sonin.mn
“Тусгай сургуулийн хүүх­дүүд” гэх тодот­голтой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуу­даснаас салахаа байлаа.  Нэлээд эртнээс энэ сэдвээр шуугьж эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд  эсэргүүцлийн жагсаал хийснээр  тусгай сургуулийн асуудлууд  “тогооноосоо халив”.  Өнөөдрийг хүртэл асуудал сунжирсаар, хаана хэн ямар гарц гаргалгааг хайж, хэрхэн шийдэж байгаа нь тодорхойгүй байсаар хичээл тарах өдрүүдтэй  залгаж байна.  Нэг зүйлийг онцлоход, сүүлдээ эцэг, эхчүүд эсвэл  багш нарын төлөөлөл, энэ тэндхийн холбоо, төрийн бус байгууллагын нэр барьсан хүмүүс гээд хэн дуртай нь гарч ирээд хэвлэлийн хурал хийж,  “Тусгай сургуулийн хүүхдүүд” гэж ярьдаг болов. Үүнийх нь үр дүнд иргэд төөрөлдөж, эцэст нь хүүхдүүд хохироод үлддэг боллоо. Тиймээс энэ асуудлын гарц, гаргалгааг хайх гэж оролдов. Учир нь, хүүхдийн эрхийг бид хүндэтгэх ёстой. Тэд бас сурах эрхтэй гэдгийг онцлох гэсэн хэрэг.
 
НЭГ: ТЭД СУРАХ ЭРХТЭЙ
 
Олгой хагаравч тогоондоо гэдэг.  Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулийг тойрсон хэл ам сургуулиасаа хальж, олон нийтэд нэгэнт дэлгэгдчихсэн.  Өнөөдөр захын иргэнээс  29 дүгээр сургуулийн тухай асуувал “Багш нар нь хичээл заах гэж оромддог. Ихэнх багш нар нь дохионы хэлгүй, ур чадвар муутай. Багш нар нь хүүхдүүдээ байнга дарамталдаг. Тэр ч бүү хэл, залуу багш нар нь зарим сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг” гэсэн мэдээллийг хэлэх байх. Арга ч үгүй юм. Үнэндээ, ийм л мэдээллийг хэл, яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хэвлэлийнхэнд дамжуулсан. Харин үүнийг эсэргүүцэж араас нь сургуулийн багш нар, сургалтын алба, эцэг, эхчүүдийн төлөөлөл гээд хэчнээн ч хүн хэвлэлийн хурал зарлаж, “баллуурдах” гэж оролдов. Үүний араас харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид  хичээл хаялт зарласан. Хичээл хаях болсон шалтгаанаа тэд “Чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна. Зарим багш нарын мэргэжлийн ур чадвар муу байна. Сургуулийн удирдлагууд сурагчдыг доромжилдог, үзэл бодлыг нь сонсдоггүй”  хэмээн  тайлбарласан. Үнэндээ, тэдэнд ингэж шаардах эрх бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн зүйл заалтыг сөхсөн ч  хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүх шатны байгууллагад боловсрол эзэмшихэд төрөөс дэмжлэг үзүүлнэ гээд  тодорхой заачихсан байдаг.  Тиймээс бид тэдний эрхийг  хүндэтгэж, сурч боловсроход нь аль ч талаасаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Мөн тэдний үгийг сонсч, болохгүй бүтэхгүй асуудлуудыг нь засч залруулах үүрэгтэй.
 
ХОЁР: ТЭДНИЙГ ТӨР ХАМГААЛАХ, ХАЛАМЖЛАХ ҮҮРЭГТЭЙ
 
Одоогоос 5-6 жилийн өмнө бид энэ асуудлыг хөндөж байсан. Бүр тодруулбал,  116 дугаар сургуулийн  сурагчдын сурах бичгийн асуудал, сургуулийн орчин шаардлага хангахгүй, багшлах боловсон хүчин дутуу дулимаг байгаа талаар  хэд хэдэн  цуврал нийтлэл бэлтгэн гаргаж байв.  Гэтэл өнөөдөр байдал, тэр үеэсээ айхтар дээрдэж дээшлээгүй байна. Шуудхан хэлэхэд,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ Монголын төр мартчихжээ.
 
Харааны бэрхшээлтэй хүүхдүүд харахгүй л болохоос сонсоно. Заагаад өгчихвөл тэд бусдаас дутахгүй бүхнийг хийнэ. Тиймээс  тэдний сурах эрхийг хүндэтгэж, бүхий л боломжоор нь хангаж өгөх ёстой юм. Гэтэл өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль 2006 оноос бие дааж үйл ажиллагаа явуулах болсноос хойш  өөрийн гэсэн дотуур байргүй, өөрийн гэсэн эзэмшил талбайгүйн улмаас спорт, урлагийн заалгүй явж байна. Өнөөдөр хараагүй хүүхдүүдэд тусгайлан хэрэглэдэг брайль цаасны олдоц муу. Багшлах боловсон хүчин дутмаг. Улсын хэмжээнд багш бэлтгэдэг МУБИС дээр хараагүй хүүхдүүдэд зориулсан тусгай багшийг бэлтгэдэггүй. Бүх сурагчид нь  “Үдийн цай”-нд хамрагддаг ч улсаас олгодог 600 төгрөг нь  хүүхдүүдийг цатгаж чаддаггүй гээд тоочвол зовлон их. Тиймээс тусгай сургуулийн хүүхдүүдийг буруутгахаасаа өмнө тус сургуулийн энэ мэт асууд­луудыг улсаас шийдвэрлэж өгөх хэрэгтэй юм. Шуудхан хэлэхэд, дан ганцхан сургууль, салбарын яам бус Монголын төр тэднийг халамжлах үүрэгтэй юм.
 
ГУРАВ: ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ ЁСТОЙ
 
“Монголын хараагүйчүүдийн холбоо”-ноос хэд хоногийн өмнө 116 сургуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн.  Тэд тус сургуулийн сургалтын бааз, заах арга барил, боловсон хүчин, техник технологи муу байгааг шүүмжилсэн. Энэ мэдээллийн мөрөөр хэвлэлийнхэн бас  тус сургууль руу хошуурсан. Харин ард нь бид хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж, үл хүндэтгэж байгаагаа мартчихсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид энэ удаа  116 дугаар сургуульд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан ямар байр суурьтай байгааг тодруулав
 
116 сургуулийн захирал Э.Энхзултай уулзахад,
 
- Манай сургуульд одоогоор 102 хүүхэд суралцаж байна. 68 багш ажилтантай. Бид сургалтын үйл ажиллагаагаа байгаа нөхцөл боломжиндоо тулгуурлан хэвийн явуулж байна.  Хараагүйчүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийх гэж байгаа талаар манай сургуульд мэдэгдээгүй. Сурагчдын эрх ашиг, сургуулийн орчныг сайжруулах талаар санаа тавьж, төрийн өндөрлөгүүдээс анхаарал хандуулахыг шаардаж байгаа нь сайшаалтай. Гэвч манай сургуулийн асуудлаар мэдээлэл хийж байгаа хэрнээ сургуулийн захиргаанд мэдэгдээгүй. Дээрээс нь сургуулийн дотоод үйл ажиллагааг  сайн мэдэхгүй хүмүүс өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж ийм үйл­дэл гаргаж байгаад гай­хаж байна” гэв. Тусгай сургуулиудын сургалтын  бааз, суралцах орчин нөхц­лийн талаар БСШУСЯ, холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг бид эргэн мэдээлэх болно.
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин