sonin.mn

Чанартай, чанаргүйг эс тооцвол нийслэлийн удирдлага хотын замаа нэг үеэ бодвол янзлаад, засаад, тавиулаад байгаа. Гэвч хотод “бөмбөгдүүлсэн” зам байсаар байна. Улаанбаатарын баруунтаа, Биокомбинат-Шувуун фабрикийн зам гэж аймаар юм байна. Уг нь саяхныг хүртэл сайхан, дардан засмал зам байсансан.

 

Гэтэл тэр хавийн чулуун карьерын том том оврын, хүнд даацын машинууд яваад байгаагаас тэгдэг юм уу, өнөөдөр энэ замаар ямар ч машин явах аргагүй, ёстой л нөгөө УИХ-ын гишүүн байсан Д.Дамба-Очирын там болгодог нэгэн үеийн Лүнгийн “алдарт” замаас долоон дорын юм болчихоод байна.

 

Тиймээс нийслэлийн Засаг дарга Та тэнд нэг очиж үзэхгүй бол Биокомбинат, Шувуун фабрикт оршин суугчид болон энэ чиглэлээр Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Дундговь аймгийн Адаацаг, Сайхан-Овоо, цаашлаад Өвөрхангайн Уянга зэрэг олон аймгийн сумд руу зорчиж буй олон түмэн нийслэлийн удирдлагыг хараасаар суугааг дамжуулъя...

 

Дээрх чиглэлийн газруудаас буцаад хот ирж байгаа машинууд Шувуун фабрикийн засмал замд орох гэж зүдэрч байна. Учир нь замд нь баахан карьерууд бий болчихсон. Хот руу орж ирэх төв замаа олох гэж тэр олон карьерийг тойрох гэж хамаг цагаа авна. Шөнө орой бол карьеруудын ухсан нүхэнд машин тэрэгтэйгээ орж онхолдох болсон байна. Энэ мэт зовлон Шувуун фабрикийн замд иргэдэд гай чирэх болсныг хотын удирдлагад дуулгая.


Эх сурвалж:”Бизнес Таймс”