sonin.mn
Төв банкнаас эдийн засгийн статистик мэдээлэл, цаг үеийн байдлын талаар танилцууллаа. Энэ үеэр тус банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас дараах асуултад хариулт авлаа.   
 
-Эдийн засгийн төлөв 2017 онд ямар байна гэсэн хүлээлттэй байгаа вэ?
 
-Он гарснаас хойш бидний харж буйгаар эдийн засагт нэлээд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Гадаад эдийн засаг талаасаа авч үзвэл, оны сүүлийн хагасаас ажиглагдсан манай гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт эерэг шок болж орж ирж байгаа. Үнийн өсөлт цаашид хэр тогтвортой байх вэ гэдгийг бид ажиглаж байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн бодлогын өөрчлөлтүүд, Европт хүлээгдэж буй сонгуулийн үр дүн, Хятадаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, геополитик зэрэг олон зүйлээс хамаарсан савлагаа байна. Дээрээс нь өнгөрсөн гуравдугаар сард эргэн төлөгдөхөөр байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ амжилттай болсон. Манай эдийн засгийг гаднын хөрөнгө оруулагчдын харж байгаа өнцөг нааштай, эерэг байна. Нийт экспортын барааны эрэлт талаас нь авч үзвэл, Хятадын эдийн засгийн ирээдүйн төлөв байдал яах вэ гэдэг нь нөлөөлнө. Өнгөрсөн оны эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл нь бидний хүлээж байснаас харьцангуй өндөр гарсан. Энэ нь цаашид энэ төвшинд хадгалагдвал бидэнд эерэг нөлөө үзүүлнэ. ОХУ болон Европын эдийн засгийн өсөлт бидний хүлээлтээс өндөр, эдийн засаг нь хурдан сэргэхээр төсөөлөл гарч ирж байгаа. Энэ бол манай эдийн засгийн гадаад орчин талаасаа ирж байгаа эерэг үзүүлэлт.
 
-Тэгвэл ОУВС-гийн хетөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?
 
-Энэ онд “Оюутолгой” компанийн 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт эерэг нөлөөө үзүүлнэ. ОУВС-гийн хөтөлбөрийн хэлэлцээр амжилттай болсон. Энэ хүрээнд үүсч буй давуу тал нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засгийг харж байгаа өнцөг нэлээд өөрчлөгдөж байна. Тухайлбал зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын эдийн засгийн төлөв байдлаар дүгнэлтээ өөрчилж байгаа. Хөрөнгө оруулалтын банкуудтай уулзахаар Монголын Засгийн газраас гарч буй бондыг худалдан авах сонирхол өндөр байгаа нь харагдаж байна. Хөрөнгө оруулагчид бодлогын сахилга батаа хангаж, бүтцийн шинэчлэл хийх юм байна гэж харж байгаа нь эдийн засагт таатай нөхцөл үүсгэнэ.
 
-Эдийн засгийн өсөлтийг тоогоор хэлж болдоггүй юм уу. Гадаадын санхүүгийн байгууллагууд тоогоо нарийн хэлдэг. Манайх тойруулаад, тооноос зугтаад байдаг нь ямар учиртай вэ?
 
-Тооноос зуггаах биш, хэлдэг л дээ. ОУВС-гийн төсөөллөөр энэ оны эдийн засгийн өсөлт -0.2 хувь байна. Хамгийн сүүлд Дэлхийн банкны гаргасан төсөөллөөр өсөлт хоёр хувь арай хүрэхгүй. Азийн Хөгжлийн банкных хоёр орчим хувьтай байна. Монголбанкны төсөөллөөр хоёр орчим хувь байх юм. Энэ тухай хамгийн сүүлд Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Яагаад тодорхой тоо хэлэхэд хэцүү байдаг вэ гэхээр ирээдүйн төсөөлөл, таамаглал юм. Ирээдүйн таамаглалын тухай ярихдаа бид өнөөдөр байгаа мэдээлэл дээр үндэслэдэг учраас тодорхой бус байдлууд их бий. Тийм учраастөсөөлөл хийж буй байгууллагууд дэвүүр график буюу байж болох интервалаар харуулдаг.
 
-Тавдугаар сарын 1-нээс импортын бараа, шатахуун, автомашины гээд гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Энэ татварууд инфляцад ямар дарамт үзүүлэх вэ?
 
-Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал дээр инфляцийн төсөөллийг боловсруулахдаа авч үзсэн нэг нөхцөл нь энэ. Тухайн үед ОУВС-тай хэлэлцээ хийгээд төсвийн тодотголд энэ талаар тусгана гэдэг нь тодорхой болчихсон байсан учраас бид тооцоололдоо авч үзсэн. Тооцоолж үзсэний дараа боловсруулсан инфляцийн төсөөлөл 6-7 хувьтай байна.
 
Д.Булган
Эх сурвалж " Монголын үнэн" сонин