sonin.mn
Баян-Өлгий аймгийн Хүнс,  хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ерболатоос хаваржилт болон мал төллөлт, бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Хаваржилт сайхан уу. Одоогийн байдлаар мал төллөлт хэдэн хувьтай байна вэ?
 
-Манай аймаг 2016 оны жилийн эцсээр нийт 2,1 сая толгой мал тоолуулсан. Өнөөдрийн байдлаар мал төллөлт 11 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 914 мянган төл хүлээж авахаар тооцоолсон. Энэ нь өмнөх жилтэй харьцуулвал 30 мянгаар илүү төл хүлээж авна гэсэн үг юм.
 
-Хаваржилт ямар болох төлөвтэй байна. Сумдад цас ихтэй юу?
 
-Өнгөрсөн оны сүүлчээс цас эхэлж орсон. Цас нэлээн зузаан орсон. Улмаар цаг агаар хүйтэрч, Сагсай, Булган, Цэнгэл суманд цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж нийт 68 мянган толгой малыг Ховд аймгийн зарим суманд отроор өвөлжүүллээ. Мөн 20 мянган толгой малыг Дэлүүн, Толбо сумын нутагт отроор гаргасан. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж бүхий л арга хэмжээг авч ажиллалаа. Үүний үр дүнд малын хорогдол бага, урьд онтой харьцуулахад 50 хувиар малын хорогдол буурсан.
 
-Танай аймаг таван төрөл дээр нь мал сүргээ өсгөсөн гэсэн. Аймгийн хэмжээнд малчин өрх хэд байна. Сүргийн бүтцэд ямар мал зонхилж байна вэ?
 
-Манай аймаг 13 сумтай. Нийт 14 мянган өрх малтай, үүнээс 8888 нь малчин өрх юм. Малчдын тоо гэвэл 18 мянган малчинтай. Мал сүргийн бүтцийг харвал, аймгийн хэмжээнд ямаан сүрэг тоогоороо нэгдүгээрт орж байна.
 
-Танай аймагт малын халдварт өвчин ойр ойрхон гарлаа. Юунаас хамаарч өвчлөл буурахгүй байна вэ?
 
-Өнгөрсөн оны 8 дугаар сард Ховд аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт мялзан өвчин гарсан. Улмаар дамжиж Булган сумын мал сүрэгт халдварласан. Шуурхай арга хэмжээ ажилласнаар өвчлөл дахиж гараагүй. Мөн сүүлийн жилүүдэд ялангуяа 2013, 2014 онд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж чадаагүйгээс зарим сум руу өвчин дамжсан байдаг. Иймд голомт дээр нь ажилласнаар тархалтыг зогсоож чадсан.
 
Ер нь улсын хэмжээнд болон хил залгаа аймгуудын хэмжээнд малын халдварт өвчин гарсаар байна. Маш их өндөр эрсдэлтэй байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуйн газраас малыг эрүүлжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилтыг 2017 онд тавиад ажил хэрэг болгоод явж байна. Энэ хүрээнд МАА-н салбарын мэргэжилтнүүд, малчдын төлөөллийг оролцуулсан хурал цуглаан зохион байгууллаа. Нийт суманд үйл ажиллагаа явуулж байгаа мал үржлийн тасгийг чадавхжуулах, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, гарал үүслийн бичигтэйгээр мал, махан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ер нь халдварт өвчинтэй тэмцэх стратеги төлөвлөгөөгөөр 2018 оны эцэс гэхэд харьцангуй эрүүл бүс болгох зорилт тавин ажиллаж байна. Мал сүрэг эрүүл байж мал, махаа экспортод гаргана, ингэснээр малчдын орлого нэмэгдэнэ.
 
Одоогийн байдлаар Увс аймгийн Ховд суманд мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн. Бид Баяннуур, Ногоон нуур, Алтанцөгц суманд хязгаарлалтын дэглэм тавьсан. Гадагшаа мал мах гаргахгүй бас оруулахгүй буюу малын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавиад байна. Тавдугаар сарын нэгэн хүртэл хязгаарлалт үргэлжилнэ. Ховд аймгийн 17 сумын 11 суманд мялзан гарсан. Үүнтэй холбогдуулаад мөн сэжигтэй бүсээс мал мах оруулахгүй байхаар хязгаарлалтын дэглэм тогтоосон.
 
-Мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж хэдэн газар байна вэ. Вакцины чанар, вакцинжуулалтын үр дүн хэр байна вэ?
 
-Аймгийн хэмжээнд 93 мал эмнэлэг, үржлийн нэгж ажиллаж байна. Ерөнхийдөө энэ чиглэлийн нэгж хангалттай байдаг. Гэхдээ малын тоо толгой сүүлийн жилүүдэд ихээр өслөө. Шилжилт хөдөлгөөн ч их байна. Малын гоц халдварт өвчин гарч байгаатай холбогдуулж вакцинжуулалтыг холбогдох мэргэжлийн байгууллагынхны хяналт дор сайн хийж байна.
 
-Мал эмнэлгийн үйл ажиллагааг төрд дэргэдээ авах нь зүйтэй юм гэсэн асуудал хөндөгдөх болсон. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
 
-Ер нь мал эмнэлгийн салбарыг бүхэлд нь хувьчилсан нь буруу бодлого байсан. Өнөөдөр дэлхийн улс орнуудад зоноз өвчний гаралт, шинэ болон дахин сэргэх замаар халдварт өвчин гарсаар байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ер нь малыг эрүүлжүүлэх тал дээр хувийн хэвшлийнхэн төдийлөн хүрэх газраа хүрч ажиллаж чадахгүй байна. Учир нь тэд өнөөдөр төрөөс ямар нэг цалин хөлс авдаггүй. Вакцинжуулалтын хэдэн төгрөгөө зарцуулах байдлаар ажил үйлчилгээгээ явуулж байна. Тухайлбал, аймгийн төвөөс 160 км дэх дуудлагад хамгийн түрүүнд тэд очдог. Хувийн хэвшлийнхэнд цалин хөлс, унаа машин, шатахууны зардал гэхээр олигтой хангамж байдаггүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэдэн төгрөгөөсөө зарцуулж очоод үзлэгээ хийн анхан шатны оношоо тавьж, дараагийн шатны байгууллагад ханддаг. УИХ-аас үүнтэй холбоотой хуулиудыг батлах гэж байна. Ингэвэл тус салбарыг бэхжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж харж байгаа.
 
-Бэлчээрийн даац хэр байна. Цөөн бөгөөд өндөр үр ашигтай малтай болох нь зөв юм байна гэх болсон шүү дээ?
 
-Дөрвөн суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Иймээс бэлчээрийн МАА-н хажуугаар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага үүсээд байна.
 
-Газар тариалангийн салбар ямар байдалтай байна вэ. Төмс хүнсний ногооныхоо хэдэн хувийг өөрсдөө хангаж байна вэ?
 
-Газар тариалангийн салбар уналтад орсон. 1989 оны үед манай аймаг өөрсдийн хэрэгцээт ногоог тариалахын зэрэгцээ ОХУ руу экспортлож байсан. Сүүлийн үед олон асуудлыг орхигдуулж ирснээр аймгийнхаа хэрэгцээг ч хангаж чадахгүй байна. Тодруулбал аймгийнхаа хэрэгцээний төмс, хүнсний ногооны 60 хувийг, жимс жимсгэний 18 хувийг хангаж байна. Энэ онд жимс жимсгэнийхээ 30 хувийг, төмс хүнсний ногооныхоо 70 хувийг хангахуйц хэмжээнд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Манай аймаг Ховд голоо дагаж 5 суманд газар тариалан хөгжүүлэх боломжтой. Газар тариалангийн талбай хангалттай, усжуулалтын хуучин систем ч байж байна. Газар хагалдаг иж бүрэн өндөр хүчин чадалтай техник орж ирэх юм бол гар аргаар хагалснаас арвин ургац авахаар юм байна гэсэн судалгаа гарсан.
 
-Засгийн газраас мах сүүний аян өрнүүлэхээ зарласан. Аяны хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
 
-Мах сүүний анхдугаар аяныг зохион байгуулах шийдвэрээ аймаг гаргасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд хоёрдугаар сарын 22-23-ний өдрүүдэд 120 үйлдвэрлэгчийг хамруулсан арга хэмжээг зохион байгууллаа. Мөн энэ сарын 16-нд Алтай суманд уг аяныг зохион байгуулсан. Алтай сум гэхэд 1298 малчин өрхтэй, эдгээр өрх бүр чинь жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэгч гэсэн үг. Иймд манай аймаг цаашдаа хаяг шошгыг сайжруулахаас аваад сүү, цагаан идээг экспортлох бодлого тавиад ажиллаж байна.
 
Б.Туул
 
Баян-Өлгий аймаг
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг