sonin.mn
Эдийн засгийн хөгжлийг улс орны газар зүйн байршил, хүн амын тоо, улс ардын аж ахуйн салбарын бүтэц, хөрөнгө оруулалт, ажиллах хүчний тоо, удирдлагын чадавхи, улс төрийн бодлого,  гадаад харилцаа хамтын ажиллагаа гэх мэт  олон хүчин зүйлийг тусгасан тодорхой үзүүлэлтүүдээр авч үздэг.
 
Монгол улсын эдийн засгийн  хөгжил сүүлийн 25 жилд олон өвөрмөц шинж чанартай болж бүс нутгийн интеграцид татагдан орсоор байна.
 
Газар нутгаараа дэлхийд 17-д, нэг хүнд ногдох малын тоогоороо эхний байранд ордог, хүн ам цөөтэй, газрын доорх их баялагтай, үйлдвэрлэх хүчин сул хөгжсөн манай улсын хөгжлийн төвшин Азийн орнуудаас хоцронгуй байгаа билээ.  Үүнд далайд гарцгүй  гэсэн  газар зүйн байршил нөлөөлдөг.
 
Иймд  бүсийн бусад хөгжилтэй орнуудаас  илүү хурдацтай хөгжих зүй ёсны шаардлага бидний өмнө тулгарч байна.  Гэхдээ азийн эдийн засгийн интеграцид байр суурьтай, зах зээл томтой, шингээх чадвар сайтай ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрэнтэй хөрш. Геополитикийн болон эдийн засгийн давуу талаараа далайд гарцгүй гэдэг дутуугаа  нөхөж бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр сууриа олж авах нь нэн чухал юм.
 
Зөвхөн нүүрс, зэс байгаль экологийн хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн экспортын бүтцийг бий болгоход Монгол улсын эдийн засаг уужуухан хөл дээрээ тогтон бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн байрь сууриа эзлэх боломжтой болно.
 
Ингэхийн тулд олон улсын худалдааны хоёр талын болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах, түүнд нэгдэн орох замаар бүс нутгийн интеграцид нэгдэх нь чухал. Тийм боломж ч бий. Монгол улсын эдийн засаг, экспортод гол нөлөө үзүүлэх нүүрсээр тэр боломжийг авч үзье.
Манай улс сайн чанарын эрчим хүчний болон коксжих  нүүрсний арвин нөөцтэй. Нөөцийг дангараа ашиглах мэргэжлийн боловсон хүчин инженер техникийн ажилтантай Шарын гол, Адуунчулуу, Бага нуур, Шивээ овоо, Гашуун сухайт гэх мэт ил уурхайн томоохон ордуудыг  50 жил бие даан ажиллуулж ирлээ. Энэ бол монгол уурхайчдын хуримтлуулсан туршлага.
 
 Энэ туршлага дээр тулгуурлан гадны хөрөнгө оруулалтгүйгээр сайн чанарын коксжих нүүрс бүхий  5-6 тэрбум тонны нөөцтэй Таван толгойн ордыг ашиглахад хангалттай борлуулах зах зээл дэргэд байна. Азийн эдийн засгийн интеграцид экспортын нүүрсний бүтцээр  дамжуулан нөлөөлөх боломжтой.
 
 БНХАУ-ын  импортын нүүрсний хэмжээ жилд 86,5 сая тонн буюу 5,4 тэрбум ам доллар...Австралиас коксжих нүүрсийг өртөг багатай далайн тээврээр 94 ам доллараар авдаг. Тэгвэл  манайхаас өртөг өндөртэй авто тээврээр  34 ам доллараар авч байна. Тус улсын  коксжих нүүрс хэрэглэдэг томоохон төмөрлөгийн үйлдвэр манай Таван толгойтой ойрхон оршдогтой холбоотой. Энэ байдлыг ашиглан нүүрсний экспортын бүтэцийг бий болгочихвол  БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэгцээний 40-50 хувийг хангах боломжтой. Энэ хэмжээний нүүрс ийг зах зээлийн үнээр үнэлэхэд 2-3 тэрбум ам доллар болно. Дурьдагдсан 2-3 тэрбум ам доллар гэдэг бол Монгол улсын төсвийн 50 хувьтай тэнцэнэ. Тогтмол ийм орлоготой болчих юм бол бид гаднаас гуйлга гуйх шаардлагагүй.
 
Ер нь нүүрсний экспортын бүтцийг бий болгох ажлыг 2005 оноос эхэлсэн бол  өгөөжийг нь өнөөдөр бид хүртэж эхлэх ёстой байлаа. 2005 он  гэж хэлдэг нь цаанаа учиртай. Оюутолгой гэхэд  тухайн үед хэрэгжих нь тодорхой болчихсон,  коксжих нүүрсний хэрэгцээ нэмэгдэж дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөх нь тодорхой  байв.
 
Нүүрсний экспортын  бүтцээс гадна  Таван толгойг түшиглэн томоохон хүчин чадалтай цахилгаан станц барьсан бол Оюутолгой  БНХАУ-аас өндөр үнэтэй эрчим хүч импортлохгүй. Харин эсрэгээрээ эрчим хүчийг БНХАУ-д экспортлох байсан юм.  
 
Концессийн гэрээгээр 2010 онд Таван толгой, Ханбогд, Хангимандал чиглэлд нүүрс тээврийн хүнд даацын авто зам барих санал гаргаж байсан байдаг. Гадны санал болгосон энэ төслийг хэрэгжүүлсэн бол өнөөдөр ашиглалтад орчихсон нүүрсний  тээвэр ямар ч асуудалгүй болох байв.Энэ төслийг алсын хараагүй хувийн эрх ашигт хөтлөгдсөн Ерөнхий сайдууд засгийн газрууд зөвшөөрөөгүй өнөөдрийг хүрсэн гэж мэргэжилтнүүд ярьдаг.
 
Тухайн үеийн Ерөнхий сайдууд эдийн засгийн өргөн мэдлэггүй байж болно. Харин эдийн засагчийн үгийг сонсох ёстой байж. Энэ төсөл 30-40 сая тонн нүүрс зөөх хүчин чадалтай баригдах байсан. Тус бүс нутагт ийм замтай болсон нөхцөлд олборлолт хийж байгаа  уул уурхайн компаниуд нүүрс, төмрийн хүдэр бүгдийг гаргах боломж бүрдэх байв.
 
Өнгөрсөн хугацаанд  нүүрс экспортлох иж бүрэн бүтэцтэй болж чадсан бол нүүрсийг зөвхөн БНХАУ гэлтгүй, зүүн хойд Азийн орнуудад экспортолж бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр суурьтай болчихсон бодлого тодорхойлоход нь оролцоод явах боломжтой болох байлаа. Гэвч ингэж чадсангүй.
Боломжийг ашиглаж чадаагүй  хоцорсон ч эхлүүлэх ёстой гэж нэг үг бий. Түүн лүгээ нэгэн адил бид өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүнийг  экспортлох бүтцийг бий болгох хэрэгтэй байна. Ийм дэд бүтэцтэй болох ажлыг хийгээгүй  тохиолдолд манайхны  гаднаас бадар барих үйлдэл зогсолтгүй үргэлжилнэ.
 
тоймч Г.Эрдэнэбат
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг