sonin.mn
Их зохиолч Д.Нацагдорж ид залуу, найргийн онгодоо халгиан шатаж явахдаа  сансар огторгуйн тухай  “Холхи газраас гялалзан харагдах өнгөт ододоо... Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв ...  хэмээн шүлэг найрагтаа мөрөөдөж байсныг хүн бүхэн мэдэх билээ. Газар дээрх амьдралаа яая гэж байж галзуурах гэж... хэлэх нь ч бас байлаа. Их зохиолч маань харамсалтайгаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний мөрөөдөл, гайхамшигт бүтээлүүд  Монголын уран зохиолын мөнх оргил болон үлдсэн юм.
 
1981 он бол социалист Монгол орны маань хувьд Ардын Хувьсгалын 60 жилийн ойгоо угтах, гадаадын том зочин хүлээн авах, дэлхийн хувьсгалын их багш В.И.Лениний мэдэлсний 110 жилийн ойгоор түүний музейг ЗХУ-ын төлөөлөгчид наадамд ирэхэд нь нээнэ гэж төр амласан тул тус музейгээ |наадмын өмнө| нээх гээд л... их бүтээн байгуулалтын жил байлаа. Амжаагүй л дээ. Гэтэл дөнгөж Мартын наймнаа тэмдэглэж дуусч байхад сансартай танилцахыг хэднийнээс хүссэн их зохиолчийн маань мөрөөдөл биелэх боломж бүрдэж, монгол хүн сансарт нисэх азтай завшаан тохиосон юм. Тэр үе бол монгол орны хувьд  тусгаар тогтнол, хөгжлийн шатандаа том алхам хийж хөдөө аж ахуй, аж үйлдвэрт  сууриласан эдийн засагтай,  гадаад олон улсад нэгэнт танигдсан орон болсон байлаа. Хамгийн гол нь Монголын тусгаар тогтнол гэдэг аль ч оронд эргэлзээ төрүүлэхээргүй болсон үе байв. Энэ үед монгол хүн сансарт ниссэн явдал энэ бүхнийг улам баталгаажуулж өгсөн юм.
  Иргэн миний хувьд ажил, амьдралд  минь тохиосон тэртээ үеийн дурсамж тов тодхон үлдсэн байна. Яагаад гэвэл монгол хүн сансарт ниснэ гэдэг миний ой ухаанд багтамгүй зүйл байлаа л даа тэр үед. Энэ тухай өгүүлсү.
Анх сансарт нисэх хүмүүст Ганхуяг, Гүррагчаа, Сайнцог, Сүрэнхорлоо гээд л олон залуусын нэр дуулдаж тэд шалгалтад орох бэлтгэл хийж байсан ч энэ нүсэр ажил дуусаагүй тул чухам хэн нь нисэхийг зарлаагүй байсны эцэст эхний хоёр нь  Гүррагчаа- Женибеков, Ганзориг-Ляхов нараас аль нэг хос нь нь нисэхээр болж гэж байсан юмдаг. Нэг инээдтэй зүйл болсон, тэр нь юу вэ гэхээр Ганхуягийн нэрэнд буй “хуяг” гэдэг монгол үг, орос дуудлагаар нэг л эвгүй сонсогдсон юм байх  нэрийг нь Ганзориг болгож солисон гэдэг.
 
 Үлдсэн хоёр хосын чухам аль нь сансарт нисэх нь тэр агшинд тодорхойгүй байсан тул Хотын гүйцэтгэх захиргаа |С.Мөнхжаргал|  Архитектур төлөвлөлт, зураг төсвийн товчоо |Т.Жадамбаа|, Урчуудын салбар |Доржханд| болон бусад холбогдох байгууллагууд дунд миний ажиллаж байсан хотын Гэрэлтүүлэг, чимэглэлийн үйлдвэр орсон байлаа. Бид хамтарч Гүрррагчаа, Ганзориг нарын хэн ниссэнийх нь нэр, зураг хөргийг тавихаар зураг, реклам чимэглэл, лоозон, плакат, энгэрийн тэмдэг бүх юмыг нь давхар бэлдэж эхэлсэн юмдаг. Мэдээж дээгүүр төрийн томчуул бол улс төрийн утга агуулга өргөн, шаардлага өндөр тул маш хариуцлагатай ажиллаж бэлдсэн байх. Үүний дараа Ганзориг үлдэж, Гүррагчаа ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр нисэх тухай шийдвэр хоёр манай орон хамтарч гаргасан гэж байлаа. Үнэндээ бол мэдээж ЗХУ-ын дээд удирдлагаас гаргасан л даа. Тэр үед В.Ляховын ээж нь нас барсан юм билээ. Гэхдээ энэ бүхэн сансарт хөөрөх  үе хүртэл жирийн бидэнд бол нууц хэвээр байсан л даа.
Дашрамд мөн л Жанибековын өөрийнх нь овог Крысин гэдэг ч эхнэр Лилья Жанибековагийнхаа овгоор Жанибеков болсон юм гэдэг. Оросууд эхнэрээрээ  овоглох нь нэн ховор ч ингэхээс өөр арга тэр үед байгаагүй байх. Яагаад гэвэл ЗХУ-ын иргэн Крысин сансарт нислээ гэхээр крыс |харх| гэдэг үг оросуудын чихэнд таагүй сонсогдох байсан биз. Жанибек |Жанибэг| хаан бол Чингис хааны алтан ургийн  хүн гээд бодохоор Жанибековын үр хүүхдүүдийн судсаар монгол алтан ургийн цус гүйж байна гэж үзэж болно. |Жанибек хааны эцэг Өзбэг. Өзбэгийн өвөг эцэг нь Мөнхтөмөр. Мөнхтөмөрийн өвөө нь Бат хаан. Бат хааны өвөө Чингис хаан...|
 Тэр үед Чингис хааны талаар манай хоёр орон өөдтөй үг ярьдаггүй байсан ч түүний ургийн Жанибек хааны нэр сансарт  ийнхүү гарсан нь  “Ирония судьбы”  гэж орос үгийг эрхгүй санагдуулж байлаа. Тэр үеийн нийгэм  бол энэ хааны тухай “А” ч үгүй “Б”  ч үгүй л байж дээ.
 
Нислэгийн тухай болон бэлтгэл ажлын хэсэг  нууц, мэдээллийн хэрэгслүүд өмнө нь Гүррагчаа, Ганзориг нарын эцэг эх дээр нууцаар очоод ярилцлага аваад телевизийн нэвтрүүлэг бэлдчихсэн байсан юм билээ. Энэ бүхнийг монголын телевизийнхэн М.Чойжил дарга, зураглаачид  Ч.Тогтох болон бусад сэтгүүлчид хийсэн байх. Дээд удирдлагаас бол МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Адъяа, Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ч.Түмэндэлгэр  нар хариуцаж байсан тухай кино зураглаач Ч.Тогтох ТВ-д өгсөн ярилцлагадаа дурсаж байлаа.
 Гүррагчаагийн нэрийг дөнгөж сансарт ниссэнийх нь шөнийн 3 цагт |монголын цагаар| манай дарга нар мэдэгдсэн ч нислэг ямар хугацаатай үргэлжлэх нь бидний хувьд тодорхойгүй байсаар гуравдугаар сарын 30-ны өдөр бууж ирэхээр болсон юм. Иймээс Гүррагчаа Жанибеков нар 1981 оны гуравдугаар сарын 22-30 ны хооронд сансарт байсан хэрэг л дээ. Тэр үед зарим мэдээллийн хэрэгслээр  “Монгол Зөвлөлтийн найрамдал сансар ч салж чадахгүй бат байна”  хэмээж байлаа. Үнэндээ бол тэд Союз хөлгөөсөө салахад  техникийн саатал гарсан гэдэг юм билээ. Гүррагчаа гуравдугаар сарын 30-ны өглөө Москвагийн цагаар 14.44–д Казакстанд буусан. Сансрын нисэгчдийг бууж ирэх өглөө үүрээр энэ мэдээг үйлдвэр дээрээ хотын дарга Мөнхжаргалаас авч бүх ажилчдаа дагуулан шаттай машинаараа гарч Энхтайвны гудамж дахь Ленин клубын |хуучин нэрээр| арын зам дээрх хэсэг зүлэгтэй зурваст |өдгөө байхгүй| өмнө бэлдсэн ЗХУ- БНМАУ-ын сүлд бүхий сансарын нислэгийн ”Интеркосмос” нэртэй гэрлэн эмбелем байрлууж, Гүррагчаа, Жанибеков нарын зурагтай плакатыг Энхтайваны гүүр, өргөн чөлөөгөөр болон Бага тойргийн гэрэлтүүлгийн шонгуудад өглөөний 8 цагаас өмнө яаруу сандруу байрлуулж дууслаа. Ингэж нийслэлчүүдийг өглөө гэрээсээ гарахад нь Гүррагчаа, Жанибеков нарын инээмсэглэсэн дүртэйгээр угтах тухай дарга нарынхаа даалгаварыг бид биелүүлсэн юмдаг. Гүррагчаа бол сансарт гарсан дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь  космонавт бөгөөд тэрээр сансарт 188 цаг 42 минут болоод бууж ирэхдээ л Монгол улсын баатар, монголын ард түмний хайртай хүү болоод ирсэн дээ. Монгол улс дэлхийн олон улс |168  байсан билүү| дундаас сансарт хүнээ нисгэсэн арав дахь орон болсон гээд л бахархаж байлаа бид. Гүрррагчаа сансарт нисээд эсэн мэнд ирлээ гэдэг энэ баярт мэдээг жирийн иргэний хувьд би хамгийн түрүүнд биш ч гэсэн эхний хэсэгт сонссон азтай нэгэн байж билээ.
 Залуус гадаа гудамжинд монгол хүн сансарт анх удаа хөөрч байна хэмээн баярлацгаан хашгиралдаж, хөгшчүүд радио, телевизийнхээ өмнөөс салаагүй. Энэ өдөр БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа Союз-39 хөлгөөр сансарт хөөрч монголчууд ”Гүррагчаа, сансар” гэдэг хоёр үгээр амьсгалж, түүний аав Жүгдэрдэмид гуайн нэр олны дунд анх гарч дараа өдөр нь л хөдөө Булганы Гурванбулаг сумаас гэрийнхээ хойморт таваг дүүрэн идээнийхээ дэргэд хүүдээ өгч сансарт нисгэсэн халтар мана хөөргөө барин гэргийнхээ хамт ТВ-д ярилцлага өгч байсан санагдана. Сансар огторгуй, Союз хөлөг, Гүррагчаа гэх мэт үгс мэдээллийн бүх хэрэгслэл, хүн бүрийн амны уншлага болж Монгол даяар энэ цаг мөчид зөвхөн сансрыг ширтэн харж тэр шөнө манай дарга нар бүгд нойргүй хоносон байхаа.
 
