sonin.mn
ХҮН ГҮРНИЙ СОЁЛЫН ЖИЛ - 2017
Ерөнхий сайд АНАНДЫН АМАР (1886-1941) "Монголын Товч Түүх" 1934, 1989 он
Агданбуугийн АМАР сайд Түрэг, Уйгар бол Монголын бус хэмээн баталж, харин Монголын Сянби, Монголын Тоба, Монголын Хятан гүрэн хэмээн оруулж, эх орон өмөг түүхийн төлөө алтан амиа золиослон тэмцсэн гарамгай УЛС ТӨРЧ билээ. Тэрээр бусад олон эрдэмтний ишлэн судлах тулгын чулууг тавьсан загалмайлсан эцэг билээ.
Гарамгай түүхч ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995) "Монголчуудын эртний өвөг: "Хүн нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал" 1980, 2000 он
Гүнжийн Сүхбаатар бол Хүннү нар Монголчуудийн өвөг дээдэс мөн болохыг баталж, Европын дийлэнх эрдэмтдийн өмнөөс Хүннү нар түрэг угсаатан биш гэж зоригтой өмгөөлөн дуугарч, Хүннү, Сянби зохиолоо бичиж, Монголчуудын түүхийг олон зуун жилээр урагшлуулсан түүхэн нээлт хийсэн гэж үнэлэгддэг гарамгай ТҮҮХЧ билээ.
Хэрвээ энэ хоёр эрхэм хүмүн амьд сэрүүн байсан бол өнөөдөр НОЁН уулын төлөө цогтой тэмцэж, алдар сууг магтан дуурсаж, ХҮН гүрний үнэн түүхийг бахархан хүүрнэх байсан бол уу.
 
Хэрвээ ийм нэгэн цогтой УЛС ТӨРЧ, ийм нэгэн гарамгай ТҮҮХЧ өдгөө Монголд минь байсансан бол өнөөдөр НОЁН уул дэлхийн түүхийн өв соёлд бүртгэгдэж, Хүн гүрний алдар суу хоёр мянганы дараа дэлхийн сонорыг дэлдээх байсан бол уу.
 
Хэдийгээр шоронд хоригдож
Хосгүй номоо шатаалгасан ч
Хувирашгүй оюун санаа нь 
Хөх Монголдоо дураар нисч
Холч мэргэн ухаанаа 
Хойч үедээ уламжилсан суутнууд.
 
Хэрвээ 1911 онд Монголын түүхийг дэлхийд сортойлгосон Хүннүгийн их хаадын бунхант НОЁН уул Шанъюй хааны нууцаа тайлаагүйсэн бол, 1924 онд гайхамшигт олдворууд нээгдээгүй бол Ерөнхий сайд Анандын Амар туурга тусгаар улсынхаа эрх чөлөөний төлөө алтан амиа золиослож, ам бардам дуугарч, бахархам түүхээ бичиж үлдээхгүй ч байсан байж мэднэ.
 
Хэрвээ ахмад үеийн Анандын Амар сайд 1934 онд түүхээ бичээгүйсэн бол, 1956 онд дэлхийг шуугиалсан Хүннүгийн их хаадын бунхант ГОЛ МОД -1 морины дөрөөний нууцаа археологич Ц.Доржсүрэнд дэлгээгүйсэн бол гарамгай түүхч Гүнжийн Сүхбаатар номоо шатаалган, хавчигдан байсан ч эх түүхээрээ омогшин, Хүн гүрнийг Монголчуудын өвөг хэмээсэн түүхийн баталгаат судалгаагаа хийж чадахгүй байсан ч байж мэднэ.
 
Хэрвээ Монголын түүхэнд мөнхөд дуурсагдах түүхэн гавъяатай энэ хоёр эрхэм хүмүн тэмцээгүйсэн бол, яг зуун жилийн дараа НОЁН уулын алтанд шунаж байх энэ цагт, аугаа их Хүннүгийн их хаадын бунхант ГОЛ МОД - 2 тамган шагайн нууцаа 2011 онд хувьтай аавын хүү, археологич Д.Эрдэнэбаатарт дэлгээгүйсэн бол ХҮН гүрний түүхийг Дэлхийн түүхийг арчих байсан бизээ.
 
Монгол бичгийн амин сүнс болсон Зүрхэн тольтыг хэзээ нэг цагт Монгол нутгаас олдоно доо, хаа нэгтээ хар авдрын мухарт хадгалагдан байгаа даа хэмээн насаараа хүлээн итгэж явсан буурал эрдэмтэн Бямбын Ринчен агсаны мөрөөдөл Монгол нутгаас биелэлээ олсон шиг, хэзээ нэг цагт Хүн гүрэн, Монголын их эзэнт гүрэн, Модун хаан, Чингис хааны алтан ургийн баталгаа олдоно доо, олдох олдохдоо Монголын тал нутгаас олдоно хэмээн итгэж явсан хувьтай энэ хоёр эрхэм хүмүний түүхийн номыг Хүн бүр ширээний ном болгон, алтан судар мэт унших цаг болохуйд Хүн гүрний сүр сүлд сэргэн, Хүн гүрний алтан шүтээн НОЁН уул нууцаа тайлж, Хөх Монголын гал хийморь цоргилон асах буюу.
 
Ерөнхий сайд Анандын АМАР
А.Амар. Монголын товч түүх, 1934 онд босоо монгол бичгээр анхлан хэвлэгдсэн. 55 жилийн дараа Чингис хаанийг магтан дуулах сайн цагийн эхэн 1989 онд хоёрдах удаагаа кирилл үсгээр хэвлэгдсэн.
Номын 10 бүлэг. 
1. Монголчуудийн уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе
2. Хүннү улсийн үе
3. Монголын Сянби улсын мандсан үе
4. Монголын Тоба хэмээх Их Юан улс мандсан үе
5. Түрэг улс мандсан үе
6. Уйгар улс мандсан үе
7. Монголын Хятан улсын мандсан үе
8. Алтан улсын үе
9. Бөртэ чинос эхлэн Чингис хаан хүртэлх үе залгамж
10. Чингис хааны үе хэмээсэн 10 бүлэгтэй.
 
Эл номондоо Түрэг, Уйгар бол Монголын бус харин Монголын Сянби, Монголын Тоба, Монголын Хятан гүрэн гэж оруулсан нь маш сонирхолтой болоод чухал билээ. Цаазаар авахуулсан Ерөнхий сайд, дан ганц биеэр монголын бүхий л үеийн түүхийг бичих үүрэг хүлээж явсан шилдэг бичгийн хүн, түүхч, эх оронч А.Амар гуайн бичсэн <Монголын товч түүх> бол Монгол улс үндэстэний бүхий л түүхийг товчлон үнэнээр хураасан болоод орчин цагийн түүхийн ном зохиолийн тулгуур үндэс болно. 
 
Тэрээр бусад олон эрдэмтний ишлэн судлах тулгын чулууг тавьсан загалмайлсан эцэг билээ. Тухайн үедээ 1934 онд номын эхэндээ тусгаар улсын үзлээ ил бичиж, түүхээ Чингис хааныг шууд илээр анхлан магтан дуулсан нь хожим цаазаар авахуулах нэгэн шалтгаан болсон буюу. Монгол залуу хүн бүрийн алив түүхийн гарын авлага, тулгуур болгон анхааран заавал унших чухал номын нэгэн болоод зогсохгүй, номыг бичсэн үзэл санаа, язгуурын ёс хэвшил нь одоо ч хамгийн чухал хэвээрээ байгааг бид судлан ухаарах, юуны төлөө алтан амиа алдсаныг сэхээрэн хүндлэх чухал билээ.
 
А.Амар бол манай ахмад үеийн түүхчийн нэгэн билээ. Түүний эл зохиол нь манай эриний өмнөх нэг мянганы эцсээс 13 –р зуун хүртэлх 1000 гаруй жилийн түүхийг он цаг дэс дараалалд эрэмбэ цэгцтэй хураангуйлан бичсэн манай түүхчдийн анхны бүтээл болсныг дурдах ёстой. А.Амар бас өмнөх үеийн судалгаанд үндэслээд Монгол оронд Бурхан шашин дэлгэрсэн түүхийг ерөнхийд нь 3 үе болгохын зэрэгцээ бүх шашнийг дэмжих өвөрмөц бодлого явуулж байжээ. А.Амар сайд, Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн эерэг талыг маш их үнэлэн, айлгүй зоригтойгоор бичсэн.
 
А.Амар сайд номын эхэндээ: 
 
<Монгол үндэстэн бол эрт хэдэн мянган жилийн үес эхлэн Ази тивийн дотор нэр сүрийг бадруулан явсан ба ялангуяа Чингис хааны үед Ази, Европ хоёр тивийн хүнийг байлдан дийлж, гайхамшигт гавьяа түүхтэй явсан бөгөөд монгол угсаатан эрт дээр үед энэ мэт идэрхэг, хүчирхэгээр Мандан явсан атал хожмийн үед дорой буурай байдалд орж, аль хүчирхэг этгээдийн эрх мэдлийн доор ороход хүрч, бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдаж байсан бусад аймгууд харин биднийг эзлэн захирахад хүрээд, бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн нь харин бидний багш болоход хүрчээ. 
 
Ойр дөтмөөр нэгтгэн хураангуйлж зохиосон үндэсний түүх шаширгүй болоод тус улс нь ардын хэмжээт цаазат улс байгуулсан (1921 он) 13 жилийн ой ба Бүгд найрамдах засгийг явуулж Үндсэн хуулиа баталсан 10 (1924 онд) жилийн ойн баяр энэ онд тохиолдуулан бичив. 
 
Монгол үндэстэний түүх бол маш дэлгэрэнгуй хүнд, цөөн хэдэн сар, хоног төдий хугацаанд багтаан зохиож завдахуйяа бэрх. Бас би цөөн хоногийн хугацаанд бүхий л олон түүх судруудийг цөмийг нягтлан уншиж, утга учрийг хураангуйлан авах арга завдал гарсангуй учир маш товчоор бичсэн ба, бас ч зарим нэгэн бодсон санаснаа ч бүрэн гүйцэдээр оруулж чадсангүй. Хэдий тийм ч олон эрдэмтэний зохиосон түүх судруудийн гол утга чанарыг их төлөв хураангуйлан оруулсан бөгөөд, хэдий товч ба зохиол найруулгын талаар уран гоё бус боловч монгол угсаатны анх түүх сударт тэмдэглэгдэх болсон цаг үес эхлэн олон үйл явдлуудийг товчлон хурааж, үнэнээр илтгэн гаргахыг хичээсэн билээ. > хэмээжээ.
 
А.Амар <надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохийг мэдсэн. Нөхөдүүд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхөдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна> гэж хэлжээ.
 
Гарамгай түүхч Гүнжийн Сүхбаатар
 
Хүннү нар угсаа гарвалын хувьд Монголчуудтай хамааралгүй гэх үзэл өнөөг хүртэл ноёлсоор байгаа. Энэ мугуйд үзлийг сэт цохисон гарамгай эрдэмтэн бол Гүнжийн Сүхбаатар. Өнөөдөр мянган эрдэмтэн байгаад ч дийлэмгүй тэр их нөр хөдөлмөр авъяас билгийг зориулан нэгэн биеэр Монголын түүхийг гадаадын довтолгооноос зогсоож чадсан түүний эрдэм бүтээл эргэн үнэд орох цаг ирсэн. Нэгэн үе Хүн гүрний түүхийг Хятадын, Оросын үндэстний болгон гуйвуулж байсан бол өдгөө Солонгосын, бүр олон монгол эрдэмтэд Түрэгийн хэмээн гуйвуулсар л байна. Энэ бүхний хариу бол алдарт Гүнжийн Сүхбаатар эрдэмтний өнөө ч асар ач холбогдол нь галын цог шиг гялалзах Монголчуудын эртний өвөг ном бүтээл нь болой.
 
Номын 5 бүлэг. 

1. Хүн нарын аж ахуй, мал, малын тоо толгой, сүргийн бүрэлдэхүүн, нохой, цагаан идээ, ан, тариалан, тэрэг, суурин, сууц, гэрийн үйлдвэрлэл, нүүдэл, худалдаа
2. Хүн нарын нийгмийн байгуулал, Шанъюй, түмтийн дарга нар, газар, мал, алба гувчуур, гэр бүл, аравтын систем, цэрэг, хэв хууль, хуралдаан, шүтлэг, бурханы шашин, мөлжлөгийн хэлбэр, ангийн харьцаа, нийгмийн байгууллын зарим асуудал, гадаад харилцаа

3. Хүн гүрний соёл, бичиг, 12 жилийн үүслийн тухай, дуу, уртын дууны тухай домог, хөгжмийн зэвсэг, аман зохиол, заншил зан үйл, спорт тоглоом, наадам, урлаг
4. Хүннү, тэдний удам, Хүннүгийн өмнөх аймгууд, хүннүгийн гарлын тухай домог, антропологийн мэдээ, хувцас, хүннү сяньби, хүннү хулан, цзеху, хүннү, түрэг, хүннү монголчууд, хүннү хунн нар, хүннү ба утга зохиол

5. Хүннү хэл, угсаатны нэр, хүний нэр, газрын нэр, албан тушаалын нэр, хүннү нарт холбогдмоор үгс, утга нь тодорхой хүннү үгс гэсэн таван том бүлэгтэй.
Гүнжийн Сүхбаатар (1928-1995) бол 1960-аад оны сүүлч 1970-аад оны эхэн үер монголын түүхийн судлалд хүчтэйхэн түрэн гарч ирсэн эрдэмтэн юм. 
Хэлмэгдэн, ном зохиолоо шатаалган хураалгаж явсан. Ясны монгол эрдэмтэн. Доктор Гүнжийн Сүхбаатар Хүннү нар Монголчуудийн өвөг дээдэс мөн болохыг баталж Хүннү, Сянби зохиолоо бичсэн.
 
Жак Уэтерфордын нэрэмжит Сонгодог судалгааны бүтээлийн 2012 оны шагналыг нэрт түүхч Гүнжийн СҮХБААТАРЫН гэргий Д.Лхамсүрэнд гардуулахаар шийдсэн. Гүнжийн Сүхбаатар 1928 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1968 онд БНМАУ-ын түүхийн дээж бичиг (Л.Жамсрангийн хамт), 1971 онд Сяньби, 1980 онд Монголчуудын эртний өвөг , 1991 онд Монгол-Нирун улс зэрэг гол бүтээл номоо бичсэн. Монголчуудын түүхийг олон зуун жилээр урагшлуулсан түүхэн нээлт хийсэн гэж үнэлэгддэг эрдэмтэн билээ.
 
-Гүнжийн Сүхбаатар бол төлөвлөгөөгөөр төрсөн эрдэмтэн биш, төрөлхөөсөө төрсөн эрдэмтэн хүн. 
Эрдмийн ажлын албан ёсны шүүмжлэгч, академич Бямбын Ринчен, 1969 он

-Бид нар 1968 онд Монголын түүхийн дээж бичгийг бичсэн улс... Хэзээд бид ялна гэдэгт итгэж байсан. Бид үнэний замаар явж байсан тул ялж дийлсэн дээ. 
Доктор, профессор Л.Жамсран, 2004 он
-Гүнжийн Сүхбаатар бол Монголын ясны эрдэмтэн хүн. Монголын түүхийн судалгаанд түүний жинтэй хувь нэмэр үүрд мөнх орших юм.
Академич Чулууны Далай, 2000 он
-Гүнжийн Сүхбаатарын бүтээлийн ач холбогдол нь Монгол байсан цагт байх бүтээлүүд болой. Ач холбогдол гэхээсээ илүү мөн чанараараа аугаа болохоор онцолж байна. Ийм түүхч Монголд дахин төрөхгүй.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, 2012 он
 
 
Судлаач Цэнд-Аюушийн Батмөнх