sonin.mn
Улаанбаатар хотод 1396.9 мянган хүн буюу Монголын хүн амын 45.7 хувь нь оршин сууж байгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард явуулсан Хүн ам зүйн судалгаагаар тогтоожээ.
 
Ийм олон хүн төвлөрөн суурьшсан нийслэлд усны чанар, аюулгүй байдал юу юунаас чухал. Эл асуудлаар “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” хөтөлбөрийн тогтвортой байдлыг баталгаажуулах үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өчигдөр эхэллээ. Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У болон БОАЖЯ, ХХААХҮЯ, Ус сувгийн удирдах газрын удирдлага болон мэргэжилтнүүд оролцсон юм. 
 
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамны Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Ууганцэцэг “Монгол Улсад усны аюулгүй байдлын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлсэн ололт амжилт, цаашдын чиглэл”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Дэлгэрмаа “Усны чанарын түншлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. 
 
Түүнчлэн зөвөлөлдөх уулзалтад оролцогчид гадаргын усны чанар аюулгүй байдал, агаарын чанар, орчны эрүүл мэндийн тогтолцоо, төвлөрсөн ус хангамж, уур амьсгалын өөрчлөлт, ус хэмнэх шилдэг аргын талаар санаа бодлоо хуваалцсан юм.
 
Манай улс усны чанар, эрүүл ахуйн талаар Засгийн газрын “Ус үндэсний хөтөлбөр”, “Усны шинэчлэл-21” гэсэн үндсэн хоёр баримт бичиг, мөн эдгээртэй холбогдон гарсан найман хууль, 20 гаруй журмыг мөрдөж байна. Мөн ДЭМБ-гаас гаргасан Ундны усны чанарын удирдамжийг үндэслэн Монгол Улсын ундны усны үндэсний УСТ 900:92 стандартыг мөрдөн ажиллаж байгаа аж. Уг стандартыг 2005, 2010 онд шинэчлэн боловсруулсан тухайгаа чуулганд оролцогчид онцолж байсан.
 
Дээрх стандартын дагуу ундны усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүхий л шат дамжлагад эрсдэлийн үнэлгээ хийж байгаа аж. Цаашдаа ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ундны усны чанар, аюулгүй байдалд гадаад, дотоодын үнэлгээ хийхээр төлөвлөж байгааг энэ үеэр дуулгалаа.
 
Барилгынхан цэвэр усны шугамд анхаарахгүй байна. Орон сууцад амьдарч байгаа зарим иргэнээс холбогдох байгууллагуудад хандан “Крантнаас зэвтэй ус гарч байна” гэсэн гомдол олонтаа ирдэг байна. Энэ талаар Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбооны мэргэжлийн ТББ-ын тэргүүнБ.Пүрэвжав “Зэвтэй ус гарч байгаа нь нийлүүлж буй усандаа биш, ус дамжуулах тоног төхөөрөмжиндөө байна. Шинээр барьсан орон сууцны ус дамжуулах шугам чанарын шаардлага хангадаггүй. 
 
Ус дамжуулах шугамыг хуванцар, цайраар өнгөлсөн материалаар хийгээгүй учраас ус зэвтэй гарч байна. Тиймээс барилга барьдаг газрууд цэвэр усны шугамын тоног төхөөрөмждөө ихээхэн анхаарлаа хандуулах  хэрэгтэй" гэсэн юм. Тэрбээр яриандаа Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь амьдардаг гэр хорооллын болон орон сууцны иргэдийг найдвартай, чанартай усаар хангаж байгааг дурдав. Ийн чуулганд оролцогчид манай иргэд ус хэмнэх, хамгаалах боловсрол энэ талын мэдээлэл дутмаг байгааг хэлж байлаа.
 
Өдөрт 7-8 аяга ус уувал эрүүл мэндэд тустай 
 
Японы эрдэмтэн Эмото Масару орчны нөлөөллөөр усны молекулийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөн тухай судалгаа хийж үр дүнг фото зургаар баталгаажуулжээ. Тухайлбал, бидний хэрэглэдэг ундны ус сонгодог хөгжмийн аялгуу, “хайр” гэсэн үгийн нөлөөллөөр маш сайхан бүтэцтэй болдог байна. Энэ мэт сонирхолтой жишээ дурдаж “Улаанбаатар хотын хүн амын усны аюулгүй байдлын төлөвлөгөө хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлага" сэдвээр илтгэл тавьсан.
 
Ус сувгийн удирдах  газрын Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний багийн нарийн  бичгийн дарга С.Бумаа хүмуүс өдөрт 7-8 аяга ус ууж байвал эрүүл мэндэд тустай .Өглөө , өдөр хоол иэдэхийн өмнө ус тогтмол уухыг зөвлөж байсан юм.Тэрээр олон жил ус судалсныхаа хувиар “нийслэлчүүд найдвартай цэвэр , цэнэг , зөөлөн ус хоол ундандаа хэрэглэж байгаа.Манай хотын хүн амын ундны ус аюулгүй” гэдгийг батлан тодотгов
 
Усаа хэмнэх арга энгийн
 
Ус хэмнэх ойлголт их энгийн зүйлээс эхэлдэг байна. Жишээлбэл, шүдээ угаах, сахлаа хусахдаа усны цоргоо хаах хэрэгтэй. Усаа хаахгүйгээр нэг удаа шүдээ угааж, сахлаа хусахад 20-30 литр ус үрэгддэг байна. Зөвхөн таван минут л шүршүүрт ороход 150 литр цэвэр ус урсдаг аж. Тиймээс биеэ савандаж байхдаа усаа хаах нь ус хэмнэх сайн арга хэмээн мэргэжилтнүүд хэлж байв. Бас үүний дээр сантехникийн хаалт, битүүмжлэл сайн байх шаардлагатай.
 
Угаалтуурын цоргыг дутуу хааснаас өдөрт ойролцоогоор 75, жорлонгийн татуургын битүүмж алдагдсанаас 750 литр ус алдагддаг байна. Бас ариун цэврийн цаасыг жорлонд биш хогийн саванд хийх нь ус хэмнэх сайн аргын нэг аж.
 
Б.Даариймаа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин