sonin.mn
Цэргийн баяр гэхээр тэр жилийн гуравдугаар сарын 18-ны өдөр санаанд буудаг. 1981 онд Ардын армийн 60 жилээр би ахлах дэслэгч цол авлаа. Би тэр үед Жанжин штабын IV газрын офицер нэртэй ч, нидэр дээрээ элдэв албан тоот, аман ярианы орчуулга орос хэл рүү хиймээр аяддаг ажилтай байв.
 
Цэргийн алба сайхан ч, цэргийн боловсролгүй хүнд бол ирээдүй үгүй. 1978 онд Хятад-Вьетнамын зөрчил дайны хэмжээнд тулж, тэр сургаар нь манайхан армиа томсгох болов. Насанд хүрсэн эр хүйстэй болгоныг цэргийн албанд хуу татаж эхлэв. “Хаашдаа л татагдана. Аргалах албан тушаал, арын хаалга надад үгүй тул эртхэн мордоод, эртхэн халагдъя” гэж шийдээд би цэрэгт явлаа.
 
Ар гэрээ тэжээх цалинг нь бодоод офицер болов. Офицер ч гэж дээ, ясны цэргийнхэн бол мань мэтийгээ “шинельтэй ард” хэмээн ил, далд шоолдог байлаа. Бид мэт ч нэг их гомдоод байхгүй. Үнэн учраас яалтай ч билээ.
 
Цэргээс тэгсхийгээд халагдчихна, энгийн амьдралдаа эргэн очоод байр сууриа эртхэн олчих бодолтой л байв. Тиймээс цэргийн цол, шагнал сонирхох юмгүй, тушаасныг нь гүйцэтгээд л хоногоо тоолох шахам явна. Гэтэл гэнэт цол ахих нь тэр. Би тэр өдрийг мартдаггүй юм. Ю.Цэдэнбал даргаар эхэлж, цэргийн шоронгоор дууссан маш урт өдөр байж билээ.
 
1981 оны гуравдугаар сарын 17-нд Ардын армийн 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болов. Маршал Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчоо, нам, засгийн удирдлага, ЗХУ-ын хүндэт зочид хүрэлцэн ирсэн байлаа. Үзэсгэлэнг Авхиа сайд нээн үг хэлж, түүнийг нь би чанга яригчаар орос хэл рүү орчуулж ярих үүрэгтэй.
Хэлэх үгийг нь би орчуулсан учраас торох юмгүй дуржигнуулав. Үзэсгэлэн нээгдэж, дарга нар дотогш орох гэтэл урд нь явсан маршал Цэдэнбал гэнэт эргэж харснаа над руу дохих шиг боллоо. Би нүдэндээ итгэсэнгүй, яахаа мэдэхгүй хөшчихөв. Гэтэл “Чамайг дарга дуудаад байна, очооч” гэж хэн нэгэн хажуунаас евров. Дөхөөд очтол “Авхиагийн үгийг хэн орчуулсан бэ” гэж маршал асууж байна.
 
Дотор пал хийгээд л, юу нь буруу болчихсон юм бол гэх бодол зурсхийн орж ирэв. Үүдэнд овоорсон хүмүүс даргыг дагаад зогсчихов. “Би орчуулсан” гэлээ. Тэгтэл Цэдэнбал дарга “Тэр дружба, спаянная… гэсэн чинь зөв. Найрамдал маань гагнагдсан юм. Паять гэх орос үг манай гагнах гэдэгтэй утга яг таарна. Сайн байна, дэслэгч ээ. Чамд баяр хүргэе, зөв орчуулж” гээд гараа сунгаж байна. Сунгасан гарт нь хүрэхдээ би сандарч “Баярлалаа” гэж хэлж орхив.
 
Гэтэл Авхиа генерал хажуунаас нь “Баярлалаа гэнэ шүү. Чамд Монгол Улсын маршал баяр хүргэж байна. Монгол Улсын төлөө зүтгэе гэдэг байхгүй юу” гээд тас тас хөхрөв. Бүгд даган хөхрөлдөж үзэсгэлэнгийн үүдээр цуван орцгоо.
 
Армийн 60 жилийн тэр арга хэмжээн дээр маршал Ю.Цэдэнбалын дэргэд дэслэгч шинельтэйгээ зогсож байгаа миний зураг хоёр жилийн өмнө интернэтэд гарсан байсныг олж харсан. Надад байхгүй тэр зургийг хэн, хаанаас олж тавьсан юм болоо. Хувилж авах сан гэсээр амжилгүй явтал тэр зураг мэдээллийнхээ ёроолгүй далайд сураггүй болов. Олоод авах сан, уг нь.
 
Маршалтайгаа анх удаа, дэслэгч мөрдэстэйгөө эцсийн удаа патиар татуулсан гэдгээрээ надад дурсгалтай юм.
Тэр өдөр өөр ажилд зарагдан харайлгаж явтал Жанжин штабын дарга, дэслэгч генерал Пүрэвдорж албан өрөөндөө дуудлаа. Товлосон цагт нь очтол намайг ахлах дэслэгч цолоор хугацаанаас нь өмнө шагнасан тухай сайдын тушаал сонсгов.
 
Дөрвөн ширхэг жижиг таван хошуу надад атгуулснаа генерал: “Шинээл, кийтэл дээрээ, хоёр хоёроор нь хад. Дөрвүүлэнг нь нэг газар хадаж орхив. Тэгвэл чи ахмад болчихно. Ахмад болох арай болоогүй. Манай Жанжин штабынхны цол, шагналыг уг нь өчигдөр баярын хурал дээр гардуулсан. Чиний тушаал жич гардаг юм байж. За яахав. Баяр хүргэе” гэж байна. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлчихээд гарч одлоо.
 
Пүрэвдорж генерал дурамжхан дуугараад, үг хаяад байгаа нь нөгөө ясны цэргийнхний “шинельтэй ардууд”-д ханддаг хандлагынх нь хаялга гэдгийг би ойлголгүй яахав. Дурамжхан байх өөр шалтгаан байж болох ч би тэрийг нь яаж мэдэх билээ. “Энэ хэдхэнийг хаана хадахаа би мэдэхгүй л байв гэж. Бүгдийг нь ярайлгаад хадчилтай билээ” гэж бодогдов. Гэхдээ Пүрэвдорж генералыг дагалдан хөдөө хээр, хурал зөвлөгөөнөөр би олон явсан тул ааш занг нь мэддэг байв. Дээшээ бөхөлзөөд, доошоо гэдэлзээд байдаггүй, элдэв илүү зангүй мужик дарга байлаа. Зөв гэж бодсоноо өөрөөс нь том дарга нараас сүрдэж эмээлгүй зөрж, зүтгүүлж байхыг нь би нэг бус удаа үзээд, үнэлж байв. Тиймээс намайгаа тоож, хэдэн үг хаясныг нь юман чинээ бодсонгүй.
 
Шагнуулсан тухайгаа IV газрын дарга Зундуйдорж хурандаадаа илтгээд өрөөндөө орвол манай газрын үе тэнгийн хэд цугласан байв. Хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа Санжаасүрэн хэдэн мөрдэс дээр минь таван хошуунуудыг ёслол төгөлдөр хадаж өглөө.
 
Байгуулсан гавьяа надад байгаагүй ч шагналд дургүй, шагналаас буцдаг хэн байх билээ. Тэгээд ч би ямар гуйж, гувшиж авсан биш. “Мөрөөрөө мөлхөж явтал мөрдэс өөрөө цоорсон ш дээ” гэх үг хүртэл байдаг. Нүднийхээ булангаар хоёр мөрдэсөө сэм харахаа ярайх таван хошуу нь арай л олон болчихсон, урамтай л байдаг юм билээ.
 
Тэгтэл шагналаа яаж тэмдэглэх вэ болоод явчихлаа. Ердийн шагналыг ердийн журмаар, хугацаанаас өмнөхийг бол тэр дор нь тэмдэглэдэг бичигдээгүй хууль байдаг аж. Би түргэний аранзнаасаа нэг гожин гаргаад задлах гэтэл Санжаасүрэн гуай “Хөш гэм, ийм шагналыг гурилдаж, гутааж болохгүй. Тэгээд ч гадуур хаминдаа (комендант) энэ тэр тун ширүүн байгаа гэсэн. Чи одоо гэртээ харь. Эхнэртэйгээ яриад бяцхаан юм бэлд. Бид энгийн хувцас энэ тэрээ өмсөөд ороод гарамз. Цолондоо тааруулж даруухан тэмдэглэнэ шүү. Ямар хурандаа, генерал болчихсон биш. Яахав, анхных юм, хугацаанаас өмнө авсан юм гээд ёсоо дээдэлье” гэлээ.
 
Эхнэртэйгээ ярьтал “Хоол, даруулга зэрэгт санаа зоволтгүй. Харин нөгөө хэцүү нэрт л бага байгаа. Эртээд авсан ганц шил юм чинь л бий байх. Чи замаараа тэрийгээ шийдээрэй” гэж байна. Багцаалаад үзвэл манайд арваад хүн очих нь. Нууцын бичээч Нэргүйгээс хоёр зуун төгрөг зээлж аваад, түргэний аранзаа үүрээд гарлаа.
Гадуур архи гэдэг нүдний гэм. Цэргийн баяр гээд яамны тэр хавьд бүр тас хориостой. “За дүүрсэн хэрэг. Шууд л “Улаанбаатар” оръё. Тэндхийн хаалгач, манаачаас нь гуйж үзье. Экс архи үнэтэй ч, ширээн дээр харагдах нь сүртэй” гэж бодоод зам шулуудав.
 
“Улаанбаатар” ресторан арга хэмжээтэй бололтой, гаднах хаалгаа барьчихжээ. Үүдний манаач нь генералынх шиг бөөн саа лампаас болсон өмсгөлтэй, хөмсөг зангидсан ихэмсэг нөхөр байх. Гэхдээ хэдэн юм атгуулж байгаад аргыг нь олж, дөрвөн шил экс архи авах боллоо.
 
Мөнгөө аранзтайгаа өгчихөөд шилэн хаалганых нь хавьд хүлээж байв. Тэгтэл удаж удаж ороод ир гэж дуудлаа. Яваад ортол өөдөөс намхан нуруутай, ахимагдуу настай цагдаагийн дэслэгч инээгээд зогсож байна. Намайг дагаад яв гэлээ. “Улаанбаатар” рестораны зүүн хойд өнцөгт байрлах цагдаагийн пост руугаа намайг нөгөө манаачийн хамт дагуулаад ороход ширээн дээр нь аранз маань харагдав. Оронгуутаа цагдаа ах,
 
-За хөө, суу. Танд цэргийн баярын мэнд хүргэе! Та ч байтлаа дүрэмт хувцастайгаа ресторан хэсээд л, үнэтэй архи арын хаалгаар захиалаад л, аан… Биеийн байцаалтаа нааш нь гээд миний офицерын үнэмлэхийг авснаа баясгалантай нь аргагүй инээж байна. Тэгснээ нэг албан маягт шиг юм бөглөж эхлэв.
-Тийм ээ, дэслэгч ээ. Жаахан буруудлаа. Гэхдээ би өнөөдөр цол ахисан юм. Хугацаанаас өмнө ахлах дэслэгч цолоо авлаа. Гэнэт авсан учраас бэлтгэлгүй байна. Цолоо аваад л харих замдаа бэлтгэлээ базааж байгаа маань энэ.
 
Формоо ч сольж амжсангүй. Манайхаар ажлынхан ирэх ёстой. Хүмүүс ирэхэд хоосон суултай биш гээд энэ ахыг гуйсан юм гээд нөгөө генерал өмсгөлтэй үүдний манаач руу заав. Тэр нөхрийн ихэмсэг байдал нь арилчихсан, үүд хавьд хулмагнан зогсоно.
 
-Өө за, цол нэмсэн юм уу? Баяр хүргэе! Та ч бүр Жанжин штабын офицер байх нь. Чоно үүрэндээ өлзийтэй. Хэзээ авах байсан цолоо одоо авч байгаа нь энэ вэ гэж асуунгаа нөгөө маягт дээрээ үнэмлэхээс минь юм хуулж байна.
 
-Номоороо бол хойтон. Гэтэл сая өгчихлөө. Энэ байдлыг минь ах хүү ойлгоно биз дээ гэлээ. Цагдаа нөгөө цаасаа бөглөн хэсэг чимээгүй сууснаа,
 
-Хойтон авахаа одоо авчихсан байх нь. Танайх ч цол, цалин хоёр дээр гар татах биш. За тэр ч яахав. Та надтай хууль номоороо харьцана шүү. Ах хүү энэ тэр гээд байх юмгүй гээд тэр гэнэт хөмсөг зангидан ширүүлэв. Тэгснээ,
 
-Та архи уусан уу, хэдий хэр уусан бэ гэж байна. Нөгөө зөөлөн дуугарч, нүүр дүүрэн инээсэн, сайхан ааштай цагдаа ах биш, хүйтэн харцаар цоо ширтсэн байцаагч сууж байлаа.
 
-Яалаа гэж дээ, дэслэгч ээ. Би огт уугаагүй. Гадуур харуул шалгалт ширүүн байгааг ч мэднэ. Та намайг ойлгооч. Адилхан цэргийн хүн, бид бүгд адилхан эрчүүд байна даа. Иймэрхүү түргэн авах хэрэг танд ч гэсэн гарч байсан байлгүй дээ гээд би хэг хэг инээж үзэв. Хэрэг бишдэхээс нь өмнө аятайхан яриад үзье гэсэндээ уруул дэвсэн жижгэрч байгаа минь энэ.
 
-Гадуур ширүүлж байгаа нь танайх. Танайхан л 60 жил энэ тэр гээд сагсуураад байгаа. Бид бол ажлаа хийгээд л сууж байна. Тантай адилсаад байх юм надад юу ч байхгүй. Би энэ цолоо зүгээр аваагүй, зүтгэж авсан. Тэгээд ч дүрэмт хувцастай архи эргүүлж явсангүй. За за. Тантай олон юм яриад байх зав алга. Энэ протокол дээр гарын үсгээ зур. Алив, чи ч гэсэн энд нь зур. Тэгээд очоод ажлаа хийж бай. Чамтай дараа нь хатуу ярина гэж мэдээрэй гээд нөгөө манаачийг зандрав.
Тэгснээ утсаа шүүрэн залгаж байна. Хотын хаминдаа руу залгажээ. Ярианаас нь тэгж ойлгогдов. Миний нэр овог, албан тушаал, үнэмлэхийн дугаар энэ тэрийг маань хэлснээ цаанаас асуусан асуултад нь хариулж байгаа бололтой.
 
“Өө, мэдэхгүй. Би ямар үнэртэж тогтоох үүрэгтэй биш. Эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй, олон үгтэй сүрхий эр юм. Авсан цолондоо сагаад байгаа юм байлгүй. Нэг сайн суулгаад гаргахад илүүдэхгүй” гэж байна.
 
Гэнэт уур шатаад, гар бадайраад явчих шиг болов. “Адгийн новш юм даа” гэж бодсон ч биеэ барилаа. Зүв зүгээр байгаа надаас өө хайсан энэ муу зүггүйтээд эхэлбэл бөөн олз нь болох биз гэж бодоод таг дуугүй суухаар шийдэв. Бид хоёр нэлээд удаан суулаа. Асуудал нэгэнт тодорхой болсон учраас түүнтэй ярих шаардлага огт үгүй болсон байв. Хана ширтээд дуугүй суугаад байлаа.
 
Мань нөхөр намайг орхиод гараад явчихаж болохгүй, адилхан суугаад байх нь хэцүү байгаа бололтой. Аргагүй ш дээ. Тэр сая дэндүү хуншгүй загнасан нь надад ч, түүнд ч тодорхой. Гэмгүй хохироож буй хүнийхээ өөдөөс хараад удаан суух нь амаргүй тул мань хүн орох, байх газраа олж ядан хавчигнаж байх шиг. Гэнэт босож том төмөр сейфнийхээ хаалгыг онголзуулаад л, тэгснээ сууж ширээний шургуулгаа ухаад л тун тавгүйтэж байна.
 
“Гэмт хүн гэлбэлзэнэ” гэж лут онож хэлжээ. Яг ингэж гэлбэлздэг юм байна гэж бодож суулаа. Түүний хавчигнаад байгааг нь хараад тэр үү, эсвэл асуудал тодорхой болсон учраас тэгсэн үү, би бүр тайвширчихсан байх юм. Хүний мөс чанар, амьдралд тохиолдох гэнэтийн уулзалт, учралын тухай эргэцүүлсэн шиг сууж байлаа.
Өглөө нь Улсын маршалдаа магтуулж, орой нь үүдний манаачид матуулаад л, өдөр нь шагнуулж, үдэш нь ачигдах гээд сууж байдаг сонин хорвоо юм… Эхнэр хоолоо бэлдээд, намайгаа хүлээж байдаг, нөгөө хэд манайх руу очиж явдаг… Гэтэл би арчаагүй энэ нэг юмтай таарснаас болж балраад сууж байх гэж…
 
-Намайг зөв ойлгоорой, ахлах дэслэгч ээ гэж гэнэт нөгөө цагдаа дуугарч байна. -Би таныг зүгээр явуулчихлаа гэхэд үүдний тэр муу манаач намайгаа эргээд л матчихна. Түүнээс урьтахгүй л бол өөрөө хийлгэнэ. Танд ч тус болсон юмгүй, өөрөө л давхар хохирно. Жишээ нь, би энэ ууттай архийг чинь өгөөд явуулчихаж болохгүй. Акт бичин устгаж байж л араа цэвэрлэнэ. Энэ алба хэцүү, хэцүү гээд санаа алдав.
 
Ой гутмаар новш. Өөрийн өөдгүйг өрөөлийн муухайгаар тахлах санаатай юм гээч. Өөдгүйгээ бас ойлгуулах гээд байгаа юм аа даа, янз нь. Хөмсөг зангидаад цоо ширтээд байсан чигээрээ л байхгүй дээ. Хуншгүй, бас хулчгар нөхөр байх нь. Бүр дургүй хүрчихлээ. Ойлголцож болох нөхөр гэж эхэндээ гэнэдэн жижгэрч байснаа санаад, өөрийг нь доош хиймээр санагдаад ер болдоггүй.“Наадах чинь уут биш, аранз гэдэг юм” гэлээ. “Юу гэнээ” гэж лавлаж байна.
 
“Аранз гэдэг юм. Цэрэгт мордож цолонд хүрсэн эр хүн бол мэднэ л дээ. Ар нуруундаа үүрдэг учраас аранз гэдэг юм. Аранз гэдэг энэ монгол үг дээр үед дэвэн дэлхийгээр нэг тарсан гэдэг. Эргээд манайдаа орос хэлээр “ранец” болоод орж ирсэн байдаг. Манай хал үзсэн хашир офицерууд тэгж ярьдаг юм.
Эрийн сайн нь л цэрэгт морддог гэж тэд бас ярьдаг” гэлээ. “Өө тийм үү…” гээд царай нь барайгаад явчихлаа. Гэхдээ юу ч хэлсэнгүй. Би ч дахин юм дуугарсангүй, хана гөлрөөд суучихав. Тэр эрхээ эдлээд намайг барьж өгч байгаа бол, би бас эрхээ эдлээд бахаа хангаж болно биз дээ.
 
Тэгтэл хаминдаагийн харуул ороод ирлээ.Хоёр байлдагч дагуулсан залуухан дэслэгч байна. Болсон явдлыг баахан сүр оруулан яриад нөгөө цагдаа бөглөсөн маягтаа дэслэгчид өгөв. Тэгснээ “Наадах чинь эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй олон юм ярьдаг, хэл амаар хүн доромжилдог нөхөр байна лээ. Сайн суулгах хэрэгтэй. Ерөөс танайхан энэ хавиар их эргэлдэж байгаа шүү. Яршиг зүгээр, өөрсдөө энд постоо гаргана биз” гэж хэлж байна.
 
Дэслэгч хариуд нь юу ч хэлсэнгүй, өгсөн маягтыг нь уншиж гарын үсэг зурчихаад, миний үнэмлэхийг авч өвөртлөөд намайг дагуулаад гарав. Надаас юу ч асуусангүй, би ч юм дуугарсангүй явсаар бүхээгтэй тэрэгний ард хоёр байлдагчтай гарч суув. Харанхуйд юм сайн харагдсангүй ч бүхээгт нэлээд олон хүн байгаа бололтой. Над шиг журамлагдсан азгүй нөхөд, харуулын хэдэн цэрэг байгаа бололтой.
 
Хотын хаминдаа ойрхон, одоогийн Бөхийн өргөөний хавьд байж. Биднийг нэгэн хуаранд оруулж эгнүүлэн суулгав. Арваад офицер, ахлагч журамлагджээ. Хоёр нь умаахан согтуу, бусад нь арай гайгүй. Хижээлдүү нэг ахлагч бид хоёр л цоо эрүүл байх шиг. Умаахан согтуу хоёрыг нь шууд цааш нь аваад явчихлаа.
Жижүүрийн ахмад журамлагдсан хэдийг нэг нэгээр нь дуудан бүртгэж, байцаалт авч, бас нэг маягт шиг юм бөглөнө. Байцаалтаа дуусаад харуулын цэрэг дуудна. Тэр нь аваад гарч байгаа нь сахилгад хүргэж өгч буй бололтой. Ханын цаг оройн есөн цаг дөхсөнийг харуулна. Одоо яарах юм надад огт үгүй болжээ.
Намайг ийм байдалд оруулсан тэр муу цагдааг бодохоос уур хүрнэ. Тэр мууд царай алдсанаа бодохоос өөртөө уур хүрнэ. Одоо яаж ч байсан дахин царай алдахгүй. Яавал ч яаг гэж бодно.
 
Би хамгийн сүүлд журамлагдсанаараа хамгийн сүүлд байцаагдаж байх шиг. Жанжин штабын офицер гэсэн миний үнэмлэхийг жижүүр ширээн дээрээсээ авснаа над руу сүрхий харав. Тэгснээ нэг маягтанд юм бичингээ “Та архи уусан юм уу” гэж асуув. “Үгүй” гэлээ. Ахмад надаас “Улаанбаатар” ресторанаас журамлагдсан юм биз дээ.
Нэг намхан шар дэслэгч ээлжтэй байна уу” гэж асууж байна. “Тийм” гэлээ. Надаас өөр юм асуусангүй. Би ч таг дуугүй. Маягтаа бөглөж дуусаад харуулын ахмад байлдагчийг дуудав. “Нэгд оруул” гэж байна. Байлдагч намайг сахилгын байранд хүргээд тэндхийн харуулд нь “Нэгд гэсэн шүү” гэж хэлээд эргэв.
 
Нэг гэдэг нь хорих өрөөний дугаар бололтой. Гаднах хаалгаар оронгуут баруун талын эхний өрөө. Хар бараан өнгөөр будсан ханатай, ганцхан том наартай, дээрээ жижигхэн цонхтой, ёлтойсон гэрэлтэй умгар өрөө байна. Тэнд хэн ч алга. Би шинелиэ тайлаад нааран дээр нь нуруу тэнийлгэв.
 
Сүүлд мэдэх нь, нэг гэдэг нь тэндхийн “люкс” өрөө нь аж. Цоо эрүүл байсан учраас тэр үү, эсвэл Жанжин штабын офицер гээд тусгай хангамж эдлэх журамтай байв уу, юутай ч намайг тэр өрөөнд ганцааранг нь хийжээ. Хажуу камераас хүн хурхирах, ярдаглан ёолох, хоорондоо хүнгэнэн ярих чимээ дуулдана. Ганцаараа тухалснаас тэр үү, тэр өдөр хэт их ачаалал авсан учраас тэр үү тэгсхийгээд би нам унтжээ.
 
Гэнэт намайг сэрээж байна. Харуулын байлдагч “Жижүүр дуудаж байна” гэлээ. Нөгөө хуаранд жижүүрийн ахмадаас өөр хүн алга. Ханын цаг шөнийн дөрөв болж буйг зааж байна. Жижүүр суу гээд өмнөх сандал руугаа зангав. Удалгүй утсаа залгаж “Нөхөр хошуучид илтгэе. Оруулаад ирлээ. Энд байна” гэснээ харилцуураа надад сарвайн “Яамны хариуцлагатай жижүүр, хошууч Сайнцог…” гэж шивнэж байна.
 
Харилцуурыг нь авлаа. “Хэн бэ” гэж байна. “Дэслэгч Баяр илтгэж байна” гэлээ. Шинэ цолоо ч мартчихаж. Нойрмог ч байв. “Чамайг чинь ахлах дэслэгч цолоо аваад л журамлагдсан гээгүй бил үү” гэж байна. “Өө, тийм. Уучлаарай. Ахлах дэслэгч Баяр илтгэж байна” гэв. “За, за. Өгсөн цолыг өөрөө мэдээд хасчихдаг байх нь. Хэ хэ. Чиний тухай наад жижүрээс чинь сонссон. Архи огт уугаагүй явсан чинь аз. Наад жижүүртэй чинь ярьж, гуйж байгаад чамайг явуулахаар болсон. Авсан цолоо хямгадаж яв, ахлах дэслэгч ээ. Гарчихаад олон юм яриад байв. Барьцах, ноцох хүн гарна шүү. Дэгдээд харьчихаж чадна биз” гэж асуув.
 
“Чадна” гэлээ. “За, за. Цэргийн баярын мэнд хүргэе” гэж байна. “Монгол Улсын төлөө… үгүй ээ… юу…баярлалаа” гэтэл өөдөөс тас тас хөхрөөд “Үгүй, чи ч мөн сайхан тоглоомтой ард юм аа…” гээд утсаа таслав.Хураалгасан эд хогшлоо хүлээж аваад цаг, зангиагаа зүүн тэлээгээ татаж, хувцсаа янзлахад цаг орсонгүй. Үүднээс жижүүрт хандан “Баярлалаа, ахмад аа” гэтэл “Надад баярлах юмгүй. Цаад Сайнцог хошуучдаа л баярлаж яв. Шөнөжин хэд хэд ярьсан. Та ч мөн том засуултай залуу юм аа” гээд дооглонгүй инээж байна.
 
Ийнхүү Ардын армийн түүхэн алдарт 60 жилийн ойн өдөр буюу 1981 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр 04.30 цагийн орчим би хотын хаминдаагийн үүдээр гарч гэрийн зүг сэвэлзтэл алхав. Манайх тэгэхэд Лениний музейн баруун талд байдаг байлаа. Алхаад хүрэхэд юу байхав. Гадаа таг харанхуй. Хүн, машин юу ч алга. Шөнөдөө цас бударсан бололтой, дор шинэхэн цас шажигнаад алхахад нэг л таатай. Сэтгэл сэргэж, толгой хөнгөн болчихсон, элдвийн юм бодож явлаа. Ямар ч урт өдөр болов, яасан ч их юм бодуулав.
 
Сая ярьдаг Сайнцог хошуучийг би огт танихгүй, сургаар л мэднэ. Армийнхан бүгд л түүнийг мэддэг байсан биз. Сансарт нисэхээр сонгож авсан дөрвөн залуугийн нэг. Гүррагчаа, Ганзориг, Сүрэнхорлоо, Сайнцог. Хоёр “Г”, хоёр “С” гэцгээдэг байлаа. Сайнцогийн эмнэлгийн шинжилгээ нь “Багадаа шар өвчин тусаж байсан” гэж гарснаас болж буцаад ирсэн, Сүрэнхорлоо нь дэндүү том биетэй учраас таараагүй, тэгээд хоёр “Г” нь үлдсэн гэх жиг жуг ярианы сэжүүр надад ч хүрсэн байв. Тухайн үедээ сансрын нислэгтэй холбоотой бүх мэдээллийг ихэд нууцлах гэж оролдож байсан ч манайх шиг цөөхөн хүнтэй газар тэр бүтэхгүй л дээ.
 
Сансрын багаас хасагдсан нь Сайнцог хошуучид өөрт нь сайхан санагдаагүй нь ойлгомжтой. Харин наддаа бол энэ нь сохор аз болон бууж байх юм. Ийн хасагдаагүйсэн бол тэр өдөр яамны хариуцлагатай жижүүрт хэн ч гараа билээ. Тэр муу рестораны дэслэгч шиг новш биш юм аа гэхэд хэр баргийн юм тоодоггүй, өөрт нь хамаагүй бол хөдөлдөггүй нөхөр жижүүрт гарсан бол би дуусаа. Дуусаа ч юу байхав. Нэг хэсэгтээ л хэцүүдэх байсан биз. Хаминдаагаас яаманд бичиг ирнэ.
Тэнд нь миний нэр байна. Тэгээд арга хэмжээ авна. Аягүй бол өгсөн цолоо буцааж авна. Тэр цол нь надад амин чухал биш ч, муугийн тоонд орж чичлүүлэх хэн дуртай байх билээ. Үгүй байз, миний нэрийг тэр хаминдаагийн жижүүрийн бүртгэлээс яаж хасуулах юм бол? Сайнцог хошууч, “Жижүүртэй ярьчихсан. Гарчихаад олон юм яриад байв” гэж хэлснийг нь бодоход гайгүй ч юм болов уу…
 
Сайнцог хошууч бол ясны офицер. Гэтэл над мэтийн “шинельтэй ард”-д яах гэж тус болсон юм бол оо. Ингэснээр өөрт нь бол ямар ч ашиг гарахгүй, хөндлөнгийн хүн мэдвэл харин ч халгаатай байж мэднэ. Тэр цагдаа намайг хорлосноор мөн л ямар ч ашиг олохгүй (Тэр хэдэн шил архинд санаархсан бол хураагаад л болоо ш дээ).
Цагдаа надад “За яв, эндээс. Дүрэмт хувцастай дахин үүгээр үзэгдэв ээ” гээд явуулсан бол би ачийг нь насан туршдаа санадаггүй юм аа гэхэд, авсан хэдэн шилээсээ нэгийг нь сэтгэлээсээ барьчихаад л гарах байсан.
 
Тэр хэдийг бүгдийг нь хураалаа ч юм бодохгүй. Эр хүний замын хүзүү урт гэгчээр ядарсан цагт нь туслах боломж надад хожим гарах ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Хорвоо сонин шүү. Нэг нь хорлоно гэж улайрч байхад, нөгөөх нь тус болно гэж зүтгэж байдаг.
 
Хүн байх уу, новш байх уу гэдгээ хүн өөрөө л шийддэг. Эр хүний нүнжгээ харуулах бололцоо байтал заавал новширч байдгийн учир юу вэ? Адгийн новш царайлж суухаас аавын хүү шиг өгөөмөр загнах нь хамаагүй дээр баймаар юм, уг нь. Би эр хүн шүү гэдгээ мэдрээд сэтгэл өег, дотор уужим, сайхан ш дээ. Эр хүний амьдралын утга учир үүнд л баймаар сан гэсэн шүү юм бодсоор гэртээ орж билээ.
 
Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Энэ хооронд юм юм л үзлээ. Муу юм мундсангүй, сайн юмаар дутсангүй. Гэхдээ муугаасаа сайнтай нь арай л илүү учирч явсан маань миний аз. Сайныг нь дуурайхыг хичээж, мууг нь мартахыг хичээж өнөөдрийг хүрлээ...
 
… 1983 оны зун би цэргээс халагдав. Цэрэгт орчуулагч, хэлмэрч тийм ч элбэг биш тул намайг ахмад цолоор шагнан торгоох гэж үзэв. Бас л хугацаанас нь өмнө. Гэлээ ч би халагдана гэж зүтгэснээрээ л халагдав. Халагдсан хүн цолоо угаана гэж юу байх вэ.
 
Ингээд бодохоор би армийн ахмад хүртлээ явчихаад цэргийн цолоо ерөөс тэмдэглэж үзээгүй жинхэнэ “шинельлтэй ард” болж таарч байна. Гэтэл цэргийн баяр дөхөөд ирэхлээр тэр жил эзгүй айлд уригдаж очоод, гонсгор буцсан цэргийн нөхөд маань санаанд ордог.
 
Тэр дор нь угаах учиртай цолоо гучин таван жилийн дараа нөхөн угаана гэвэл яадаг бол? Бичигдсэн, бичигдээгүй тэр хууль номд нь энэ маань нийцдэг болов уу, яадаг бол, эр цэргийн нөхөд өө.
 
Монгол улсаас Их Британи,
Умард Ирландын Нэгдсэн Вант улсад
суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
Санжаагийн Баяр