sonin.mn
Хүүгийхээ сургуулийн нээлтэд очлоо. Сургууль гэснээс би өмнө нь ганц хүүгээ өндөр төлбөртэй сургуульд сургаж байсан юм. Нэг л хичээл даалгаврын араас босохгүй, бие даах чадваргүй, сулдуу, нүдний шил зүүсэн олимпиадад орсон, дүнд ач холбогдол өгсөн, ах дүү нарын хүүхдээс юмаа харамласан, хов хэлсэн, машинаар хүргүүлээд машинаар гэртээ буудаг нэг л биш болоод байхаар нь ноднин “Чи ирээдүйд эр хүн болно.
 
Амьдрал үз, ухаан суу, хаана ч биеэ аваад явж сур. Сайн, мууг биеэрээ туул. Дархлаатай бол" гээд жирийн л нэг улсын сургуульд 50 гаруй хүүхэдтэй ангид оруулчихлаа. Тэгсэн яасан гээч хичээл нь хөнгөдсөн ч заалгасан хичээлээ мартдагтүй болсон. Нэг л өөр өөр сэдэв хөндөж ярьдаг болов оо. Эхнэр үглээд л “Хичээлээ хийгээч" гэхээр “Ээж минь дээ, амьдрах ухаантай болж байна шүү дээ" гэдэг юм.
 
Нэг удаа сургуулийнх нь гадаа эхнэртэйгээ явж байтал хүү сургуулийнхаа гадаа хоёр бандитай дээр доороо орчихсон зодолдоод сүйд. Эхнэр “Хүүе, хаая очооч" гэхэд нь “Зүгээр ээ, үеийн юм байна зодуулж сураг” гээд хараад л байлаа. Нэгийг нь доороо хийчихсэн, нөгөөх нь дээрээс нь нүдээд "сайхан нүдэлцсэн”. Тэгсэн босоод нөгөө хоёртойгоо гар барьчихаад л яваад өгнө лээ. Орой нүүр ам нь улайсан юм байхаар нь “Яасан” гэсэн зүгээрээ л гэж байна.
 
Бид хоёр дуугүй л байсан. Өвөл хүү маань чихэр барьсан орж ирлээ. “Юун чихэр вэ” гэсэн “Сайн үйл хийгээд ээ аав. Өчигдөр орой хичээлээ тараад явж байсан чинь манай ангийн гурван охиныг хоёр банди утсыг нь авах гээд дээрэлхээд байхаар нь би хамгаалаад тэднийг зугтаалгасан. Тэгээд өнөөдөр “Баярлапаа” гээд өгсөн юм" гэлээ.
 
Би дотроо баярласан, бас айсан. Гэхдээ "Сайн байна" гээд үнссэн. Би хувьдаа хүүгээ энэ сургуульд оруулсандаа баярладаг. Миний хүү сайн мууг мэддэг, бие биенээ хайрладаг болсон. “Манай ангийн жижигхээн охин нэгдүгээр хорооллоос автобусаар ирдэг юм байна” гээд өөрөө өглөө босоод автобусаар сургуульдаа явдаг боллоо. “Аав манай ангид утас ч үгүй хүүхэд байдаг. Аниагийн хуучин утас надад болно” гэдэг болсон. Өөрт хэрэггүй хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, тоглоомоо ах, дүүгийн хүүхдүүдэд өөрөө өгдөг болж, илүүцийн шуналгүй болсон.
 
Одоо байгаадаа сэтгэл хангалуун, элдэв хэрэггүй юм нэхдэггүй, “Манай найз зайлуул хол явдаг, муу гуталтай юм” гээд илүү гутлаа өгдөг болсон. Өөрийнхөө мэдлийн мөнгийг зөв зарцуулж, хүргэдэг болсон. Гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхэдтэй ээжийг хараад өдрийнхеө 1000 төгрөгийг өгдөг болсон. Миний хүү өөр болсоон. Хүү минь Монголдоо л амьдарна. Насан туршдаа энэ нийгэмд оролцож, амьдарна. Хүүгээ туг ч барьсан онгиролгүй, тугал ч хариулсан гундалгүй байгаад нь сэтгэл хангалуун байж, түүнээсээ аз жаргал мэдэрч нинжин сайхан сэтгэлтэй, бие биенээ хүндэлдэг, эхнэр хүүхдэдээ элбэрэлтэй, хариуцпагатай хүн болоосой л гэж бодох юм.
 
Нэг их онц сурах хэнд хамаатай юм бэ. Хүн болгон босс, улс төрч, инженер болох албагүй шүү дээ. Харин бүгд л аав ээж болдог. Ажлаа тараад гэр рүүгээ инээмсэглээд яарсан “Өрхийн тэргүүн” болоосой л гэж боддог юм.
 
 
Б.Бат-Эрдэнэ