sonin.mn
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Доналд Жон Трампыг олон улсад амжилттай яваа бизнесмэн гэдэг утгаар хүлээж авдаг байсан бол одоо дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг, Зэвсэгт хүчинтэй улсын тэргүүн гэх тодотгол.
 
Тэрээр ирэх оны 1 дүгээр сарын 20-нд албан ёсоор ерөнхийлөгчийн ажлаа авна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын шинэхэн тэргүүний хийх үйлдэл, гаргах шийдвэрийн тухай таамаглалыг экспертүүд дэвшүүлээд байгаа юм.
 
Тэр хэн бэ?
 
Ингээд түүний талаар товч өгүүлье. Д.Трамп нь 1946 оны 7 дугаар сарын 14-нд дөрвен хүүхэдтэй айлд төрсөн бөгеөд 13 нас хүрэхэд нь түүнийг дэг журамд сургах зорилгоор Нью-Йоркийн цэргийн академид суралцуулахаар явуулсан байна. Тэндээс хүний амьдралд өрсөлдөөн ямар чухал болохыг мэдэрч, санасандаа хүрэхийн тулд хүнд бага зэрэг түрэмгий зан байх нь илүүдэхгүй гэдгийг ойлгосон аж. Залуухан Доналд Трамп эцгийнхээ зөвлөснөөр коллежид суралцаж улмаар 1964 онд Фордхамийн их сургуульд орж, хоёр жилийн дараа Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцжээ.
 
Оюутан Трампын хүсэл мөрөедөл энэ хэзээ нэг өдер эцгээсээ ч илүү бизнесмэн болох байсан бөгөөд архи, тамхинаас хол түүний хувьд хичээл сургууль тэгтлээ гол чухал зүйл байсангүй.
 
Амьдралын чухал зүйлээ үргэлж аавтайгаа зөвлөдөг Доналд  оюутан байхдаа Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан комманийн 1200 айлын орон сууцны цогцолборыг зургаан сая ам.доллараар авч, хувиасаа ямар ч зардал гаргалгүй улсын зардлаар сэргээн засварлаад эргүүлээд 12 сая ам.доллараар зарж бизнесийн гараагаа эхэлсэн түүхтэй.
 
1979 онд 58 давхар, доороо дээд зэрэглэлийн дэлгүүр, гадна талдаа 24 метр өндөр усан оргилууртай алдарт “Trump Tower” цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын “акул” болгосон юм. Түүний байгуулсан цогцолборт Саудын Арабын хаан, кино од Софи Лорен зэрэг алдартнууд байр худалдаж авсан нь үнэгүй сурталчилгаа болсноос гадна Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголтыг америкчууд төрүүлэх болов. Түүний өрсөлдөгчид байрныхаа үнийг бууруулж байхад ноён Д.Трамп улам өсгөж байв. Нэгэнт одуудын дунд нэр алдраа цуурайтуулсан эрхэм тэрбумтны байраас хүмүүс худалдаж авах гэж дугаарлаж эхлэв.
 
Дэлхий даяар түүний Трамп гэдэг овог брэнд болж чадсан бөгөөд амжилт, эд баялгийн баталгаа болсон түүний нэрийг ашиглахыг хүсэх хүмүүс ч бий болсон аж. Үүний нэг жишээ нь Сөүлд барьсан зочид буудлын барилга дээр “Trump Tower” гэдэг бичиг тавих эрхийг нэгэн барилгын компани түүнээс таван сая ам.доллараар худалдан авсан явдал юм.
 
Бизнесээс гадна телевизийн шоу нэвтрүүлгээрээ алдаршсан түүний мэдэлд “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны эрх байдаг бөгөөд энэхүү тэмцээнийг жил бүр дэлхийн 90 оронд 2,5 тэрбум хүн үзэхээс гадна 700 гаруй гадаад, дотоодын телевизийн суваг дамжуулах эрхийг худалдан авдаг юм. Бүх салбарт нэрд гарч чадсан түүнд улс төрийн карьер дутуу байлаа. Тиймээс Доналд Трамп 2000 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч түүнийг ард түмэн бизнесмэн гэж харахаас улс төрч тэр дундаа еренхийлөгч болох хэмжээний хүн гэж үзээгүй юм.
 
Түүний шийдвэрүүд
 
Америкийн шинэ засаг захиргааны бүтцийг сүүлийн хэдэн сарын турш хэлэлцэж байгаа аж. Трампын хувьд Бүгд Найрамдах намаас сонгогдсон өмнөх ерөнхийлөгч нартай хамтран ажиллаж байсан хүмүүсийг багтаа авах хүсэлгүй байгаа бололтой. Харин өөрийнх нь талд тууштай зогсч байсан, шинэлэг бөгөөд “стандарт бус” сэтгэлгээтэй хүмүүсийг л шилж сонгох болов уу. Жишээлбэл, дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хүнийг шилж сонгосон байдлыг харъя.
 
Эхэндээ энэ тушаалд Огайо муж улсын захирагч Жон Кейсикийг санал болгож байжээ. Гэтэл Трамп түүнийг “жаахан тиймэрхүү хачин хүн” гэж тодорхойлсон тул энэ нэр дахин дурдагдсангүй.
 
Түүнээс гадна Дональд Трамп ОХУ-д суух элчин сайдаар мэргэжпийн дипломатчийг бус харин бизнес эрхлэгч хүнийг томилж магадгүй байгааг Вашингтонд ажилладаг улс төрийн нэртэй тоймч Жон Гиззи онцоллоо. Бизнесменүүдэд илүүтэй итгэл хүлээлгэдэг Трампын хувьд Москвад суух элчин сайдыг ажил хэрэгч хүмүүсийн дотроос олж сонгоно гэдэг нь зүй ёсны хэрэг. 
 
Өмнө нь Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эцэг Жорж Буш ОХУ-д суух элчин сайдаар бизнес эрхлэгч, хуульч Роберт Страуссыг томилж байсан билээ. Мөн бизнесийн хүн сонгох гол шалтгаан нь байр сууриа голлон барьдаг дипломатчингаас илүү эрх ашигтай. Мөн тэрээр Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн захирал асан, чөлөөнд байгаа генерал Майкл Флиннийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө сонгох болсон талаар мэдээлсэн юм. 
 
Гэхдээ уг томилгоог чөлөөнд байгаа дэслэгч генерал зөвшөөрсөн эсэх нь одоогоор тодорхой биш байна. Дэслэгч генерал Флинн нь ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр Д.Трампыг дэмжиж, түүнд дипломат харилцаа болон үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө өгч байжээ.
 
Конгрессын гишүүн Майк Помпеог Тагнуулын төв газрын захирлаар, сенатч Жефф Сешионсийг ерөнхий прокуророор сонгожээ. Сешионсийн хувьд хууль бус цагаачидтай тэмцэх хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж Д.Трампт зөвлөдөг байжээ.
 
Д.Трамп өөрийн засаг захиргаанд ажиллах хүмүүсээ, тэдний дотор төрийн нарийн бичгийн дарга болон батлан хамгаалахын сайдыг сонгохын тулд олон уулзалтууд зохион байгуулж байгаа аж.
 
Хүлээлт Шинээр сонгогдсон ерөнхийлөгчид олон орны төрийн тэргүүнүүд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Тэдний дотроос хамгийн их анхаарал татаж буй нь ОХУ юм. Учир нь Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэрээ АНУ нь ОХУ-тай сөргөлдөх биш хамтран ажиллаж байж дэлхийд энх тайван тогтоох, террористуудын эсрэг явуулах арга хэмжээ илүү үр дүнтэй болно гэж мэдэгдэж байсантай холбоотой. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп нар хоёр талын харилцаагаа сайжруулахаар тохиролцжээ.
 
Эрх тэгш байдал, харилцан хүндэтгэл болон нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмуудад тулгуурлан АНУ-ын шинэ засаг захиргаатай түншлэлийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Ерөнхийлөгч В.Путин илэрхийлсэн байна.
 
