sonin.mn
Ардчилсан шинэ улсыг хөгжүүлэхэд олон л асуудал тохиолдоно.  Зарим тохиолдолд луужин зөв зааж байгаад эргэлзэх ч үе гарна.  Нийгэмд буй болсон сөрөг үзэгдэл: авилгал, албан тушаалын хэрэг, ядуурал, хариуцлагагүй байдал, хүмүүний эрхэм чанар хөсөрдөж буйг хараад итгэл алдрах ч үе гарна.
 
 Цонх онгойлгоход ялаа орж ирдэгиймаа гэж бид өөрсдийгөө 27 жил тайвшрууллаа.  Харин өнөөдөр цонх онгойлгоход ялаа бус утаа уугина.  Утаа (Агаарын бохирдол) Ардчиллын сөрөг үзэгдэл мөн үү? 
 
Капиталистууд бохирдож, сөнөж байгааг Социалист Монгол мэл гайхдаг байлаа.  Өнөөдөр либерал тунхаглалтай капиталист Монгол утаанаас болж сөнөж байна уу? 
 
Капиталист, Социалист, Демократ эсэхтэй утаа үл хамааралтай.  Утаа нь нийгмийн хурдацтай, тогтвортой бус хөгжлийн үр дагавар юм.  Буурай хөгжилтэй, үйлдвэрлэл хөгжөөгүй социалист Монголд утаа бол аргалын утаа байлаа.  Дэлхий нийтийн хувьд ч ялгаагүй. Үйлдвэржилтийн хувьсгалаас өмнө агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтийн асуудал зөгнөлт зохиолын сэдэв ч биш байв.  Хэдийгээр 1896 онд  Шведийн эрдэмтэн, Нобелийн шагналт физикч, Химич Сванте Аррениус (Svante Arrhenius)  агаарын бохирдол, дэлхийн дулааралтын талаарх онолын суурийг боловсруулж, анхааруулсан  ч энэхүү аюултай үзэгдэл 120-оод жилийн дараа бидний үйлийн үр болов.   
 
Капиталист буюу үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлсэн орнууд Монголчуудыг тусгаар тогтнож байхад агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй дам бохирдлын хохирогч болж хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар маргаж байсан.  1950-аад оны дундуур АНУ-д агаарын бохирдол, бусад бохирдлыг зохицуулах нь зүйтэй хэмээн анхны хууль тогтоомжийн актыг баталж, хэрэгжүүлэх үүргийг тохоон Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг (EPA) байгуулж байжээ. Франц, Англи, Герман, Япон зэрэг орнуудын хувьд ч ялгаагүй.  Харин бид 40 мянгатыг л босгож байлаа. 
 
Агаарын бохирдол яах аргагүй эдийн засгийн хурдацтай, тогтвортой бус хөгжилтэй шууд холбоотой.  Өөрөөр хэлбэл Гаррит Хардин (Garrit Hardin)-ийн хэлснээр хүний хязгааргүй хүсэл, аминчхан байдалтай шууд холбогдоно.  Би л хөрөнгөжиж байвал, би л хотод орж ирж байвал, би л даарахгүй байвал, би л бохирдохгүй байвал бусад хамаагүй байх аминчхан үзэл нь биднийг (нийгмийг) бүхэлд хохироож, маргааш би, чи хамтдаа хорддог, хоцордог, мөхдөг.  Эдийн засгийн, хувийн хэрэгцээгээ тэргүүн ээлжид хангахын тулд нийгмийн хариуцлагаа умартсан, энэ хариуцлагаас зайлсхийх замаар хэмнэлт хийх нь тогтворгүй хөгжлийн үндэс юм.  Энэ бол агаарын бохирдлын амин шалтгаан. 
 
2007 оноос агаарын бохирдол Монголын нийгэмд шийдвэрлэвэл зохих нэн тэргүүний асуудал болж, нийтийн анхаарлын төвд хүссэн хүсээгүй орж ирсэн.  Үүнээс хойш 10 жилийн хооронд 5 хууль, 25 орчим дүрэм, журам, стандарт болон түмэн төсөл хэрэгжүүлсэн ч агаарын бохирдол тогтвортой өссөн.  Магадгүй судлаач Баабарын “сүүлийн 16 жилд 170 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан ч үр дүн эсрэгээрээ, цаашид үргэлжлүүлэх нь мөнгө завшихаас өөр зүйлгүй хэмээх шүүмжлэл” нь ортой гэлтэй. 
 
2017 онд төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс шаардав.   Санаачлага үгүй тул шаардахаас өөр арга үгүйд болов уу.  Гэр хороололд амьдарч байгаа, нүүрс хэрэглэдэг айлуудын цахилгааны төлбөрийг 24 цагаас 06 цаг хүртэл тэглэх, үүнээс үүдэх алдагдлыг төр өөртөө хариуцах амлалтыг өглөө.  Гэхдээ тоолуураа авсан, төлбөрийн үлдэгдэлгүй байх зэрэг шаардлага байна.  Түүнчлэн шахмал түлш, ногоон эрчим хүч, дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.  Асуудлын учиг нь урьд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөс юугаараа ялгаатай, ямар үр дүнд хүрэх вэ болон цаашид энэхүү “тэглэх арга” тогтвортой үргэлжлэх баталгаа байгаа юу гэдэгт оршино. 
 
Агаарын бохирдол буурахад хууль, дүрэм, төслүүд олноор батлагдаж, хэрэгжиж, төлөвлөгдсөн ч үр дүн алга байна.  Учир нь Агаарт гаргаж байгаа бохирдлын хэмжээг бууруулахад анхаарсан болохоос эх үүсвэрийн тоог хасахад дорвитой арга хэмжээ авсангүй.  Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрөөс өөр агаарын бохирдлын эх үүсвэрийн тоог хасах тодорхой хөтөлбөр алга байна.  Энэ нь өөрөө эдийн засгийн өсөлттэй шууд холбогдох ба төр мөнгөгүй л бол гацах арга.  Харин миний бодлоор утааны асуудал бидний ардчиллыг ойлгох сэтгэлгээний туйлшралтай шууд холбоотой. 
 
Ардчиллыг хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт байдалтай шууд холбон тайлбарлан, энэхүү эрх чөлөөнд халдсан аливаа халдлагыг дарангуйлагч төрийн шинж хэмээх нь утааны гол эх үүсвэр юм.  Нийтээрээ бохирдож, сөнөж байж оршин суух эрх, өмчлөх эрх, хүссэн түлшээ хэрэглэх боломжийг хамгаалах нь Ардчиллын агуулга биш юм. 
 
Агаарын бохирдлыг бууруулсан Ардчилсан орнуудын жишээг харьцуулан судлах хэрэгтэй.  Монголын утаа, утаа үүссэн нөхцөл байдал, гол бохирдуулагч нь орлогогүй иргэн гэх мэтээр өрнөдийнхнөөс өөр, шийдвэрлэх арга нь ч өөр, гэхдээ бид хэрхэн шийдвэрлэх аргаа мэдэхгүй байна гэж мэдэмгийрхэх нь илүүц. 
 
Утааг бууруулсан олон улсын туршлага ижил байдаг.  Утааны эх үүсвэрийг хаадаг, хориглодог, үл биелүүлсэнд хариуцлага тооцдог, албаддаг.  Гагцхүү хэзээ, яаж гэдэг нь бодлогын баримт, хуулиар тодорхойлогддог. 
 
Агаарын бохирдлыг бууруулахад хэрэглэдэг үндсэн халдлагын зэвсэг бол өмчлөх эрхийн хязгаарлалт юм.  Иймд Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг тайлбарлах, хууль зүйн хүчин чадлыг ялгах шаардлагатай.  Өөрөө хэлбэл Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь Өмчлөх эрх, Оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй мөн чанарын хувьд ямар хэм хэмжээгээр шүтэлцэж буйг зөв тодорхойлох ёстой. 
 
Энэхүү шүтэлцээг Зардал ашгийн судалгаанд (cost benefit analysis) тулгуурлан тодорхойлж, эдийн засгийн ач холбогдлын талаас тайлбарлаж болно.  Үүнтэй адилаар ёс суртахууны, мөн чанарын асуулгыг ч өрнүүлэх замаар тодорхойлж болно. 
 
Хамгийн гол нь өмчлөх эрхийн хязгаарлалт гэдгийг бусдын өмчийг булаан авах, дээрэмдэх, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг шууд хориглох гэдэг утгаар хүлээн авч, ойлгож, тайлбарлаж болохгүй. 
 
Хэрэв гэр хороололд амьдарч буй 350 орчим мянган өрхийн яндангаас гарч буй бохирдол нь агаарын бохирдлын 80 орчим хувийн бүрдүүлдэг бол энэхүү яндангийн тоог хасах нь бидний гол зорилт байх ёстой.  Хэрэв гэдгийг сайн анхаарах хэрэгтэй.  Учир нь манай судалгаанууд дүгнэлтээ гаргачхаад нотолдог сул талтай байдаг.  Бусдаар яндангаас гарч буй хорын хэмжээг багасгах нь төдийлөн үр дүнгүй болох нь нотлогдоод байна. 
 
Бидний хувьд утааг бууруулахад чиглэсэн бүсчлэлийн хууль зайлшгүй шаардлагатай байна.   Бүсчлэлийн хуулийн үндсэн зохицуулалт нь өмчлөх эрх шинээр үүсэх, шилжих, өөрчлөгдөхөд яндангийн хэрэглээг хасахад чиглэх юм.  Тун энгийнээр хэлбэл: 
 
Иргэн А нь шинээр газар эзэмшиж эсвэл өмчилж, хувийн сууц барих тохиолдолд яндангийн хэрэглээг хориглох,  
Иргэн А нь хувийн сууц худалдан авч байгаа бол өмчлөх эрх шилжихэд яндангийн хэрэглээг хориглох, 
Иргэн А нь өөрийн хувийн сууцыг засан сайжруулснаас тухайн сууцын зах зээлийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж буй тохиолдолд яндангийн хэрэглээг хориглох, 
Иргэн А нь  өөрийн эзэмшлийн газар дээр хоёр дахь болон түүнээс дээш сууцыг барьж буй тохиолдолд шинээр баригдсан сууцанд яндангийн хэрэглээг хориглох, 
Иргэн А нь орон сууцны зориулалтыг өөрчилсөн тохиолдолд яндангийн хэрэглээг хориглох зэргээр өмчлөх эрхийн хязгаарласан зохицуулалт нь агаар бохирдуулагч яндангийн хэрэглээг хасаг хууль зүйн гаргалгаа юм. 
 
Харин Монгол улсад өмчлөх эрхийн хөдөлгөөн хир идэвхтэй явагддаг, ялангуяа гэр хорооллын сууцны дунд ямар төвшинд байгаа талаарх судалгааг бодитой гаргах хэрэгтэй.  Энэ хөдөлгөөн болон хориглосон зохицуулалтын холбоосоос бодитой дүгнэлт хийж, үр дүнг тооцоолох боломжтой.  Үүний тулд бүсчлэлийн хуулийг агаарын бохирдлын эх үүсвэрийг хянах, хасах зорилгын хүрээнд төрийн хүчтэй албадлага, зөвшөөрлийн тогтолцоотой богтолж хийвэл бохирдолгүй, энх орон болох боломжтой. 
 
Бид социалист Хятад улс байсан бол маргааш л цэлмэх байлаа.  Учир нь тэнд нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүрт тавьдаг. Тиймдээ ч Бээжин хотыг тойрсон үйлдвэрийн газрыг өдөр болгон хааж байна.  Гэхдээ бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлж буй тул энэ мэт халдлагыг хэзээ ч зөвшөөрөхгүй.  Харин хууль ёсны, зүй ёсны хязгаарлалтыг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой.  Өмчлөх эрхийн дээрх мэт хязгаарлалт бол Ардчилсан төр нийт иргэдийнхээ өмнө хийх, хариуцах ёстой зүй ёсны үүрэг мөн. Эрх чөлөө үнэтэй.  Тэрхүү үнэ “өнөө болон хойч үеийн Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээс” илүү өртөгтэй байж таарахгүй. 
 
Хатуу хэлэхэд агаарын бохирдол үүсгэгчийн тоог хасахгүйгээр бид бохирдлоос хэзээ ч салахгүй. Бууруулахад төрийн хүчтэй албадлага, зөвшөөрлийн тогтолцоо голлох үүрэг хүлээнэ.  Харин энэхүү албадлага, зөвшөөрлийн тогтолцооны зөвтгөл, хууль зүйн үндэслэл нь ардчилсан ёсны, шударга ёсны, хууль дээдлэх зарчимд оршино. 
 
 
Д.Баяр