sonin.mn
Дөнгөж хэдхэн хоногийн буюу 2015.05.15-нд би “Системийн үе залгамжлал” өгүүлэл бичиж тэнд БНХАУ-аас авсан зээлийн тухай бичсэн билээ. Энэ юу ч биш байж. Одоо Засгийн Газрын өргөн барьсан гадаадаас зээл авах цуврал тогтоолын төслийг УИХ хэлэлцэх гэж байна. Энэ тухай өгүүлсү.
 
Дурдан буй өмнөх өгүүлэлд би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятадад айлчлахдаа шийдсэн асуудлын тухай өгүүлсэн. Үүнд:
 
1. БНХАУ-ын олгосон 1 тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэх,
2. БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгах,
3. БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгох,
4. Ирэх 3 жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг орсон.
Энэ өгүүллийн бэх нь хатаж амжаагүй байхад Засгийн Газар УИХ-д хэд хэдэн зээл зэрэг зэрэг авах тухай асуудлыг оруулж байгаа ба үүнийг УИХ хэлэлцэх гэж байна.
 
Эдгээр асуудлыг дурдвал:
 
1. Энэтхэгээс 1 тэрбум америк доллар.
 
Нэр нь: Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
 
2. Дэлхийн банкнаас 79 сая америк доллар.
 
Нэр нь: Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
 
3. Польшоос 50 сая евро.
 
Нэр нь: Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
 
4. Солонгосоос 500 сая америк доллар.
 
Нэр нь: Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төсөл
Энэ оны 03 дугаар сарын 31-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилж тэндээс бас л зээл авахаар тохирсон юм.
 
5. Японоос 850 сая америк доллар.
 
Энэ зээлийг 30 жилийн хугацаатай, 1 хувийн хүүтэй авах ба хүүгийн төлбөрөөс эхний 7-8 жилд чөлөөлөгдөх юм.
Энд би ОХУ-аас авахаар ярилцаж буй 1 тэрбум долларын зээлийг яриагүй байна. Ингээд нэмээд үзээрэй. Санаанд багтамгүй их өр шир гарна. Эндээс 2 үндсэн дүгнэлт хийж болно.
 
Нэг. Монгол Улсын эдийн засаг авах юмгүй болтлоо доройтон сүйрчээ.
Хоёр. Монголын эрх баригчдын шунал хязгаар бөгөөд тэд үндэсний эрх ашгийг уландаа гишгэжээ.
Энд “Монгол Улсын эдийн засаг ингэтлээ сүйрэн доройтсон юм бол түүний эзэн, буруутан хэн бэ ?” гэдэг асуулт гарна. Үүний хариултыг монгол хүн бүр мэдэж байгаа. МАНАН. Эндээс ахиад асуулт үүснэ: “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн дампууруулж сүйрүүлсэн улс төрийн хүчин, тухайлбал АН, МАН хоёр ахин “хязгааргүй” зээл авах эрхтэй юу ?”. “МАН “юу ч болоогүй” юм шиг бүх улсаас зээл авах эрхтэй юу ?” Энэ асуултад бүх монголчууд “ҮГҮЙ” гэж хариулна гэдэгт би итгэлтэй байна.
“Монгол Улсыг хямралаас гаргах хэмжээний зээл л хэрэгтэй” гэх үндэслэлийг батлахын тулд заавал эдийн засагч байх албагүй юм. Гэтэл Монголын эрх баригчид “хязгааргүй их” зээл авна гэж улайрч байна. Энэ бол арай дэндсэн, хэт даварсан бусармаг үйлдэл мөн. Одоо монголчууд бид МАНАН-г зогсоох ёстой.
Хязгааргүй их зээл авна гэдэг бол хязгааргүй их идэж ууна гэсэн хэрэг, бүх улсаас мангар их зээл аваад гудраад байх нь ирээдүйгээ хорлосон хэрэг гэдгийг ямар ч монгол хүн ойлгоно.
 
Гадаад улс бүр, гадаад байгууллага бүрээс зэрэг зэрэг асар их зээл авах нь яав ч эдийн засгийн бодлого биш, Монгол Улсыг ирээдүйтэй нь хамт хорлон сүйтгэх, устгах бодлого мөн.
Монгол Улс болон түүний Тусгаар Тогтнолыг эвдэн бусниулагч, худалдан арилжигч гол хүчин нь МАНАН, энэ удаад МАН болоод байна.
Монголын ард түмэн хулгайч, дээрэмчин, луйварчин авилгач, оффорчингуудаас болж “өрөнд бариулж, өтөнд идүүлэх” ёсгүй. Иймээс МАН-ыг эсрэг бүх нийтээрээ тэмцэж түүний бусармаг үйлдлийг зогсоох нь зүйд нийцнэ…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад өгүүллийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?