Мөн хүн төрөлхтний дайсан гэгдэж буй терроризм болон хэт давруу үзэлтэй тэмцэхэд хамтран ажиллахаар тэд тохиролцжээ. Түүнчлэн, Сирийн хямралыг шийдвэрлэх арга замуудыг тэд хэлэлцсэн байна. Хоёр  талын харилцааг муудахад хүргэсэн Сири болон Украины нөхцөл байдлын асуудлаар ОХУ болон АНУ санал зөрөлдөөнөө нэг тийш болгож, харилцан буулт хийх эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа гол сэдэв юм.
 
Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах болов уу гэж Оросын сайдаас асуухад тэрээр “Энэ нь зөвхөн боломжийг л нээнэ гэж хэлмээр байна. Энэ боломжийг ашиглахын тулд бид чадах бүхнээ хийнэ” гэж хариулжээ.
 
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн даваа гарагт Хятад-АНУ-ын харилцааны талаар Дональд Трамптай утсаар ярьжээ.
 Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Д.Трампд баяр хүргээд цаашид түүнтэй хамтран ажиллахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Манай хоёр улсын хувьд хамтран ажиллах нь хамгийн зөв сонголт гэдгийг түүх харуулж байна хэмээн тэрээр онцлон тэмдэглэжээ.
 
Тэрээр цааш хэлэхдээ “Хятад,  АНУ-ын хоорондын харилцаанд чухал үүд хаалга нээгдэж байгаа бөгөөд энэ харилцаа улам гүнзгийрэх асар их боломж бий. Хоёр улсын ард түмэнд илүү их үр ашигтай байдлыг бий болгож, Хятад, АНУ-ын харилцааг улам хөгжүүлэхийн тулд манай хоёр улс тус бүрийн эдийн засгийн хөгжил болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн уялдааг хүчирхэгжүүлж, төрөл бүрийн салбар дахь солилцоо болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэйг онцолсон юм.
 
Харин Трампын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргэсэнд Си Зиньпинд талархал илэрхийлж, Хятад, АНУ-ын харилцааны асуудлаар түүнтэй санал нэгтэй байгаагаа мэдэгдээд “Хятад улс бол анзаарахгүй өнгөрөх аргагүй хөгжлийн хэтийн төлөвтэй их гүрэн бөгөөд маш чухал улс” гэж хэлсэн байна.
 
Өчигдөр АПЕК-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран хийсэн хэвлэлийн бага  хурлын үеэр ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Доналд Трампын  бүрэн эрхийн хугацаанд “АНУ, Герман хоёр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна” гэж мэдэгджээ.
 
Европын аюулгүй байдлын асуудалд АНУ оролцож байгаад Д.Трамп санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн нь Германы хувьд түгшүүр болсон билээ.
 
“НАТО-д ирж буй дарамт шахалтыг хуваалцахыг АНУ хүсч байна. Тиймээс Герман болон Европ НАТО-д оруулж буй хувь нэмрээ аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж А.Меркель хэлсэн. Мөн Герман болон АНУ-ын хамтын ажиллагаа хоёр орны ашиг сонирхолд нийцдэг учир цаашид энэ итгэл үнэмшилд үндэслэн Д.Трамптай хамтран ажиллана гэж мэдэгдлээ.
 
Харин Д.Трамп АНУ, ОХУ-ын харилцааг сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь НАТО-д дэмжлэг үзүүлнэ гэсэнтэй нь зөрчилдөж байгаа юм.
Гэвч Барак Обама Украин, Сирийн асуудлуудад буулт хийж болохгүй гэдгийг Д.Трампт анхааруулсан байна. Тэрээр, Д.Трамп олон улсын хэм хэмжээг гажуудуулж байгаа ОХУ-ын эсрэг хатуу байр суурьтай зогсоно гэдэгт найдаж байна гэж мэдэгджээ.
 
Известия
Эх сурвалж:“Соёмбо “сонин