манлайд гарч, сэтгэл дүүрэн амьдарч яваа нь юутай бахархам билээ. Чухамдаа тийм л их хувь заяаны эздийн нэг нь эх орондоо “Цэргийн хүү”, эгэл түмэндээ “Төрийн сайд” хэмээн хүндлэгдсэн дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц бөлгөө.
 
Өнгөрсөн жил Булган аймгийн Баян-Агт сумын 90 жилийн ойг тэмдэглэх үеэр тэрхүү ёслолын ажиллагаанд уригдан очсон хамгийн хүндтэй зочдын нэг нь нийтлэлийн маань баатар болсон буурал генерал байсан юм. Учир нь Моломжамц генерал энэ л сумын эгэл нэгэн малчин Өлзийбадрахын гэрт 1936 онд мэндэлсэн. Тухайн үед манай ард түмний хувьд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайрсан он жилүүд байсан бөгөөд түүний ээж Ханджавын төрсөн ах Гончигсүрэн нь тухайн үеийн  Намнан хийдийн лам байсан учраас хүү Ө.Моломжамцыг айлд өргүүлэхээр болж эцэг Бадрахыг жинд явсан хойгуур нь нутгийн ард Лувсангомбынд "өргүүлсэн хэрэг манджээ”.
 
Ийм цаг үед амьдарч байсан хэн бүхэн ураг төрлөө нуух, өөрийн овог, нэрээ солих, хүүхдээ айлд өргүүлэх явдал түгээмэл байсан агаад чухамдаа тийм л хувь заяа түүнд ногдож, багадаа Өлзийбадрахын Ядамжав нэртэй явсан хөвгүүн Лувсангомбын Моломжамц болсон түүх эндээс эхэлсэн хэрэг.
 
Моломжамц хэмээх нэр нь “Ерөөл далай” гэсэн утгыг агуулах бөгөөд түүнийг өргөж авсан аав нь нутаг усандаа “Орос Гомбо” хэмээгдсэн Лувсангомбо, ээж нь Лхамжав байж, түүний гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх их үйлсэд хүчин зүтгэж, эцэг, эхийн халуун хайраар дутаахгүй өсгөж, сумын бага сургуульд суралцуулснаар бага боловсролыг бүрэн төгс эзэмшжээ. Ийнхүү бичиг, үсгийн бүрэн чадвартай болсон Молом хүү ахмад, дунд үеийнхэнд шинэ үсэг заах дугуйланд багшилж, нутгийн иргэдэд захиа дуудах ажлаар олонтаа буян үйлдсэн гэдэг.
 
Нэгэн зун Лувсангомбын ойрын төрөл садны хүү Л.Жигжидсүрэн хэмээх хөвгүүн төрсөн нутагтаа амралтаараа ирэхдээ цэрэг хувцас, дэгжин хромоор ихэд гангарсныг сүрхий ажсан Молом хүүгийн сэтгэлд бяцхан агаад цагаахан атаархал төрж аав, ээждээ хүсэлт тавьж, зөвшөөрөл авснаар тэднийхээ итгэлийг өвөртлөн Нийслэл хүрээг зорьж, Офицерын сургуулийн сонсогчоор элсэн суралцсан байна.
 
Тухайн үеийн Офицерын сургууль нь 12 настай хөвгүүдийг маш өндөр шалгуураар авч, бүрэн дунд боловсролыг цэргийн зохих шатны мэдлэгтэйгээр олгосны дараа гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд суралцуулдаг байсан юм. Ийнхүү буурал генералын мөрдэс зүүсэн он жилүүд 1948 оноос эхтэйн дээр Офицерын сургуулийн эгэлхэн сонсогчоос БХЯ-ны сайд агаад дэслэгч генерал хүртэлх 60 гаруй жилийн түүхэн замнал эхэлсэн түүхтэй.
 
Энэхүү Офицерын сургуулиа амжилттай дүүргэсэн Л.Моломжамц Цэргийн Ерөнхий сургуульд элсэн суралцсан боловч салааны захирагчийн өмнөөс өөрийнхөөрөө зүтгэсний шанг амсч, сургуулиа төгсч чадалгүй хөөгджээ. Ийм хүнд нөхцөлд түүний спортод дур сонирхолтой, сурлагаар манлайлагчдын нэг байсныг сайтар мэдэх биеийн тамирын багш нь тухайн үеийн “Цэрэг” нийгэмлэгт тамирчин-байлдагчаар хугацаат цэргийн албанд татсан байх юм. 
 
Харин Офицерын сургуулийг амжилттай төгссөн, ЦЕС-д амжилттай суралцаж байсан түүнийг “Цэрэг" нийгэмлэг буюу эдүгээгийн “Алдар” нийгэмлэгийн дарга, удирдлагууд ихэд тоож, бичээч болгосноор албаны тамга өвөртөлсөн маадгар цэрэг болсон байна. Тэрбээр хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Монголын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс сагсан бөмбөгийн төрлөөр 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн нь түүний бахдам амжилтын эхлэл байлаа. 
 
Түүний цэргийн албаны хугацаа дуусах торгон агшинд тус нийгэмлэгийн дарга нар санал тавьснаар 1958-1962 онд тус нийгэмлэгт ахлагчаар улиран ажиллажээ. Энэ хугацаанд тэрбээр тухайн үеийн ах, дүү армиудын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон ба гадаадын өндөр нуруутай тамирчдыг хараад айж, гайхах зэрэгцэж, өөрийгөө сагсан бөмбөгт тохирох тамирчин биш гэдгээ мэдэрснээр удалгүй нийгэмлэгтээ спорт тоглоомын дасгалжуулагч болжээ.
 
Ахлагч Л.Моломжамц өөрийн сурах хүсэл мөрөөдөлдөө автаж, гадаадын сургуульд суралцахаар хүсэлт, өргөдлөө гаргаснаар 1962-1967 онд ЗХУ-д В.В.Куйбышевийн нэрэмжит цэргийн инженерийн академид суралцах ховор боломж тохиосон" байна .
 
ЗХУ-д цэргийн инженерийн академийг амжилттай дүүргэсэн дүрэмт хувцасных нь “будаг нь ханхалсан” шинэхэн дэслэгчийг Ардын армийн 016 дугаар нэгтгэлийн инженерийн албаны даргаар томилсон бөгөөд цэргийн шинэ зэвсэг, техникүүд олноор ирэх болсон нөхцөлд инженерийн мэргэжилтнүүд ховор байсан тул өөрийн биеэр бусдыг дагуулан үлгэрлэснээр зэвсэг, техникийг чадамгай эзэмшсэн мастерууд болох их ажлыг удирдсан хэрэг.
 
Улмаар 1970 онд БХЯ-ны бүтцэд өөрчлөлт орж, Ардын армийн Жанжин штабыг шинээр бие даалгах болж, түүний бүтцэд Инженерийн хэлтэс анх байгуулагдсанаар анхных нь дарга байх их хувь заяа бас л түүнийх байлаа.
 
Ингэснээр өөрийн хариуцсан ажил, мэргэжилдээ эзний ёсоор ханддаг, цэргийн хэргийн өндөр мэдлэг, боловсролтой түүнд 1974-1976 онд тухайн үеийн ЗХУ-д Москва хотноо К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцах сайхан боломж олдсон юм. Үнэндээ ч офицер бүхний мөрөөдөл болсон “Генералын академи" хэмээгдсэн босго өндөртэй энэ сургуульд хожим нь нэр хүндтэй, асар хариуцлагатай албыг хашсан дэслэгч генерал Шагалын Жадамба, албыг нэр төртэй гүйцэтгэсэн хошууч генерал Жамбалдагвын Дашзэвэг нартай хамт суралцаж, “Онцсайн" гэсэн өндөр үнэлэлттэй төгсч ирснээр нь бахархах хүн олон байдагсан.
 
Мо даргыг 1976-1979 онд Ардын армийн Жанжин штабын  байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, 1979-1982 онд БХЯ-ны байлдааны бэлтгэлийн удирдах газрын даргаар ажиллуулсан нь тухайн үеийн БХЯ-ны сайд, дарга нарын алсын хараа мэргэн ончтой байсныг гэрчилсэн хэрэг. Түүний энэхүү нэн хариуцлагатай албанд томилогдсон он жилүүд нь улс орны аюулгүй байдал болоод цэрэг-стратегийн түвшинд хүнд сорилтын үе байсан юм. 
 
Тодруулбал, дэлхийн хоёр туйлын зөрчил дээд цэгтээ хүрч, Зөвлөлт, Хятад улсын хоорондох хүйтэн дайнд манай улс хамгийн ноцтой өртөж, Монгол, Хятадын харилцаа үнэн хэрэг дээрээ сөрөг зогсолтын байдалд орсон хүнд нөхцөл, байдалтай байсныг түүх гэрчилдэг.
 
Энэхүү нөхцөл, байдалд Зэвсэгт хүчиндээ “Алдарт 13 дугаар газрынхан" хэмээн хүндлэгдсэн чухал нэгжийг удирдаж, гар, сэтгэл нэгдсэн хамт олныхоо хүчээр өндөр идэвх зүтгэл гарган, өдөр шөнө, хээр гадааг ялгалгүй нойр, хоолгүй зүтгэж явсны хүчинд Зэвсэгт хүчний тайван цагийн үндсэн гол хөдөлмөр нь цэргийн сургалт бэлтгэл гэдгийг хэн бүхний “мах, цусанд нь шингээж чадсан” түүхэн гавьяа өнөөдөр ч чухал ач холбогдолтой хэвээр байна.
 
Тэр л үед манай Зэвсэгт  хүчний цэргийн сургалт бэлтгэлийн ажлыг БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цог, дараа нь БХЯ-ны Байлдааны бэлтгэл эрхэлсэн орлогч сайд дэслэгч генерал Ж.Ёндон гуай удирдан, чиглүүлж, байнгын зөвлөмж, зөвлөлгөө өгч, тэдний хатуу шаардлагын доор нягт удирдаж ирснийг Моломжамц генерал маань байнга дурсан ярьдагсан.
 
Ийнхүү Батлан хамгаалах яаманд ажил, мэргэжлээрээ онцгой ялгарч, бусдыгаа үлгэрлэн манлайлж ирсэн түүнийг олон удаагийн нарийн шүүлтүүр, шалгуураар тэнцүүлэн 1982 оноос тухайн үеийн МАХН-ын Төв хороонд Захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгчээр улмаар түүний зохион байгуулах авьяас, ур чадвар, ажлын амжилтыг нь өндрөөр үнэлж, тус хэлтсийн даргын өндөр хариуцлагатай албанд томилон ажиллуулсан юм.
 
Тэр үед Намын төв хороонд ажиллах шалгуур хатуу, цаашид ахиж дэвших боломж нь “өөрийгөө бүрэн нээж чадсан цаг”-т л нээлттэй болдог тийм чухал сорилтын он жилүүд байсан ч цэргийн бүхий л шатны боловсролыг төвөггүйхэн эзэмшсэн, цэргийн удирдах дээд байгууллагад хэлтэс, газрын даргаар үр бүтээлтэй ажиллаж, туршлага хуримтлуулсны ачаар дээрх нэн хариуцлагатай албыг чадварлаг хашиж ирснийг мэдэх хүн цөөнгүй юм билээ.
 
Энэ үед Л.Моломжамц генерал маань тухайн үеийн МАХН-ын XVII, XX, Онц их хурлын төлөөлөгч.
 
МАХН-ын Төв хорооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүн, Ардын их хурлын депутат, Ардын их хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилласан нь түүний хөдөлмөр, зүтгэлийн үр дүнгийн нэгээхэн хэсэг байсныг түүх гэрчлэх бөлгөө. Нөгөө талаар энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглээд байгаа манай төр, цэргийн нэрт зүтгэлтэн, улсын баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал даргатай хамгийн ойр ажилласан хүн гэдгээр нь ч манай цэргийнхэн маань Мо генералыг ихэд хүндэтгэдэг юм. Нийтлэлийн баатар маань манай орны түүхийн нэн хариуцлагатай цаг үед буюу 1989-1990 онд Батлан хамгаалах яамны сайдын албанд томилогдон ажилласныг хэн бүхэн мэдэх билээ.
 
Ингэхдээ БХЯ, Ардын армийн Жанжин штаб, цэргийн бүх шатны удирдлагыг нэгдмэл удирдлагаар бүрэн хангах, бие бүрэлдэхүүний сонор сэрэмж, сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, тэдний сэтгэл санааны тогтвортой байдлыг хангах бүх талын арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн юм.
 
Тэрээр үнэн бодит байдлыг мэдрэхийн тулд ардчилсан хөдөлгөөнийг удирдагч, зохицуулагч  нарыг биечлэн хүлээн авч уулзах санал, бодлоо солилцох, офицер, ахлагч нарт албаны үүргээс гаднах иргэний эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлэх талаар санаачлагатай ажилласны дээр өөрийн тушаалаар ардчиллын үйл хэрэгт хүчин зүтгэж буй Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, У.Хүрэлсүх, М.Сономпил нарын офицеруудыг цэргийн албанаас чөлөөлж, ардчилсан хөдөлгөөнд оролцох боломжийг нь бүрдүүлж байсныг архивын лавлагаа гэрчилж байна.
 
Ийм байдлаар Монгол Улсад тайван замаар ардчилсан хувьсгал ялах үйл хэрэгт тухайн үеийн БХЯ-ыг толгойлж байсан дэслэгч генерал Л.Моломжамцын оруулсан хувь нэмэр их бөгөөд түүнийг баатрын гавьяатай генерал” хэмээн хүндлэхэд хүргэсэн юм. Дэслэгч генерал Л.Моломжамц сайд маань 1990 оны наймдугаар сард өөрийн хүсэлтээр цэргийн албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн бөгөөд тэрээр “Би тэр үед армиа бүхэл бүтнээр нь, ямар нэгэн нүгэл хийлгүйгээр хүлээлгэж өгсөндөө олзуурхаж, бахархаж явдаг юм” хэмээн дурссан байдаг. 
 
Харин тэрбээр, гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч 1990-1993 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтнаар, 1993-1996 онд ЦИС-ийн оперативын факультетын даргаар, мөн 1996 оноос БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар олон жил үр бүтээл гарган ажилласан билээ.
 
Түүнчлэн Моломжамц генерал маань өдгөө Шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүндэт доктор, БХИС-ийн профессор, “Инженерийн цэргийн холбоо” ТББ-ын “Хүндэт ерөнхийлөгч”, Нүүдлийн соёл иргэншлийн академийн билгүүн номч, академич, Дэлхийн энхийн профессоруудын академийн Монголын салбарын энхийн элчин сайд зэрэг эрхэм хүндтэй алдар, цолыг хүртсэн нэгэн гэдгийг тодруулахыг зорьсон юм.
 
Эрхэм генерал маань “Миний насан туршийн амьдралын түшиг тулгуур минь байж, цаг наргүй сурах, ажиллах үеийн арын албыг өндөр ачаалалтайгаар залгуулж явсан хайрт хань Аюушийн Гэрэлчулуундаа болон хамт ажиллаж, алба хашиж явсан дарга нар, найз нөхөд, бие бүрэлдэхүүндээ цаг ямагт баярлаж, бахархаж явдаг” болохоо дахин дахин илэрхийлж байсныг уншигч танд сонордуулж байгаадаа баярлаж сууна. Буурал генералдаа эрүүл энх байж, урт удаан насалж, сайн үйлс бүхэн тань дэлгэрч явахын ерөөл, буяныг өргөн дэвшүүлье.
 
МСНЗ-ийн шагналт сэтгүүлч,
Соёлын тэргүүний ажилтан,
хурандаа Батжаргалын ОТГОНБАЯР