sonin.mn
 
 
МАН-ын ахмад гишүүн Г.Самбуу МАН-ын удирдлагуудад захидал хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ
 
-Би МАН-ын жирийн гишүүдийн нэг. УИХ-ын сонгуульд нам маань ялалт байгуулсанд талархаж, миний өчүүхэн хувь нэмэр бий гэдэгт итгэж явдаг нэгэн. Сонгуулийн өмнө манай намын дарга нар “Мэргэжлийн Засгийн газар байгуулж, ард олноо сайхан амьдруулна” гэх зэргээр маш том том амлалт өгч байсныг намын жирийн гишүүд бид төдийгүй олон нийт мартаагүй байна. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчээр намын дарга нарын маань үг уриа төдийхөн байжээ гэдгийг улам бүр ойлгож, басхүү харамсах боллоо. Хамгийн наад зах нь л мэргэжлийн гэхээсээ найз нөхөд, нутаг нугийнхнаа татсан Засгийн газар байгуулж, олон нийтээс ямар их шүүмжлэл хүлээв. Нөгөө шүүмжлээд байсан давхар дээлээ ч өөрсдөө өмслөө. Энэ байдал зөвхөн Засгийн газар, яам, агентлагуудад болж байгаа ч юм биш. Хөдөө орон нутагт ч халдварлав. 
 
Өвгөн миний амьдран суугаа өмнийн цэнхэр говь нутагт минь өнөтэй сайхан өвөл болж байна. Харин аймгийн удирдлагад гарч ирсэн намынхан маань жирийн гишүүд биднийхээ үгийг сонсохоо болих янзтай. Энэ хэвээрээ бол сүүлийн жилүүдэд хөгжлөөрөө тэргүүлж яваа Өмнөговь аймагт маань засаглалын зуд нүүрлэж, хөгжил дэвшил нь зогсоход хүрэх вий гэж МАН-ын жирийн гишүүд бид санаа зовох боллоо.
 
Төв намын бодлого, даалгавар нэрийн дор бүтцийн өөрчлөлт хийхдээ олон хүнийг төрийн албанаас хоморголон халсныг аймгийн иргэд шүүмжлэн ярьж байна. Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албаны даргаар томилох хүмүүстээ албаа аваад 2-3 хүнийг халах үүрэг өгсөн ч гэх шиг. Энэ олон хүнийг ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр аймаг, хотоос хүн авчиран тавьж байгааг харахад дээрх мэдээлэл батлагдаж байна.  Мордохын хазгай гэгчээр аймгийн удирдлагын томилгооноос эхлээд санаа зовох зүйл олон байна. Аймгийн ИТХ-ын даргаар Х.Сугирыг сонгов. Манлай сумын багийн дарга, Засаг даргаар ажиллаж байсан энэ хүн Нийслэлийн ИТХТ-ийн дарга Н.Болормаатай нийлэн МАН-ын дарга М.Энхболдыг газрын наймаагаар баяжсан энээ тэрээ гэж зарлан түүнийг огцруулахаар шударга тэмцэгчийн дүрд чадмаг тоглож байсан нэгэн шүү дээ. Хачирхалтай нь шударга тэмцэгч энэ хүний тухай таагүй яриа ард олны дунд багагүй дуулдах боллоо.
 
Наад зах нь л энэ хүнийг Ерөнхий боловсролын сургуулиа гүйцэд дүүргээгүй, дээд сургуулийн хуурамч дипломтой гэж ярих юм. Энэ мэдээллийн үнэн худлыг хууль хяналтын холбогдох байгууллагынхан нягтлах нь зүйтэй билээ. Тэгэхгүй бол намын нэр хүндэд халтай зүйл болоод байна. Бүхэл бүтэн аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход энэ хүний мэдлэг боловсрол дутаж байгааг иргэд шүүмжлэх болсон нь үүний нэг илрэл.
 
Х.Сугир дарга “Гар аргаар алт, чулуу олборлохыг аймгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаа” гэж иргэдтэй уулзахдаа ярьж явсан гэдэг. Аймгийн ИТХ-ын дарга гэх хариуцлагатай албан тушаал хашиж буй түүний үгэнд итгэсэн цөөнгүй иргэн алт, чулуу олборлож, амьдралаа дээшлүүлэхээр яваад эд хөрөнгөөрөө хохирсон төдийгүй зарим нь гэмт хэрэгтэн болж, шүүхийн хаалга татахдаа тулжээ.
 
Манай намд энэ хүнээс өөр Аймгийн ИТХ-ын даргаар ажиллуулчих мэдлэг боловсролтой хүн байхгүй хэрэг үү. Үүнийг Төв намын байгууллагын дарга, удирдлагууд эрх биш анхаарах буй заа. Энэ мэт намын нэр хүндийг унагаж буй хүмүүсээс болж манай намын нэр хүнд олон түмний дунд унаж байгааг анхаарч арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Маргааш аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болно. Хурлаар аймаг, орон нутгийн хөгжил, иргэдэд хамаатай олон чухал асуудал хэлэлцэнэ. Энэ хурлаараа намын нэр хүндийг унагасан болчимгүй үйл хийсэн Х.Сугир мэт албан тушаалтнуудынхаа тухай хэлэлцэж шийдвэрлээсэй гэж жирийн гишүүд бид хүсэж, бас шаардаж байна. Болгоон тунгаам уу.
 
МАН-ын ахмад гишүүн Г.Самбуу