 Монголчууд төрсөн хөвгүүндээ Гүррагчаа нэр өгч, багачууд хүүхдүүд “Сансарын нисгэгч ахаа Сайн яваад ирэв үү” хэмээн дуулж улс даяараа, хотол олноороо, айл саахалтаараа бүгд баярлацгааж Гүррагчаа эв түнжин тааруу монгол түмнийг үндэсний хэмжээнд нь ийнхүү нэгэнтээ эвлэрүүлэн нэгтгэж чадсан том үйл болсон юм даа. Урд өмнө нэрийдсэн эв нэгдэл бол байсан л даа, харин ийм бодит амьдралаас  ундрагатай эв нэгдэлд хүрч байсныг би санахгүй байна. Найрамдал-Дружба хэмээн олон жил нөхөрлөж ирсэн хуучны анд нөхөр ЗХУ бидэнд ийм сайхан боломж олгосон нь “Старый друг лучше двух” гэж тэдний хэлдэг нь хоосон үг биш гэдгийгээ  ингэж нотолсон хэрэг.
  Түүнээс хойш Найрамдал-Дружба маань нэг саарч, нэг сайжирч явсаар нэг л мэдэхэд 35 жилийн нүүр үзсэн байна. Ж.Гүррагчаа дэслэгч генерал болж төр засгийн өндөр албанд зүтгэн, М.Ганзориг Сансар судлалын хүрээлэн байгуулж, эрдэм шинжилгээний ажил эрхлэн энэ салбарт шинэ үеийг нээн МУ-ын хөдөлмөрийн баатар болсон.
 Анх монгол хүн сансарт нисэх үед Л.Лхагва нарын хэсэг эмч нар монгол чачаргана судлан маш сонин нээлт хийсэн гэдэг. Энэ туршилтынхаа дараа Лхагва эмч монгол чачарганыг сүүтэй хольж шахмал бэлдмэл гарган авч тэр нь олон төрлийн витамин, шим тэжээл сайтай, мөн тослогийг бууруулж хүний биед шингэсэн хортой бүтээгдэхүүнийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг чанартай болохыг тогтоожээ. Хорт бүтээгдэхүүнийг сааруулж зайлуулна гэдэг нь цаад утгаараа цацраг идэвхжилтээс хамгаалж буй бөгөөд энэ нь сансарт нисэх хүний биед яг тохирсон шимт тэжээл болсон тул Гүррагчаа сансарт хэрэглэсэн нь монгол хүний организмд, монгол чачарганы бэлдмэлтэй хоол тохирч сайн үр дүн үзүүлсэн гэдэг юм билээ. Яагаад гэвэл хүндийн болон таталцлын хүч үл үйлчлэх агаар мандал дахь орчинд хүний бие организмд гарч магадашгүй өөрчлөлтөөс хамгаалах нөлөө нь сайн байсан хэрэг. Гадаадын хэвлэл мэдээлэлд сансрын нисэгч Гүррагчаа болон чачарганы бэлдмэлийн тухай тухай магтан бичиж байсан ч манай шинжлэх ухааны байгууллагын удирдлагуудын дуу хоолой нь нэг л сулхан байсан тул тэгсгээд өнгөрсөн хэмээн миний ах академич Базарын Дэмбэрэл агсан өөрийнхөө шавь Лхагва эмчийн тухай дурсаж, харин ард түмэн түүнд “Сансрын Лхагваа” нэр хайрласан юм даа хэмээн ярьж байсан нь санаанд тодхон  үлджээ. Олон жилийн дараа ардчилсан төрийн нүүрэнд АШУ-ны доктор профессор Л.Лхагва Төрийн шагнал хүртэн,  МУ-ын  Хүний  гавъяат эмч, академич болсон доо.
 
Киночид сансрын тухай Ододын ахан дүүс, Сансарт хүрэх зам зэрэг олон кино хийж, Сансар хороолол, Сансарын талбай, кино театр бий болж залуус бид тэр үед сансрын тухай сонирхсоор лут мэдлэгтэй болж Союз хөлөг, Салют- 6 хэмээх тойрог замын станцын талаар хоорондоо цэц булаалдан, Союз 39 хөлгийг Сансарт хүргэх пуужин 20 сая морины хүчтэй байдаг. Сансрын хөлөг Париж- Лондоны хооронд 8 минут, Африк тивийг зургаан цагт туулдаг.  Газарт өдөр шөнө 24 цагаар солигдож байхад сансарт энэ шилжилт 90 минутад болж байдаг. Тэгэхээр Сансарт ниссэн хүн 90 минутын хэмнэлээр хөгшрөх юм болов уу гээд л маргалдаж байлаа шүү дээ.
 Тэрхэн үед сансарт нэг удаа нисээд л баатар болдог хэмээн төсөөлж байсан хүүхэд багачууд цөм сансарын нисэгч болохоор үйлс өрнүүлж дараагийн сансарын монгол нисэгч болно хэмээн мөрөөдөж байлаа. Түүнээс хойш тэдний мөрөөдөл он жил өнгөрөөж төр засгаас үүнийг  биелүүлэх бодлого байсангүй өнөөг хүрсэн байна. Хэзээ нэгэн цагт төр засаг маань сансар судлалтай холбоотой  судалгааны оновчтой хөтөлбөр боловсруулан ажиллах буйзаа хэмээн найднам.
 
Цаг хугацаа гэдэг арга, билгийн нөлөө бүхий асар их хүчтэй хязгааргүй уужим орон зайд орших, эцэс төгсгөлгүй ухагдахуун юм.  Ямар ч үзэгдэл, амьдралын хэмнэлийг өөрчилж, дэлхий хорвоог дээлийн өнгө мэт элээж,  өөрөө мөнхийн хөдөлгөөнд байх атлаа өчүүхэн ч үл элэгдэх агаад маргаашийг мөрөөдөж,  мартсаныг сануулж, зовлон гунигийг мартуулж, аз жаргалыг хүн бүрт мэдрүүлж байдаг ийм л харьцангуй ойлголт ажээ. Цаг хугацаа монголчуудыг бий болгож, их зохиолчийн мөрөөдлийг биелүүлж, Гүррагчааг сансарт нисгэж, бидний сансар, ертөнцийн тухай ойлголтыг өөрчилсөн юм.  Үүний тулд л цаг хугацаа бий болсон  ч юм билүү.
 
 Найдансүрэнгийн Бадарч