sonin.mn
МУМБАЙ. /BBC/. Дэлхийн хамгийн хүнд биетэй хүн буюу 500 кг жинтэй Египетийн иргэн Эман Ахмед Абд Эл Ати гэдэг эмэгтэй жин хасах мэс засалд орсон байна.
 
“36 настай Абд Эл Ати нэгдүгээр сард Энэтхэгт ирснээсээ хойш жингээ 100 кг-аар хассан” гэж Мумбай хотын “Саифи” эмнэлгийн төлөөлөгч ярилаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “бид түүнийг Египет рүү буцаж нисэх үед жинг нь хэвийн байдалд оруулахыг хичээж байна. Тэрбээр ирэх хэдэн сарын хугацаанд жингээ илүү ихээр хасах боломжтой” гэв.
 
Абд Эл Ати Мумбайд захиалгат нислэгээр ирэх хүртлээ 25 жилийн турш гэрээсээ гараагүй гэж түүний гэр бүлийнхэн ярьсан байна.  
 
Мэс заслыг бариатрикийн буюу өөхлөх өвчлөлийг анагаах мэс заслын эмч, доктор Муфазал Лакдавала-гийн ахалсан эмч нарын баг хийжээ.
 
Бариатрик мэс заслыг илүүдэл жин нь эрүүл мэндэд нь аюултай болж эхэлсэн өвчтөнүүдэд хийдэг аж.
 
Ар гэрийнх нь хүмүүсийн ярьснаар, Абд Эл Ати 5 кг жинтэй төрсөн бөгөөд түүнийг төрөлхийн “зааны хөл өвчин”-тэй гэж оношилжээ. Энэ нь шимэгчийн халдварын улмаас гар болон хөл хавдаж, хөөдөг өвчин юм. Түүнийг 11 нас хүрэх үед  биеийн жин нь огцом нэмэгдсэнээр цус харваж, хэвтэрт орсон бөгөөд ээж, эгч хоёр нь асардаг аж.
 
Доктор Лакдавала-гийн ярьснаар, Абд Эл Ати “зааны хөл өвчин” бус харин лимфоэдэма буюу хүний хөл асар томорч хавддаг өвчтэй болохыг тогтоосон байна.
 
Б.Мишээл 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг