sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газрын  ерөнхий чиглэл  үүргийн дөрвөн яамны нэг Байгаль орчин, ногоон хөгж­лийн дэд сайдаар экс Ерөн­­­хийлөгч Н.Энхбаярын  туслахаар тасралт­гүй найман жил ажилласан Б.Тулга хэмээх залуу томилогдсон. Дар­хан хотын уугуул, эгэл жирийн амьдралд нух­лаг­даж өссөн тэрбээр сурлага сай­тай, нийгмийн идэвхтэй нэгэн байж. Сургуулиа төгс­мөгц Улаан­баатарт ирж МУИС-ийн оюутан болжээ. МУИС-ийг эрхзүйч мэргэж­лээр төгсмөгцөө ШУТИС-ийн  Дархан дахь салбарт баг­­шаар ажиллаж, ажил хөдөл­­мөрийн гараагаа эхэл­сэн байна.

Удалгүй Б.Тулга улс­төрийн амьдралд идэвх­тэй оролцох болж МАХН-д элссэнээр түүний өнөөдрийн ажил, амжилт шуудар­сан түүхтэй. Өсөх ирээ­дүйтэй залуухан багш тун удалгүй МАХН-ын залуучуудын нэгэн байгууллагын удирдагч нь болс­ноор томчуудын хараанд өртөж эхэл­жээ. Яг энэ үеэр  Ерөнхий сайд байсан Н.Энхбаярын хуучин туслах Н.Эрдэнэбаатар АНУ руу сургуульд явснаар Б.Тулгын амьдрал орвонгоороо эргэж, эл азтай томилгоонд тэнцэх учир­тай байж.

Нам, төрийн бүх л дээд албан тушаалд ажиллаж байсан Н.Энхбаяр-ын шадар тус­лах болсноороо Б.Тулга хэмээх энэ шавилхан залуу ёстой л толгой эргэмээр их мөнгө хөрөнгөтэй ороо­цолдож эхэлсэн байна. Социалист нийгмийн үед Монгол дахь Афганистан улсын Элчин сайдын яам байрлаж байсан одоогийн “МонголРосцветмет” нэгд­лийн зүүн талын хана хэрэм шиг ха­шаагаар хүрээлүүлсэн хоёр давхар гоём­сог шар байшинг тэр үеийн эзэм­шигч Оросын нэгэн компаниас 650 мянган ам.доллараар “Б.Тулга” нэрээрээ худалдан авч  байсан гэдэг. Хожим нь дар­гынхаа дүү Н.Энхтуяад зүгээр л “бэлэглэж” нүнжгээ харуул­сан.

Н.Энхбаярыг Монгол Улсын гурав дахь Ерөн­хийлөгчөөр томи­логд­могц АНУ руу хүлгийн жолоо залж, одоо-гийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сурч төгссөн Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн төр засгийн дээд сур­гуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн Монгол­доо цөөхөн улстөрчдийн нэгэн бол Б.Тулга. Харин АНУ-аас эрдэм өвөрлөн эх орондоо ирсэн даруйдаа төрсөн ах Б.Хуягтайгаа цуг “Өргөө” зочид буудлын будлиан­тай хувьчлалд буруут­гагдан, өргөст торны цаана суугаад гарсан бас ч гэж хал үзэж, халуун чулуу долоосон нөхөр.

Тэр түүхийг сөхвөл  Н.Энх­баярын хүү Э.Бат­шугарын гэгдээд буй “Ремит” ХХК-ийг мөн л  Б.Тулга анх үүсгэн байгуулжээ. Дараахан нь “Ремит” ХХК-ийн 100 хувийн хө­рөнгө оруу­лалтаар “Хар дун” ком­­панийг байгуулж, захирлаар нь түүний төрсөн ах Б.Хуягийн томилсон бай­на.  Асар удалгүй “Хар дун” ком­па­ни нийслэлийн өмчийн “Өргөө” зочид буудлыг нэлээд мар­гаантайгаар, тун ч амар­хан өөрийн эзэмшлийнх  бол­го­сон түүхтэй.

Энэ будлиантай өмч хувьч­лалын балгаар Хар­вардын боловсролтой одоогийн Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга дээлээ толгой дээ­гүүрээ нөмөрч, “Ганц худаг”-т морилоод гарсан нь 2011 оны асуудал билээ.

Хамгийн гол нь Б.Тулга хүн чанараа харин ч нэг харуул­сан. Н.Энх­баярын сайн, муу хүн байх нь чухал биш. Н.Энхбаярыг Мон­голын “Хаан” байхад нь ч ялтан болсон ч хажууд нь байсан үнэнч “эр хүн”. Энэ л Б.Тулга гэдэг хүний мөн чанар байв.

Харин өнөөдөр байдал үнд­сээрээ өөрч­лөгдөж, “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэгчлэн дэд сайд болчихоод цовоохон дуу­гарч явна. Цаг цагаараа бай­даггүй ээ гэж.

Эх сурвалж:"Өглөөний Сонин"