sonin.mn
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.ДАШ-ЁНДОНТОЙ ярилцлаа
 
Ярилцлагаа эртний түүхээс улбаатай асуултаас эхэлье. Чингис хааны үед Монголд парламент байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
 
-Чингис хааны үеийн Монголын Их хуралдайг енөө цагийн парламенттай утга нэг гэж бодох нь дэлхий дахины түүхийн үүднээс, өнөө цагийн парламент хэмээх олон улсын институцийн үүднээс ч үзэхэд, зөөлөн хэлбэл оновчтой биш.Их хуралдай Их хуралдайгаараа Монголын болон дэлхийн түүхэнд үлдсэн. Парламент гэдэг хэдэн ч танхимтай байлаа, капитализмын үүсэл хөгжилтэй холбоотойгоор буй болсон улс төрийн үзэгдэл. Намууд буй болсон бас сонгуультай холбоотой. Ийм болохоор хэрэв Монголын парламентыг Их хуралдайгаар солино гэвэл хөгийн сэтгэлгээ болохсон. Алтан ургийнхны их хуралдаан буюу Их хуралдай, одоогийн манай парламент хоёрын зорилго өөр. Эрт эдүгээ хоёрыг хольж хутгах нь логикийн хувьд алдаатай учраас сэтгэлзүйд будилаан үүсгэдэг. 
 
-Бас Чингис хааны үед глобальчлалын үндэс суурь тавигдсан гэцгээдэг. Үүнд үндэслэл, үнэн бий юү?
 
-Үүнийг ч гэсэн би хувьдаа дэмий яриа гэж боддог. Грекийн Александр, Францын Наполеон, Европыг ч бүхэлд нь эзэлсэн Германы Гитлерийн үйлдлийг ч даяарчлал хэмээн ойлгож болохгүй нь тодорхой. Чингис хааны аян дайн үндсэндээ колончлох бус, гол нь өөрийн улс орны аюулгүй байдлыг хангахад чиглэж байсан гэж үзэх бүрэн үндэстэй. Глобальчлал бол дэлхий дахиныг нэг төвтэй болгож, бүр манай бөмбөрцгийг улстөр, эдийн засаг, соёл, үзэл суртлын хувьд Өрнө дахины мэдэлд оруулах гэсэн бодлого, оролдлого, үйл явц юм. Даяарчлал бол колоничлолын орчйн үеийн хэлоэр мөн гэдгийг олон улс орны судлаачид, улс төрийн зүтгэлтнүүд тэмдэглэдэг болсон. “Ер нь монголчууд бид ч цагтаа даяарчилж явжээ.Одоо ч бас даяарчлал үргэлжилж байна. Ингэхлээр даяарчлал гэдэг ямар нэгэн хууль байна" хэмээн бодож өвдөг сөхөрвөл гунигтай алдаа болох билээ. “Далд ухамсар” гэж байдаг бол түүндээ ч ингэж бодож болохгүй. Бид даяарчлалыг дангааршилтай холбон сэтгэж тосч авах, угтаж орохын ухаан зарсан бодлого баримтлах шаардлагатай хэмээн бодогдоно. Энд бидний үзэл суртлын амин сүнс оршино.
 
-Үзэл сурталтай байх үе өнгөрсөн гэдэг ч яг үнэндээ үзэл суртал газар аваад байгаа мэт үйл явц харагддаг. Үүний учир шалтгаан юу вэ?
 
-Энэ яриа чинь гол нь тэр даяарчлал гэдэгтэй холбоотой юм. “Үзэл сурталгүйжих” гэдэг номлол бол даяарчлалын үзэл суртал юм. Иймд “үзэл сурталгүйжих”-ийн эсрэг үзэл суртал газар авах нь дамжиггүй хэрэг биз дээ. Үзэл суртлын амьдрал бол зүгээр нэг санаа бодлоо хэлж, үйл дээрээ маргах мэтгэлцэхийн хэрэг төдийхөн биш. Үзэл суртал өнөө цагт субъект нь өөрийнхөө бодол, зорилгыг илэрхийлсэн номлол болон хувирчээ, гэхдээ далд шинжтэй, онолын нөмрөгтэй болсон. Иймд хүмүүс нийгэм шинжлэлийн бүтээлүүдэд хаана нь үзэл суртал, хаана нь шинжлэх ухааны онол байгааг ялгаж ойлгоход түвэгтэй болсон ажээ.Монголчууд бидний хувьд гэвэл өөрийгөө авч явах үндэсний гэсэн, төрийн шат шатны байгууллагын болон намуудын бодлого, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэвт шингэсэн нэгдмэл, тогтсон үзэл суртал ямар нэгэн байдлаар үгүйлэгдэж буй мэт санагддаг. Манай энэ цагийн бидний үзэл суртал өөрийгөө хамгаалан хөгжүүлэх оюуны зэвсэг болох ёстой. Энэ чиглэлээр манай нийгмийн сэтгэлгээнд ч асуудал тулгарч байна хэмээн бодогдоно. Нийгэм шинжлэл нийгмийг төдийгүй өөрийгөө оношлох үндсэн дээр урагшаа ахидаг жамтай.
 
-Өдгөө хүн болгон шахам хариуцлага гэдэг үгийг ярих болж. Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлдэг хүн бараг үгүй гэхэд болох байх. Тэгэхээр хариуцлага гэдэг нэр томъёог хэрхэн ойлговол зохистой вэ?
 
-Хариуцлага гэдэг маань энгийнээр хэлбэл, хүн үүргээ сайн биелүүлж, ажлаа амжилттай бүтээхийн оюун санааны үндэс нь болдог ухамсарлал юм.
Тодруулбал, үйлдлээсээ гарах үр дагаврыг урдаас зөв тооцох ухамсар. Иймд хүний ажил хэрэг, зан суртахууны үйл хөдлөл бүр хариуцлага лугаа холбогддог байна. Ингэхлээр хариуцлага гэдэг маань хохирол гаргахгүй байх ухамсарлал юм. Хариуцлага алдсаны уршиг нь хохирол болдог. Хариуцлагаа мэдрэх гэдэг зүйл эндээс гардаг байна. Зөвхөн энэ талаас нь харахад л хариуцлага, шударга ёс, ёс зүй гурав болчихож байгаа юм. Иймд хариуцлага бол өргөн цар хэмжээтэй ухамсарлал ажээ. Ийм ухамсарлалгүй хүн хариуцлагатай байж чадахгүй нь ойлгомжтой. Хариуцлагын асуудал эрх зүйн хэм хэмжээгээр дүгнэгдэх учиртай юм байна.Энд амны уншлага болгосноор бүтэх зүйл алга биз ээ.
 
-Нийгэмд намаас дайжих тухай санаа их дэлгэрч байна. Энэ юутай холбоотой, юу гэж ойлгох үзэгдэл вэ?
 
-Намгүй нийгмийн тухай, гишүүнчлэлгүй намын тухай, намын оролцоогүй төрийн тухай ухуулга юм уу төөрөгдөл манай зарим хүний дунд нэлээд яригддаг болжээ. Өөр номчирхох сэдэв олддоггүй юм уу, бүү мэд. Хүн төрөлхтөнд нам гэдэг улстөрийн зохион байгуулалт үүссэн тэр цагаас хойш дээрх санаа бодол биелсэн явдал хэзээ ч байгаагүй, одоо ч байх боломжгүй гэдгийг амьдрал өөрөө харуулжээ. Одоо цагийн нам бол /сонгуульд суудал авсан гэдэг утгаараа/ аль ч улс оронд нэг талаас төрийн эд эс, нөгөө талаас иргэний нийгмийн эд эс болон үлдэж оршин байна. Ер нь төрөөс намыг хасна гэвэл /мөн л сонгуулиар суудал авсан гэдэг утгаараа/, жишээ нь тоосгоор голлож барьсан барилгаас тоосгыг нь хасах гэсэнтэй агаар нэг юм. Тодруулбал, тоосгыг нь сугалан авчихаад барилга нь үлдэх боловч бүтэн биш болно. Өөрөөр хэлбэл, тэнд сууж ажиллаж, амьдрах боломжгүй болно. Нам гишүүнээрээ дамжуулж төрийн бодлого, үйл ажиллагаанд оролцох нь зайлшгүй байх үзэгдэл юм. Харин төрийн ажилд намаас оролцох хэмжээ зааг хэдүйд, ямар байх нь тухайн нөхцөл байдлаас хамааран төрт ёсны ардчиллын хүрээнд шийдэгдэж байх нь зүйн хэрэг.
 
-Төрийн албаны орон тоо олширлоо гэдэг. Үүнийг зарим нь буруутгаж байна. Таны бодлоор орон тоо заавал нэмэх ёстой юу?
 
-Манайд төрийн албаны орон тоо нүсэр боллоо гэх шүүмжлэл газар авч байна. Төрийн албаны орон тоо олшроход хоёр зүйл үйлчилдэг хэмээн судлаачид үздэг. Нэгдүгээрт, төрийн дээд албаны бүтэц зохион байгуулалтыг, жишээ нь хэдэн яам, хороо байхыг шийдэхдээ нийгмийн амьдралын бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлж чадалгүй хийсвэрээл дур зоргоор хандвал оротоо гарцаагүй өсөх нь ойлгомжтой хэрэг. Хоёрдугаарт, тэр орон тоо чинь өөрөө дотроосоо задраж өсдөг жамтай. Ухаандаа. цэцэг дэлгэрч байгаа юм шиг, эсвэл уудаг цаасан дээр дусаасан шингэн шиг. Жишээ нь, УИХ-ын гишүүнийг сайдаар томилчихоор /цөөн нөхцөлд ийм байж болох л доо/ “ажил ихтэй” гээд дэд сайд гаргаж ирнэ. Ингэснээр дэд сайд бүх яаманд байх хэрэггэй болно. Тэгээд дэд сайд өөрийн аппараттай байх гэнэ. Энд аливаа юн өөрөө задран үржихийн хууль үйлчилж байна. Иймд улс орны удирдагчид төдийгүй шат шатны эрх мэдэлтнүүд эл байдлыг их анхаарч хандах нь чухал юм.Ер нь шаардлагагүй орон' тоо олширсон газарт дэмий сэлгүүцэх, ажил цалгардах явдал хэвийн үзэгдэл болчихдог. Нэг л хүн хийчих ажил дээр ижил төстэй үүрэг бүхий хэд хэдэн хүн тавьчихвал тэд бие биедээ найдаад нөгөөх ажил нь хохирч хоцордог байна.
 
Манай улсын хөгжил удаашралтай байгааг чухам юутай холбон үзэх вэ?
 
-Улс орны маань хөгжлийн явц, хурдац иргэд бидний хүсэл мөрөөдлөес хоцорч байгаа нь тодорхой. Гэхдээ “хөгжил” гэж юу вэ, түүний нөхцөл гэж байна уу гэсэн асуулт тавьж хариу хайх нь чухал юм. Энэ асуудалд миний бие хоёр ч номоо зориулсан. Иймд энд дэлгэрэнгүй ярих шаардлагагүй биз ээ.
Зөвхөн хөгжлийн нөхцөл гэдэгтэй холбогдуулан ганц санаа хэлье. Манайд хөгжлийн удаашрал, ойр зуураар бодоход зарим шалтгаантай. Юуны өмнө 1990-ээд он хүртэл бүтээсэн бүхнээ сөнөөж гаднынхны зөвлөгөөгөөр эдийн засагт “цочир эмчилгээ” хийсэн нь эдийн засгийг сөхрүүлэн “элгээр нь хэвтүүлсэн”-ий уршигтай холбоотой. Эдийн засгийн “цочир эмчилгээ” нь ард иргэдийн санаа сэтгэлийг бас “цочир уналтад” оруулсан байна. Хоёр дахь шалтгаан гэвэл өнөөгийн нөхцөл байдал юм. Манай нийгмийн амьдралын салаа мөчрүүдийн тогтолцоо зохирол найрсалд бүрэн орж чадаагүй байна. Зарим жишээ хэлбэл, дэг журамтай юм шиг мөртлөө замбараагүй, ардчилсан юм шиг мөртлөө тоталитар үзэгдэл ихтэй нийгэм л болчихоод байна. Цаашилбал, төр, эдийн засгийн харилцаа тодорхойгүй, нийгмийн үзэл суртал ямар байх ёстойг нь тогтоогоогүй, сургалт, эмчилгээ хаана, юу төлбөртэй, төлбөргүй байх нь нэгдсэн журмаар цэгцлэгдээгүй, нэг талаа голлон дагнасан эдийн засагтай болчихоод байна. Ер нь манайд нийгэм эдийн засгийн Зөвлөлт маягийн тогтолцоо 1940-өөд оноос бүрдэж эхлэн хөгжиж 1990- ээд оныг хүртэл үйлчилсэн. 1990-ээд оноос энэ тогтолцоо задарсан. Оронд нь үр ашгийн хувьд түүнтэй тэнцэхүйц тогтолцоо хараахан гүйцэд бүрдээгүй мэт санагдана. Уг нь бүрдэх нөхцөлийг нь Үндсэн хуулийн үзэл баримтлалаар тодорхойлчихсон юм шиг бодогддог.
 
-МАН даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Бусад нам нь үгүй бололтой. МАН заавал даргаа дэвшүүлдэг нь ямар учиртай юм бэ?
 
-Манай нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлсэн.Өрсөлдөх намууд даргынхаа нэрийг дэвшүүлсэнгүй, дэвшүүлсэн нь бүтсэнгүй. Эдгээрт учир зүй бий биз ээ. МАН- ын даргын хувьд гэвэл манай нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд даргынхаа нэрийг дэвшүүлээгүй зарим үед нэр дэвшигч маань сонгогдож чадаагүй. МАН-ын дарга гэдэг статус өөрөө бас хэдэн хувийн саналыг дотооддоо агуулж явдаг бололтой. Түүний дээр М.Энхболд дарга бол улс орныхоо амьдралыг сайн мэддэг, төр засаг, намын ажлын мэдлэг, туршлага сайтай зүтгэлтэн. Үүгээрээ ч намын нөхдийнхөө итгэлийг олсон, олон нийтэд сайтар танигдсан хүн юм даа.
 
-Миний бодлоор улстөрийн намуудын хуульд “Сонгуулиар ялсан нам хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд сөрөг хүчний зүгээс зориуд болон зориуд бусаар саад хийхийг хуулиар хориглоно...” гэх заалт оруулмаар санагддаг. Өнөөдөр ялсан нам ажлаа хийхэд хэцүүхэн л болчихоод байна шүү дээ?
 
-Ийм заалт ямар ч хуульд орж болохгүй дүнгээр парламентэд оппозици хүч гарч ирдэг. Сонгуулийн дүн бол сонгогчдын хүсэл зоригийн илрэл, дүн. Цөөнх олонхоо “унтаад байвал” сэргээж, хэтрээд байвал хазаарлаж, “догшроод байвал” номхотгож байх үүрэгтэй. Парламент дахь “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчим олонх, цөөнх үг хэлээ ололцох явдал дээр тулгуурладаг байна. Харин үг хэлээ ололцохыг хэрүүл маргаанаар сольчихвол ажил урагшлахгүй нь мэдээж хэрэг.
 
-Ер нь та МАН-ын нийгэмд гүйцэтгэсэн хамгийн том ололтыг юу гэж хардаг вэ?
 
-Энэ асуултыг МАН Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн асуудалтай холбогдуулан тавьж байна гэж ойлголоо. Тэгвэл МАН монгол түмнээ гадаад, дотоодын дарлалаас чөлөөлж, улс эх орныхоо тусгаар тогтнолыг байлдан олох их үйлсийг гарамгай зохион байгуулж, сайхан үр дүнд хүрсэн улстөрийн хүчин юм. Нэгэнт улс орон тусгаар тогтнолоо олсон болохоор ард түмэн маань эрүүлжиж, эрдэм боловсролд суралцаж, бүтээн байгуулж, “амьд сэрүүнээ” дэлхий дахинаа тунхаглаж цэнгэлийн манлайд хүрэх өргөн зам харгуй нээгджээ. Энэ нам өөрийг нь устгая, тараая гэж орилогсод улс орондоо хийж бүтээснээс тоолж баршгүй их зүйлийг хийж бүтээсэн юм. Цаашид ч тийм байх итгэл бий. Ер нь энд жишээ болгоод нэмж хэлчихэд, В.И.Ленин Монголын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрээрээ манайд хөшөө дурсгалыг нь буулгагсдаас хэд дахин давуутайг бид бүрэн тооцон гаргаж чадна гэж үү.
 
-Та намынхаа элитүүд олон гишүүн дэмжигчдэд юу хэлмээр байна вэ?
 
-Таны асуултуудад хариулж дээр хэлсэн үгүүдээ давтахад хүрнэ.
 
-Асуултынхаа сэдвийг жаахан өөрчилье. Шашин хүний ёс бус хүслийг хязгаарлаж, ерөнхийдөө хүнийг хүмүүжүүлэхийн төлөө байдаг зузаан ном гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
 
-Хэрэв шашныг хүн төрөлхтний дотор гарч ирсэн, заяасан утгаар нь хэлбэл, тэр нь хүнд “зузаан ном’’оос хэд дахин илүү ач тус хүргэж чадах юм. Энд би Буддын шашны тухай санаагаа товч хэлье. Энэ шашин бол мунхруулагч зэвсэг болж үүсээгүй. Буддын шашин бол Бурхан багшийн гүн ухааныг хялбарчлан тайлбарлах, гүн ухааны үндсэн дээр, тэгэхдээ зэрэгцээ байдлаар нэгэн зэрэг үүссэн, тодорхой дэг ёсоор өөрийгөө илэрхийлдэг суртахууны номлол юм. Ер нь шашин бол философи, гүн ухааны угтал гэдэг үзэл нотлох баримт муутай, үүнийг олон судлаач анзаарч эхэлжээ. Бурхны шашны гол үүрэг гэгээрүүлэхэд оршино. Гэгээрүүрэх, мунхруулах хоёр нь тэс өөр ухагдахуун. Мунхруулж байж гэгээрүүлнэ гэж үгүй шүү дээ. Монголчуудад онолын сэтгэлгээ үүсэн бүрэлдэхэд Буддын гүн ухаан нэн чухал үүрэг гүйцэтгэснийг ч энд хэлэх хэрэгтэй.
 
-Та яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-Би энэ онд үзэл суртлын асуудалд дахин анхаарч, холбогдох ном зохиолыг судлах, орчуулах, өгүүлэл бичих төлөвлөгөөтэй байна. Ярилцлагынхаа дашрамд “Монголын үнэн" сонины уншигчдадаа сайн сайхны өлзийтэй ерөөл дэвшүүлье.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Б.Даариймаа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин